Иргэний аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад иж бүрэн хоёр төсөл хэрэгжиж байна.
Хоёр улсын хоорондын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах төслийг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэн холбон ажиллах зорилгоор БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд болон Онцгой байдлын ерөнхий газарт ажиллах иргэний аюулгүй байдлын бүсийн зөвлөхөөр томилогдсон ахмад Кристоф Буманныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзлаа.
Ахмад Кристоф Буманн нь Франц Улсад аврах ажиллагааны чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд 2021-2022 онуудад ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах ангийн ажиллагааны сургалт болон нисэх баазыг хөгжүүлэх ажилд хамтран ажиллаж байсан.
Бүсийн зөвлөх нь Бээжинд төвтэйгээр Монгол, Солонгос, Хятад Улсуудыг хавсран ажилладаг байсан бол энэ оноос Улаанбаатараас Солонгос, Хятад улсуудыг хамааран ажилладаг болж байна. Үүгээрээ Франц Улс нь Монгол дахь гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа харуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)