Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн ерөнхийлөгч Жо Байдены урилгаар АНУ-д айлчлахаар өнөөдөр эх орноосоо мордлоо. Сан Франциско хотод Хятад Америкийн төрийн тэргүүн уулзах юм. Энэ нь Индонезийн Бали арлын уулзалтаас хойш болж буй чухал үйл явдал болж байна. Албан ёсны хөтөлбөрөөр бол Ши Жиньпин АПЕК-ийн орнуудын удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор Америкийг зорьсон байна. Гэвч, үүнээс илүү чухал, дэлхий нийт анхаарал тавьж буй уулзалт бол Жо Байдентай хийх уулзалт байх болно.
Учир нь Жо Байден засгийн эрхэнд гарснаас хойш Хятадын төрийн тэргүүн Америкт, Америкийн ерөнхийлөгч Хятадад төрийн айлчлал хийгээгүй. Айлчлаагүйн цаана ковид цар тахлын хөл хорио, улс төрийн үл ойлголцол зэрэг олон хүчин зүйлс нөлөөлсөн нь мэдээж. Хятад Америкийн төрийн тэргүүний уулзалт хоёр орны харилцааны чиг хандлагыг тодорхойлж, дэлхий нийтэд ямар нэгэн дохио, шинэ мессеж өгч байдаг. Ши Жиньпиний энэ удаагийн айлчлал Хятад Америкийн харилцаа дулаарч, нааштай эхлэл гарч буйн илрэл гэж болох юм.
Хятад, Америкийн харилцаа дэлхий нийтийн анхаарлыг татаж, хүлээлт үүсгэх нь аргагүй. Энэхүү хоёр том гүрний харилцаа бол онцгой харилцаа. Ганц нэгхэн үгээр тоймлох, багцаалах боломжгүй өргөн агуулга юм. Учир нь дэлхий хамгийн том хоёр эдийн засаг, геополитикийн хүчний харьцааг тэнцвэржүүлэгч хоёр том хүчин, шинжлэх ухаан, технологийн салбарт өрсөлдөгч, хамгийн том зах зээл, сансар огторгуйг эзэмших уралдаанд тэргүүлж байгаа том гүрнүүд гэх зэргээр харьцуулбал маш олон өнцөг гарна. Олон төвөгтэй нөхцөлд хоёр орны харилцаа сайдаж, муудаж, хурцдаж ирсэн. Дональд Трапын үед ч, Жо Байдены үед ч адилхан. Хятадад худалдааны өндөр татвар оногдуулж, дээд технологи нийлүүлэх, энэ салбарт хөрөнгө оруулах зэрэгт АНУ хязгаарлалт тавьж, хяналтаа чангатгасан.
Гэсэн ч ард түмний харилцаа бол үргэлж өөдрөг байгаа юм. Саяхан Шанхайд болж өндөрлөсөн Хятадын импортын экспод Америкийн ХАА-н техник технологийн олон компани оролцож, хамгийн сүүлийн үеийн шинэ техникүүдээ дэлгэж Хятадын асар том зах зээлд нэвтрэх гарц суваг хайж байна. Америкийн үндэстэн дамнасан Qualcomm, Intel, tesla, apple компаниуд Хятадын зах зээлээс маш их ашиг олж байна. Зөвхөн Qualcom гэхэд 62 хувийн ашиг олсон тухай мэдээлэл гарсан байна лээ.
Ингээд бодохоор Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалтаас Хятадад ч, Америкт ч жирийн иргэд, бизнес эрхлэгчид нааштай үр дүн хүлээж байгаа. Дэлхийн халуун цэг болсон Орос Украйн, Израйль Палестин, тэдгээртэй ямар нэгэн сэжмээр холбоотой улсууд ч мөн адил чих тавьж таарна. Мөн саяхан ХТРТ-ийн CGTN суваг англи, испани, франц, араб, орос хэлээр 24 цагийн дотор 10 мянган интернет хэрэглэгчийн дунд санал асуулга явуулахад Хятад, Америкийн харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх нь чухал гэж санал асуулгад оролцогсдын 91.2 хувь үзсэн байна. Энэ бол дэлхийи нийт хүсэж буй хүлээлт юм. Ярилцахгүйгээр, хэлэлцэхгүйгээр юуг ч шийдэхгүй, урагшаа алхахгүй. Тиймээс Ши Жиньпин, Жо Байден нар нүүр тулж уулзах нь дэлхий дахинд өгч буй эерэг дохио юм.
скачать dle 12.0
Сэтгэгдэл (0)