“Хуучин” Астанагийн шинэ төрх

Базарбямбын НЯМСҮРЭН
Астана хотын хуучин хорооллоор алхаж явахад угсармал орон сууц, хоёр давхар соёлын төв, нэгдүгээр давхрыг нэгтгэсэн үйлчилгээний газрууд гээд Улаанбаатарыг санагдуулах зүйл олон бий. “Танил” энэ хэсгээс холгүй төв рүү дөхөхөд орчин үеийн өвөрмөц дизайнтай шилэн барилгууд, зай талбай, зогсоолыг ухаалгаар шийдсэн бүтээн байгуулалтууд ид өрнөж байна.
Парламентын болон Ерөнхийлөгчийн ордон, Тусгаар тогтнолын ордон,  Пирамид барилга, Төв Азидаа хамгийн томд тооцогдох болсон үүдээ нээгээд удаагүй байгаа гоёмсог моск (шашны сүм) гээд нийслэл хотын нэрийн хуудас болсон уран нарийн барилгууд хараа булаан сүндэрлэх аж.
18 сая хүн амтай БНКУ-ын хүн амын 10 хүрэхгүй хувь нь нийслэл Астанад амьдардаг. 2021 оны байдлаар тус хотын хүн ам 1.2 саяд хүрсэн гэж Казахстаны Үндэсний эдийн засгийн яамнаас мэдээлсэн байдаг ч албан бус тоогоор 1.6 саяд хүрсэн гэлцэнэ.
Хуучны боловч шинэ хөрш Казахстанд гурав дахь удаагаа зочлоход хаврын урь ороод хотын гудамж нь цэмцгэр, цаг агаар тогтуун угтлаа. Хөрш гэдэг үгийг сонгосон маань учиртай. Монгол Улс хэдийгээр Казахстантай шууд хил залгадаггүй ч хамгийн баруун цэгээс Казахстаны зүүн цэгийн хооронд 40 километр зайтай. Цаасан дээр эхлүүлсэн дипломат харилцаа 30 гаруй жил болж байгаа боловч түүнээс хэд дахин удаан хугацааны өвөрмөц харилцаа манай хоёр улсад бий. “Казахстаны монголчууд, Монголын казахууд” гэж аль аль талдаа өөриймсөх нь улс орны дипломат харилцаанаас илүүтэй ард түмэн хоорондын энгийн харилцаанаас эхтэй.
“Одоогийн байдлаар Бүгд Найрамдах Казакстан Улсад Монголын 4000 орчим иргэн оршин сууж байна. 1992 оноос хойш Монголын 60 гаруй мянган иргэн БНКУ-д ирж, тэднээс 58 мянга орчим нь Казакзстаны иргэн болсон. Харин 1811 хүн Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээсэн” хэмээн тус улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайд Д.Баярхүү манай сонинд ярилцлага өгөх үеэрээ онцолж байв.
 “Монгол Улсад казахууд голдуу амьдардаг Баян-Өлгий аймаг гэж бий” хэмээн сонирхуулахад зөөгч, худалдагч, зочид буудлын ажилтан гээд хаана ч очсон “Ямар гоё юм бэ? хэмээн талархан хүлээж авах нь казах түмний зочломтгой зангийн нэг илрэл байв. Ямартай ч Баян-Өлгийчүүдээр төсөөлөгдөн хэдий нь хуучны мэт санагдах болсон энэ хотод ирэхэд бидний мэдэхгүй шинэ хот сүндэрлэн байгаа юм байна гэсэн бодол эрхгүй төрж байлаа.
 
Боловсролд анхаарсан Казахстан
Төв азидаа хамгийн томд тооцогдох сүм үүдээ нээгээд удаагүй байна.
Казахстаны төрийн байгууллагад голдуу залуучууд ажиллана. Тэдний олонх нь хамгийн багадаа гурван хэлээр чөлөөтэй ярьж байгаа нь анхаарал татаж байлаа. Мэдээж үндэснийхээ өв болсон казах хэлээс гадна орос хэл төрийн хэл учир тэд хос хэлтнүүд. Харин сүүлийн жилүүдэд англи хэлийг төрийн хэлний төвшинд үзэх болжээ. Ерөнхийлөгчийн дэргэдэх Стратеги судлалын хүрээлэнд зочилж байх үед ч тус хүрээлэнгийн захирал энэ талаар ярьж байлаа. “Орос, казахаас гадна англи хэлтэй байж илүү их амжилтад хүрнэ” хэмээн тэр нэмж хэлсэн. 
Ерөнхийлөгч асан Н.А.Назербаевын санаачлагаар 2000-аад оны эхэн үеэс гадаад руу залуусыг олноор сургах бодлого явуулжээ. Тэдгээр залуусын түрүүч нь эх орондоо ирээд ид ажиллаж байна. Ямартай ч гурван удаа зочлоход угтаж авсан Гадаад яамны болон Мэдээллийн яамны ажилтнууд бүгд Их Британи, Америк, Европт сургууль төгссөн, гурав болон түүнээс дээш хэлтэй, мэргэшсэн залуу боловсон хүчнүүд байлаа.
 
“Цементэн ширэнгэ” үгүй
Caption
Хөгжил гэдэг зөвхөн өндөр байшингуудаар хэмжигдэхгүй. Хүн амьдрах тав тухтай байдлыг хангасан, жирийн иргэдийн амьдралын энгийн хэв маягт нийцсэн, эрүүл аюулгүй орчныг бий болгох нь хөгжлийн хамгийн гол үзүүлэлт. Тэгвэл өдөр тутмын амьдралд асар их стресс нэмдэг олон асуудлыг энгийнээр шийдэж, иргэддээ ээлтэй орчныг бүрдүүлэхэд багагүй анхаарчээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам хөндлөн гарахад саад болдог, хүүхдээ түрээд явахад тулгардаг чулуу, замын хаалт гээд манай хотын иргэдийн өмнө тулгардаг олон бэрхшээл энд алга.
Мэдээж зөвлөлтийн үед баригдсан хотуудын адил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг анхнаасаа шийдчихсэн байсан уу гэвэл үгүй. 1992 онд Казахстан улс тусгаар тогтнолоо зарлахад Акмола нэртэй байсан энэхүү хотыг 1997 оноос Астана хэмээн нэрлэж, 1998 оноос нийслэл хот болгох зарлиг гарч, Алматы хотоос төр захиргааны төвүүд нүүж ирсэн түүхтэй. Хааш хаашаа 250 орчим км хэмжээтэй өргөн талбайд шинэ нийслэлээ байгуулахаар сонгосон нь ч учиртай. Цэлгэр уужуу энэ газарт задгай салхитай учир утаа тогтож хөшилдөхгүй нь хамгийн гол давуу тал гэсэн. Мөн нэгэнт Алматыгаас нийслэл хотоо нүүлгэж байгаагийнх зохион байгуулалтад онцгой анхаарчээ. Аль болох шигүү барилгаас татгалзаж, уужуу цэлгэр байлгахаар зорьсон байна.
Шинэ бүтээн байгуулалтын дүнд өндөр байшингууд баригдаж байгаа ч манайх шиг зохион байгуулалтгүй “цементэн ширэнгэ” үгүй. Барилга хоорондын зайг уужуу байлгахын зэрэгцээ зогсоол, налуу зам, өргөн чөлөө, хүүхдийн тоглоомын талбай, хөгшид нарлах талбай, спорт төв болон ногоон байгууламжийг хангалттай бий болгож цогц байдлаар шинэ хотоо байгуулж байгаа гэв. Хотын шинэ өнгө төрхийг бий болгоход Японы Кишё Күрокава болон Английн Норман Фостер зэрэг алдарт архитекторууд ажиллажээ.
Гэр хорооллыг бууруулах орон сууцжуулах хөтөлбөр ч энд хэрэгжиж байна. Сонирхуу­лахад, орон сууцны үнийн хувьд дундаж нэг өрөө байр монгол мөнгөөр 100 орчим сая төгрөгийн үнэтэй гэнэ. Харин төрийн албан хаагч жирийн ажилтны цалинг асуухад дунджаар дөрвөн сая орчим төгрөг байдаг гэв.
 
Түгжрэлгүй Астана
 
Астанагийн бүтээн байгуулалтаас атаархмаар санагдсан хамгийн гоёыг нь нэрлээч гэвэл хамгийн түрүүнд түгжрэлгүй зам гэж хариулна.
Астанагийн аль ч цэгээс таксигаар явахад 10-15 минутад хүссэн газраа хүрнэ. Хамгийн багадаа гурван эгнээ, зарим өргөн чөлөө нь дөрвөн эгнээ замтай, хоёр урсгалтай юм. Мөн гэрлэн дохиог ухаалгаар зохицуулж зорчигч гарцан дээр ирээд товчлуур дармагц гэрлэн дохио асаж явган хүний ногоон гэрэл асах боломжтой. Мөн дөрвөн замын уулзварт хоёр тийш хөндлөн гарцнаас гадна ташуу гарц байгуулсан нь цаг болон түгжрэлийг бууруулах ач холбогдолтой санагдсан. Ямартай ч олон эгнээ замаас гадна ухаалаг гэрлэн дохио, гарцаар тохижуулсан нь түгжрэлгүй Астанагийн нэг нууц юм.
Бүтээн байгуулалтаас гадна литр бензин манайхаас хоёр дахин хямд үнэтэй. Бензиний хувьд ийм бага ханштай байгаа нь нийтийн тээвэр хөгжихөд багагүй нэмэртэй. Нийтийн тээвэрт мөн 100 хувь цахилгаан буюу эко автобус үйлчилдэг юм байна.
 
Астанагийн санхүүгийн төв Их Британийн эрх зүйн зарчмаар ажилладаг
Астанагийн олон улсын санхүүгийн төв. Астана хотын төв хэсэгт байрлах энэхүү санхүүгийн томоохон төв нь бүс нутагтаа төдийгүй Азид нөлөөгөө бэхжүүлэх том амбицтай. Шил толь болсон гоёмсог байгууламжид 2018 оноос үйл ажиллагаа эхэлсэн тус төв нь санхүүгийн салбар дахь бүхий л үйл ажиллагааг цогцоор явуулдаг. “Манай улсад хөрөнгө оруулагчдыг их багаар ангилахгүй ижил тэгш цогц үйлчилгээ үзүүлэх нь бидний зорилго”  хэмээн тэд ярьж байна. Эдийн засгийн хөрөнгө оруулалтыг дэмжихийн тулд олон улсын компаниудтай олон улсын хуулиар ярилцах зохицуулалт хийсэн нь маш оновчтой санагдав. “Бид зөвхөн Казахстаны хуулиар бус олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их Британийн эрх зүйн зохицуулалтаар асуудлыг шийдэх учраас  хөрөнгө оруулагчдад маш ээлтэй байх болно” гэж тус санхүүгийн төвийн захирал ноён Рэнат Бэктуров ярьж байна. Санхүүгийн бүх төрлийн үйл ажиллагаанаас гадна шүүх, арбитрын төв, олон улсаас хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг татах, технологийн болон ногоон төслүүдийг хөгжүүлэх, мэргэжлийн сургалтад хамрагдах боломжийг энд олгодог байна.
2023 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар Астанагийн олон улсын санхүүгийн төвөөр дамжуулан Казахстаны эдийн засагт нийт 8.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Эдний харьяалалд одоогоор 73 өөр орны 1800 гаруй бүртгэлтэй компани байдаг бөгөөд 270 гаруй лицензтэй компани 35 өөр төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гэв. Мөн санхүүгийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг ОУСК-ийн оролцогчдод татварын таатай тогтолцоо бий болгосон бөгөөд татварын ил тод байдлын дэлхийн стандартад нийцдэг юм байна.
Үргэлжлэл бий.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0