Агаарын бохирдол монгол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг танилцууллаа

Монгол Улсад анх удаа болсон агаарын бохирдлын эсрэг Ази, Номхон далайн “Цэвэр агаар” дээд түвшний чуулга уулзалтаар агаарын чанарын үнэлгээний асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх, сайн туршлага хуваалцах, чадавх бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааны механизмыг идэвхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлын хүрээнд 50 шахам орны 200 гаруй төлөөлөгч санал солилцсон билээ.  
Чуулга уулзалтаар ярилцсан үндсэн таван сэдвийн нэг “Агаарын чанарын мэдээлэл, стандартын хамтын ажиллагаа” хэлэлцүүлгийн хүрээнд ЭМЯ-ыг төлөөлөн Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Агаарын бохирдол-эрүүл мэнд” итгэл тавьсан юм. 


Тэрбээр илтгэлдээ ДЭМБ-ын мэдээлснээр дэлхийн хэмжээнд жилд  12.6 сая хүн нас барж буйн 23 хувь нь хүрээлэн буй орчинтой холбоотой байгаа бөгөөд агаарын бохирдол нь зөвхөн амьсгалын замын өвчлөл бус зүрх судасны, мэдрэлийн тогтолцоо, хорт хавдрын өвчлөл үүсгэх эрсдэлтэйг онцлоод 2021 онд хийсэн  “Амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын үзүүлэх нөлөө” судалгаагаар уушгины хатгалгааны 18.03 хувьд, уушгины архаг бөглөрөлт өвчний 13.29, зүрхний ишемит өвчний 31.45, тархины судасны өвчний 30.98 хувьд агаарын бохирдол нөлөөлдөг болохыг тогтоосон зэрэг мэдээллийг хуваалцлаа.  
Түүнчлэн эрүүл мэндийн салбарын судлаачид агаарын бохирдол нь хүүхдийн бие бялдрын өсөлт, амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, дархлалын тогтолцоо, хавдар үүсэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж байгааг тогтоож, түүнийг бууруулах, сэргийлэх чиглэлээр санал зөвлөмж боловсруулан зохих түвшинд танилцуулж, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлсээр ирснийг дурдаад агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн эрүүл мэндийн байдалд хэрхэн нөлөөлөх талаар хийсэн судалгаануудад үндэслэсэн тодорхой мэдээллүүдийг өглөө.
Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5-ын хэмжээ нэг нэгжээр нэмэгдэхэд 0-5 насны хүүхдийн томуу, уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тоо 15-аар нэмэгдэж байхад агаар дахь РМ2.5-ын концентраци 100 мкг/м3 буурахад амьсгалын замын өвчний шалтгаанаар нас барах тохиолдол 11-ээр, зурх судасны тогтолцооны өвчний шалтгаанаар нас барах тохиолдол 5-аар тус тус буурах хандлагатай. РМ 2.5-ын агууламж 200 мкг/м3– ээр бууруулахад хүйтний улиралд амьсгал, зүрх судасны шалтгаант нас баралтыг 28 хувиар бууруулах боломжтойг судалгаагаар тогтоосон болон гадаад орчны агаарын бохирдуулагч NO2-ийн түвшинг 2017 оны дунджаас 50 хувиар бууруулж  чадвал 2027 онд 0-19 насны хүүхдийн шинээр илрэх багтраа өвчин 2,7 болно. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй үргэлжилсээр байх тохиолдолд  2017 онд  100 000 хүн амд 6,6 бүртгэгдэж байсан багтраа өвчин 2027 онд 16,7 болж өсөн шинээр бүртгэгдэх магадлалтайг судлаачид тогтоосныг илтгэлдээ дурдсан. 
Оксфордын бодлогын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд манай орны судлаачидтай хамтран 2017 онд агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд болон эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг судалсан, судалгаагаар агаарын бохирдлоос шалтгаалсан өвчний улмаас 0-18 насны хүүхдийг эмчлэхэд 2016 онд 10.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бөгөөд хэрэв агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимтэй хэрэгжүүлэхгүй бол 2025 он гэхэд дээрх мөнгөн дүн 24.8 тэрбум төгрөг болж 2016 оны тооцооллоос даруй 2.3 дахин нэмэгдэх судалгаа бий.  


Цаашид агаарын бохирдлыг бууруулахаас гадна агаарын чанарыг сайжруулах чиглэлд “Цэвэр түлш Монгол Улсын агаарын чанарын стандартыг ДЭМБ-ын агаарын чанарын шинэчлэгдсэн удирдамжтай уялдуулан шинэчлэх, орчин бохирдуулсны төлбөрөөс тодорхой хувийг Эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хувь хүн, гэр бүл, хамт олны идэвхтэй оролцоог дэмжих, иргэдийг орчны бохирдлын өртөлтөөс хамгаалах, дотоод орчны агаарын стандарт боловсруулж, батлуулах, эрүүл мэндийн нөлөөллийг үнэлэхэд зайлшгүй шаардлагатай PM2.5-г хэмжих чадавхийг улсын хэмжээнд сайжруулах, орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авах зайлшгүй шаардлага байгааг “Цэвэр агаар” дээд хэмжээний уулзалтад оролцогчдод танилцуулсан юм.
скачать dle 12.0