Чихрийн шижин өвчинөөс урьдчилан сэргийлэх боломжтой
Чихрийн шижин нь цусан дахь сахрын хэмжээ ихэссэнээр тодорхойлогддог бодисын солилцооны архаг өвчин бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам зүрх, судас, нүд, бөөр, мэдрэлд ноцтой гэмтэл учруулдаг. Хамгийн түгээмэл нь 2-р хэлбэрийн чихрийн шижин бөгөөд ихэвчлэн насанд хүрэгчдэд тохиолддог. Нойр булчирхайнаас инсулин даавар ялгарах боловч өөрийн бие махбодод инсулин даавар нөлөөлж чадахгүй болсноор үүсдэг. 1-р хэлбэрийн чихрийн шижин нь нойр булчирхайнаас инсулин даавар бага эсвэл огт үүсгэдэггүй архаг өвчин хэлнэ
1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний шинж тэмдэг нь: Их шээх, цангах, байнга өлсөх, турах, харааны өөрчлөлт, ядрах зэргээр илэрнэ. Чихрийн шижингийн 2-р хэлбэрийн шинж тэмдэг нь 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний шинж тэмдэгтэй ижил шинжүүд илрэх боловч бүдэг илэрдэг учир хүндрэлүүд илэрсэн хойно оношлогддог. Одоогоор 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжгүй, харин 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, чихрийн шижин өвчний улмаас үүсэх хүндрэлээс сэргийлэх үр дүнтэй аргууд байдаг. Үүнд:
Жин хасах - Бага зэрэг жингээ хасах нь чихрийн шижингийн урьдал байдлаас 2-р хэлбэрийн чихрийн шижин рүү шилжих явцыг удаашруулдаг. Хэрэв та чихрийн шижингийн урьдал байдал гэж оношлогдсон бол биеийн жингийн 7-10 хувийг хасах нь чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулж бүрэн эдгэрэх боломжтой байдаг.
Тогтмол дасгал хийх - 7 хоногт 150 минутаас дээш хугацаагаар, дунд зэргийн эрчимтэй дасгал тогтмол хийх хэрэгтэй.
Хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх - Удаан хугацааны турш идэвхгүй байдлаас зайлсхийх. Хөдөлгөөнгүй удаан суух нь 2-р хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. 30 минут тутамд босож, дор хаяж хэдэн минут хөдөлж хэвшээрэй.
Эрүүл хооллох - өөх тос, илчлэг багатай, ислэг ихтэй жимс ногоо түлхүү хэрэглэх
Тамхи татахгүй байх
Цусны даралтыг байнга хянах
Холестериныг тогтмол хянах дадал зуршил багтана.
Чихрийн шижинтэй чанартай амьдрахын эхлэл бол эрт оношлох явдал бөгөөд оношлогдоогүй, эмчилгээ хийлгэдэггүй чихрийн шижин өвчтэй хүн хэдий чинээ удаан амьдарна, төдий чинээ эрүүл мэндэд нь муугаар нөлөөлнө. Тиймээс цусан дахь сахрын шинжилгээг тогтмол өгч чихрийн шижин өвчнийг эрт илрүүлэн зөв эмчилгээ, хяналтыг эхлүүлээрэй.
Сэтгэгдэл (0)