Ч.Хүрэлбаатар: Хөдөөгийн иргэдийн бодит орлого 15.6 хувиар буурсан

С.САРУУЛ
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.  Тэрбээр "Монгол Улсын эдийн засаг 2022 онд 4.8 хувиар өслөө. Цаашид бид эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, өндөр хувь хэмжээнд хүргэх бодлогыг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай.
Манай улсын эдийн засаг энэ онд дор хаяж зургаан хувиар өсөх боломжтой. Хөрөнгө оруулалтын болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг Засгийн газраас ойрын хугацаанд өргөн мэдүүлэх тухайд гишүүд санал нэгдлээ. Энэ чиглэлээр бид ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай. Төсвийн үндсэн тэнцэл эерэг байх нь макро эдийн засгийг тогтворжуулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Инфляцыг буулгахад чиглэсэн төсвийн бодлогыг цаашид тууштай хэрэгжүүлнэ.
Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр зарах үйл ажиллагааг нэмэгдүүлнэ. Нүүрс дээр нэмээд зэс, цайр, жонш гээд экспортын бүтээгдэхүүнийг биржээр зарна. Төсвийн орлого нэмэгдэхэд төсөвт тодотгол хийдэг хууль эрх зүйн орчин байхгүй. Зөвхөн орлого буурах үед зардлыг танах зориулалттай төсвийн тодотгол хийх хууль эрх зүйн орчин үйлчилж байна.
Хөдөөгийн иргэдийн бодит орлого өнгөрсөн онд 15.6 хувиар буурсан. Махны болон арьс ширний экспорт нэмэгдлээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар арьс ширний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 33 хувиар нэмэгдсэн. Эдийн засгийн бодлогоо зөв болговол хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэ онд өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай" гэв.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0