Монгол Улсын Засгийн газрын Хөдөөгийн сэргэлт бодлогын хүрээнд “Нээлттэй Дорноговь” чуулган Дорноговь аймагт болж байна. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар уншиж танилцууллаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэл Улаанбаатар хоттой дүйцэх дагуул хотуудыг байгуулах, бүсчилсэн хөгжлийн бодлогыг Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд их бүтээн байгуулалтын төслүүдтэй уялдуулан дахин тодорхойлох, аймгийн төвүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх, орон нутаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг нээх зорилтууд дэвшүүлснийг онцлов.
Өнөөдрийн чуулганаар Дорноговь аймгийн хөгжлийн боломж, тус аймагт шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжүүдэд аймгийн онцлог, давуу тал, шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлого төлөвлөлтөө танилцуулж байна.
Дорноговь аймаг нь бие даан төсвөө бүрдүүлдэг бөгөөд дөрвөн төрлийн татварын хувь хэмжээг орон нутагт тогтоон, шилжин ирэгсдийг бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын болон газрын төлбөрийн хувь хэмжээг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр тогтоожээ. Энэ нь Улаанбаатар хот болон бусад аймгуудийн тогтоосон хувь хэмжээнээс 20-27 хувиар бага байна.
Мөн хотоос шилжин ирсэн иргэнийг Дорноговь аймагт ажилд авсан тохиолдолд олгосон цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос нэг удаа хасаж татварын дэмжлэг үзүүлж байгаа юм.
Орон нутгийн зүгээс гарааны бизнесээ эхлүүлж байгаа компаниудын орлогод ногдох албан татварыг таван жилийн хугацаанд бүрэн хөнгөлөх, орон нутагт дулаан, цахилгааны төслүүд хэрэгжүүлвэл борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувиар хөнгөлөх бөгөөд дараагийн гурван жил 50 хувиар орлогын татвараас тус тус хөнгөлнө. Нийслэлээс үйлдвэр, агуулахаа Дорноговь аймаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос хасаж тооцох зохицуулалт хийнэ. Улаанбаатар хотоос 500-1000 км алслагдсан зайд бизнес эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөх, алслагдсан суманд бизнесийн үйл ажиллгаа эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх бодлого хэрэгжүүлж байна.
Дорноговь аймагт ажилгүйдлийн түвшин 2016 онд 9.9 хувь, 2020 онд 4.1 хувь байсан бол 2021 онд 2.7 хувь, 2022 онд 1.5 хувьтай болж жилээс жилд буурч, ажилгүйдлийн түвшин хамгийн бага аймгийн нэг болжээ. Тус аймагт 12416 ажлын байр шинээр бий болох боломжтой гэсэн судалгаа байна.
Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр, “Алтанширээт аж үйлдвэрийн цогцолбор” баригдаж байгаа бөгөөд Манган боловсруулах үйлдвэр, Ган бөмбөлгийн үйлдвэр, Жонш баяжуулах үйлдвэр, “Цагаан суваргын зэс молебдений үйлдвэр”, “Мон цемент”, “МАК” цементийн үйлдвэр зэрэг 27 боловсруулах, баяжуулах үйлдвэрүүд ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)