Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 90.6 хувьтай байв. Тухайлбал, Сар шинийг угтан өргөтгөсөн худалдаа зохион байгуулах үүрэг өгсөн. Учир нь иргэд Цагаан сарын баяраар 900 тэрбум гаруй төгрөгийг гадагшаа урсгадаг гэх мэдээлэл бий. Тиймээс энэ мөнгийг дотооддоо үлдээх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон юм. Одоогийн байдлаар 15 байршлыг сонгон, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малыг гаргах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу холбогдох ажлуудыг хийж, 1539 малыг хориглолтын бүсээс гаргасан байна.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд 13,645 байгууллага оролцлоо
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа
“Өнгөрсөн баасан гарагт 11:00-12:30 цагийн хооронд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан. Мөн энэ жил нийт 6-8 удаа их цэвэрлэгээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаагийн цэвэрлэгээнд 13,645 байгууллага, 37,290 хүн оролцож, 2.5 сая ам.метр талбайг цэвэрлэж, 736.4 тонн хог хаягдал тээвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд хот тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний 26 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Мөн 347 жолооч, 527 ачигч, зам, талбайн үйлчлэгч 577 байгаа. Түүнчлэн 226 техник хэрэгсэл шаардлагатай байна. Улаанбаатар хотын хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төслийн хүрээнд 20 машин механизм авна” гэдгийг танилцууллаа. Цаашид ажилчдын хувцас хэрэгсэл дээр анхаарах шаардлагатайг хэлж байлаа.
Мөн зам дээр давс биш, хужир цацсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор ашиглаж байсан давсыг лабораторийн шинжилгээнд өгсөн бөгөөд шаардлага хангахгүй нь тогтоогдвол тухайн аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авна гэдгийг мэдэгдлээ.
Шинэ автобус ирсэнтэй холбоотойгоор шинэ, богино эргэлтүүдийг төлөвлөжээ
Шинээр орж ирсэн автобуснуудын үйлчилгээний маршрутын төлөвлөлтийн талаар Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Одоогийн байдлаар 117 автобус ирсэн. Өнөөдөр эхний 30 автобусыг үйлчилгээнд гаргасан. Үлдсэн автобусыг энэ долоо хоногтоо багтаан үйлчилгээнд гаргана. Шинэ автобустай холбоотойгоор төлөвлөлтөд өөрчлөлт орсон. 53 км-ээс хол явж байсан гурван урт шугамыг богиносгож, 10 чиглэлд шинэ, мөн 10 чиглэлд богино эргэлтийн төлөвлөлтийг хийсэн” хэмээн мэдээлэл өглөө.
Ц.Ганболд: Нийслэл сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, нөөцийг хариуцдаг
Сайжруулсан түлшний талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдлын газрын дарга Ц.Ганболд “Нийслэлийн зүгээс түлшний тээвэрлэлт, борлуулалт, түгээлт, нөөцийг хариуцдаг. Чанар, стандарт, үйлдвэрлэлийн технологийг Эрчим хүчний яам, “Таван толгой түлш” ХХК хариуцаж байгаа. Энэ жил 120 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Одоо 70 мянган тонн түлшний үлдэгдэлтэй байгаа. Тээврийн 31 компанийн 310 тээврийн хэрэгслээр түлшийг түгээж байна. Мөн борлуулалтын 650 цэг байнга түлштэй байгаа” хэмээн удирдах ажилтнуудад мэдээлэл өгсөн юм.
Цахим залилан нэмэгджээ
Өнгөрсөн 14 хоногийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд “15,213 дуудлага, мэдээлэл ирсэн нь 10.2 хувиар буурсан үзүүлэлт. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 2604 ирсэн нь 0.5 хувиар өссөн гэсэн үг. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 99 бүртгэгдсэн. Иймээс холбогдох байгууллагатай хамтарч, урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч байна. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг таван хувиар, мөн хулгайлах гэмт хэрэг тодорхой хувиар багасаж, цахим залилангийн гэмт хэрэг нэмэгдсэн. Харин зөрчил 33 хувиар буурсан ч олон нийтийн газар зүй бусаар авирласан, хүний биед халдсан зөрчил олон гарч байна. Түүнчлэн 975 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 6.7 хувиар буурсан үзүүлэлт юм” хэмээв. Мөн эрэн сурвалжлагдаж байсан 13 иргэнийг олж тогтоожээ.
282 иргэн, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашням “Өнгөрсөн хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 72, аврах ажиллагааны 12, нийт 84 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 202 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 60 иргэнийг аварч, 2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, ажиллалаа. Он гарснаас хойш объектын гал түймрийн 161, аврах ажиллагааны 27, малын гоц халдварт өвчний нэг, нийт 189 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар буурсан үзүүлэлт. Багануур дүүргийн нэгдүгээр хороонд гарсан бог малын мялзан өвчний хорио цээрийн дэглэм үргэлжилж, 17 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна” гэлээ. Мөн өнөөдрийн байдлаар 18 байршилд халиа тошин үүссэн. Холбогдох байгууллагууд хамтран ажиллаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авч байгааг хэллээ.
С.Баасанжав: Зам тээврийн ослын дуудлага буурсан
Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав “189 хяналтын цэгт 531 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 40 мянга гаруй зөрчил илрүүлсэн. Камерын шалгалтаар 20 мянга орчим зөрчил илрүүллээ. Зам тээврийн осол хэргийн дуудлага 3202 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 0.8 хувиар буурсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 520 зөрчил илрүүллээ. Зам, тээврийн осол хэргийн дуудлагын хувьд Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт өсөж, Баянзүрх дүүрэгт буурсан” гэв. Зам тээврийн ослоор гэмтсэн иргэн 50, осолд өртсөн явган зорчигч 70 хувиар тус тус буурсан ч нас барсан хүний тоо өнгөрсөн оны мөн үетэй ижил хэмжээнд байна.
Зуслангийн бүсийн төлөвлөлт, эмх цэгц, хаягжуулалтад хяналт тавихыг үүрэг болгов
Хотын дарга хүйтний эрч буурахгүй тул холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг, мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудыг санаачилгатай байж, бүтээлч ажиллахыг үүрэг болгов. Түүнчлэн зуслангийн бүсийн төлөвлөлт, эмх цэгц, хаягжуулалтад хяналт тавьж, жорлонг цэгцлэх шаардлага бий болсныг хэлж, холбогдох байгууллагууд анхаарч ажиллахыг даалгалаа. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгсөн юм. Тухайлбал,
- Нийслэл хотод зөвшөөрөлгүй барьсан барилгын жагсаалт болон голын эрэг дагуу баригдсан, баригдаагүй барилга, байгууламжийн жагсаалт, олгосон газар зэргийг цэгцлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ санал боловсруулж танилцуулах.
- Мэргэжлийн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийн бүхий л үе шатанд тавих хяналтыг сайжруулж ажиллах.
- Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийг салбарын байгууллагуудад шилжүүлсэнтэй холбогдуулж нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчныг хангах төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах ажлыг шуурхай зохион байгуулах.
- Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний талаар ирүүлж буй өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарч, машин механизм, техник тоног төхөөрөмжийг бэлэн байлгаж ажиллах.
- Хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн чиглэлээр ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх.
- Сайжруулсан шахмал түлшний зохистой, аюулгүй хэрэглээ, иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалахтай холбоотой зөвлөмж, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх, сурталчлах ажлыг тогтмол зохион байгуулах.
- Албан хаагч бүр ажил, албан тушаалаа хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хориглолт хязгаарлалтыг зөрчихгүй байхад анхаарч ажиллах.
- Төрийн албаны тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм, журам, заавар, зөвлөмжийн дагуу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, төрийн албаны стандартыг мөрдөж ажиллах.
- Иргэдэд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдол гаргахгүй үйлчлэх, байгууллага бүр Ёс зүйн хорооныхоо үйл ажиллагааг идэвхжүүлж, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага хүлээлгэн, зохих журмын дагуу холбогдох байгууллага, иргэд, ажилтнууддаа мэдээлдэг байх.
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, цахим хуудас мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллах.
- Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллах.
- 2023 онд гэр хорооллын доторх ногоон байгууламж бүхий цэцэрлэгжсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарах, аж ахуйн нэгж иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мод сөөгийн нэр төрлөөр тооллого бүртгэлийн суурь мэдээллийг санг бий болгох, ногоон байгууламж нэмэгдүүлсэн талбайг байнгын арчилгаатай байлгахад анхаарч ажиллахыг тус тус үүрэг болгов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)