Аялал жуулчлал дахин сэргэнэ



Базарбямбын НЯМСҮРЭН
 
Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа болсон онцлох үйл явдлын нэг нь Олон улсын Шүүх хуралдаж Газын зурваст өрнөөд буй үйл явдлыг хэлэлцлээ. Мөн НҮБ-аас аялал жуулчлалын салбарыг ойрын ирээдүйд хэвийн болно гэсэн мэдээлэл хийсэн бөгөөд АНУ болон БНСУ-ын Батлан хамгаалах яамд кибер халдлагын эсрэг хамтарсан сургуулилтаа дуусгажээ. Олон улсад болсон үйл явдлын мэдээг тоймлон хүргэе
 

ОЛОН УЛСЫН ШҮҮХ ГАЗЫН ЗУРВАСТ ДАХЬ ҮЙЛ ЯВДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

 
Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Олон улсын шүүх ӨАБНУ-ын гаргасан хүсэлтийг хүлээн авч, газын зурваст үүсээд байгаа нөхцөл байдлыг авч хэлэлцжээ. Тус шүүхээс Израилд Газын зурваст геноцид үйлдэхээс сэргийлэх бүх арга хэмжээг авахыг үүрэг болголоо. Мөн Газын зурвас дахь хүмүүнлэгийн байдлыг сайжруулах арга хэмжээ авах ёстой гэж мэдэгдсэн байна.
Өмнөд Африкийн зүгээс Газын зурвас дахь довтолгоог нэн даруй зогсоох түр арга хэмжээ авахыг шүүхээс хүссэн боловч шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй байна.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дээрх шийдвэрийг еврейчүүдийн улсыг илт ялгаварлан гадуурхаж, улс орныхоо өөрийгөө хамгаалах эрхийг үгүйсгэсэн оролдлого гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр “ХАМАС энгийн иргэдийг амьд бамбай болгон ашиглаж байгаа хэдий ч бид хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нөхцөлийг хөнгөвчлөх, энгийн иргэдийг аюулаас хамгаалахын тулд чадах бүхнээ хийнэ” гэжээ.
Харин Палестины Гадаад хэргийн сайд Рияд Аль-Малики Олон улсын шийдвэрийг сайшаагаад “Израилын хоморголон устгах дайныг зогсооход нөлөөлөх томоохон үйл явдал” гэжээ.
 

НҮБ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ СЭРГЭНЭ

 
НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас ирэх жилд аялал жуулчлалын салбар цар тахлын өмнөх хэвийн үеийн түвшинд хүрэхээр байгаа өөдрөг төсөөллийг мэдээллээ.
Тэд салбарын өнөөгийн тогон үзүүлэлтийг 2019 он буюу цар тахлаас өмнөх үетэй харьцуулан дүгнэжээ. Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд ойролцоогоор 1.29 тэрбум жуулчин аялсан нь 2019 оны үзүүлэлттэй харьцуулахад 88 орчим хувьтай байна. Тиймээс ч энэ онд Ковидоос шалтгаалсан удаашрал багасч, ирэх жилээс жуулчдын тоо хэвийн хэмжээнд очих боломжтой хэмээн үзэж байна. Жуулчдын тоог газар нутгийн байрлалаар авч үзэхэд Европт 94 хувь, Африкт 96 хувь, Америкт 90 хувьд хүрч сэргэсэн байна. Харин хамгийн цөөн аялагчид аялсан газар нутгаар Ази, Номхон далайн бүс нутгийг нэрлэсэн нь дээрх тоо дөнгөж 65 хувьтай байснаас шалтгаалсан хэрэг. Мөн Зүүн Хойд Азийн бүсийн аялал жуулчлалын салбарын сэргэлт удаашралтай, 2019 оны үзүүлэлттэй харьцуулахад 55 орчим хувьтай тэнцжээ.
Хэтийн төлөв байдал эерэг харагдаж байгаа хэдий ч геополитикийн эрсдэлүүд нь аялал жуулчлал тогтвортой сэргэхэд саад бэрхшээл учруулж байгааг мөн тус байгууллагаас анхаарууллаа. Ялангуяа Газын зурвас орчимд өрнөөд буй Израил болон ХАМАС зэвсэгт бүлэглэлийн хоорондох мөргөлдөөн ийм эрсдэлийг нэмэгдүүлснээс гадна Ойрхи Дорнодод тархах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна. Аялал жуулчлалын салбарын өнгөрсөн оны орлого 1.4 их наяд ам.долларт хүрсэн нь 2019 оны түвшний 93 орчим хувьтай тэнцжээ.
 

АНУ, БНСУ КИБЕР СУРГУУЛИЛТАА ӨНДӨРЛӨЛӨӨ

 
АНУ, БНСУ-ын зүгээс цахим аюулгүй байдлын хамтарсан сургуулилтаа явуулж дууссан нь өнгөрсөн долоо хоногийн томоохон үйл явдлын нэг байлаа. 10 хоног үргэлжилсэн цахим аюулгүй байдлын сургуулилт хоёр талын хамтын ажиллагаа болон гадны хакерын халдлагын талаар туршлага солилцоход томоохон ахиц өгсөн үр дүнтэй сургуулилт болсныг БНСУ-ын Батлан хмгаалах яамнаас онцлон мэдээлжээ. Хоёр улс цаашид энэ төрлийн сургуулилт, техник технологийн солилцоог өргөжүүлж, кибер салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно гэж тус яам мэдэгджээ.
Олон талаар нягт хамтран ажилладаг АНУ, БНСУ-ын Батлан хамгаалах яамууд цахим халдлагын эсрэг хамтран ажиллах болсон нь мэдээж санаандгйү хэрэг биш. Тэд Хойд Солонгосын зүгээс  крипто валютын хулгай, мөн цөмийн болон пуужин хөгжүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилготой бусад хууль бус кибер үйл ажиллагаатай тэмцэх зорилгоор дээрх сургуулилтыг явуулж, урьчилсан сэргийлэх үйл ажиллагаа явж байгаа нь энэ гэж олон улс дүгнэж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинскачать dle 12.0