Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал С.Адъяасүрэн танилцуулав.
Хотын төвийн хөдөлгөөн ихтэй гудамж, замуудын ачааллыг бууруулах зорилгоор Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Зайсангийн гудамж замд цагдаа нар хөдөлгөөн зохицуулалт хийж, оргил ачааллыг бууруулдаг байсан. Энэ нь эргээд Дүнжингарав буюу Уулын зам, Зайсан тойруу, Наадамчдын замд сөргөөр нөлөөлдөг байжээ. Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар Зайсан тойруу болон Дүнжингаравын замын зарим хэсгийг 21 хоногийн хугацаанд нэг чигийн хөдөлгөөнд оруулж, ХААИС-ийн зүүн хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг түр хугацаагаар өөрчилсөн. Ингэснээр Наадамчдын зам /Нисэх, Яармаг/-ын баруунаас зүүн чиглэлд хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37, Чингисийн өргөн чөлөө /Энхтайваны гүүр/ хойноос урагш чиглэлд 44, Энхтайваны өргөн чөлөө зүүнээс Энхтайваны гүүр чиглэлд 28 хувиар тус тус нэмэгдсэн байна. Өмнө нь оргил ачааллын үед тус замд тээврийн цагдаагийн найман алба хаагч нэг автомашинтайгаар 15:00-20:00 цагийн хооронд 25-30 удаагийн таталт хийж, хөдөлгөөн зохицуулдаг байсан. Тэгвэл өдгөө дээрх зохицуулалтыг хийх шаардлагагүй болжээ. Цаашид бусад замд ийм зохицуулалт хийхээр судалж байна. Ингэснээр замын нэвтрэх чадвар хамгийн багадаа 15 хувиар нэмэгдэх гэнэ.
Зөвлөлийн гишүүдийн хувьд дээрх зохицуулалт үр дүнтэй байгааг онцолж, цаашид энэ мэт зохицуулалтыг шаардлагатай замуудад хийх хэрэгтэйг дурдаж байлаа.
RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэх дэд бүтцийн ажлыг бүрэн хангажээ
Зам тээврийн нэгдсэн системийн талаар Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулав.
Тухайлбал, RFID технологийн хүрээнд нийслэлийн авто замын гэрлэн дохиотой 138 уулзварт 343 шон, 11 байршилд шон суурилуулжээ. Мөн нийслэлийн харьяа шалган бүртгэх найман товчоо, оношилгооны таван төвд радио давтамж тодорхойлох 455 RFID уншигч төхөөрөмжийг суурилуулсан байна. Ингэснээр RFID системийг хэрэглээнд нэвтрүүлэх дэд бүтцийн ажил бүрэн хангагджээ.
Мөн улсын хэмжээнд нэг сая гаруй тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын цахим гэрчилгээ суурилуулах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран зохион байгуулж байна. Ингэснээр жолоочийн татвар, хураамж, торгууль төлөлт, даатгал, оношилгоонд хамрагдсан байдалд алсаас хяналт тавих, алдагдсан тээврийн хэрэгслийг илрүүлэх, хариуцлагын тогтолцоог сайжруулах, цаашлаад тээврийн хэрэгслийн зорчилт бүртгэлд тулгуурлан татвар, зам ашигласны төлбөрийг харилцан адилгүй тогтоох боломж бүрдэх юм.
Түүнчлэн нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамжийн системийг сайжруулах, цахим төлбөрийн систем нэвтрүүлэх, нэхэмжлэл үүсгэх, төлбөрийн нэгдсэн системд холбох, тоног төхөөрөмж суурилуулах ажил бүрэн дууссан. Баруун түрүүн, Налайх, Түргэний гол, Эмээлт, Гүнт, Гачуурт, Морингийн даваа зэрэг нийслэлийн харьяа найман шалган бүртгэх товчоог дугаар таних, чиглэлийн, өрөөний доторх, орчны хяналтын эргэдэг зэрэг нийт 57 камер болон бусад тоног төхөөрөмжөөр тоногложээ. Товчоодыг RFID төхөөрөмжөөр тоноглосон нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, орох, гарах хөдөлгөөнийг бүртгэж, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр шалган бүртгэх товчоодоор орж ирэх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн ангиллаас хамаарч 1000-10,000 төгрөгийн хооронд төлбөрийн нэхэмжлэх системд үүсэж, төлбөрийн мэдээллийг тээврийн хэрэгслийн үйлчилгээний нэгдсэн https://smartcar.mn/ систем рүү илгээснээр иргэд товчоодоор орж, гарахад урт дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр дараа төлбөрт байдлаар төлөх боломжтой болсон.
Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээ буюу Таван шарын уулзвараас Офицерын уулзвар хүртэл нийт 44 цэгт 45 камер, Баянгол дүүргийн Модны 2-ын уулзвар болон Төмөр замын сургуулийн урд уулзварын гурван цэгт дугаар илрүүлэх, хурд хэмжих, улаан гэрлийн зөрчил, эгнээ байрын зөрчил, давхар эргэлтийн зөрчил илрүүлэх 37 камер байрлуулжээ. Энэ нь үр дүнгээ өгч, зөрчил илрүүлэлт хоёр дахин нэмэгдсэн байна. Зам тээврийн нэгдсэн системийн хүрээнд хийж байгаа энэ мэт олон ажил байгаа юм.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Зам, тээврийн нэгдсэн системд шаардлагатай бодит мэдээ, мэдээллийг түргэн шуурхай гаргах, системүүдийг нэгтгэж холбоход дэмжлэг үзүүлж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.
Хүүхдийн тоглоомын талбайд стандарт хангуулна
Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам Иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд хууль, норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулах тухай асуудлыг танилцуулав. Энэ хүрээнд нэгдсэн төлөвлөгөөг боловсруулан стандарт мөрдүүлэх чиглэлээр 99, сургалтын чиглэлээр 10, судалгааны чиглэлээр долоо, хяналтын чиглэлээр 32, нийт 148 ажлыг 23 байгууллага, долоон дүүрэгтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Улмаар урьдчилан сэргийлэх чиглэлээр 1083, төлөвлөгөөтэй 221 объектод хяналт шалгалт хийнэ.
Нийслэлийн хэмжээнд стандартын шаардлага хангахгүй, эрсдэлтэй хүүхдийн тоглоомын 976 талбай байна. Үүнээс энэ онд 487 талбайд стандарт хангуулах арга хэмжээ авна. Мөн үерийн усны 126 км далан сувгийн орчны аюулгүй байдлыг хангуулах юм.
Улаанбаатар хотын ундны усны 11 эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд 3782 нэгж талбар бүртгэлтэй байна. Энэ нь Ундны усны тухай хууль болон БХБЯ, БОАЖ-ийн сайдын хамтарсан тушаалаар баталсан дэглэмийг зөрчиж байгаа юм. Иймд Ундны усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд байрлах байгууллагад шалгалт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн худалдаа, үйлчилгээний газрын гадна хаяг, зар сурталчилгааны байгууламжийг стандартын шаардлагад нийцүүлэх, 1837 зогсоолд Тээврийн хэрэгслийн ил зогсоолыг төлөвлөх, байгуулахад тавигдах ерөнхий шаардлагын хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авах юм.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт болсон учраас мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан. Гэхдээ хяналт, шалгалт хийх нэрээр эргээд мэргэжлийн хяналтын байгууллага шиг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж болохгүй. Харин зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг байх хэрэгтэй” гэдгийг онцолж байв.
Зөвлөлийн хурлаас Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Хотын стандарт, хяналтын газрыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг үүрэг болгов.
Зөвшөөрөлгүй барьсан болон барьж байгаа 55 барилга байна
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажлыг эхэлсэн 55 иргэн, хуулийн этгээд байна. Тодруулбал, Сонгинохайрхан, Чингэлтэйд тус бүр нэг, Баянгол дүүрэгт найм, Сүхбаатарт зургаа, Баянзүрх дүүрэгт 16, Хан-Уулд 22 барилга бий. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг барилгын газрын эрхийг цуцалжээ. Эдгээрээс 21 барилгынх нь ажил дууссан бол цутгалтын ажил үргэлжилж байгаа 31, суурь, газар шорооны ажил эхэлсэн гурван барилга байна. Мөн Ундны усны эх үүсвэрт барьж байгаа таван барилга байгаа юм.
Дээрх 55 барилгаас өмнөх онд 47 барилгад Зөрчлийн тухай хуулийн дагуу захиалагч, гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил эхлүүлсэн үндэслэлээр 1000-10,000 нэгжтэй тэнцэх торгуулийн арга хэмжээ авчээ. Мөн барилга угсралтын үйл ажиллагааг зогсоох тухай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчдын эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлж, Нийслэлийн Прокурорын газрын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Барилгын чанар, стандартад хяналт тавих ёстой. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа. Аюул, осол гарлаа гэхэд иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй. Болзошгүй эрсдэлийг тооцоолж, урьдчилан сэргийлэх шаардлагатай” хэмээсэн юм. Мөн барилгын чанар, стандарт, иргэдийн аюулгүй байдал нэн тэргүүний асуудал гэдгийг онцолж байв.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн зөвшөөрөлгүй барилгын талаарх мэдээлэл гардаг ч тэгсхийгээд замхардаг. Яагаад барихаас нь өмнө арга хэмжээ авч болдоггүй юм бэ. Үүнийг нэг мөр шийдэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Барилгыг албадан буулгах санал, шийдвэр боловсруулах Ажлын хэсэг байгуулж, холбогдох шийдвэрийг гаргуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнд даалгалаа. Мөн газар эзэмших, ашиглах эрхийг цуцлуулах саналыг хүргүүлж, барилгын ажлын зөвшөөрлийг нөхөж олгохгүй байх, олгогдсон техникийн нөхцөлүүдийг цуцлах, цаашид ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх зэргийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болгов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)