Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автобусаар зорчиход тулгардаг бэрхшээлээ жолооч нарт үзүүллээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т сургалт зохион байгууллаа. Тэрбээр долоо хоног бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байгаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгамддаг асуудал бол хүртээмжтэй орчин нөхцөл, аюулгүй байдал, нийтийн тээврийн үйлчилгээ юм. Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчиход тулгамддаг бэрхшээлүүдийг ойлгуулах зорилгоор дадлага сургалт зохион байгуулав. Сургалтад нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгжийн 50 орчим жолооч, хэсгийн дарга, инженер хамрагдсан юм. Тодруулбал, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан Г.Ганзориг, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүн Б.Өлзийбаяр нар өөрт тулгамддаг асуудлуудаа биеэр үзүүлэв.
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны нийгмийн ажилтан Г.Ганзориг:
-Би автобус ирж буйг чимээгээр нь мэддэг. Автобусны хойд хаалганаас урд хаалга хүртэл тэмтэрч явсаар суудаг бөгөөд хоосон суудал байгаа эсэхийг мэдэхгүй тул ихэнх тохиолдолд зогсож явах шаардлага тулгардаг. Тиймээс жолооч нар зорчигч багатай үед харааны бэрхшээлтэй хүнд суудал тавьж өгөхийг уриалж, хэлдэг байгаасай. Автобусны буудал зарладаг болсноос хойш зорьсон буудалдаа буух боломжтой болсон. Энэ бол нэг том ахиц. Зарим тохиолдолд автобусны жолооч нар биднийг анзаардаггүй, эсвэл хүлээж тэсдэггүй тул орхиод явдаг. Цаашдаа нийтийн тээврийн жолооч нар хэдхэн секунд хүлээгээд, харааны бэрхшээлтэй иргэдээ аваад явдаг байгаасай гэж хүсэж байна гэв.
Тэрбээр өөрийн биеэр автобусанд суух үед үүсдэг бэрхшээлээ үзүүлж, үүний дараа “Эрдэм транс” ХХК-ийн хэсгийн дарга Ч.Сүх-Эрдэнэ нүдээ боож, нийтийн тээврээр зорчих туршилт хийсэн. Тэрбээр “Уг туршилтад ороход маш хэцүү мэдрэмж төрлөө. Тиймээс харааны бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр зорчиход нь дэм болж, чадах чинээгээрээ туслаарай гэж хүн бүрд уриалмаар байна. Мөн нийтийн тээврийн жолооч нартаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүлээцтэй хандаж, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлээрэй гэж захья. Би хариуцсан хэсгийн жолооч нартаа ч энэ талын ойлголтыг чадах чинээгээрээ өгөхийг хичээнэ” хэмээв.
Үүний дараа Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүн Б.Өлзийбаяр тэргэнцэртэй иргэд автобусанд зорчиход үүсдэг хүндрэл, бэрхшээлийг тайлбарлалаа. Тэрбээр “Нийтийн тээврээр зорчих үед автобус замын хашлагаас хол, эсвэл давхарлаж зогсох тохиолдол элбэг. Тиймээс автобусны хаалганд байрлах тэргэнцэртэй иргэн суухад дардаг товчлуур дээр дарж чаддаггүй. Мөн тэргэнцэртэй иргэдийн суудлын бүсийг урт болгох хэрэгтэй” гэсэн юм.
Тэргэнцэртэй иргэдэд тулгамддаг асуудлыг биеэр мэдрэхээр “Эрдэм транс” ХХК-ийн хэсгийн дарга О.Гүндсамба туршилтад оролцсон. Тэрбээр “Тэргэнцэртэй иргэн автобусанд ороход зориулсан шатны налууг хүний оролцоо бага байхаар шийдэх хэрэгтэй болов уу. Мөн жолооч нартаа  тэргэнцэртэй зорчигчдод тусалж байхыг уриалмаар байна” гэлээ.
Тус сургалтыг Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө санаачлан, зохион байгуулж байгаа бөгөөд цаашид энэ төрлийн дадлага сургалтыг тогтмолжуулах хэрэгтэйг онцолж байв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0