Т.САЙХАН
Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгох шийдвэр өнгөрсөн онд гарсан. Энэхүү гэрчилгээг хэрхэн олгох талаар Нийслэлийн мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг тайлбар өглөө. Тэрбээр "2023 оны гуравдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд бүх тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож эхэлнэ. Энэ ажлыг ЗТХЯ болон нийслэл холбогдох албаныхан хамтран зохион байгуулна.
Засгийн газрын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зам, тээврийн нэгдсэн системийн тогтолцоог бий болгох төсөл хэрэгжиж байгаа юм. Үүний нэг нь Монгол Улсын хэмжээнд байгаа тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох. Ингэснээр Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг нэгдсэн менежмент, хөдөлгөөний зохион байгуулалтад оруулна.
Гол зорилго нь нэгдүгээрт, зам ашигласан хугацаа болон уртаар төлбөрийг тооцох чиглэл рүү орно.
Хоёрдугаарт, зам дээр ямар нэг байдлаар хууль зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг илрүүлнэ.
Гуравдугаарт, иргэдэд замын түгжрэлийн талаарх мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилготой.
Цахим гэрчилгээг төлбөргүй олгох ажил гуравдугаар сарын 1-нээс хоёр сарын хугацаанд үргэлжилнэ.
Зургаадугаар сарын 1-нээс цахим гэрчилгээг бүрэн нэвтрүүлэхээр тооцоолон ЗТХЯ болон түгжрэлийг бууруулах Үндэсний хороо ажиллаж байна.
Тээврийн хэрэгслийн цаасан гэрчилгээ шаардлагагүй болно.
Товчоодоор орж, гарах болон зогсоолын төлбөр тооцоо онлайн хэлбэрт шилжинэ. Төлбөр тооцоо төлөх уламжлалт аргыг хална.
Цахим гэрчилгээг нэг сая орчим тээврийн хэрэгсэлд олгоно. Үүнд чиргүүл, мопед, мотоцикл хамаарна" гэсэн мэдээллийг өглөө.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл (0)