“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Бид энэ удаад УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Ялалтыг урилаа. Тэрбээр тус театрын өвөл цагийн үзвэрийн нээлт болох Бертольт Брехтийн “Сычуаний сайн хүн” жүжгийн гол дүрийг бүтээж байгаа юм.
ЯН СУНЫН ДҮРЭЭР БИ ӨӨРИЙНХӨӨ ЕРТӨНЦӨД НЭГЭН ШИНЭ ЦОНХЫГ НЭЭСЭН
-Жүжигчин Н.Ялалтыг УДЭТ-ын тайзан дээр харах содон байлаа. Удахгүй жүжиг нээх нь. Театрын тайзан дээрээс үзэгчидтэй ийм том дүрээр уулзана гэхэд ямар мэдрэмж төрж байна?
-Нээлтийн өдөр ойртох тусам айдас нэмэгдэж байна. Учир нь би СУИС-ийг төгссөнөөс хойш тайзан дээр бага тоглосон хүн. “X tuts” болон “Хувьсал” продакшны хэдэн бүтээлийг л нэрлэж болох. Ихэвчлэн кино болон орчуулгын киноны уран бүтээлд түлхүү ажиллажээ. Гэхдээ жүжигчин хүнд Драмын театрын тайз гэдэг үнэ цэнтэй. Бүх цаг үеийн жүжигчид энэ мэргэжлийн тайзан дээр тоглох юм сан гэж хүсдэг. Үүнтэй адил миний хувьд ч энэ мөрөөдөл байсан. Тиймээс хүслийнхээ дагуу гурван удаа өөрийн хүсэлтээр театрт орох гэж ирж, уулзаж байлаа. Гэхдээ тухайн үед орон тоо байхгүй байв уу, тодорхой хэмжээгээр тайзны жүжигт тоглоод өөрийгөө харуул. Үүний дараа хүлээж авах боломж гарч магадгүй гэсэн хариултыг надад өгч байлаа. Гэхдээ жүжигчин Н.Ялалтын хувьд тэр бүр хувийн продакшнуудын жүжигт тоглоод байх боломж гарахгүй. Ерөнхийдөө театрын босго надад өндөр байсан үе бий.
-Таны хүсэл биелж, театраас ажиллах санал тавьжээ. Тухайн үед юу бодогдож байсан бэ. Арай хожуу ирсэн санал уу?
-Өнгөрсөн арванхоёрдугаар сард театраас холбогдож, ажиллах санал тавьсан. Тодорхой хугацаанд бодоод хариу хэлье гэсэн боловч бодоод бодоод хаа хүрэх вэ. Хүсэл минь намайг энэ театр луу өөрийн эрхгүй хөтөллөө. Би ч тайзан дээр тоглох дуртай. Тиймээс театртаа ирээд хэд хэдэн уран бүтээлд оролцсон. Үе тэнгийн уран бүтээлчид болон дүү нартайгаа ажиллахад өгөөжтэй сайхан байна. Харин театрт албан ёсоор орсноос хойш буюу УДЭТ-ын жүжигчин Н.Ялалт болсноор анхны ажиллаж буй гол дүр маань “Сычуаний сайн хүн” жүжгийн Ян Сунын дүр. Тиймээс дээр хэлсэнчлэн айдас байгаа. Гэхдээ энэ бүхнийг би даван туулж, ард нь гарах ёстой гээд өөрийгөө хурцалж байна.
-Энэ цагт УДЭТ-ын нэгэн өнгийг тодорхойлж яваа С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг гавьяатууд танай анги юм билээ. Тэднээс мэдээж урам авсан байх?
-Анх СУИС-ийг төгсөхөд С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг бид гурвыг театр авах санал тавьсан. Бид ч театрт дагалдан жүжигчин хийж, дасгал уншиж эхэлсэн. Гэвч тухайн үед надад нэг кинонд ажиллах санал ирсэн юм. Тэр киноныхоо зурганд яваад иртэл театр намайг хүлээж аваагүй. Ингээд манай хоёр театртаа үлдсэн. Хоёр найз маань яах ч аргагүй таны хэлснээр энэ цаг үед гялалзаж яваа уран бүтээлчид. Тэднээс уран бүтээлчийн хувьд суралцах зүйл их бий.
-“Сычуаний сайн хүн” жүжгийн тухай яриа гарснаас хойш гол дүр хэн байх бол гэсэн таамаглал хөвөрсөн. Найруулагч яагаад таныг онцолж, Ян Сунын дүрийг өгсөн гэж бодож байна?
-УДЭТ-ын уран бүтээлчдийн хувьд шинэ жүжиг тавихдаа дүрийг тухайн жүжгийн найруулагч нь хуваарилдаг онцлогтой. Түүнээс сонгон шалгаруулалт явуулдаггүй. Энэ журмын дагуу “Сычуаний сайн хүн” жүжгийн дүрүүдийг найруулагч Э.Ёндоншарав өөрөө сонгосон. Мэдээж зохиол унших явцад Ян Суны дүр дээр ажиллах юм сан гэсэн жүжигчин олон байсан байх. Харин миний хувьд үнэндээ өөрийгөө Ян Суны дүрд сонгогдоно гэж бодоогүй.
-Яагаад вэ. Жүжигчин бүр зохиол уншихдаа гол дүрээр өөрийгөө төсөөлдөггүй гэж үү?
-Би анх зохиолоо уншихдаа өөрийгөө усны худалдаачин гэж харж байсан. Энэ дүрд л дөхөх болов уу гэж бодсон. Гэвч гэнэтийн бэлэг гэх үү Ян Суны дүр дээр ажиллахаар боллоо. Нэг бодлын айдас, түгшүүр. Нөгөө өнцгөөс харахад хариуцлага, үүрэг оногдлоо. Тиймээс өөрийгөө их дайчилж байгаа. Тайзан дээр тоглоогүй удсан учир орон зайн хувьд баригдмал болчихсон байна. Дэлгэцийн уран бүтээл планд баригддаг, даацтай хөдөлгөөн хийдэггүй. Харин тайз гэдэг том орон зай. Энэ мэт дүр дээр ажиллахад багагүй бэрхшээл тулгарлаа. Гэвч хамт олон зааж, чиглүүлж, бие биедээ тусалж байгаа учир ерөнхийдөө бэлтгэл жигдэрсэн гэж хэлж болохоор болсон шүү.
-Усны худалдаачны дүрээр өөрийгөө харчихсан хүнд Ян Сун гэсэн гол дүрийг уншихад хэрхэн бууж байв?
-Надад анх зохиол уншсан сэтгэгдэл их гүнзгий үлддэг. Эхний харсан минь зөв юм шиг санагдаад байдаг онцлогтой. Б.Лхагвасүрэн гуайн “Тамгагүй төр” жүжигт ч “Эхний бодсон зөв байдаг. Эргэцүүлэл ихэдвэл тэнэг болдог” гэж гардаг. Өөрөөр хэлбэл, цав цагаан цаасан дээр огт нээж байгаагүй зохиолыг уншихад эхний сэтгэгдэл бууна. Тэр сэтгэгдэл хэр хүчтэй, хэр хүний сэтгэлийг хөдөлгөж байна тэр чинээгээр нөлөөлөл нь их гүнзгий. “Сычуаний сайн хүн” жүжгийн зохиолыг би нэг уншаад ойлгоогүй. Анх уншихад ч гайхамшигтай, гоё жүжиг санагдаагүй. Харин дахин дахин уншихад учиг зангилааг нь тайлагдаж, хэлэх гэсэн санааг нь ухаж, ойлгож эхэлсэн. Зохиолынхоо гүн рүү орох тусам өмнө нь хараагүй, шинэ санааг олж байсан нь сайхан. Гэхдээ би эхний уншилтаараа Ян Суныг тодотгож уншаагүй юм. Ерөнхийдөө жүжгийг бүхэлд нь ойлгох гэж хичээж байлаа. Харин дүр хуваарилахаас өмнө жүжигчид нийтдээ зохиолын уншлага хийдэг. Хэд хоног уншлага хийсний дараа найруулагч удахгүй дүрийн хуваарилалт хийнэ гэдгээ зарласан. Маргааш нь жүжигчин Н.Ялалт Ян Сунын дүр дээр ажиллана гэхэд гайхаж хүлээж авсан. Гэхдээ итгэл хүлээлгэж байгаа тохиолдолд түүнийг дааж, давж гарах нь мэргэжлийн жүжигчинд байх ёстой хамгийн том чанар гэж боддог. Тиймээс би зүтгэж байна. Мөн Ян Сун бол насны хувьд надаас залуу нисгэгч. Тэгэхээр өөрийгөө илүү хөнгөн, хөдөлгөөнтэй байлгах тал дээр анхаарч байгаа.
-“Сычуаний сайн хүн”-ийг туульсын жүжиг гэж томьёолсон. Туульсын гэсэн хэлбэрийг та хэрхэн ойлгож байна вэ?
-Урьд нь надад Брехтийг судалж, унших боломж гарч байсангүй. Брехт бол театрын их онолч, өөрийн гэсэн шинэ арга барил, системийг гаргаж ирсэн хүн. Түүний туульсын хэлбэрээр бичсэн хамгийн шилдэг жүжиг нь “Сычуаний сайн хүн”. Энэ жүжиг нь дундаа амсхийх хугацаатай гэдгээрээ онцлог. Эхлээд ойлгоход тун бэрх байсан. Харин бэлтгэл хийж, жүжгээ мэдрэх тусам сонирхолтой санагдаж эхэлсэн. Ер нь туульсын хэлбэр нь жүжигчинд өөрийгөө сорих олон боломжийг олгож байна. Мөн орчин үеийн театрын жүжигчинд заавал байх ёстой чадваруудыг шаардаж байгаа нь олзуурхууштай. Туульсын төрлийг цаашлаад театрын бусад уран бүтээлд ч нэвтрүүлэхэд шинэлэг, давуу тал бий болох юм байна гэж харсан. Бидний хувьд Станиславскийн системээр жүжигчний сууриа тавьсан. Гэтэл түүнээс хойш дэлхийд жүжигчний онолын хувьд их олон техник, арга барил шинээр гарч ирсэн байна. Тэгэхээр жүжигчдийн хувьд өөрийгөө сорих, ур чадвараа өөр өнцгөөс нээх бүрэн боломжтой цаг үе ирээд байна. “Сычуаний сайн хүн” жүжгийн нисгэгч Ян Сунын дүрээр би өөрийнхөө ертөнцөд нэгэн шинэ цонхыг нээсэн. Энэ нь миний хувьд ур чадвар болоод хамтран тоглох уран бүтээлчидтэйгээ зохицоход нэгэн том алхам болж, намайг сорьж байгааг нуухгүй. Гэхдээ сорилтод унах эрх байхгүй учир өөрийнхөө чадах хэмжээнд дүрээ сайн гаргахын төлөө хичээх болно.
-Жүжгийн дотоод хяналтыг үзлээ. Яг үнэндээ сонин байсан. Учир нь ингэж найруулсан, өвөрмөц шийдэлтэй бүтээлийг театрын тайзан дээр үзэж байсангүй. Магадгүй энэ уран бүтээл Монголын театрын урлагийн хөгжлийг нэг алхмаар урагшлуулчих шиг боллоо?
-Брехтийн хувьд 1898-1956 оны үед амьдарч байсан уран бүтээлч. Түүний авьяас билэг нь 1914 оноос тодорсон гэдэг. Харин “Сычуаний сайн хүн” жүжгээ1940 онд бичсэн. Тэгэхээр их олон жилийн өмнөх зохиол биш. Зохиолч маань өөрөө дэлхийн I, II дайны үед амьдарч байсан учир тухайн үеийн нийгмийн амьдрал, ядуурал, хүчирхийллийн зовлонг өөрийн биеэр мэдэрсэн. Тэгэхээр түүний уран бүтээлээрээ хэлэх гэсэн хамгийн гол санаа нь хүний нийгмийн тухай юм. Хэдэн зуун жил өнгөрч, бид ямар ч нийгмийн зохион байгуулалтад орсон хувь хүний характер байж л байдаг. Муу, сайн, бялдууч, зусарч гээд л. Яг ингэж энэ жүжигт хүний дотоод мөн чанарыг тусгасан учир энэ жүжгийг хэзээ ч тавьсан нийгэмтэйгээ зохицож байгаа юм. Гэхдээ их сайхан хөгжчихсөн нийгэмд энэ бүтээлийг ойлгох хүн юу л бол. Харин одоогийн Монголын нийгэмд бид өөрсдөөсөө өөрийгөө хайх хэрэгтэй болоод байна. Өөрийнхөө дотроос сайн хүнээ ирж хайхгүй бол муу нь давамгайлсан, нэг, нэгнээ хэмлэсэн өөнтөгч нийгэмтэй болжээ бид. Тиймээс энэ цаг үед Монголын театрын тайзан дээр “Сычуаний сайн хүн”-ийг тавьж байгаа нь захиалга мэт цаг үеэ олсон гэж харж байгаа. ОХУ-д Театр урлагийн сургууль төгссөн Э.Ёндоншарав хэмээх залуухан найруулагч энэ жүжгийг уншаад, тавихаар барьж аваад, их зөв өнцгийг нь олж, театрын урын санг чансаатай бүтээлээр нэмж байгаад олзуурхаж байна. Үүнийг театрын удирдлага дэмжиж байгаа нь Монголын театрын хөгжилд таны хэлснээр нэгэн том урагшлах хүч, алхам болж байна гэж би уран бүтээлч хүнийхээ хувьд итгэж байна.
-Миний хувьд жүжгийн турш Ян Суныг үзэн ядсан. Яагаад хамгийн сайн хүний сэтгэл зүрхийг өөрийнхөө зорилгын төлөө уландаа гишгэж байгаа юм бол. Ян Сун бол яг одоо Монголын нийгэмд байгаа өнөөх амиа бодсон, хувиа хичээсэн хүмүүсийн тод төрх. Магадгүй та дүрээ өмөөрөх байх?
-Жүжигчин хүн үргэлж дүрээ өмөөрч тоглодог. Тиймээс би Ян Суныг таны хэлснээр өмөөрнө. Тэр чинь өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө явж байгаа дүр. Туйлын хүсэл нь нисэх шүү дээ. Харин өөрөө нисэхийн тулд бусдыг зольж, уландаа гишгэж байгаа нь тоогүй. Энэ үйлдэл нь Ян Суныг муу хүн болгож харагдуулж байгаа юм.
-Шэн Ти бол дүр хувирлаараа энэ нь сайн хүн, энэ нь муу хүн гээд мөн чанарынхаа хувьд ялгараад байна. Харин Ян Суны хувьд сайн хүн байх уу, муу нь болох уу гэсэн сонголтын огтлолцол нь аль хэсэг гэж та тодотгох вэ?
-Ямар ч хүний дотор бурхан чөтгөр зэрэг оршиж байдаг. Тухайн үед чөтгөр нь сэрж үү, бурхан нь уу гэдгийг гаргаж буй шийдвэрээс нь харж болно. Тэр шийдвэр нь бусдад хэрхэн нөлөөлж байгаагаас тэр хүнийг хөндлөнгийн хүмүүс тодорхойлдог. Тэгэхээр Ян Суныг үзэгчид яг энэ зарчмын дагуу л тодорхойлох байх. Би жүжигчний хувьд Ян Суныг муу хүн гэж хэлэхгүй. Гэхдээ зохиол өөрөө яалт ч үгүй тухайн үйл явдалд энэ дүр хэрхэн хувирч өөрчлөгдөх тухай тодорхой биччихсэн байгаа. Тиймээс тэр шугамыг барих нь миний үүрэг.
БРЕХТИЙН УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗАРЧИМ НЬ ХЭНД Ч, ЮУГ Ч ТУЛГАХГҮЙ
-Та бодит амьдрал дээр дайны хүнд, хэцүү үед Хятадад Ян Сун болоод төрчихсөн бол яах вэ. Сайн хүн байхыг сонгож чадах байсан болов уу?
-Жүжигчний уран чадварын хичээлд хамгийн эхэнд “Хэрэв энэ хүний оронд би байсан бол яах вэ” гэж бод гэдэг. Тэгэхээр бид ямар ч дүрийг авсан хамгийн эхэнд түүний оронд өөрийгөө орлуулж боддог. Таны асуултад тааж хариулахад хэцүү байна. Тухайн цаг үе, өгөгдсөн нөхцөлд бодит Н.Ялалт очвол миний дотроос ямар ч характер гарч магадгүй. Би бүр Ян Сунаас ч адгийн амьтан болж хувирахыг үгүйсгэхгүй. Яалт ч үгүй жүжигчин хүнд дүрээ төсөөлөх, тухайн хүнийг дотоод ертөнцдөө бий болгох оролдлогууд мэргэжлийн хувьд байдаг. Бас нөгөө өнцгөөс харахад Н.Ялалт гэдэг хүний дотоод мөн чанар өөрийн хүсэл зорилгын төлөө бусдыг зольж чадах ядуу сэтгэлгээтэй хүн биш ч байж болно. Тэгэхээр аливаа зүйл хоёр талтай нь энэ. Ян Сун бол өнөөгийн нийгмийн нийтлэг дүр гэж та дээр хэлсэн. Тиймээс би энэ дүрийг амьдруулахын тулд тэдгээр хүнийг харах, судлах шаардлага гарч байгаа юм. Тэндээс л дүрээ олно. Хүмүүсийг зольчихоод, араар нь муулж, муу зүйл хийсэн мөртлөө юу ч болоогүй юм шиг худал инээж байгаа хүн олон байна. Хүмүүсийн энэ характер, үйлдэл дээрээс жүжигчин өөрийн дүрд хэрэг болох жижиг сажиг чимхлүүр ажлуудаа олж авч, дүрээ босгодог.
-Тэгвэл таны дотоод мөн чанарт Ян Сунтай төстэй характер жаахан ч болтугай байсан уу. Та бүтээж буй дүрээсээ өөрийнхөө зан чанарыг хайж үзэв үү?
-Зарим талаар байгаа. Зохиол дээрээ Ян Сун архи уухаараа нисдэг гэж гардаг шүү дээ. Үүнтэй адил хааяа найз нөхөдтэйгөө суухад нисэж буй мэт болох үе бий. Мөн миний хувьд нэг зүйл рүү зүтгэхээрээ эцсийг нь үзчих гээд байдаг араншинтай. Гэхдээ би хэзээ ч Ян Сун шиг муу арга хэрэглэхгүй. Үнэхээр болохгүй бол тухайн асуудлыг орхиж чадах ухамсар бий. Энэ жүжигт гарч буй дүрүүд нийлээд томоороо нэг зүйлийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа. Харин юу гэж хашгирч байгааг үзэгчид ирээд ойлгож, өөртөө дүгнэлт хийх ёстой болов уу. Магадгүй зарим үзэгч бидний уран бүтээлтэй санал зөрөлдөхийг үгүйсгэхгүй. Учир нь үзэгч бүр өөрийн ертөнцийг харах өнцөг, үзэл бодолтой. Тиймээс найруулагчийн барьж авсан гол өнцөг нь “Тулгахгүй, та юу гэж бодож байна” гэсэн асуултын тэмдгийг үлдээж байгаа юм. Угаасаа Брехтийн уран бүтээлийн үзэл санаа нь хэнд ч, юуг ч тулгахгүй, асуудалд асуултын тэмдэг тавьж, хооронд нь хэлэлцүүлэх. Мөн үзэгчид энэ бүтээлийг зүгээр суугаад үзэхгүй. Зарим үед өөрөө жүжигт орчихсон мэт сэтгэгдэл төрнө. Ихэнх бүтээлүүдэд тайз, үзэгч хоёрыг тусгаарладаг бол энэ жүжигт тайз өөрөө та бүхний дунд буух юм шүү.
-Таниас өөр жүжигчин Ян Суныг бүтээгээд та үзэгчийн суудлаас тухайн дүрийг харсан бол ямар байх байсан бол?
-Мэдээж надаас өөр хүн энэ дүр дээр ажилласан бол би эхлээд зохиолыг нь уншчихаад ирж үзэх байсан. Жүжигчид өөрийн төсөөллөөр дүр дээрээ ажилладаг. Хэн ч Ян Суны дүрд тоглоно. Надаас илүү хийх жүжигчин дахин дахин төрнө. Гэхдээ яг энэ цаг үед Н.Ялалт л Ян Суныг хийж байна. Тиймээс Н.Ялалтын хийсэн Ян Суныг дахин хэн ч давтахгүй. Энэ нь өөрөө тухайн бүтээлийн, жүжигчний хувьд үнэ цэн юм. Миний хувьд бусдыг өөртөө тохируулахаас илүү өөрөө бусдад нийцэж тоглоё гэсэн үзэл баримтлалтай жүжигчин. Хамтран тоглох жүжигчин маань юу хийхийг хүсэж байна, түүнийг нь би ойлгож, эвж өгөхийг хүсдэг.
-Орчин үеийн театрын хөгжил нүсэр тайз, хэрэглэлээс татгалзаж, илүү бодит, энгийн болж байх шиг байна. Энэ нь жүжигчдэд хэр үр өгөөжтэй санагдаж байна вэ?
-Яг энэ нөхцөлийг “Сычуаний сайн хүн” жүжиг бидэнд болон үзэгчдэд өгч байгаа юм.Тайз жүжигчинтэй хамт тоглоод байгаа биз. Жүжигчин үзэгдэл дууслаа гээд тайзны араар орчихгүй. Харин ч бодит амьдралдаа шилжээд урд үзэгдэл явж байхад хойно нь уран бүтээлчидтэйгээ тайзаа засаад явж байх жишээний. Өмнө нь жүжигчин өөрийнхөө үзэгдэлд гарчихаад дараагийн үзэгдэл хүртэл өрөөндөө орж ирээд дараагийн гарах үзэгдлээ хүлээгээд сууж байдаг байсан бол энэ бүтээлд тэгэхгүй. Жүжгийн турш тайзнаасаа холдохгүй жүжгээрээ амьдарч байгаа юм. Миний хувьд театрын урлагийн хөгжлийн тухайд үг хэлэх хүн биш л дээ. Гэхдээ театр бол зайлшгүй шинэчлэгдэх ёстой. Уламжлалт аргаа хадгалангаа шинэчлэл рүү зоригтой алхах ёстой гэж бодож байна. Ингэж чадвал бид үзэгчдийнхээ оюун санаанд болоод дэлхийн театрын хөгжилд дөхөж очно. Үүний эхлэл нь Э.Ёндоншарав найруулагчийн энэ бүтээлээр театрын шинэчлэлийн салхи сэвэлзэх болов уу гэж төсөөлж байна. Энэ салхины нэгэн эд эс нь болж, учиргүй түрүүнд нь туг далбаа барьж явдаггүй юм гэхэд араас нь салхинд туугдаад, өнхөрч явах сан гэсэн хүсэл зорилго надад байна.
-Энэ цаг үед таныг тайзны жүжигчин мөн эсэхийг нөгөөдөр л үзэгчид тодорхойлох нь. Та сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэлтэй байна вэ?
-Миний хувьд энэ цаг үед театрын тайзан дээр Н.Ялалт гэсэн жүжигчнийг бий болгомоор байна. Дэлгэцэнд тодорхой хэмжээгээр бий болгосон гэж боддог. Харин театрын тайзан дээр Н.Ялалт гэдэг жүжигчин байх ёстой юу, үгүй юу гэдгийг үзэгчид шийднэ. Чадахгүй бол гараа өргөөд бууж өгье. Хэрэв надад боломж байвал түүнийгээ улам баталгаажуулж, театрын Н.Ялалт гэж дуудуултлаа улам хичээх болно.
-Тайз таны нэгэн үеийн мөрөөдөл байсан гэж ярьсан. Магадгүй өнөөдөр мөрөөдлөө биелүүлээд зогсож байгаагийн хувьд жаахан эрт л орох байж дээ гэсэн харамсал төрж байна уу?
-Төрөлгүй яах вэ. Жүжигчин бүхэн Ромеод тоглохыг хүсдэг. Үеийнхнийгээ тайзан дээр тоглож байхыг нь хараад “Найзууд минь гоё байна даа, би дунд нь байсан бол тэдний адил асаж явах байсан даа” гэж бодох үе олон байсныг нуухгүй. Харин цаг хугацааны хувьд би одоо л тэр үедээ ирээд байна. Өнөөдөр бид бие биетэйгээ ойрхон мөртлөө дэндүү хол амьдраад байгаа. Ямар ч амьд харилцаа байхгүй болчихсон. Нэг гэр бүлийн хоёр гэртээ нэг, нэг өрөөнд орж суучихаад хоорондоо чаат бичиж байна гээд бод. Ийм нийгэмд халуун дулаан харилцаа уур амьсгалыг театр бидэнд өгдөг. Жүжигчин хажуугаар гүйгээд өнгөрөхөд хөлснийх нь үнэр ханхалж байна гэдэг өөрөө амьд мэдрэмж, хамгийн том үнэ цэн юм шүү. Мөн тухайн жүжгийг тайзан дээр 10 удаа тоглолоо гэхэд тухайн жүжигчний 10 дүр хэзээ ч дахин давтагддаггүй. Өнөөдөр чи дотоод хяналт үзээд Ян Суны дүрийг харсан бол нээлтийн өдөр дахиад тоглолт үзэхэд тэс өөр тоглолттой Ян Сун чамайг хүлээж байна. Мөн театрын жүжигчний хамгийн том давуу тал нь өнөөдөр алдсан алдаагаа маргааш нь засаж, сайжруулж болдог. Тоглолт олон байх тусам жүжигчин чанаржиж эхэлдэг. Харин киноны уран бүтээл эсрэгээрээ. Нэг хэсэгт муу тоглосон бол сайн дүрээ гаргасан зураг авалтаас нь таслаад тавьж болно. Мөн нэг удаагийн зураг авалтаа дуусгасан бол дараагийн үзэгдэлдээ тоглохын тулд хэд хоног ч засварлаж болно. Гэтэл театрын жүжигчин бүхэл бүтэн гурван цагийн турш зөвхөн тухайн дүрээрээ амьдардаг гээд боддоо.
-Зарим жүжигчин дүрдээ хэт их орохоороо буцаад гарч чаддаггүй тохиолдол гардаг гэсэн. Танд тийм үе тохиолдож байсан уу?
-Харин ч тухайн жүжигчин тайзан дээр дүрээ гаргачихаад маш хурдан буцаад бодит амьдралдаа ирдэг байх нь мэргэжлийн жүжигчний ур чадвар гэж бодож байна. Би мэргэжлийн жүжигчин л бол тухайн дүрийг өөрөөрөө дамжуулж амьдруулчихаад бусад үед Н.Ялалт байх ёстой биз дээ. Гэртээ харихаар эхнэр минь намайг Ян Сун ороод ирлээ гэж харахгүй, миний нөхөр Ялалт л гэж харна. Тиймээс жүжигчин сайн мэдрэмжтэй байх ёстой. Ер нь мэргэжлийн жүжигчний давуу тал, хамгийн том зэвсэг нь мэдрэмж гэж би боддог. Би мэдрэмжийг шүтэж, дээдэлдэг жүжигчин. Зөв мэдэрч чадвал тэртээ тэргүй тэр дүр ургаад гараад ирнэ. Түүнийг л жүжигчин хүн нандигнах ёстой. Тэр мэдрэмж нь дон гээд тасарчихвал аюул болж байгаа юм. Тухайлбал, би дотны хэн нэгнээ алдлаа гэж бодоход тухайн үед өөрт төрсөн тэр таагүй мэдрэмжийг л сэтгэлдээ хадгалаад үлдчихдэг. Нүд хэрхэн бүрэлзэж, гар яаж салганаж байлаа гээд л. Гэтэл тайзан дээр би ээжийгээ алдсан хүүгийн дүрд хувирлаа гэхэд өнөөх таагүй мэдрэмжээ дууддаг байхгүй юу. Тэр мэдрэмж бодол болоод биед орж ирлээ тухайн үед би “Ээжээ” гээд дуудахад үзэгчид үнэмшинэ. Учир нь мэдрэмж нь үнэн байгаад байна. Би энэ зарчмын дагуу л ажилладаг.
-Нисгэгч Ян Сунын дүрээр та тайзан дээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцээд байсан. Харин бодит амьдрал дээрээ жүжигчин мэргэжлийнхээ төлөө ингэтлээ шатаж, дурлаж тэмцэж чадсан уу?
-Би ер нь их залхуу талдаа жүжигчин. Зарим үед аливаа асуудлаас хойш суудаг тал бий. Гэхдээ өөрт оногдсон дүрээ тултал хийхийг хүсдэг. Хийх ёстой ажлаа сайн хийж чадахад дараагийн хаалга миний өмнө нээгдэнэ гэж хардаг. Түүнээс онгойх болоогүй хаалгыг түрүүлж очоод балбаад байхыг хүсдэггүй. Яг энэ зарчмын дагуу тухайн уран бүтээлд сэтгэл зүрхээ зориулж, өөрийгөө бүрэн дайчилж тоглодог. Энэ чанарыг минь мэддэг найруулагч дараагийн шинэ бүтээлдээ намайг дууддаг л байхгүй юу. Өөрөөр хэлбэл, Н.Ялалт гэдэг жүжигчин илүү харж, билүү долоолгүйгээр өөртөө оногдсон дүрээ чанартай хийхийн төлөө хичээдэг.
ДОТООД СЭТГЭЛИЙН УТАС ХӨНДСӨН, ДРАМ ТӨРЛИЙН КИНОНД ТОГЛОХ ХҮСЭЛТЭЙ
-Киноны хувьд та гаршсан жүжигчин. Найруулагч танд ихэвчлэн ямар дүрийг санал болгодог вэ. Жүжигчин Н. Ялалтад ер нь ямар дүр илүү тохирдог гэж бодож байна?
-Янз бүрийн дүр өгдөг. Сайн нь ч бий, саар нь ч бий. Тухайн найруулагч намайг ямар өнцгөөс хэрхэн харсан нь их чухал. Мөн Н.Ялалт гадаад төрхийн хувьд аль дүрд тохирохоор байна вэ. Эсвэл Н.Ялалтын жүжигчний ур чадварыг аль дүр нь илүү тодотгож өгөх вэ зэрэг олон хүчин зүйлийг хардаг байх. Олон жил хамтарсан болохоор намайг уран бүтээлд хэрхэн ажилладаг, ямар арга барил, онцлогтойг мэддэг болчихсон найруулагч нар бий. Тэд маань зарим үед энэ дүрд чамайг тоглуулахын тулд бичсэн. Тиймээс чамаас өөр жүжигчний сонголт байхгүй гэж ханддаг тохиолдол байдаг. Жишээлбэл, найруулагч Г.Батболд “Бурхан өршөөг” киноны дүрийг надад зориулж, намайг харж бичсэн гэдэг юм.
-Хамгийн сүүлд таны тоглосон “Явуулын хүн” киног үзсэн. Энэ бүтээлээс жүжигчин Н.Ялалтыг драм төрлийн уран бүтээлд илүү тохирох жүжигчин юм даа гэж харж байлаа?
-Энэ киноны хувьд Оросын алдарт зохиолч Василий Шукшин гэж зохиолч, найруулагчийн “Миний ах” өгүүллэгээс сэдэвлэсэн кино. Орост болж буй үйл явдлыг Д.Баярсайхан зохиолч монгол хөрсөн дээр буулгаж, өөрөө найруулагчаар нь ажилласан юм. Би зохиолыг нь уншиж үзээд шууд зөвшөөрсөн. Энэ бүтээлийн эх зохиолоос жинхэнэ орос үнэртдэг. Тийм гоё сүнстэй зохиолыг Монгол руу сайн хөрвүүлчихээр яг л монгол ханхалж байгаа юм. Би зодсон, тулалдсан кинонд тоглох сонирхол багатай хүн. Болж өгвөл хүний нандин харилцаа, дотоод сэтгэлийн утас хөндсөн драм төрлийн кинонд тоглох хүсэлтэй. Яг өнөөх мэдрэмжийг минь гаргаж ирэх бүтээл гэх үү дээ. Харамсалтай нь байнга тийм кино хийхгүй юм. Харин азаар “Явуулын хүн” кинонд намайг ажиллаач гэсэн санал тавьснаар нэг хүслээ биелүүллээ.
-Мэдээж дэлгэцийн жүжигчин Н.Ялалтын хувьд гуйсан болгонд нь тоглоод байдаггүй үнэ цэнтэй гэж бодож байна. Киноны санал ирэхэд тухайн уран бүтээлд хэр шалгуур тавьж байна?
-Би эхлээд зохиолоо уншдаг. Дараа нь яг аль дүрд вэ гэдгээ хардаг. Зарим үед яагаад ч миний тохирохгүй дүрийг санал болгох үе байна. Маркетинг талаа хардаг ч юм уу Н.Ялалт ахыг тоглуулбал таван хүн илүү үзнэ дээ гэдэг ч юм уу. Би энэ хандлагыг шууд мэдчихдэг. Учир нь дэлгэцийн уран бүтээлд надад 20 жилийн туршлага байна. Мөн зарим үед үнэхээр гоё дүр санал болгодог. Даанч би чадахгүй, надад буухгүй дүрүүд байна. Тухайн үед нь энэ надад тохирох дүр биш байна гээд шударга хэлчихдэг. Өөрөөр хэлбэл санал тавьсан кино бүрт тоглох гэж хичээдэггүй. Дээрээс нь урьд нь тоглосон дүртэй маань адил төстэй дүр ирвэл татгалздаг. Аль болох өмнө нь хөндөж байгаагүй сэдэв, надаас гарч байгаагүй ур чадвар шаардсан характертай дүр дээр ажиллахыг илүүд үзэж байна. Кино гэдэг чинь Н.Ялалт, Ялалтаараа л тоглодог урлаг шүү дээ. Харин театрын тайзан дээр нүүр будаг хийгээд, парик өмсөөд өвгөн болоод тоглож болно. Кинонд бол энэ боломж байхгүй. Тэгэхээр гадна талаасаа гэхээс илүү би кинонд ажиллах дүрээ дотор талаас хардаг. Зан араншингийн хувьд дахин давтагдах вий гэж эмээдэг. Баахан адилхан атаман, цагдаа, боссын дүрд тоглоод яах вэ дээ. Энэ чинь нэг киноныхоо хоёр, гуравдугаар ангид л тоглоод байна гэсэн үг биз дээ.
-Өнөөдөр манайд өдөр алгасахгүй шинэ кино нээлтээ хийж байна. Киноны тоогоор салбарын хөгжлийг харах нь зөв юм уу. Нээсэн кино бүхэн жинхэнэ бүтээл гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Та энэ салбарын хөгжлийг хэрхэн харж байна?
-Киноны уран бүтээлд шалгуур, босго тавина гэдэг орчин үеийн зах зээлд байж болохгүй асуудал. Социализмын үеийн арга барил руу хэт их явбал ардчилал байхгүй болно. Киноны зах зээл чөлөөт зах зээл мөн л юм бол тэр зарчмаараа явах ёстой. Мөнгөө босгож чадаж байвал кино хийг л дээ. Харин тухайн уран бүтээлийн хамгийн том шалгуур нь үзэгчид юм. Тэд муу кино үзэхгүй шүү дээ. Үзэгчдийн мэдлэг боловсрол өөр болсон. Биднээс илүү ихийг хүсдэг болж байна. Тиймээс үнэхээр муу кино хийсэн бол хүссэн хүсээгүй энэ зах зээлээс өөрөө шахагдана. Кино урлаг хөгжиж байна уу гэвэл би тийм гэж хэлнэ. Үе, үеийн уран бүтээлчид үүний төлөө л хөдөлмөрлөж ирсэн. Өнөөдөр техник технологи, зах зээл нь хөгжсөн барууны орны кинонуудтай үндэсний бүтээлээ харьцуулж байгаа бол энэ өрөөсгөл ойлголт шүү. Өнөөдрийн Монголын түвшинд байгаа техникээрээ жүжигчдийнхээ ур чадварыг ашиглаад өдий зэрэгтэй кино хийж, өөр өөрийн өнгө төрхтэй найруулагч нар төрж байгаа нь бахархууштай. Ингээд зогсолтгүй яваад байх тусам бүтээл улам сайжирна.Шударга зах зээлийн зарчим гэдэг чинь тэртээ тэргүй хэрэглэгч өөрөө муу, чанаргүй бүтээгдэхүүнээс татгалзах шүү дээ.
-Таны хувьд гадны уран бүтээлчидтэй ажилласан туршлага хэр билээ. Одоо манай уран бүтээлчид гадны зах зээл рүү их гарч байна?
-“Шар нохойн там”, “Ингэн нулимс” зэрэг киног бүтээж анх удаа “Оскар”-т нэр дэвшсэн Бямбасүрэн найруулагч маань 2018 онд “Алтан суудал” бүрэн хэмжээний киног Герман уран бүтээлчидтэй хамтарч хийсэн. Тухайн уран бүтээл маань 2020 оны Берлинийн кино наадамд өрсөлдөж байлаа. Би тухайн наадамд очиж, оролцож байсан. Одоо бол манай залуус гадны уран бүтээлчидтэй түлхүү ажиллаж байна. Харин тэднээс олсон туршлага, сурсан зүйлээ эргээд хөрсөндөө буулгадаг, тэр зүгт монгол жүжигчдийнхээ очих зам, гүүр нь болдог баймаар байна. Зарим нь зөвхөн ганцаараа л зүтгээд байгаа нь харагдах юм. Сайн муу нийлж байж сав дүүрдэг шүү дээ. Гадны уран бүтээлд ажиллана гэдэг чинь тухайн оронд эх орноо сурталчилж яваа гэсэн үг.
-Олон улсын кино баг жүжигчдээс яг юу хүсч, юуг нь барьцаалж гэрээ хийдэг юм бол?
-Хамгийн гол нь гэрээгээ биелүүлэх шаардлага тавьдаг. Энд байдаг шигээ өнгөрсөн орой нь зуу татчихаад маргааш нь зураг авалтдаа ирдэггүй шигээ байж болохгүй. Олон улсын баг эргээд хариуцлагыг л нэхнэ. Түүнээс манай жүжигчдийн ур чадвар хаана ч гологдохгүй гэж би бардам хэлнэ.
-Танд мөрөөдлийн дүр гэж бий юу. Магадгүй нэг зохиол уншчихаад энэ л яг надад тохирсон дүр байна. Үүнийг дэлгэцэд юм уу театрын тайзан дээр бүтээчих юм сан гэж шунаж, дурлаж байв уу?
-Надад мэдээж бодсон зүйл олон бий. Гэхдээ театрт тоглочихсон, хэн нэгэн бүтээчихсэн дүрийг танд хэлбэл тэнэг болох байх. Харин театрт өмнө нь тавигдаж байгаагүй шинэ бүтээлд өөрийгөө соримоор байна. Гэхдээ тэр нь заавал гол дүр байх албагүй. Учир нь туслах дүрийг ч гол дүрээс том болгож тоглох эсэх нь тухайн жүжигчний ур чадвар шүү дээ. Аливаа бүтээлийн гол дүр гэхээс илүү би хийх юмтай, хэлэх санаатай, үлдэх үлдэцтэй дүрүүдийг л хийчих юм сан гэж боддог. Мөрөөдөж явах их гоё. Тиймээс би мөрөөдөж байгаа. Ялангуяа энэ театрын тайзан дээр олон сайхан уран бүтээлчидтэйгээ, олон сайхан жүжгийн, олон сайхан өөртөө тохирсон дүр дээр ажиллах юм сан гэж. Миний хувьд дэлгэцийн уран бүтээлд өөрийгөө таниулахын тулд амьдралынхаа 20 жилийг зориулсан. Харин одоо театрын тайзан дээр Н.Ялалт гэж ямархан жүжигчин болохыг харуулах үе ирсэн гэж бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 16. ЛХАГВА ГАРАГ. № 223 (6955)
Сэтгэгдэл (0)