НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо. Уг арга хэмжээнд залуу хамтлаг, дуучид, бүжигчид хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм. Энэ үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Хот тохижилтын газрын ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллав.
Цагдаагийн байгууллагын зүгээс шинэ жилийн арга хэмжээнд оролцож буй иргэдийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа. Энэ талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга Б.Оюутболд “Өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй “Мөнгөн үдэш” баярын арга хэмжээнд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна. Мөн Сүхбаатарын талбай орчмыг хариуцан ажилладаг Замын цагдаагийн хэлтэс болон Хэв журмын хэлтсийн алба хаагчид ажиллаж байгаа. Одоогоор цагдаагийн байгууллагад арга хэмжээтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн дуудлага бүртгэгдээгүй. Иргэд шинэ жилийн арга хэмжээнд маш идэвхтэй оролцож байна. Эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ дагуулан ирж байгаа тул хүүхдүүдийг төөрөхөөс урьдчилан сэргийлж сэрэмжлүүлэг мэдээллийг тараасан” хэмээв.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч Х.Анхбаяр:
-Шинэ жилийн баярын арга хэмжээ, ёслолын буудлагатай холбоотойгоор урьдчилан сэргийлэх үүднээс гал унтраах хоёр автомашин, 43 алба хаагч хоёр байршилд үүрэг гүйцэтгэсэн. Тодруулбал, Сүхбаатарын талбайд нийт 35 алба хаагч ажилласан бол Үндэсний соёл амралтын хүрээлэн орчимд найман албан хаагч ажиллалаа. “Мөнгөн үдэш” арга хэмжээ хоёр жил завсардсан болохоор иргэдийн сэтгэгдэл их өндөр байна. Ирж буй 2023 онд гамшиг, аюулт ослын дуудлага багасаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол буураасай гэж хүсэж байна. Нийслэлчүүд маань 2023 ондоо эрүүл энх, аз жаргалтай байгаасай гэв.
Талбайн гэрэл зурагчин С.Тамара:
-Би 28 жил Сүхбаатарын талбайд гэрэл зурагчнаар ажиллаж байгаа. Жил бүр энд шинэ оноо гаргадаг гэсэн үг. Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээг олон жил үзэж байна. Сүүлийн хоёр жил завсардсан болохоор энэ жил ийнхүү зохион байгуулж байгаад нь сэтгэгдэл их сайхан байна. Хүмүүсийн дурсамжийг мөнхөлдөг болохоор ажилдаа дуртай. Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе гэлээ.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “2001 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээг нийслэлчүүд маань сайн мэддэг болсон. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил цахим хэлбэрээр зохион байгуулсан. Өнөөдрийн баярын хөтөлбөрт залуу дуучид, хамтлагуудыг урьж оролцуулж байгаа. Талбай дээр ч залуу үзэгчид их байна. Энэ жил бид Сүхбаатарын талбайд олон улсын байгууллагуудын гацуур моддыг засаж, мөсөн гулгуур, мөсөн баримлуудыг хийн, гэрлэн чимэглэлүүдийг урласан. Мөн худалдаа үйлчилгээний цэгүүдийг нээж, халуун уух зүйлсээр иргэдэд үйлчилж байна. Өнөөдрийн баярын арга хэмжээнд хамтлаг, дуучдаас гадна төрийн албан хаагчид маань ажилласан. Улаанбаатарын “Мөнгөн үдэш” арга хэмжээний ард ажилласан бүх ажилтан, алба хаагчид, уран бүтээлчдэдээ нийслэлийн нийт удирдлагуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлмээр байна. Шинэ оны мэнд дэвшүүлье” хэмээсэн юм.
Сэтгэгдэл (0)