Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга Хун Сентэй хэлэлцээ хийв

12-р сарын 3-нд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Дяо Юй Тай төрийн зочид буудалд Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй хэлэлцээ хийв.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Камбожийн өнө мөнхийн найрамдалт харилцаа нь хоёр орны ард түмний нийтлэг ашиг сонирхолд бүрэн нийцэж байна. Хятад улс Камбожийг хөрш орнуудын дипломат харилцааны гол чиглэл хэмээн үзсээр ирсэн бөгөөд Камбожийн талтай хамтаар шинэ эриний өндөр чанартай, дээд түвшний, өндөр стандарт бүхий Хятад Камбожийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад бэлэн байна. Нэгд, хоёр тал бие биенээ тууштай дэмжиж, өнө мөнхийн нөхөрлөлөө бататгах ёстой. Мөн Камбожийн үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахад Хятад улс тууштай дэмжлэг үзүүлнэ. Хоёрт, солилцоо, харилцан суралцахаа гүнзгийрүүлж, хамтын хөгжил, сэргэн мандалтыг эрэлхийлэх ёстой. Хятадын Коммунист нам Камбожийн үндэснийхээ нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замыг эрэлхийлэхэд нь туслахын тулд Камбожийн Ардын намтай стратегийн харилцаа холбоо, боловсон хүчний бэлтгэл сургалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Гуравт, хамтын ажиллагааны боломжуудыг ашиглан, харилцан ашигтай шинэ байдлыг нээх ёстой. Хятад улс Камбожийн талтай хамтран хувь заяаны нэгдмэл цогцын үйл ажиллагааны төлөвлөгөөний шинэ хувилбарыг хэрэгжүүлэхэд бэлэн байна. 
Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Камбожийн олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэхийг Хятад улс үргэлжлүүлэн дэмжих бөгөөд АСЕАН-ы стратегийн бие даасан байдал, төвийн байр сууриа хадгалахыг дэмжиж, гадаадын хүчний хүйтэн дайны үеийн сэтгэхүйг бүс нутагт нэвтрүүлэхийг эрс эсэргүүцэж, АСЕАН-ы интеграцлал болон хамтын цогцын бүтээн байгуулалтыг тууштай дэмжинэ гэжээ.
Хун Сен хэлэхдээ, Камбож Хятадын найрамдлыг хоёр талын ахмад үеийн удирдагчид хамтран байгуулж, түүх, цаг хугацааны сорилтыг даван туулсан юм. Энэ нь Камбож Хятадын хувь заяаны нэгдмэл цогц нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэж буйг харуулж байна. Камбожийн улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны турш үнэ цэнэтэй дэмжлэг туслалцаа үзүүлсэн Хятад улсад талархаж байна. Хятад улстай нам хоорондын солилцоогоо иж бүрэн бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, Хятад улстай олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд Камбож улс бэлэн байна гэжээ.
скачать dle 12.0