Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өндөрлөсөн.
Гурван өдөр үргэлжилсэн сонсголын хоёр дахь шатанд Хөгжлийн банканд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн; Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон санхүүгийн түрээсийн үйлчилгээ, зарцуулалт; 3.5 их наяд төгрөгийн дүн бүхий Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаарх шинжээчийн дүгнэлттэй танилцаж, нотлох баримтын хүрээнд гэрчүүдээс тайлбар, мэдээлэл авсан юм. Сонсголын энэ шатанд нийтдээ 134 гэрчийг дуудсанаас 81 нь оролцсон бол 27 гэрч албан бичиг, өргөдөл, хүсэлтээр оролцох боломжгүйгээ илэрхийлжээ.
Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болно. Энэ үеэр Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2500 зээл, түүний зарцуулалттай холбоотой асуудлыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судлах юм.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл (0)