Б.ДАМДИН-ОЧИР
“...Алтан улсын хааны элч Чингис хаанд бараалхжээ. Элч Чингис хааныг тэнгэрт тултал магтаж, түүнд том цол олгож, асар их хэмжээний бэлэг сэлт хүртээх болсныг уламжилжээ. Ингээд тэдгээрийг гардуулж өгөх гэхэд Чингис хаан “...Танай улсын эзэн хаан намайг хэтэрхий хүндлэн үзэж, эдгээр зүйлийн цол, өргөмжлөл, элдэв бэлэг сэлтийг илгээсэнд баярлан талархаж баршгүй. Харин манай улс гагцхүү шулуун шударгыг сахил болгодог тул энэ хоосон цол, цаасан өргөмжлөл бидэнд тус болохгүй. Манай улсад бат шулуун, чигч шударгыг баримталдаг тул улсын эзэн ийм үнэт бэлэг сэлт авах нь хатуу хориотой. Хэдийгээр хэн хүнд шар алт, өнгөт хоргой торго, гэрэлт сувд эдлэн хэрэглэхэд таатай боловч миний хувьд бусдаас авах нь цээртэй” гэжээ. Алтан улсын хааны элч өмнөд газрын зангаар цол, алт, сувд эрдэнэс, хоргой торгоны хэр зэрэг үнэ цэнэтэйг Чингис хаанд тайлбарлан ойлгуулах гэхэд “...Манай улсад эдгээрийг хэзээ ч чухалд үздэггүй. Гагцхүү хичээх эзэн нь итгэмжтэйгээр энэрэх, ноёд нь чигчээр зүтгэх. Хэрэв эзэн нь хомхой, түшмэл нь залхай зусар болоод эрэх нь эд ашиг, хүсэх нь зугаа цэнгэл болбоос юу болох билээ. Улсаа батжуулж, олноо амаржуулах, төрөө төвшитгөн, түмнээ жаргуулах үүрэг хариуцлага хүлээсэн надад цол, өргөмж, алт, сувд эрдэнэс, хоргой торго гай болно” гэсэн гэдэг. Үүнийг “Авлига-үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь” номоос эшлэв. Учир нь Чингис хаан ийм учраас л их гүрнийг байгуулж чадсан гэдэг. Харин “...Түүний үр хойчис” хэмээн цээжээ дэлддэг өнөөгийн Монголын түшээдэд энэ хэрийн бэлэг ирвэл яах бол?! Асуух ч хэрэггүй. Хариулт ч шаардлагагүй. Ойлгомжтой. Өнөөдрийн бидний байж байгаа царай ч бүгдийг хэлээд өгнө.
Уг нь Монгол бол байгалийн маш их баялагтай. Газрын дороо асар их эрдэнэстэй. Хүн нь цөөхөн. Газар нутаг нь уудам. Гучаадхан жилийн өмнө “...Азийн бар болно” гэж аархаж явсан. Харамсалтай нь өнөөдөр бар байтугай торниухан муужгай ч болж чадсангүй. Дэлхийг дэнсэлдэг бүх үзүүлэлтээр улс нь сүүл мушгидаг болчихсон. Аргагүй л дээ, баялаг нь тэгш бус хуваарилагдчихсан. Хүн амынх нь 98 хувь ядуу. Өдөр хоногийг аргацаасан байдалтай амь зууж байна. Хоёрхон хувь нь бүх баялгаа эзэмшдэг. Орлогоо тоолж чадахгүй, ашгаа багтааж барахгүй амьдарч байна.
Тиймээс Монголд хүн болж төрөөд л асуудалтай тулна. “...Хоёрхон хувь”-ийн үр удам болж, өргөө гэрт нь мэндлээгүй бол шүү дээ. Цэцэрлэг олдохгүй. Сургууль бас хүртээмжгүй. Төгсөөд ажил олох хэцүү. Олсон ч адгийн цалингаар амин зуулга хийнэ. Дээрээс нь “...Олон зууны түүхтэй” хэмээн сайрхдаг Монголд маань экспортын ганц том үйлдвэрлэл алга. Махнаасаа бусдыг импортлоод идэж, хэрэглэж байна. Нүүрс, зэсээ зөөж аваачиж өгөөд, оронд нь авсан жаахан “ногоон”-оо идэх, өмсөхдөө өгчихдөг. Бас энэ хотын замын түгжрэл, газар олголтыг харчих. Товчхондоо, ийм.
Ерөөсөө энэ бүхэн нь 30 жилийн турш төгс хөгжиж ирсэн авлигаас л болсон. Тэр дундаа, өндөр түвшний авлигатай холбоотой. Сүүлийн үед дэлхийн судлаачид авлигыг “...өндөр түвшний”, “...гудамжны” гэж хоёр ангилдаг болсон байгаа юм. Бидний хэлдгээр “...акул”, “...жараахай” гэсэн үг л дээ.
Өндөр түвшний авлигачид буюу “акул”-уудын үйл ажиллагааг судлаачид “...Улс төр, бизнесийн томоохон бүлэглэлүүд оролцсон, үр дагавар өндөртэй” хэмээн тодорхойлдог. Харин гудамжны авлига буюу “жараахай”-нуудын үйл ажиллагааг “...өдөр тутмын шинжтэй, энгийн хүмүүстэй холбоотой” гэдэг байна. Өөрөөр хэлбэл, “акул”-ууд нь “жараахай”-нуудаас илүү их хор хөнөөлтэй. Тэд хүний суурь эрхийг үгүй хийдэг. Үүнтэй манайхаас бусад улсууд тэмцээд удчихсан байна. НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн оролцогч талуудын 2013 оны арваннэгдүгээр сарын 27-нд болсон зөвлөгөөнөөс “...Авлигын хамгийн ноцтой төрөл болох “акул”-уудын үйл ажиллагааг хүмүүнлэгийн эсрэг гэмт хэрэг” хэмээн үзжээ. Ингээд “... “Акул”-уудыг яллах, шүүх, ял оноох зэрэг үйл ажиллагаанд улс орнууд хамтарч оролцох, мөн олон улсын байгууллагуудын туслалцаа дэмжлэг, оролцоог хангах шаардлагатай” гэж онцолсон байна. Мөн сайн засаглалыг устгадаг. “акул”-ууд нь Дэлхийн банкнаас тодорхойлсон сайн засаглалын үндсэн шинжүүд болох хариуцлагатай байдал, улс төрийн тогтвортой байдал, засаглалын үр ашигтай байдал, засаглалын чанар, хууль сахих ёс, авлигын хяналт гээд бүгдийг үгүй хийдэг байгаа юм. Үнэндээ, “акул”-ууд эдгээрийг бүрдүүлэх боломжийг өнгөрсөн 30 жилийн туршид Монголд олгоогүй юм. Түүнчлэн улс орны эдийн засгийн хөгжлийг сааруулдаг. “Акул”-уудын үйл ажиллагааг “жараахай”-нуудаа бодвол ихээхэн хэмжээний хөрөнгө, мөнгөний асуудалтай холбогддог. Тэднээс болоод эдийн засгийн хөгжилд зориулан ашиглах байсан хөрөнгө шамшигддаг. Аль эсвэл хөрөнгийг буруу хуваарилдаг. Хууль бус зүйлд зарцуулдаг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг бууруулдаг. Хөгжлийн банкны хэрэг үүний том жишээ юм. Энэ мэтээр эдийн засгийг унагаж, ядуурлыг нэмдэг.
Ингээд харахаар манай “акул”-ууд, тэдний үйл ажиллагаа нүдэнд харагдаад, тархинд буугаад ирж байгаа биз?
Гэхдээ бид “акул”-ууддаа аймаар хайртай юм байна. Хулгайлсан өмчөө “...хувийн өмч” хэмээн бидэнд итгүүлчихэж л дээ. Сүүлийн хэд хоногт илүү харагдаж байна. “...Хөөрхийсийн хүний эрхийг ноцтой зөрчлөө. Эрх чөлөөг нь хясан боогдууллаа” гэж халаглацгааж байна. Хоёр долоо хоногийн өмнө “Ажнай” Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүллээ. Улсаараа л хэрүүл уруул боллоо. УИХ ч хоёр тал болоод үзчихлээ. Дөнгөж 53 хувийн саналаар түүнийг бүрэн эрхээс нь салгажээ. 47 хувь нь “...“Ажнай”-гаа авч үлдье” гэсэн байгаа юм. Үүнд МАН-ын 19 гишүүн багтсан. Яагаав, “...Нүүрсний 19” гэх болсон гишүүд л дээ. “Ажнай” Бат-Эрдэнийг “...Олон жил бизнес хийсэн хүн шүү”, “...Улс төрийн хэлмэгдүүлэлт боллоо”, “...Зочид буудлын харуул байсан Энхболд гэдэг юм гүтгэлэг хийсээр байгаад ийм болгочихлоо” гэлцэв. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн лицензэд хамааралтай маш их хэмжээний гарцтай нүүрсэн мөргөцөг яагаад алга болчихсон юм бэ. Яг үнэндээ, энэ хэргийг Өмнөговийн Энхболд ч биш анх 2012, 2013 оны үед “Эрдэнэс Тавантолгой”-г удирдаж байсан нөхдүүд гаргаж тавьсан байдаг. Арван жил өнгөрсний дараа л арайхийн шалгаж тогтоох гэж байгаа юм. Нэгэн цагт МАН-ыг байтугай АН-ыг атгаж, Монголыг базаж явсан Т.Бадамжунайг өнгөрсөн долоо хоногт эх оронд нь авчирлаа. Бас л өрөвдөцгөөв. Гэхдээ ийм сэдэл рүү татах ажиллагаа хийгдэж байгаа бололтой. Өрөвдүүлэхийн тулд өмөөрцгөөж ч байна. Голдуу түүнд “өртэй” нөхдүүд байх аж. “...Т.Бадамжунай тийм ч муу хүн биш”, “...Бадамжунай муугүй ажилласан сайд” ч гэх шиг. Араас нь хэн хэн гарч ирж юу юу ярих нь өдийд зурагдчихсан шинжтэй. Цуваа үргэлжилнэ, хараад л байгаарай. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр Бадамжунай ирсэн нь олон хүний “эрх ашиг”-ийг хөндөж байна л гэсэн үг. Дэлгэцээр гарч ирээд өмөөрөх маягтай үг хэлээд байна гэдэг бол “...Ах аа, намайг бодоорой” буюу “...Намайг битгий яриарай” л гэж байгаа юм.
Удахгүй араас нь Н.Удаанжаргал, Ч.Сайханбилэг нараас эхлээд хэд хэдээрээ “нисээд” л ирнэ. Тэгэхээр “...Өмөөрч байгаад өрөвдүүлэх” энэ ажиллагаа улам өргөжих магадлалтай. Чухамдаа энэ ажиллагааг “акул”-уудын гар хөлд гүйж явсан, хишиг буяныг нь хүртсэн нөхдүүд л хийгээд байгаа нь харагдаад байна. Тэр ч байтугай АН хаягтай нөхдүүд үүнд оролцож, эвдрээд байгаа намаа улам эвдэлж байна. Намынхаа тамгыг дарж хэвтчихээд байгаа гэх С.Эрдэнэ гарч ирээд их олон “юм” ярьж байх юм. Ингэхэд монголчууд түүнтэй НДС-гийн хөрөнгийн тооцоотой л байх шүү. За тэгээд, “Ард”-ыг “...Миний өмч” гээд байдаг Со-гийн үгийг ч нотлох шаардлага хууль хяналтынханд бий. Тэд ч “...Муу хүн биш” гэдэг шиг муугүй ажиллаж байна. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, тусгай сангуудын зарцуулалт гээд авлигын “хүүдий”-нүүдийг ар араас нь нээж байна. Энэ ололт шүү. Үүнийг амжилт болговол бүр сайн. Хөгжлийн банкны найдваргүй зээлийн дийлэнхийг төлүүлчихлээ. Нүүрсийг л гэхэд бараг л хагас жилийн өмнөөс 100 ам.доллараар зардаг байснаа180 ам.доллараар өгдөг болсон байна. Үүнээс энэ оны эхний хагаст 500 тэрбумыг олно гэж байна. Жилийн эцэс гэхэд их наядын орлого илүү олно гэж албаныхан мэдээлж байна. Энэ үнэн бол дандаа мөнгө нь дутаж тодотгол хийдэг байсан төсвийг анх удаа илүүдүүлж тодотгож мэдэхээр байгаа аж. Ингээд байвал удахгүй халаасанд мэдэгдэж эхэлнэ гэсэн үг. Бас нүүрсээ ингэж чадсан юм чинь зэсийг ийм байдлаар худалдах хэрэгтэй юм. Зэс дагасан том “акул”-ууд бас бий. Сүүлийн үед “Эрдэнэт” дээр тарвалздаг болсон компаниуд ч дуулдсаар байна.
Тэгэхээр “акул”, “жараахай” аль аль нь үгүй болж байж л энэ нийгэмд шударга ёс тогтоно. Ер нь тэгээд авлига авах чинь хүний эрх биш шүү. Харин авлига авч эрх чөлөөгөө эдэлдэг үе Монголд байсан. Саяхныг хүртэл байсан. Одоо бол цаг өөр болсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)