Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь" сэдвээр судалгаа хийсэн. Уг судалгаа дуусаж, өнөөдөр үр дүнг нь танилцуулсан юм. Төслийн үр дүнг танилцуулах хуралд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Олон улсын тээврийн форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким тэргүүтэй албаныхан оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Нийтийн тээврийн салбарт 2030 он хүртэл хүлэмжийн хийг 35 хүртэлх хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж буй. Одоо ашиглаж буй 1000 орчим автобус нь Евро-3 ангиллын тээврийн хэрэгсэл юм. 2021-2022 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд илүү дэвшилтэт технологи бүхий тээврийн хэрэгслүүд авсан. Өөрөөр хэлбэл, 2021 онд 50 гаруй цахилгаан автобус, 2022 онд 280 орчим Евро-5 хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр парк шинэчлэл хийсэн. Энэ онд 800 орчим автобусаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Өмнөх автобуснуудаас ялгардаг байсан хүлэмжийн хийн хэмжээг хэд дахин багасгасан технологи бүхий тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлж буй юм. Мөн тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн төслийг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл зэрэг хэрэгжээд явбал хүлэмжийн хийг бууруулах зорилт биелэх юм. Нэг асуудал нь технологийн шийдэл болгон өндөр өртөг, зардлыг дагуулж байдаг. Гэхдээ нийслэлийн зүгээс уг ажлыг тууштай явуулахаар зорьж байгаа бөгөөд 2023 онд нийтийн тээврийн салбарт хийх парк шинэчлэл нь хүлэмжийн хийг бууруулах зорилтод нийцсэн шинэчлэл байх болно” хэмээсэн юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд соёрхон баталсан. Тус хэлэлцээрийн дагуу гишүүн улсууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Монгол Улс зам тээврийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг 1.05 сая тонн хүртэлх хэмжээгээр бууруулна гэж тусгасан. Тодруулбал, Евро-5 стандартын шатахуунд шилжсэнээр 457 мянган тонн, нүүрс экспортлох тээврийг авто тээврээс төмөр замын тээвэрт шилжүүлснээр 576 мянган тонн, зорчигчийн вагоныг цахилгаан халаалтад шилжүүлэхэд 16 мянган тонноор нүүрсхүчлийн хийг бууруулан, уг зорилтоо биелүүлнэ гэж тооцоолсон байдаг.
ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Готов “Нэг автобус нь таван суудлын машинаас ялгарах нүүрсхүчлийн хийтэй тэнцүү хэмжээний хийг ялгаруулдаг. Харин азотын ислийн хувьд 40 суудлын автомашинаас ялгарахуйц хэмжээний ислийг ялгаруулдаг учир энэ чиглэлд онцгойлон анхаарах шаардлага үүсэж байна. Үүнд олон арга зам бий. Нэгдүгээрт, парк шинэчлэл хийх. Төрөл бүрийн хөдөлгүүртэй автобус нэвтрүүлэх буюу цахилгаан, байгалийн шатдаг хийгээр ажилладаг автобус гэхчлэн хөдөлгүүрийн сонголтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Бүх автобусаа дан ганц цахилгаан хөдөлгүүртэй болгох боломжгүй. Учир нь цэнэглэх станц хязгаарлагдмал буюу Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн асуудлаас хамаараад олон цахилгаан станц зэрэг барих, ажиллуулах боломжгүй юм. Мөн цахилгаан тээврийн хэрэгсэл дизель хөдөлгүүртэй автобустай харьцуулахад хоёр дахин илүү үнэтэй байдаг. Түүнчлэн Монгол орны цаг агаарын нөхцөл байдал хүндрэл үүсгэх юм. Тиймээс бүх автобусаа цахилгаан хөдөлгүүртэй болгоход үүсэх бэрхшээл их гэсэн үг” хэмээж байв.
Олон улсын тээврийн форумаас Улаанбаатар хотын тээврийн салбарын нүүрсхүчлийн давхар ислийн 2020-2050 он хүртэл ялгарах хэмжээг суурь хувилбар болон одоо баримталж буй бодлогын хувилбарт тулгуурлан тооцоолсон байна. 2015 онд Улаанбаатар хотын зорчигч тээврийн нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлын хэмжээ 200 мянган тоннд хүрээд байжээ. Харин бодлогын хэрэгжилт хангахгүй, шинэ технологи нэвтрүүлэхгүй, суурь хувилбараараа цаашид явбал 2030 онд 500 мянган тонн орчим, 2050 онд 900 мянган гаруй тонн нүүрсхүчлийн давхар исэл ялгаруулах тооцоо гарчээ. Харин одоо баримталж буй бодлогын хувилбарыг хэрэгжүүлсэн тохиолдолд уг салбарын хүлэмжийн хийн ялгарал буурч тогтворжих хэдий ч Парисын гэрээ болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж чадахгүй аж. Одоо баримталж буй бодлогын чиглэлд их багтаамжийн тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, явган хүний зам, унадаг дугуйн зам, авто замын сүлжээг өргөтгөх, нийтийн тээврийг хөгжүүлэх, хувийн тээврийн хэрэгслийн татварыг нэмэх, нийтийн тээвэр төвт төлөвлөлт хийх зэргийг тусгасан байна.
Олон улсын тээврийн форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ён Тэ Ким “Монголын тээврийн салбарын төлөв байдал, ялангуяа хүлэмжийн хийн ялгарлын нөхцөл байдлыг авч үзэхэд, дэлхийн олон хотын зорчигч тээврийн түвшинд тулгамдаж буй асуудлуудтай ижил байна. Тээврийн салбарын тогтвортой хөгжил, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудлуудын хүрээнд ихээхэн боломж бий. Мэдээж энэ нь шууд маргааш шийдэгдчих асуудал биш. Олон бүрдэл асуудал буюу эрх зүйн зохицуулалт, бодлогын түвшний шийдвэр, зорчигч тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай болно. Мөн улсын нийт хүн амын 50 орчим хувь нь амьдарч буй нийслэл хотын төвлөрлийг сааруулах, иргэд, олон нийтийн оролцоог ханган ажиллах хэрэгтэй. Тиймээс НЗДТГ-аас холбогдох хууль тогтоомжуудыг шинэчлэх, уг зорилтыг биелүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхийн тулд Засгийн газартайгаа хамтран ажиллах хэрэгтэй болов уу” хэмээв.
Судалгааны үр дүнг танилцуулах үеэр төслийн багийн зүгээс Улаанбаатар хотод хэд хэдэн бодлогын зөвлөмж гаргаж өгсөн юм. Тодруулбал, зорчилт хөдөлгөөний төлөвлөлтийг хийж, хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх, газар ашиглалт болон тээврийн төлөвлөлтийг уялдуулах, багтаамж ихтэй нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх, авто замын зорчих хэсгийг нийтийн тээвэрт хуваарилж, чөлөөтэй зорчих нөхцөлийг хангах тухай зөвлөмжид дурджээ. Мөн тээврийн нэгдсэн платформоор дамжуулан хувийн тээврийн хэрэгслийг бусадтай хуваалцах, моторт бус тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх, явган алхалт, унадаг дугуйны хэрэглээг нэмэгдүүлэхийг зөвлөсөн байна.
ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Нүүрсхүчлийн хийг хамгийн их ялгаруулдаг салбар бол нэгдүгээрт, эрчим хүчний салбар, хоёрдугаарт, тээврийн салбар юм. Тодруулбал, нүүрсхүчлийн хийн 22 хувийг тээврийн салбараас ялгаруулж байгаа тухай судалгаа гарсан. Үүнийг бууруулахын тулд хэд хэдэн бодлогын шийдлүүд гаргасан. Үүнд, байгалийн хий, цахилгаанаар ажилладаг, байгальд ээлтэй хөдөлгүүр бүхий тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх арга хэмжээг хэрэгжүүлж байна. Гэтэл яг ийм төрлийн хөдөлгүүртэй шинэ автомашин харьцангуй цөөн орж ирдэг. Импортоор орж ирж буй машинуудын 3-5 орчим хувь нь 0-3 жилийн насжилттай тээврийн хэрэгсэл байгаа юм. Бусад нь хуучин буюу эвдрэл гэмтэл ихтэй автомашинууд орж ирж байна гэсэн үг. Тээврийн хэрэгслийн насжилт, ашиглалтын хугацаа ихсэх тусам механизмуудын үйл ажиллагаа доголдон, дутуу шаталт явагдсаны улмаас хүлэмжийн хийн ялгарал үүсэж байна” хэмээн тодотгож байлаа.
Олон улсын тээврийн форум нь Засгийн газар хоорондын байгууллага бөгөөд өдгөө 64 гишүүн улс тус байгууллагад бүртгэлтэй аж. Уг байгууллага нь тээврийн бүх төрлийг хамарсан судалгааны байгууллага /think tank/-ын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд эдийн засгийн хөгжил, байгаль орчны тогтвортой байдал, нийгмийн тэгш оролцоог хангахад тээврийн салбарын гүйцэтгэж буй үүрэг, салбарын бодлогын талаар ухуулан таниулах зорилготой юм. Манай улсын хувьд 2020 онд тус байгууллагад гишүүн орноор элссэн.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)