Базарбямбын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаад Швейцари улсад мэргэжил эзэмшсэн, тогооч Д.Буянг урьсан юм. Түүнтэй шинэ үеийн гал тогоо гэж юу болох, хүнсээ хэрхэн зөв сонгож, хадгалж боловсруулах болон сургууль цэцэрлэгийн гал тогооны стандарт, тогооч нарыг мэргэшүүлэх шаардлагатай байгаа зэрэг сонирхолтой сэдвээр ярилцлаа.
НЭГ ТОГООНЫ ХООЛ ИХ ИДЭХ НЬ ӨВЧЛӨЛ НЭМЭГДҮҮЛДЭГ
-Тогооч хүн гэхээр хүмүүс бууз, хуушуур хийдэг хүнээр төсөөлдөг. Тэгвэл мэргэжлийн тогооч байна гэдэг тэс өөр. Бид эмчийн мэдлэгтэй байх ёстой, хүнсний бүтээгдэхүүнийг тарихаас нь ургуулах хүртэлх бүх процессийг мэддэг, хамгийн чухал нь хүнсний бүтээгдэхүүнийг зөв боловсруулдаг байх ёстой. Цаашлаад юун дээр хоолоо хэрчих вэ, ямар тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглах, түүнийгээ юугаар яаж цэвэрлэх юм гэдэг нь хүртэл энэ мэргэжилд хамаардаг.
Би эхлээд мэргэжлийн тогоочоор гурван жил Швейцарийн Люцерн хотод сурсан. Үргэлжлээд ресторан, зочид буудлыг удирдах чиглэлээр сурч төгссөн. Дараа нь Францад талх нарийн боовны чиглэлээр сурч төгссөн. Манай багш Paul Bocus гэдэг маш алдартай хүн байлаа. Түүнийг мэргэжлийн үйлдвэрлэл үйлчилгээний салбарын загалмайлсан эцэг гэж үнэлдэг. Ерөнхийдөө шинэ үеийн гал тогоо ямар байх ёстой тал дээр маш их зүйл хийсэн. Тэр багшийнхаа удирдлага дор талх нарийн боовны мэргэшсэн сургалтад хамрагдаж, дараа нь багшлах чиглэлээр суралцсан. Мөн butcher буюу мах бэлтгэлийн чиглэлээр мэргэшсэн.
Сүүлийн үед монголчууд эрүүл хооллоё гэж ярьж байгаа ч яаж гэдгээ сайн мэдэхгүй байна. Нийт хүн амын 52 хувь нь эрүүл биш байна гэсэн статистик бий. Өвчлөлийн 50 хувь нь хоолноос шалтгаалдаг. Ямар ч өвчнийг ходоодноос эхэлж эмчилдэг. Харин ямар ч өвчлөл амны хөндийн эрүүл ахуйгаас эхэлдэг. Амны хөндий өвчлөлийн 80 хувь нь дотор эрхтэнд нөлөөлдөг гэдгийг ДЭМБ-аас эхлээд, Швейцарийн ЭМЯ, Европын эрүүл мэндийн холбоо зэрэг мэргэжлийн байгууллагууд баталчихсан. Шинэ үеийн гал тогоог хөгжүүлэхийн тулд суурь мэдлэгийг багаас нь олгох ёстой. Ингэхийн тулд бид багаас нь зөв, цэгцтэй мэдлэг өгөх ёстой. Улс нь бодлогоо зөв тодорхойлоод, нийтээрээ тэрийг нь ойлгож, эмч нар, мэргэжлийн тогооч нар нь оролцож, хэрэгжүүлж байж үр дүнд хүрэх юм. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн санаачлагаар хүнсний хангамж аюулгүй байдлын хөтөлбөр хэрэгжиж, анхаарч эхэлж байгаа нь бас ч гэж том зүйлийн эхлэл болж байгаа гэж харж байна. Гэхдээ үүнийг үр дүнтэй байлгахын тулд аль болох богино хугацаанд өөрсдөө бүрэн хүнсээ хангадаг болчихмоор байна. Одоо үед үйлдвэрлэл харьцангуй авсаархан болчихсон, урьдынх шиг нүсэр үйлдвэрлэл байхаа больсон.
“FREEZER BURN” БУЮУ ХАТСАН МАХ БОЛ ШИМГҮЙ ТЭЖЭЭЛ ЮМ
-Манай улс 70 сая малтай, гуравхан сая иргэнтэй мөртлөө өдөр болгон хөлдүү мах иддэг нь яг үнэндээ эмгэнэл юм. Хөлдөөсөн бүтээгдэхүүн буюу хөргөгчинд удсан зүйлс хатсан, амтгүй, гадна талаасаа цайсан, хэрчихэд шүүс гарахаа больчихсон байдаг. Үүнийг freezer burn буюу үгчилж орчуулахад “хөргөгчний түлэгдэлт” гэж нэрлэдэг. Тэр дотор танд хэрэгтэй ямар ч элемент байдаггүй. Хөргөгчинд удсан махыг өдөр бүр хэрэглэх нь эрүүл мэндэд сайн биш. Яагаад бид махыг хамгийн шинээр нь идэх ёстой вэ гэхээр шинжлэх ухааны үүднээс өөхний шим тэжээл хөргөгчинд хамгийн ихдээ нэг сар л хадгалагддаг. Өөрөөр хэлбэл, сүүний хүчил нь нэг сар тухайн махаа зөөлрүүлээд нэг сарын дараа өөрөө хуршдаг. Тэр үед нь өөхийг нь хуулж аваад хаяна. Эсвэл махаа хатаахгүйн тулд өөхтэй нь хадгаллаа гэхэд хөргөгчинд сараас илүү болсон өөхтэй махыг шарж болгох ёстой. Үүнийхээ дараа хуулаад авч хаях ёстой. Манайх шиг идэхгүй. Өөх ихтэй махыг бид ямар ч агааргүй болтол нь вакуумдаад, нэг сар хүртэл хөлдөөгчинд хадгалж болно. Өөх багатай махыг вакуумдаад зургаан сар хүртэл хугацаанд хөлдөөгчинд хадгалж хэрэглэж болно. Өвөл идэш бэлтгэдэг айлууд ч “freezer burn” болоогүй мах хэрэглэж болно. Мэргэжлийн хүмүүсээр нь бэлтгүүлээд, махаа вакуумдаж хөлдөөж болно. Хамгийн гол нь агааргүй байх ёстой. Агаар орчих л юм бол хэрэгтэй шим тэжээл байхгүй болно. Хүнсний бүт ээгдэхүүн -40 хэм хүртэл амьсгалдаг. Бактери хүртэл тэнд үржиж байгаа. Магадгүй 5-10 жилийн дараа хүмүүс лангуунаас мах авахаа болиод butcher-аас авдаг болох байх.
ГЭР БҮЛИЙН цэс ИЛҮҮ ЗАРДЛЫГ БАГАСГАДАГ
-Судалгаанаас харахад дундаж монгол айл сард 300 мянгаас нэг сая төгрөгийн хэрэгцээгүй хүнс худалдаж авч хаядаг. Тэгэхээр энэ үр ашиггүй зардлаас сэргийлэх бас нэг арга бол ухаалаг худалдан авалт, гэр бүлийн цэс байдаг. Гэр бүлийн цэстэй байхын гол давуу тал бол эдийн засагт болон цаг хугацаанд хэмнэлттэй. Цэсний дагуу худалдан авалт хийдэг учраас илүү зүйл авдаггүй. Мөн ганцхан хүнд зориулсан, хэн нэгний хараат хоол хийхээ больдог. Монголд ихэнх гэр бүл аавуудад зориулж хоол хийдэг. Хүүхдэд, ээжид зориулж хоол хийдэггүй. Хоёрдугаарт, Хүнсний бүтээгдэхүүнийг олон төрлөөр идэх боломж олгоно. Шим тэжээлийг олон байдлаар авдаг. Гэр бүлийн цэс нь хөгжсөн улс орнуудад байдаг л зүйл. Монголд ч ийм цэсний дагуу хоол хийдэг айлууд олон болсон. Тэгэхээр одоо нийтээрээ шинэ үеийн гал тогоотой болъё. Тэр нь хүнсээ яаж зөв хадгалах, зөв боловсруулах гэдэгтэй холбогддог. Жишээ нь, би цуйванг нэг минутад хийж байсан. Үүнийг хүмүүс гайхдаг. Гурил нь болох юм уу гэж асуудаг. Италичууд гоймонгоо жаахан зажлууртай иддэг. Бид гурилтай хоол хийхдээ ялз болгоод байгаа нь буруу. Зажлууртай идэж байж зөв боловсрогдох ёстой. Хэт болгосон нүүрс усны агууламжтай бүтээгдэхүүн гэдэсний аль нэг хэсэгт очиж наалдчихдаг. Тэрнийг юу хөөж гаргадаг вэ гэхээр ногоо, салат навч, салат идсэнээр гэдсээ цэвэрлэдэг юм. Гэтэл бид өдөр тутамдаа ногоо, салат, жимсийг идэж чаддаггүй. Уг нь бид эрүүл хооллолт гэж ярьдаг. Гэхдээ өдөр бүр салат, жимс, нарийн ногоо идэх нь үнэтэй гэж ойлгодог, тиймээс ч худалдаж авдаггүй гэх хүмүүс олон бий. Та заавал жимс, ногоог их хэмжээгээр идэх албагүй. Нэг төрлийн жимснээс нэг зүсэм байхад хангалттай. Хоёрдугаарт, хооллоно гэдэг ганцхан таваг хоол идэх биш. Нэг аяга жимсний шүүс, жаахан салат, багавтар аяга шөл, хоёр зүсэм жимс, дээр нь үндсэн хоол буюу ногоо, мах. Ингээд хүнсний бүтээгдэхүүнийг олон талаас нь идэхээр хүн хангалттай цадна. “Уул” шиг цуйван идсэнээс хамаагүй дээр. Хүнснээс бид 50 хувийн өвчлөл авдаг бол үлдсэн 50 хувь нь амьдралын хэв маяг, нийгмийн стресснээс шалтгаалдаг. Стресстэх болгонд таны ходоодонд асуудал үүсдэг. Аливаа өвчлөлд амьдрах орчин, амьсгалах агаар, ус, хүнс, давс, нийгмийн стресс, амьдралын стресс, сэтгэл зүй зэрэг найман хүчин зүйл нөлөөлдөг.
ГАЛ ТОГОО ЭМНЭЛЭГ ШИГ ЦЭВЭРХЭН ХУРДНЫ ЗАМ ШИГ ТОДОРХОЙ БАЙХ ЁСТОЙ
-Бид сүүлийн үед сургуулийн гал тогооны чанар, эрүүл ахуйд нэлээн анхаарал хандуулж байгаа. Эцэг эхчүүдийн хувьд сургуулийн зүгээс хийсэн хоолныхоо ганц зургийг дараад явуулахад л болж байна гэж ойлгоод ханачихдаг. Түүний цаана байгаа түүхий эд материалыг нь шалгадаггүй. Хүнсээ стандартын дагуу хадгалж байна уу, гал тогоо нь цэвэрхэн байна уу, ямар угаалгын бодис хэрэглэж байна, ямар төмрөн дээр хоол бэлтгэж байна, хөргөгч нь цэвэрхэн байна уу гэдгийг мэддэггүй. Тухайн тогоочийн амны хөндий эрүүл байна уу, хелико бактеритэй байна уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Миний хүүхдийн хоолыг хийж байгаа тогооч гепатит В, С вирустэй байгаад гараа зүсээд түүгээр нь дамжиж хүүхэд өвдвөл яах вэ гэж хэзээ ч боддоггүй. Гал тогоо эмнэлэг шиг цэвэрхэн хурдны зам шиг тодорхой байх ёстой. Түүнийг нь эцэг эхчүүд шаардах ёстой. Сургуулийн тогооч нь эрүүл байх ёстой. Авдаг зургаан эрүүл ахуйн шинжилгээнээс илүүтэйгээр миний хувьд амны хөндий нь эрүүл байх ёстой.
Бид одоогоор улсын болон хувийн 10 гаруй сургуулийн гал тогоонд ажилласан. Дунджаар 400-1100 хүүхэд сурдаг. Ер нь улсын хэмжээнд нийт 1,2 сая хүүхэд сурч байна. 5-10 жилийн дараа тэр хүүхдүүд нийгэмд гарч ирнэ. Тэгвэл тэр ирээдүйд улс орныг авч явах ажиллах хүч болсон идэр залуус өвчлөлтэй, өдөр болгон эмнэлгийн хаалга татдаг байвал яах вэ. Тийм учраас анхнаас нь хоол зүйн мэдлэг, мэдээлэл өгөх ёстой. Бидний хувьд эхлээд сургууль дээр очиж, амны хөндийн болон дотор эрхтний өвчлөлтэй, аллергитэй хүүхдийн статистик гаргуулж авдаг. Дараа нь тухайн гал тогоонд анализ хийгээд яаж шинэчлэх вэ, бүгдийг нь солих уу эсвэл боломжит нөхцөлд тааруулж өөрчлөх үү гэдгээ шийднэ.
Улсын сургуулиудад төрөөс нэг хүүхдийн зардалд 1500 төгрөг олгодог. Энэ мөнгө хүүхдийн авах ёстой шим тэжээлтэй хоол хүнсэнд хүрэлцдэггүй. Гэхдээ аль болох тааруулаад, боломжит хувилбарыг туршиж байсан. Шим тэжээлийг ядаж тал хувьд нь хүргэе гэж зориход, хэцүү ч гэсэн болохоор байсан. Гол асуудал нь тогооч нарыг мэргэшүүлэх, тоног төхөөрөмжүүдийг илүү сайжруулах орчин үеийн болгох шаардлагатай. Одоо 2023 онд 1960 оны тоног төхөөрөмж байна гэдэг хэтэрхий хоцрогдсон. Эрчим хүчний хэмнэлттэй, авсаархан, эрүүл ахуйн шаардлага хангасан гал тогоо байх ёстой. Нөгөөтэйгүүр, сургуулийн гал тогооны хүнсний бүтээгдэхүүн нэг газрын хараат байж болохгүй. Анзаарч байхад улсын сургуулийн бэлтгэн нийлүүлэгчид ганцхан байдаг. Гал тогоог хариуцсан компанийн гэрээт газраас л хүнсээ авна. Хувийн сургуулийн дауу тал нь хүссэн газраасаа авч байна, шинжилгээний бичиг шаардаж байна. Улсын сургууль тэгдэггүй. Гэтэл сургуулийн 700 хүүхэд нэг өндөгнөөс, төмснөөс болоод хордчихвол яах вэ. Хамгийн хүнд хордлого төмснийх гэдгийг мэддэггүй. Ногоорсон төмс нь хор агуулдаг.
МАШИНАА ЖИЛ БОЛГОН ШАЛГУУЛДАГ МӨРТЛӨӨ ӨӨРИЙГӨӨ ТООДОГГҮЙ
-Монгол эрэгтэй хүмүүс “уул” цуйван идэж байгаагаа сайхан хооллож байна гэж боддог. Тийм ч учраас монгол эрэгтэй хүмүүсийн дундаж наслалт 19750 өдөр буюу хэтэрхий богино насалж байна. Нийгэмд хамгийн муу сурч байгаа хүмүүс аав нар. Муу сурч байгаа хүүхдэд багш нь давтлага өгдөг шиг аав нарт “давтлага” өгөх цаг болсон. “Би чамайгаа насаараа хайрлана” гэж амлачихаад 10 жилийн өмнө өөрөө яваад өгдөг. Энэ бол бидний мартчихсан асуудал. Ихэнх хүмүүс эмнэлгийн хаалга татаж байж л ойлгодог.
Массыг яаж хурдан өөрчлөх вэ, яаж эрүүл байлгах вэ гэвэл хүн бүр зургаан сар тутамд биохимийн шинжилгээ өгөөд, өөрийн чинь биед юу дутагдаад, юу илүү байна тэрнийгээ мэдчих. Жилдээ нэг удаа заавал бүтэн биеийн шинжилгээ өгчих. Харин тэр шинжилгээ авч байгаа газрууд стандартын дагуу шалгаад өгдөг байгаасай. Хэн хэнийгээ бизнес болгож хармааргүй байна. Нийт хүн амын 52 хувь нь өвчтэй болчихоод байна. Зарим газарт очихоор хүнийг баахан өвчтэй болгочихдог, сэтгэл зүйгээр нь дарамталдаг. Үнэндээ эмч нь зөвхөн эмчээ л хийдэг баймаар байна. Тухайн хүнд эм, бэлдмэл санал болгохоосоо өмнө та бэлдмэл уухгүй ээ, ямар ажил хийдэг вэ. Нийгмийн болон ажлын стресс байна уу, ямар хоол иддэг зэрэг дээр нь анализ хийгээд зөв зөвлөгөө өгөөд явуулчих л даа. Шууд битгий эм рүү түлх л дээ. Бид эмний хамааралтай байх албагүй. 55- аас дээш насныхны 80 хувь нь эмний хамааралтай амьдардаг. Ийм зүйлийг бид хүүхдүүддээ өвлүүлэхгүйн тулд биохимийн шинжилгээ хийлгэдэг байя. Машинаа жил бол гон шалгуулдаг мөртлөө өөрийгөө тоодоггүй. Машинаар бол тоормос нь ажиллахаа больчихоод байхад яваад байдаг. Амьдралд хэрэгтэй талаас нь хичээл заадаг, хэрэг болох бэлтгэлийг нь хийж, эрүүл хүнийг нийгэмд бэлтгэе. Бид лимбэчин болохгүй бол лимбэний хичээлд суугаад хэрэггүй. Тэгж байхаар хоол хийгээд сурчихъя л даа. Швейцарьт гэхэд хүүхдүүд 17 нас хүрээд тусдаа гардаг. Энэ үедээ тэр хоол хийгээд сурчихсан, хүнсээ зөв хадгалдаг, зөв боловсруулдаг мэдлэгтэй болчихоод гардаг.
Швейцарийн сургалтын гол онцлог бол богино хугацаанд яаж чанартай бүтээгдэхүүнийг энэ нийгэмд нийлүүлэх вэ гэдэгт анхаардаг. Швейцарийн дундаж наслалт нь 28 мянган өдөр. Монголд энэ нь 20 мянга орчим. Бид маш богино насалж байна. Заавал яагаад бүх хүүхэд их сургуульд сурах ёстой юм бэ. Эхлээд бид амьдралд хэрэгтэй боловсролоо олж авах ёстой. Есөн жилийн хөтөлбөртэй. Ахлах анги нь долдугаар ангиас эхэлнэ. Есдүгээр ангиа төгссөний дараа мэргэжил олгох дараагийн шатны сургалтад сурдаг. Ахлах ангидаа ормогцоо илтгэл тавьж эхэлдэг. Гурван жил илтгэл тавьсан хүүхэд өөртөө итгэлтэй болж, өөрийгөө зөв илэрхийлж сурдаг. Өөрийн юу бодож хүсч байгаагаа саадгүй хэлж илэрхийлж сурдаг. Оффисын программууд дээр ажиллуулж эхэлнэ, өдөр болгон 10 имэйл, 10 захиа бичүүлдэг. Мэргэжил сонголт дээр нь анхаарч, ямар мэргэжил эзэмшихийн тулд хэдэн жил сурах, ямар цалин авах юм бүх мэдээллийг өгдөг. Би жишээ нь 14 наснаасаа гал тогоонд ажиллаж эхэлсэн. Уг нь өдөрт таван цагаар ажиллах ёстой, би есөн цаг ажилладаг байсан. Тэр нь давуу тал болсон нь би илүү их юм сурсан, мэдлэг нэмэгдэх тусам цалин нэмэгддэг системтэй. Тэнд хүүхдүүд ахлах сургуулиасаа эхлэн ажил хийнгээ сураад аав ээжтэйгээ амьдарч байхдаа багадаа 10- 15 мянган франк хадгалчихдаг. Хэсэг хугацаанд мөнгөө цуглуулж байгаад дараагийн шатны сургуульд сурна. Тэр үед жинхэнэ өөрөө хүсч мөрөөдөж байгаа сургуульдаа зорилготойгоор сурдаг. Би яг энэ зарчмаар сурч, амьдарсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл (0)