Таргалалт гэдэг нь эд эрхтэн, арьсан дор хэвийн бус өөхний хуримтлал буюу биеийн жин хэт нэмэгдэх бодисын солилцооны эмгэг юм. Таргалалтын үндсэн шалтгааныг дурдвал: Хоол тэжээлээр авч байгаа илчлэг, илч зарцуулалт, авбал зохих илчлэгийн тэнцвэр алдагдах, хөдөлгөөний хомсдол, өөхөн эд, өөхлөг эдээс ялгарах даавруудын нөлөө юм. Эдгээрт нөлөөлөх гол хүчин зүйлүүд гэвэл:
- Өөх тос, нүүрс ус ихтэй хоол, түргэн хоол, хийжүүлсэн ундаа, чихэр шоколад зэргийг ихээр хэрэглэх
- Хөдөлгөөний хомсдол, буруу дадал хэвшил
- Стресс, нойргүйдэл, ажлын хэт ачаалал
- Хорт зуршил /шар айраг, архи, тамхи/
- Дотоод шүүрлийн зарим эмгэгүүд
- Эм, эмийн бүтээгдэхүүн /кортикостероид, антидепрессант/
- Төв мэдрэлийн тогтолцооны зарим эмгэгүүд /тархи гэмтэх, үрэвсэх, хавдар/
- Удамшлын хүчин зүйл /Ген болон гэр бүлийн/
Сүүлийн судалгаанаас хүн амын хэдэн хувь нь таргалалттай гэж гарсан бэ?
Монгол улсын хувьд "Хүн амын хоол тэжээлийн байдал" үндэсний судалгааг 1992 оноос хийж эхлэн хийж байгаа бөгөөд өнгөрсөн 2017 онд Үндэсний 5 дахь удаагийн судалгааг хийгээд байна. Эдгээр судалгаагаар жил ирэх тусам хүн амын хоол тэжээлийн байдал өөрчлөгдөж улмаар таргалалт биеийн жингийн илүүдэлтэй хүмүүсийн эзлэх хувь өссөн дүн харагдаж байна. Үндэсний 5 дугаар судалгааны зарим үр дүнгээс дурдвал илүүдэл жин ба таргалалтын тархалт 5 хүртэлх насны хүүхдэд 11.7 хувь, 6-11 насны хүүхдэд 28.6 хувь, 15-49 насны эмэгтэйчүүдэд 46 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдэд 49 хувь тус тус байна.
Таргалалт ямар өвчин үүсгэх эрсдэлтэй вэ?
Чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, хатуурах, ясны сийрэгжилт, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, ходоод сунах, шархлах, бодисын солилцооны хам шинж, хавдар гэх мэт маш олон өвчний шалтгаан, эрсдэлт хүчин зүйл болж байна. Зарим нэг судалгааны тоо баримтаас дурдвал БЖИ 25 ба түүнээс дээш хүмүүс чихрийн шижин өвчнөөр хэвийн жинтэй хүнээс 9 дахин их, БЖИ 30 ба түүнээс дээш бол 40 дахин ихээр өвчилдөг байна. Цусны даралт ихсэх өвчтэй нийт өвчтөнөөс эрэгтэйчүүдийн 78% нь, эмэгтэйчүүдийн 64% нь таргалалттай байсан. Биеийн жин 10%-иар нэмэгдэх тутамд цусны плазмын холестрины хэмжээ 0.3 ммольл, илүүдэл 4.5 кг тутамд цусны даралт эрэгтэйд 4.4 мм.муб, эмэгтэйд 4.2 мм.муб-р нэмэгддэг.
Чихрийн шижин өвчний хувьд БЖИ 30-34 буюу таргалалтын 1-р зэргийн үед 2 дахин, БЖИ 35-39 буюу 2-р зэргийн таргалалттай үед 5 дахин, БЖИ 40-с дээш буюу 3-р зэргийн таргалалттай үед 10 дахин их өвчлөх магадлалтай байдаг. Иймээс илүүдэл жин, таргалалттай хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөмтгий бөгөөд ЧШӨ-ний хүндрэл болох нүдний хараа муудах, сохрох, бөөрний дутагдалд орох, хөлийн судасны нарийсал, хөлөө тайруулах зэргээр хөдөлмөрийн чадвараа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох, эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны маш их хохирол амсаж байна.
Бүсэлхийн тойргийн үзүүлэлт: Хэмжилтийг миллиметрийн туузан метрээр хүнийг эгц зогсоож, гэдсийг чөлөөтөй байлган,хүйсийг тааруулан нүцгэн биен дээр хэмжилт хийнэ. Энэхүү үзүүлэлт нь эрэгтэйд 90 см-ээс бага, эмэгтэйд 80 см-ээс бага байвал хэвийн гэж үнэлнэ. Харин энэ хэмжээнээс ихэссэн тохиолдолд тухайн хүний БЖИ хэвийн байсан ч, төвийн таргалалттай буюу халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлтэй гэж үзнэ.
Биеийн жингийн үзүүлэлт: Биеийн жинг насанд нь /хүүхэд/ эсвэл өндөрт /насанд хүрэгсдэд/ харьцуулан тооцож таргалалтыг илрүүлдэг.
Байвал зохих эрүүл жинг тооцох томъёо:
- Байвал зохих эрүүл жин =(Биеийн өндөр / м)2 х Тогтмол тоо
- Тогтмол тоо: Эр=22,Эм =21
Биеийн жингийн индексийг тооцох томъёо:
Тураал | <18.5 |
Хэвийн | 18.5 – 24.9 |
Илүүдэл жин | 25 – 29.9 |
Таргалалтын I зэрэг | 30 – 34.9 |
Таргалалтын II зэрэг | 35 – 39.9 |
Хэт таргалалт буюу Таргалалтын III зэрэг | 40 < |
Жишээ нь:Биеийн өндөр - 160 см буюу 1.6 метр, жин 61.5 кг эрэгтэй хүний байвал зохих эрүүл жин, БЖИ-ийг тооцон олцгооё.
БЗЭЖ =(1.6 х 1.6)х 22 =56.32 кг
БЖИ =61.5 кг / (1.6 х 1.6)м =24 Хэвийн жинтэй
Таргалалтаас урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ?
- Хөдөлгөөний хомсдолд орохоос сэргийлж биеийн тамир, спортоор хичээллэх, идэвхтэй амьдралын дадал хэвшилд сургах, ТВ үзэх, компьютер тоглоом тоглох цагийг хянах, хязгаарлах, гэрийнхээ ажилд туслуулах, цахилгаан шат хэрэглэхгүй байх, биеийн жингээ тогтмол хэмжиж, хянадаг дадлыг хэвшүүлэх.
- Таргалалт бол хэвийн үзэгдэл биш бөгөөд хүний биед үүсэх ихэнх эмгэгийн суурь болдог тул эрүүл мэндэд уршигтай өвчин гэдгийг хувь хүн бүрт ойлгуулах, насанд хүрэгчид жингээ тогтмол хэмжиж, БЖИ-ийг 24.9-с ихгүй байлгахыг эрмэлзэх.
- Өөрийн амьдралын хэв маягаа үнэлдэг байх.
Үүнд:
- Илчлэг ихтэй хоол хэрэглэдэг эсэх - Чихэр, чихэртэй бүтээгдэхүүн, өөх тос ихтэй хоол хүнс ба утсан бүтээгдэхүүн хэр хэрэглэдэг вэ?
- Хооллох хэв маягаа үнэлэх – Хурдан иддэг, хэр зэрэг хэмжээтэй иддэг, голчлон ямар хүнс хэрэглэдэг, хооллох үедээ ном, сонин уншдаг эсэх, хэр зажилж иддэг, давс ихтэй хоол хүнс хэрэглэдэг гэх мэт.
- Хөдөлгөөний идэвхээ үнэлэх – Суугаа ажил эрхэлдэг эсэх, явган явдаг, машинаар явдаг, дасгал хийдэг эсэх, спорт тоглоом тоглодог эсэх
- Амьдралын эрүүл хэв маягт суралцах – Биеийн жингээ тогтмол хэмжиж, хянаж хэвших, Эрүүл хоол хүнс сонгож хэрэглэх, хооллолтын буруу зан үйлээ өөрчлөх, идэвхтэй хөдөлгөөн, дасгал хийж хэвших
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
Сэтгэгдэл (0)