Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 285 удирдах албан тушаалтан, багш, ажилтанд авлигын эсрэг сургалт зохион байгуулав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд амжилттай хэрэгжүүлж байгаа Бангладеш Улсын “Хариуцлагатай ээжүүдийн бүлгэм” сайн туршлагыг тус дүүргийн 62 дугаар сургууль, Ирээдүй цогцолбор сургууль, Өнөр цогцолбор сургуульд түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа билээ. 
Энэ хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 62 дугаар сургууль, Ирээдүй цогцолбор сургуулийн удирдах албан тушаалтан, багш, ажилтан нийт 285 хүнд авлигын эсрэг сургалтыг зохион байгуулав.
Сургалтыг “Авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр ажилтан, комиссар С.Янжинлхам, “Нийтийн ашиг сонирхол, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, авлигын гэмт хэрэг” сэдвээр ажилтан, комиссар М.Жамъянчойжил нар боловсролын салбартай холбоотой шударга ёсны судалгаа, өргөдөл, гомдол түүний шийдвэрлэлт, албан хаагчидтай холбоотой тодорхой кейс, жишээ, сургамжит өгүүллэгт үндэслэн тайлбарлан таниулж, харилцан ярилцлага хэлбэрээр зохион байгууллаа.
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ирээдүйн хүүхэд багачуудыг шударга, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх, зөв хандлага, нөлөөллийг бий болгоход эцэг эхчүүдийн оролцоог хангах ажлыг зохион байгуулахад нөлөө бүхий үр дүнтэй сургалт болсныг оролцогчид хэлж байлаа.
Бангладеш Улсад амжилттай хэрэгжиж олон улсад сайшаагдсан сайн туршлагыг хэрэгжүүлснээр чанартай боловсролыг хүүхдэд олгоход шаардлагатай сургалтын орчныг бүрдүүлэх, хичээлээр зааж байгаа мэдлэгийн чанарыг сайжруулах, эхчүүдийн оролцоог хангах, сургуулийн ил тод байдлыг сайжруулах, хүүхдийн шударга ёс, хүмүүжил төлөвшилд гэр бүлийн нөлөөлөл, үүрэг хариуцлагыг бий болгох ач холбогдолтой юм.
скачать dle 12.0