Гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрэв

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны нэгдүгээр сарын 4-нд болж дараах асуудлыг хэлэлцэн баталлаа.

“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг оны эцсийн байдлаар дүгнэн 2023 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. 

Тогтоол гарснаас хойш гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд болон Оюу толгой ХХК нь нийт 1.1 тэрбум гаруй ам.долларыг Төв банканд арилжаалсан нь тогтоолоор хүлээсэн валютын орлогыг төвлөрүүлэх үүргийг амжилттай биелүүллээ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК Засгийн газрын 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 588.8 сая орчим ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулжээ.

Мөн экспорт, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох ажлуудыг амжилттай гүйцэтгэж, хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэнээр гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь наймдугаар сард 2.6 тэрбум байсантай харьцуулахад 31 хувиар нэмэгдлээ. Гадаад валютын нөөц нэмэгдэхийн хэрээр валютын зах зээл тогтворжиж байгаа бөгөөд улмаар инфляц буурах, макро эдийн засаг тогтворжих суурь бүрдэж эхэлж байна. 

Цаашид, төмөр замын ачаа тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах талаар тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгалаа.
скачать dle 12.0