Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдэнэ

Шинэ хууль тогтоомж: 2023 оны 1 сарын 1-ээс

Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ нэмэгдэнэ  

Монгол Улсын төсвийн тухай хууль (2023) батлагдсанаар үүнийг дагасан хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт орсны нэг нь Хувь хүний орлогын албан татварын тухай хууль байв. Тус өөрчлөлтөөр цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого болон шууд бус орлогод 10 хувиар татвар ногдуулдаг байсан бол ирэх оноос “шатлан өсгөх” байдлаар буюу дараах байдлаар албан татвар ногдуулахаар болж байна.

  • Тухайн жилийн орлогыг тодорхойлоход ₮0-₮120 сая хүртэлх албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10%,

  • ₮120 сая-₮180 сая хүртэлх албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд ₮12 саяд ₮120 саяас дээш давсан орлогод 15%,

  • ₮180 саяас дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд ₮21 саяд ₮180 саяас дээш давсан орлогод 20% нэмж тооцон албан татвар ногдуулна. 

Залруулга: Орлогын дүнг хувь хүний банкны дансны мэдээллээс авна гэх мэдээлэл нь ташаа юм. Харин бидний төлөх татварыг ажил олгогч сар тутам тайлагнаж, 10%-иар суутган төлөх нь хэвээрээ ба дээр заасан илүү төлөх хэмжээ, зөрүү дүнг жилийн эцсийн тайлангаар эцэслэн тооцож, төсөвт шилжүүлэх зохицуулалт оруулжээ. Тиймээс оны эцсээр жилийн орлогоо тооцуулж, дутуу төлсөн татвараа суутгуулах нь ээ ☹. 


Мэргэжлийн хяналтын ерөнхий газар татан буугдана 

Энэ оны төсвийн хуулийг дагаж нэг томоохон бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа нь төрийн хяналт шалгалтын тогтолцоо юм. Энэ дагуу Төрийн хяналт шалгалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан ба тус өөрчлөлтөөр Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг дараах байдлаар бусад байгууллагад шилжүүлнэ.

  • Бүх яамдууд харьяалсан асуудлын хүрээнд хяналт шалгалт хэрэгжүүлэх ба дэргэдээ хяналт шалгалтын нэгжтэй болно. Тус нэгжийг улсын ерөнхий байцаагч даргална.

  • Яамдууд нь зарим хяналт шалгалтын чиг үүргээ холбогдох төрийн захиргааны болон мэргэжлийн байгууллагад шилжүүлж болно. Үүнд татвар, нийгмийн даатгал, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэх мэт байгууллагын хяналтыг ойлгож байна. 

Хууль тогтоогчдын үзэж байгаагаар тус байгууллага татан буугдсанаар нийт 1,319 албан хаагчийг холбогдох чиглэлийн 14 төсвийн ерөнхийлөн захирагч болон харьяа байгууллагад шилжүүлж, чиг үүрэг давхцаж байгаа нягтлан, нярав зэрэг захиргаа, үйлчилгээний албан хаагчийг ажлаас чөлөөлж, урсгал зардлыг хэмнэх аж.

Хөрөнгийн үнэлгээний компаниуд тусгай зөвшөөрөл авдаг болно

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 06 сарын 17-ний өдөр батлагдсан ба 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Тус хуулиар “Үнэлгээний хуулийн этгээд” гэх нэр томьёог шинээр хуульчилсан. Одоогийн хуулиар зөвхөн хувь хүн “үнэлгээчин” гэх нэршлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авдаг бол шинэ хуулиар хуулийн этгээд мөн тусгай зөвшөөрөл авснаар хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа явуулах боломжтой болно. 

Түүнчлэн тус шинэчилсэн найруулгаар хөрөнгийн үнэлгээний жишиг үнийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоох талаар тусгасан. Одоогийн баримталдаг жишиг үнийг Сангийн сайдын 2010 оны тушаалаар баталж байсан ба түүнээс хойш нэг ч нэмэлт өөрчлөлт ороогүй байна. 

Шинэ бүтэц: Засгийн газрын хяналтыг хэрэгжүүлэх газар 

Монгол Улсын 2023 оны төсвийн бодлого, Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан хүрээнд ЗГ-ын дотоод хяналтыг нэмэгдүүлэх зорилгын дор нэгэн шинэ хууль батлагдсан нь Засгийн газар дахь хяналтын тухай хууль юм. Тус хууль нь яам, ЗГ-ын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дотоод хяналт хэрэгжүүлэхэд чиглэж байгаа ба энэ зорилгоор “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар” гэх шинэ байгууллагыг бий болгох юм. 

Тус газар нь ерөнхий хянан шалгагч, ахлах хянан шалгагч, хянан шалгагч, бусад албан хаагч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулна. Ерөнхий хянан шалгагч буюу газрын даргаар ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дэд дарга ажиллахаар хуульчилжээ. 

Нээлттэй арилжаалагддаг компанийн хувьцааны “ногдол ашгийн татвар” буурна

ААН-ийн орлогын албан татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хэд хэдэн өөрчлөлт орсны нэг нь гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалдаг хувьцааны ногдол ашгийн албан татварын хувь хэмжээ 10% байсныг 5% болгосон. Гэхдээ тус заалт нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанийн хувьцаанд хамаарахгүй. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааны орлого албан татвараас чөлөөлөгдөхөөр болж байгаа. 

Түүнчлэн тус нэмэлт өөрчлөлтөөр программ хангамж боловсруулах, хөгжүүлэх үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-ийн хувьд тус үйл ажиллагаандаа зориулан гадаадаас программ хангамж авсан, сервер түрээсэлсэн бол тэдгээр орлогод ногдох албан татварын хэмжээг 5% байхаар тогтоож өгсөн. Одоогийн хэрэгжиж байгаа хуулиар Монгол Улсаас эх үүсвэртэй гадаадын иргэн, хуулийн этгээдийн олсон орлогод 20%-ийн албан татвар ногдуулдаг. 

Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосон бол ... ?

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар (шинэчилсэн найруулга) согтууруулах ундаатай холбоотой тусгай зөвшөөрөл болоод согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлахад чиглэсэн хэд хэдэн шинэ зохицуулалт тусгагдсан. Тухайлбал:

Тусгай зөвшөөрөл:


  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн “ашгийн төлөө хуулийн этгээд”-д олгох ба эдгээр аж ахуйн нэгжүүдийн тоонд хязгаарлалт тавина. Тодруулбал, согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн тоог Засгийн газраас, харин согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн тоог аймаг, нийслэлийн саналыг харгалзан Хүнс, Эрүүл мэнд болон Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран тогтооно. Энэ хүртэл шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй ба тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөл тус хугацаагаар сунгагдана. 
  • Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жил байсныг 10 жил, согтууруулах ундаа, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2 жил байсныг 5 жил болгон тус тус нэмэгдүүлсэн. 
  • Худалдаа, үйлчилгээний газрууд согтууруулах ундаагаар үйлчилдэг цагаасаа хамааран 11.00-22.00 цаг, 14.00-04.00 цаг гэсэн хоёр төрлийн тусгай зөвшөөрөл тусад нь авна. 
  • Согтууруулах ундаагаар үйлчлэх үүрэг бүхий ажилтан “согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалт”-д хамрагдсан байх шаардлагатай. 

Хэрэглээний хязгаарлалт:


  • Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүх шатны сонгуулийн өдөр хориглодог. Тэгвэл шинэ хуулиар зөвхөн сонгуулийн өдрөөр зогсохгүй түүний өмнөх болон дараах өдөрт мөн хориглодог болно.
  • Тээврийн хэрэгсэл жолоодож байгаа эсвэл 21 насанд хүрээгүй хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог. Түүнээс гадна шинэ хуулиар “жирэмсэн эмэгтэй” согтууруулах ундаа хэрэглэх хориотой болсон. Шахсан, шахуулсан хоёул хариуцлага хүлээдэг болно гэгдээд байгаа. 
  • Тодруулбал, бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад гэм хор учирвал тухайн хохирлыг шаардаж согтоосон этгээдэд хариуцуулж болохоор шинэ хуульд заасан. 

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлнэ

ААН-ийн тусгай зөвшөөрлийн асуудлыг зохицуулсан Зөвшөөрлийн тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхлэх ба тус хуулийн талаар эндээс  уншина уу. 

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа тусдаа хуультай болно

2022 оны 11 сарын 4-ны өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль ирэх оны 3 сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ. Тус хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар мөнгөн зээл олгох (ломбард зэрэг) болон иргэнээс байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах юм. Энэ үйл ажиллагааг явуулахын тулд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, эсвэл хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь ₮10 сая, түүнээс багагүй байх шаардлага тавигджээ. Мөн заавал хуульд заасан журмаар СЗХ эсвэл харьяа аймаг, нийслэлийн Засаг даргад бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болно. 

Тухайлбал, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг ашгийн төлөө хуулийн этгээд эрхлэх бөгөөд аймагт ₮100 сая, нийслэлд ₮300 саяас дээш хэмжээний хувь нийлүүлсэн хөрөнгөтэй бол СЗХ-д, бусад тохиолдолд харъяа аймаг, нийслэлийн Засаг даргад бүртгүүлнэ. 

Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл үзүүлэхгүй

УИХ-аас 2022 оны 12 сарын 19-ний өдөр батласан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслөөр “авлигын гэмт хэрэг”-т холбогдох зохицуулалтад дараах нэмэлт өөрчлөлтүүд орсон байна. Үүнд: 

  • Хуулиар халдашгүй байдлыг нь баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно. 

  • Авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдэд аливаа хэлбэрээр өршөөл үзүүлэхгүй. 

  • Эрүүгийн хуулийн 22.1-т заасан Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт оногдуулах ялын төрлөөс торгох ялыг хассан.  

  • Эрүүгийн хуулийн 22.10-т заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтанд оногдуулах ялын төрлөөс торгох, нийтийн албан томилогдох эрхийг  хасах, зорчих эрхийг хязгаарлах ялыг хасаж, үндэслэлгүйгээр олсон хөрөнгийг хурааж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус зохицуулжээ.  

  • Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, ЗГ-ын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГ-ын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах болон эрх бүхий албан тушаалтан авлигын гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байхаар өөрчлөлтүүд орсон. 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдэнэ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 3273 төгрөг 81 мөнгө буюу сард ₮550 мянга болгож нэмэгдүүлэхээр тогтоосон. Энэ өөрчлөлт 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхлэх юм. 

скачать dle 12.0