Төмөр замын тээврийн тухай хуулийг төсөл өргөн мэдүүллээ

Өнөөдөр төмөр замын салбарт цэгцлэх асуудал цөөнгүй байна. Түүний нэг гол тулгуур нь эрх зүйн шинэчлэл. Манай улсын үндэсний төмөр замын сүлжээний урт өнөөдрийн байдлаар 2,964.9 км болж өргөжөөд байна. Өнгөрөгч онд  Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр зам баригдсан. Энэ хэрээр төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өсөж байгаа юм.
Урьд нь төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч ганцхан байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болж нэмэгдлээ.
Үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төмөр замын тээврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүллээ.
ХУУЛЬ БАТЛАГДСАНААР:
Төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцаа илүү тодорхой, оновчтой болж, авлига ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсооно.
Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчдын тэгш оролцоог хангана.
Суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашиг нэмэгдэнэ.
Төмөр замын ажилтны нийгмийн баталгаа сайжирч, тогтвортой ажиллах нөхцөл боломж бүрдэнэ.
Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хуулийн хийдэл, зөрчил давхардал арилж, зохицуулалтгүй байгаа зарим харилцаа тодорхой болно.
Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөл, эзэмшил, ашиглалтын эрх зүйн орчин илүү сайжирна.
Олон улс, бүс нутаг, гадаад орны дэвшилтэт техник технологи эзэмших, инновац нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах боломж бүрдэж, тээврийн үр ашгийг нэмэгдүүлнэ. 
скачать dle 12.0