Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургалтын танхим, цахим системийн нээлт боллоо

ЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургалтын танхим болон “Нийслэл академи” сургалтын цахим системийн нээлтийн “Next steps” арга хэмжээ өнөөдөр боллоо.
Хүний нөөцийн хөгжлийн төвийн суурь анх 2015 онд Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн сангийн тусламжтайгаар тавигдсан бөгөөд 2017 оноос Нийслэлийн Сургалт, судалгааны төв нэрээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2021 оноос НЗДТГ-ын бүтцэд орсон байдаг.
НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн дарга Б.Энхболд “Ажлын байран дахь сургалт оролцоон дээр илүү суурилсан байх ёстой. Сургалтын танхим үүнтэй зохицсон, уялдсан байх шаардлагатай. Энэ дагуу манай төв олон улсын давтан сургалтын төвийн стандартад нийцсэн сургалтын төв болж байна. Энэ нь сургалтын үр дүнд шууд нөлөөтэй. 100 болон 25 хүний хоёр танхим, мөн цахимаар хичээл заах танхим бий. Ингэснээр сургалт зохион байгуулах хүчин чадал тав дахин нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, жилд 1000 цагийн сургалт хийдэг байсан бол өдгөө 5000 болж нэмэгдэнэ гэсэн үг. Төрийн албан хаагчдад хүртээмжтэй сургалт хийх боломж бүрдэж байна” гэлээ.
Төрийн албан хаагчид ажлынхаа хажуугаар сургалтад хамрагдахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл “Нийслэл академи” цахим сургалтын систем нь албан хаагч нарт боломжтой цагтаа сургалтад хамрагдах нөхцөлийг бүрдүүлжээ.  
НЗДТГ-ын дарга И.Баатархүү:
-Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад 47 мянган төрийн албан хаагч ажилладаг. Албан хаагчдыг ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр сургах хэрэгцээ, шаардлага тулгардаг. Энэ хүрээнд Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн сантай хамтран “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг хөгжүүлэх, сургалтын орчныг сайжруулах, ая тухтай орчин бүрдүүлэх, цахимаар сургалт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний дараагийн шатанд Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургалтын танхимыг шинэчилж, ая тухтай, стандарт, шаардлага хангасан орчинд, мөн цахимаар төрийн албан хаагчдыг сургах боломж бүрдээд байна хэмээв.
Хүний нөөцийн хөгжлийн төв байгуулагдсанаас хойш 21 мянга гаруй албан хаагч сургалтад хамрагджээ. Багш нарын 80 орчим хувь нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа, туршлагатай албан хаагч нар юм. Ингэхдээ багш нараа эхний ээлжид сонгож, сургагч багшийн сургалтад хамруулан тэнцсэн хүмүүс нь багш болдог. Сургалтын 40 гаруй агуулгатай бөгөөд нэг багш 2-5 хичээлийн агуулга заадаг байна. Ойрын хугацаанд хороод руу чиглэсэн хэсгийн ахлагч нарын сургалт, стрессийн сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Удирдлагын академийн захирал Д.Сүрэнчимэг төрийн нийт албан хаагчдын 26.9 хувь нь нийслэлд ажилладаг. Бид Хүний нөөцийн хөгжлийн төвтэй 2020 оноос хамтран ажиллаж, сургагч багш бэлтгэж байгаа. Энэ хугацаанд төрийн албанд анх удаа томилогдсон 243 албан хаагчдад сургалт зохион байгуулсан хэмээв.
НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургагч багш Ч.Отгонцэцэг “Би 2017 онд Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-д хамрагдан багш болж байсан. Төрийн албан хаагчдыг бэлтгэхэд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Зөөлөн ур чадвар буюу харилцаа, хандлага, манлайллын чиглэлийн хичээл заадаг. Багш нар маань ч бас аль болох шинэ арга барилаар хичээлээ заахыг хичээдэг” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0