Т.Чулуун-эрдэнэ: шинэ чанарын үйлдвэрлэх хүчиийг бүс ба замын хүрээнд хэрэгжүүлэхээр байгаа юм

1. Бүс ба зам Өнгөрсөн 10, 11 жилд ерөнхийдөө хатуу дэд бүтцийн бүтээн байгуулалтад их төвлөрөх шиг боллоо
Сэтгүүлч: Бүс ба зам санаачилгын өнгөрсөн 10 жилийн ололт амжилтыг хэрхэн дүгнэж байна?
Т.Чулуун-Эрдэнэ: Хятад улсын дарга Ши Жиньпиний 2013 онд дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилга хэрэгжиж эхлээд 10 жилээ үдээд өнгөрсөн 2023 онд зохион байгуулагдсан 3 дэх форум дээр үр дүнгээ танилцуулсан. Энэ 10 жилийн хугацаанд дэлхийн 152 улс оронтой 200 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан, ер нь бол Евро-Азийг голлосон, мөн Африк, Латин Америкийг дамнасан дэлхийг дэд бүтцээр холбох томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийлээ. Өнгөрсөн 10, 11 жилд ерөнхийдөө хатуу дэд бүтцийн бүтээн байгуулалтад их төвлөрөх шиг боллоо. Жишээ нь зам гүүр, галт тэрэг, хурдны зам, боомт зэрэгт дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийсэн байна. Нийт 1 их наяд ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж үзэж байгаагийн бараг 60 гаруй хувийг хатуу дэд бүтэц эзэлж байгаа. Онцлууштай, амжилттай хэрэгжсэн бүтээн байгуулалтуудын талаар дэлхий даяар шуугьж байна, жишээ нь хамгийн амжилттай хэрэгжиж байгаа Хятад-Пакистаны эдийн засгийн коридор, мөн Хятад-Лаосыг холбосон төмөр зам, Жакарта-Бандунг хурдны галт тэрэг гэх мэт, хамгийн сүүлд Перүгийн Чанкай боомтод хөрөнгө оруулалт хийхээр тохирч байх шиг байна. Зам харилцаа сайжирч, дэлхийн улс орнууд дэд бүтцээрээ холбогдсоноор ганц Хятад улс төдийгүй бүтээн байгуулалтад оролцож байгаа хамтран ажиллагч улс орнуудын эдийн засгийн өсөлт, худалдааны эргэлт сайжирч, улс орнуудын хамтран ажиллах орон зай тэлсэн. Мэдээж тив дамнасан том бүтээн байгуулалт, хэлхээ холбоо бий болсноор Хятад улс дэлхийн худалдаанд голлох үүрэг гүйцэтгэж, маш олон улс орнуудын худалдааны хамгийн тос түнш нь болж таарч байна. Хөрөнгө оруулалтад мэдээж ганцхан дэд бүтэц, зам, төмөр зам гэхээс илүүтэй байгальд ээлтэй ногоон хөгжилд анхаарсан төслүүд мөн тодорхой хувийг эзэлсэн байгаа, ойролцоогоор 22 хувийг эзэлж байгаа гэсэн тоо баримт байна. 2013 оноос нааш 10 жилийн хугацаанд хамтран ажиллагч улс орнуудтай 19 их наяд ам.долларын худалдаа хийсэн гэж байна. Хятад улс төдийгүй дэлхийн хэмжээнд зам харилцааг сайжруулснаар 2030 он гэхэд дэлхийн хэмжээнд 40 сая ард иргэдийг ядуурлаас бууруулна гэсэн тоо баримт явж байна.
2. Бүс ба зам 2040 он гэхэд дэлхийн ДНБ-д
7.1 их наяд ам.долларын хувь нэмэр оруулна
Сэтгүүлч: Бүс ба замын ирэх арван жил, түүнчлэн цаашдын хөгжил, хандлага ямар байх бол?
Т.Чулуун-Эрдэнэ: Сая хэлснээр өнгөрөн 10 жилд ерөнхийдөө хатуу дэд бүтцэд нэлээд их анхаарсан бол судалгаанаас харахад ирэх 10 жилд 2023 оны 9-р сард Хятад улсын дарга Ши Жиньпингийн дэвшүүлсэн шинэ чанарын үйлдвэрлэх хүчин буюу Шинжлэх улаан, технологи, инноваци, ногоон дижитал салбарт түшиглэсэн чиглэл буюу хөтөлбөрийг бүс ба замын хүрээнд хэрэгжүүлэхээр байгаа юм. Хятад улс үүнээ Small and Beautiful гэж оноож байгаа юм, жижиг мөртлөө үзэсгэлэнтэй гэсэн утгатай. Тэгэхээр бүс ба замын хүрээнд хэрэгжих төслүүд нь хэмжээний хувьд арай авсаархан жижигхэн боловч эрчим хүч болоод технологийн салбарт илүү их хөрөнгө оруулж, жишээ нь ногоон хөгжлийг дэмжих төсөлд илүү хөрөнгө оруулах хандлага харагдаж байна. Энэхүү хөрөнгө оруулалтын хэлбэр загвар нь хөгжлийн төвшин дундаж орнуудад түлхүү байх болно хэмээн дэлхийн улс орнуудын судлаачид үзэж байна. Жишээ нь цахилгаан авто машин, зай хураагуурын үйлдвэр, дижитал дэд бүтэц гэх мэт. Би саяхан Фү Дань их сургуулийн “Бүс ба зам-Дэлхийн засаглал” судалгааны хүрээлэн зохион байгуулсан форумд оролцсон, мөн Гүй Яанд зохион байгуулагдсан “Хятад улсыг харья, дэлхийн улс орнуудыг сонсъё” гэх форумд оролцсон. Хоёр арга хэмжээний үндсэн сэдэв нь хоёулаа “Шинэ чанарын үйлдвэрийн хүчин” гэх сэдвийн доор болж өнгөрлөө. Энэ шинэ ухагдахууныг энгийн үгээр хэлэх юм бол шинжлэх ухаан, технологи, инноваци дээр тулгуурлан үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, өндөр чанартай хөгжилд хүрэх юм. Тэгэхээр цаашдаа бүс ба зам нь илүү өндөр чанартай, байгальд ээлтэй, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд чиглэсэн хөрөнгө оруулах юм байна. 2023 онд технологид оруулж байгаа хөрөнгө оруулалт 1000 дахин өссөн гэж байгаа. Хятадын эрдэмтдийн үзэж байгаагаар Хятад улс мөн цаашид хөдөө аж ахуйн салбарын шинэчлэл, аж үйлдвэржилт, хамтран ажиллагч улс орнуудын эдийн засгийг солонгоруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийх таамаглалтай байна. Хятадын улсын энэ том төсөл санаачилга дэлхийн эдийн засгийн өсөлтөд томоохон хувь нэмэр оруулж байна. Мөн хамтран ажиллагч орнуудад хийсэн зам харилцаа, ногоон байгууламж, ухаалаг хот зэрэг олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 2040 он гэхэд дэлхийн ДНБ-д 7.1 их наяд ам.долларын хувь нэмэр оруулна гэсэн судалгааны тоо баримт байна.
3. Монгол улс бүс нутагт үүсээд байгаа томоохон боломжуудыг ашиглах зайлшгүй шаардлагатай
Сэтгүүлч: Бүс ба зам санаачилга дахь Монголын улсын оролцоо хир байна? Цаашдын боломж, орон зай хир их байна?
Т.Чулуун-Эрдэнэ: Монгол улс газар зүйн байршлын хувьд дэлхийтэй холбогдоход нэлээдгүй саад бэрхшээлтэй тулгардаг улс. Хоёр том хөрштэй хиллэдэг, далайд гарцгүй түгжигдмэл, харин бүс ба за бол угаасаа тээврийн томоохон коридорыг түшиглэн урт хугацааны эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг хангаж байгаа ийм санаачилга гэдгийг бид мэднэ. Ийм нөхцөлд Монгол улс хоёр хөрштэйгөө эдийн засгийн интегралчлал, нэгдэлд орж бүс нутагт үүсээд байгаа томоохон боломжуудыг ашиглах зайлшгүй шаардлагатайгаас гадна өөр арга замгүй гэж бодож байна. Тэгэхлээр бүс ба зам санаачилгад нэгдэж орох нь манай улсын хувьд эдийн засгаа цаашид улам хөгжүүлэх томоохон боломжуудыг авчирна. Бүс ба зам санаачилгад Монгол улс нь Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорын хүрээнд оролцохоор төлөвлөсөн байгаа. 2014 онд гурван улсын төрийн тэргүүн нар эдийн засгийн коридорыг байгуулах зөвшилцөлд хүрч 16 онд коридорыг бүтээн байгуулах төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар энэ төсөл эхэлсэн гэж үзэж болно. Тэгэхээр Монгол улс талын зам өөрсдийн бодлогоо үүнтэй уялдуулахаар хэлж амласаар ирсэн. Харин яг бодит байдал дээр хэрэгжилт тийм сайн биш, нэлээд удааширч байгаа гэж үзэж байна. Нийт 32 төслийн хувьд ихэнх хувь буюу 13 нь дэд бүтэцтэй холбоотой, үлдсэн хэсэг нь бусад салбартай холбогдсон байгаа юм. Бүс ба зам цаашид технологи, инноваци, ногоон дижитал хөгжилд тулгуурласан салбарт илүүтэй хөрөнгө оруулалт хийнэ гэж байгаа. Гэтэл манай 32 төслийн дунд Монгол-Оросын цахилгаан эрчим хүчийг шинэчлэхэд Хятад талын аж ахуйн нэгжийн оролцох боломжийг судлах гээд эрчим хүчтэй холбоотой ганцхан төсөл байгаа, ногоон болон дижитал салбарын төсөл байхгүй байгаа нь хангалтгүй байна гэж үзэж байна. Би “Бүс бас зам санаачилга, Монгол улсын оролцоо” гэдэг номын дүгнэлт хэсэгтээ мөн 32 төслийн хэрэгжилт тааруу, удаан байна гэж үзсэн. Үүний тод жишээ нь коридорын хүрээнд гурван тал хэлэлцэж тохироод гурван төслийг нэн тэргүүнд ахиулна гэсэн, үүний нэг нь төсөр замыг шинэчлэн хос замтай болгож, цахилгаанжуулна гэсэн байдаг. Энэ ерөөс хэрэгжиж эхлээгүй байгаа. Мөн олон улсын хурдны замын ажил мөн хэрэгжээгүй, эрчим хүчний сүлжээг шинэчлэх ажил мөн тодорхойгүй байна. Бид нарын маш их найдлага тавьж байсан Сибирийн хүч 2 газ дамжуулах хоолой сүүлийн үеийн мэдээллээр Монголоор биш Казахстанаар дамжих магадлал өндөр болсон байгаа. Монгол улсын дэлхийтэй холбогдох гол гарц бол ерөөсөө хоёр хөрштэй холбогдож байгаа хилийн боомтууд юм. Манай улсын засгийн газрын “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлого, хамгийн сүүлийн шинэ засгийн газрын 2024-2028 хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөний 14 мега төсөл зэрэгт боомтын бүтээн байгуулалтын ажил нэлээд төвлөрч бүтээн байгуулалтын ажил нэлээд ахицтай явах нааштай хандлагатай байна. Боомтын бүтээн байгуулалтыг бүс ба замын хүрээнд оруулж болно гэж би үзэж байна. Монгол улс Гашуунсухайт- Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Цэхээ гэсэн гурван боомтод хил дамнасан төмөр зам барихаар төлөвлөсөн байгаа. Үүнийг 14 мега төслийн тэргүүн эгнээнд тавьж буй нь Монгол улсын засгийн газар боомтын сэргэлтэд өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байна. Сая 11-р сарын 5-нд Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чянтай Шанхай хотод албан ёсны уулзалт хийх үеэр Гашуунсухайт- Ганцмод боомтын хил дамнасан төсөр замын гүүр барих ажлын тухай хоёр орны засгийн газрын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ жил дуусвар болсноор боомтуудын нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 40 сая тонноор нэмэгдэнэ гэж байгаа. Энэ нь нүүрс дээр тогтдог эдийн засагтай, нүүрсний экспортод тулгуурлан амьдардаг улсын хувьд маш чухал төсөл юм. Мөн өнгөрсөн жил Монгол-Хятадын Шивээхүрэн-Цэхээ хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын хэсэг байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан байгаа. Тэгэхээр ахиц дэвшилтэй төслүүд мэдээж бас байна.
4. Маш их идэвх санаачилга гаргаж, тодорхой цаг хугацаатай, нарийн төлөвлөгөөтэй ажиллах ёстой
Сэтгүүлч: Удаашралтай байгаагийн гол шалтгаан?
Т.Чулуун-Эрдэнэ: Сая Фү Дань их сургуульд болсон форумд оролцох үеэр бүс ба замын тэргүүлэх хэмжээний стратегич, Фү Дань их сургуулийн профессор Хуан Рэньвэйгээс ярилцлага авахад эн тэргүүнд ярьж буй нь Хятад улс Монгол улсыг дэмжинэ, Монгол улс уул уурхайн түүхий бүтээгдэхүүнээ боловсруулж нэмүү өртөг гаргах хэрэгтэй гэж байна. Мөн улс төрийн тогтвортой байдлаа сайн хангах хэрэгтэй байна гэж байгаа юм. Тэгэхээр манай засгийн газар нэгт хэлсэн бол хийсэн байх хэрэгтэй, хийх гэж байгаа зүйлээ маш их төлөвлөгөөтэй, хийх эзэн нь тодорхой байх ёстой юм байна гэж үзэж байна. Мөн тэр хүний ярианаас ухаарсан зүйл маань гэвэл хоёр тал харилцан ашигтай хамтран ажиллахад хоёр улсын хүний нөөц нь ойролцоо төвшинд байх ёстой юм байна. Тийм учраас Монгол улс бүс ба зам санаачилгын хүрээнд холбогдох мэргэжилтнүүдээ маш сайн бэлдэх хэрэгтэй гэж үзэж байна. Бас нэг саад болж байгаа зүйл нь манайд бүс ба зам санаачилгыг яг хэн хариуцаж байгаа нь ойлгомжгүй байгаад оршино. Цаашдын Хятадын чиг хандлага юу бэ гэхлээр Бүс ба замын хүрээнд Өмнөдийн улс орнуудтай түлхүү хамтарч ажиллах юм байна. Монгол улс хэдийгээр дэлхийн хойд бүсэд байгаа хэдий ч хөгжлийн үзүүлэлт, эдийн засагт тулгараад байгаа саад бэрхшээл нь өмнөдийн улс орнуудтай маш адилхан учраас биднийг нь өмнөдийн улс орнуудад хамааруулж байгаа. Тэгэхээр цаашид бол Хятад улсыг харалгүйгээр өөрсдөө маш их идэвх санаачилга гаргаж, тодорхой цаг хугацаатай, нарийн төлөвлөгөөтэй ажиллах ёстой болоод байна. Хятад улс бол маш том гүрэн, дэлхийн хэмжээний асуудлыг өөрийн улс орны бодлоготойгоо уялдуулж байгаа улсын хувьд бидний ашиг сонирхолд нийцүүлэх гэж толгойгоо гашилгахгүй, тэгэхээр бид өөрөө гарч ирж буй боломжуудыг сайн ашиглаж ажиллах хэрэгтэй. Үгүй бол нэгэнт хоцорсон байгаа хөгжил маань улам хоцорно. Тэгэхлээр бид байгальд ээлтэй ногоон эко сэргээгдэх эрчим хүчний салбарын хөгжлийг төмөр зам, боомтын хөгжилтэйгөө эн тэнцүү авч үзээд урагш ахиулах дорвитой төсөл хөтөлбөр санаачлан хамтран ажиллах хэрэгтэй гэж санагдаж байна.
скачать dle 12.0