Гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас хийж байгаа болон хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар долоо хоног бүрийн баасан гарагт мэдээлэл өгч буй. Тэгвэл өнөөдөр 2023 онд хийх ногоон байгууламж, явган хүний замын ажил болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өглөө. 2023 онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Тодруулбал, Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр тав, Хан-Уул дүүрэгт гурав, Багануур дүүрэгт нэг байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ.
51 байршилд  гоёлын ургамал, чимэглэлийн  бут сөөг тарина
Улаанбаатар хотын хувьд өмнө нь хэд хэдэн байгууллага дугуйн болон явган хүний замыг хариуцдаг, нэгдсэн бодлогогүй явж ирсэн. Тэгвэл өдгөө УБЗАА-нд анх удаа дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгж байгуулагдсан юм. Тус албаны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүн “Улаанбаатар хотод хүн төвтэй гудамжийг бий болгох үүднээс нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч байна. Энэ хүрээнд 2022 онд нийт 60 мянга орчим ам метр явган хүний зам тавихаар төлөвлөснөөс 20 мянга гаруй ам метрийг нь тавьсан. Үлдсэн байршлуудын тухай газар чөлөөлөлт гэх мэт шалтгаанаар он дамжин хийгдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын хэмжээнд 2023 онд он дамнан хэрэгжиж буй 19 байршлын 44 мянган ам метр,  энэ онд шинээр 15 байршлын 25 мянган ам метр явган хүний замыг засварлаж, шинэчлэх ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу гол замуудад налуу замыг 500 орчим байршилд хийхээр төлөвлөсөн” гэж ярилаа.
Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгааны ажлын хүрээнд 51 байршилд  гоёлын ургамал, чимэглэлийн  бут сөөгийг тарьж, долоон байршилд  18 цэцэгт байгууламж хийнэ.
Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Гэр хорооллын бүсэд цэцэрлэгт хүрээлэн хангалтгүй байна. Цаашид бүх хороог бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болгох ажлыг эхлүүллээ. Хашаандаа мод, ногоон байгууламж таривал урамшуулах журам боловсруулж байна. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний  хүрээнд УБЗАА-наас дэргэдэх мод үржүүлэг, туршилт, судалгааны төвийг түшиглэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран чимэглэлийн ургамлын төрөл, зүйл, сортыг нэмэгдүүлж, олон улсын Ботаникийн  холбоо, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллана” хэмээв.
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Нэг хүнд ногдож байгаа ногоон байгууламж дэлхийн дунджаас харьцангуй бага байдаг. Энэ нь тоосжилт, хөрс, агаарын бохирдолд ч нөлөөлдөг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд жишээ нь, зам тавихын тулд аж ахуйн нэгжүүд стандартаа худалдаж авдаг байсан. Тухайлбал, зам тавих 10 төрлийн стандарт байлаа гэхэд тэрийг энд, тэндээс цуглуулж авдаг. Үүнээс болж халтирдаг хавтангаар зам тавих гэх мэт асуудал үүсэж байсан. Өнгөрсөн онд Хотын есөн бүлгийн 38 стандартыг баталсан. Дараагийн стандартууд батлагдах шатандаа явж байна. Энэ стандартаар явган хүний замыг ямар материалаар, хэрхэн хийх тухай тодорхой заасан. Үүнийг хүссэн хэн боловч үнэгүй авах боломжтой” гэлээ.  
Эзэнгүй нохой, муурын тооллого хийнэ
УБЗАА-наас өнгөрсөн хугацаанд хийсэн болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудаас танилцуулъя.
Хаврын их цэвэрлэгээний аяны хүрээнд өнгөрсөн долоо хоногт 5579 автобусанд угаалга, цэвэрлэгээ хийж, үүнийг тогтмолжуулахаар ажиллаж байна. Мөн гэрэлтүүлгийн 3000 орчим шонг угааж, сурталчилгааны наалтыг арилгажээ. Монголын сууц өмчлөгчдийн холбоонд бүртгэлтэй 1300 орчим СӨХ-ны 280 орчим нь тоглоомын талбайд угаалга цэвэрлэгээ, засвар, үйлчилгээ хийсэн байна.
Гуравдугаар сарын 21-нд цас орсонтой холбоотойгоор нийт 209 тонн давс, 55 тонн бодис цацжээ. Нийслэл 1929 тонн давс, 813 тонн бодисын нөөцтэй байна. Түүнчлэн энэ сарын 25-30-нд ЗӨСҮТ нийслэлийн хэмжээнд эзэнгүй нохой, муурын тооллогыг хийнэ. Ингэснээр эзэнгүй, нохой, муурын тоо гарч, үүн дээр үндэслэж арга хэмжээ авах юм. Хамгийн сүүлд 2018 онд тооллого хийж, 300-350 мянган эзэнгүй нохой, муур байсан судалгаа гарч байжээ.
Зөвшөөрөлгүй байрлуулсан хаягийн 854 байгууламжийг буулгалаа
Нөөцийн махыг гуравдугаар сарын 15-наас есөн дүүргийн 431 хүнсний дэлгүүрээр борлуулж байна. Нөөцийн махны түгээлтийг саадгүй, шуурхай явуулах зорилгоор бэлтгэн нийлүүлэгч 12 аж ахуйн нэгжийн түгээлтийн 43 тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчих зөвшөөрөл олгосон. Цаашид нөөцийн махны хүртээмжийг сайжруулах зорилгоор сүлжээ дэлгүүрүүдийг нэмэхээр төлөвлөж байна. 
Стандартын шаардлага хангахгүй болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, хаягийн байгууламжийг цэгцлэх, буулгах ажлыг гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 15-ны өдрүүдэд хоёр шаттай хийхээр дүүрэг бүрд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар зөвшөөрөлгүй 854 байгууламжийг буулгаж, 3949 мэдэгдлийг хүргүүлээд буй. Нийслэлд төвийн зургаан дүүргийн хэмжээнд зөвшөөрөл бүхий 10 төрлийн  гадна зар сурталчилгааны 496 байгууламж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0