Маргааш бүх нийтээрээ амарна
2022/12/28, 12:50
"Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д заасны дагуу арванхоёрдугаар сарын 29-ний пүрэв гаригт бүх нийтээр амарна. Тодруулбал, энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 111 жилийн ой тохиож байгаа юм.
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний энэ өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөн түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. VIII Богд Жавзандамба хаан ширээнд суусан 1911 оноос он тооллыг “Олноо өргөгдсөн”, улсын цолыг “Монгол”, Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрийджээ. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал юм. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл болсон билээ.
УИХ-ын 2007 оны наймдугаар сарын 16-ны хуралдаанаар арванхоёрдугаар дугаар сарын 29-ний өдрийг "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" хэмээн "нийтээр тэмдэглэх тэмдэглэх баярын өдөр" болгон хуульчилсан юм. Хуулийн дагуу энэ өдөр бүх нийтээр амран, тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
скачать dle 12.0
© 2022. Zaisantv.mn - Зохиогчийн эрх хуулиар хамгаадлагдсан.
Сэтгэгдэл (0)