Т.Өлзийжаргал: Ёочин төгөлдөр хуурын үүрэгтэй, үндэсний хөгжмийн хаан юм

П.ЛХАГВАЖАРГАЛ
 
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа Үндэсний урлагийн их театрын гоцлооч, ёочинч Т.Өлзийжаргалыг урилаа. Түүний хувьд монгол хөгжмийн зохиолчдын уран бүтээлийг ёочин хөгжмөөр дэлхийд таниулж яваа авьяаслаг уран бүтээлч юм. Польш, Итали, Япон, Хятад, Солонгос, Катар, Кувейт зэрэг орноор уран бүтээлээ туурвисан юм. 
 
-Та хэдхэн хоногийн дараа дөрөв дэх бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ удаагийн тоглолт юугаараа онцлог вэ?
-“Winter Classic” тоглолт маань өвөл цагийг угтсан сонгодог хөгжмийн тоглолт. 
Ёочин хөгжим дээр дэлхийн сонгодог бүтээлийг тоглохоос гадна Монголын болон Хятадын шилдгүүдийг үзэгч, сонсогчдодоо өргөн барина. Би хамгийн анхны бие даасан тоглолтоо 2011 онд Улсын филармонийн симфони оркестр, удирдаач Н.Бүтэнбаяр асны хамт хийж байсан. Дараагийн тоглолтоо 2022 онд Улсын филармонид Төрийн их найралтайгаа хийсэн. Тэрхүү тоглолтоор ёочин хөгжмөөр шинэ уран бүтээлүүд бичүүлж, найруулга хийж тоглосон юм. Харин түрүү жил Шанхайн театрт урилгаар тоглосон. Ингэхдээ ёочин хөгжимд зориулагдсан монгол хөгжмийн зохиолчдынхоо бүтээлийг дагнан хүргэсэн.
Энэ хөгжмөөр ямар нэгэн хэв маягт баригдахгүй, бүх төрлийн уран бүтээлийг хүргэх боломжтой гэдгийг харуулахыг зорьж байгаа. Мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлийг тоглолт бүрээрээ  давхцуулалгүй хүргэдэг гэж болно. Уран бүтээлч, уран бүтээл бүр өөрсдийн онцлогтой. Тэр бүх онцлог, илэрхийлэмж, мэдрэмжийг хүргэхийг хичээдэг.
-Таны хувьд ёочин хөгжмөөрөө дэлхийд танигдаж яваа уран бүтээлч. Дэлхийн тайзан дээр монгол хөгжмийн зохиолчийн уран бүтээлийг тоглох мэдрэмж арай өөр болов уу?
-Төрийн соёрхолт Ц.Нацагдорж, Төрийн хошой шагналт, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Шарав багш тэргүүт хөгжмийн зохиолчдын ноён оргил болсон бүтээлүүд Монголын урлагт байдагт  үнэхээр их талархаж, бахархсан. Ёочин хөгжимд монгол аялгууг яаж шингээх үү, монгол онцлогийг шингээсэн концертын найруулгыг яаж бичих үү гэсэн асар их ур ухаанаа шингээсэн байгаа юм. Шанхайн тайзан дээр монгол уран бүтээлээ тоглоход үзэгчид их сайхан хүлээж авсан. Хөгжимд хэл хэрэггүй гэдэг. Сонсох төдийд монгол хүний сэтгэлгээ, онцлогийг ойлгож байгаагаараа  гайхамшигтай. Бид  саяхан Төрийн их найрлынхаа хамтаар Берлиний филармонид Азиас анх удаагаа үндэсний оркестроороо  тоглоод ирлээ. Берлиний филармони бол “А” зэрэглэлийн дэлхийн номер нэг тайз. Үүгээрээ мэргэжлийн өндөр түвшинд Монголын үндэсний хөгжмийн оркестрыг дэлхийд таниулах гарцыг нээж байна гэхэд болно. Заавал нэг зүйлтэй харьцуулж түүний түвшинд очно гэж би боддоггүй. Өөрсдийн онцлогийг мэргэжлийн өндөр түвшинд таниулж яваа гэж хардаг. Харин дэлхий нийтэд илүү их сурталчлах хэрэгтэй. ҮУИТ-ын хамт олноороо болон хувь уран бүтээлчийнхээ хувьд олон улсад гарах зорилго тээж, алхам алхмаар ойртсоор байна.
-Ёочин хөгжмийн онцлог юу вэ. Таны хувьд хөгжим тоглохдоо юунд илүүтэй анхаардаг вэ?

-Ёочин бэлэн хөгтэй, чанга дуугаралттай хөгжим. Олон утсан дээр бэлэн өгөгдсөн хөгийг хоёр цохиураар зөв олж цохидог. Хөгжмийн зохиолчид ёочинд техник, ритмтэй ая их зохиодог. Энэ нь нэг талаар ёочинг цохиур хөгжимтэй төстэй гэж үздэгт оршино. Ёочин нь  чавхдаст цохилуур хөгжмийн зэмсэг юм. Нөгөө талаар аялгуулаг ая зохиох нь бас бий. Өөрөөр хэлбэл, нэг төрөлд баригддаггүй гэж болно. Симфони оркестрт ёочин нь хурдан хэмнэлтэй хэсэгт мөн дээшээ цангинасан дуутай тул эхлэл хэсэгт илүүтэй тоглодог. Таван настайдаа Хүүхдийн ордны Б.Энхтуяа багшдаа шавь орж, энэ хөгжимтэй нөхөрлөсөн. Ямар цаг үед зохиогдсон, ямар утга санааг илэрхийлсэн хөгжим вэ гэдгийг сэтгэлээрээ мэдэрч үнэн хүргэхийг зорьдог. Үүний тулд зохиолчийн намтраас эхлээд судалдаг. Урлагийн бид ард түмнийхээ оюун санаанд хөрөнгө оруулж, соён гэгээрүүлэх үүрэгтэй. Нэг үеэ бодвол монголчууд хөгжмийн урлагийг сонирхдог, дэмждэг болжээ. Хөгжмийн ач холбогдлыг ойлгуулж, үзэгчдээ бэлтгэх хэрэгтэй. Хэрэв үзэгч үгүй бол бид энд мэргэжлийн түвшинд байх шаардлагагүй. Тиймээс хүмүүст хөгжмийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх нь чухал.
-Тайзан дээр тоглох уран бүтээлээ ямар шалгуураар сонгодог вэ. Нийгэм цаг үеийнхээ хэрэгцээ, шаардлагыг хэр тусгадаг вэ?
-Дэлхий нийт, үзэгч сонсогчдынхоо чиг хандлагыг харгалзах нь зүйтэй. Гэвч мэргэжлийн уран бүтээлчид хүмүүсийн дуртай, татагдаад байгаа болгоныг хийх нь зөв биш. Учир нь урлаг нийгмийнхээ түрүүнд алхаж, соён гэгээрүүлэх хэрэгтэй. Тиймээс мэргэжлийн цензурийг тавьж, харилцан уялдаа холбоотой ажилладаг. Дэлхий нийт биднийг харж байгаа тул сайн уран бүтээл хийхийг зорьдог.
-Ёочин нь Монголоос өөр улс орнуудад хэр өргөн тархсан хөгжмийн зэмсэг вэ?
-Ёочин нь дэлхийн өнцөг булан бүрд харьцангуй өргөн тархсан. Ази, европ, АНУ, Канадад ч байна. Гагцхүү өөр хэлбэр хэмжээ, төрлөөр тоглодог. Монголчуудын хувьд үндэсний хөгжмийн хаан гэж нэрлэгдэж, төгөлдөр хуурын үүрэг гүйцэтгэдэг. Найрал хөгжмийн  хөг болж, удирдах үүрэгтэй. Ардын ая аялгууг ёочин хөгжим дээр хэрхэн тоглох О.Дашдэлэг, Ж.Чулуун гуайн манер, арга барил бидэнд өвлөгдсөн. Мөн монгол хөгжмийн зохиолчдынхоо ая, аялгууг тоглож, монгол үндэсний хөгжим талаас нь хөгжүүлж байна.
-Таны хувьд ёочин хөгжмийн эрдэм мэдлэг, ур чадвараа залуу үедээ өвлүүлэх, залгамжлуулахад хэр анхаарч байна?
-Би Шанхайд сургуулиа төгсөж ирээд Монгол Улсын консерваторид гурван жил багшилсан юм. Багшлахын хажуугаар ҮУИТ-т ажиллаж, мөн хувь уран бүтээлээ хийж давхар ажлуудыг амжуулахыг хичээдэг байлаа. Мэргэжлийн хичээл ганцаарчилж орно. Олон хүүхдийн ирээдүй хариуцаж байдаг. Үнэндээ амжихгүй байсан гэж болно. Хөгжимчин хүнд тайзан дээрээ амьдрах нас гэж бий. Урлаг гэдэг өөрийн цаг хугацаа настай. Ялангуяа гоцлооч хүний хувьд. Залуу насан дээрээ хийж бүтээх зүйл, зорилго байсан учраас Монгол Улсын консерваториасаа түр хугацаанд чөлөө авсан байгаа. Багшилж байх хугацаандаа цөөнгүй хэдэн шавь бэлтгэсэн байна. Бяцхан байсан шавь нар маань эхнээсээ мэргэжлээрээ ажиллаж, зарим нь энэ зун багш дээрээ дадлага хийхээр ирлээ. Бяцхан хэмжээний тарьсан байгаа ч шавь бэлтгэх энэ ажил руу 40 нэлээн гараад орох бодол байна.
-Уран бүтээлчийн хувьд тавьсан дараагийн зорилго юу вэ?
-“Ulzii world” төслийнхөө хүрээнд энэ хөгжмийг дэлхий нийтэд таниулахаар ажиллаж байна. Дубай, Катар, Кувейт, Солонгос, Герман зэрэг улсуудад хөгжмөө дүрсжүүлсэн. Цаашид мөн өөр улсуудаар явж, төслөө өргөжүүлэх зорилготой. Хөгжмийн боловсрол гэдэг хүнд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг. Бухимдал ихтэй энэ нийгэмд хүн бүрийг хөгжмийн боловсрол эзэмш гэж хэлэхгүй. Харин сонсдог, сонирхдог, тодорхой хэмжээний мэдлэгтэй байгаасай гэж хүсдэг. Ирээдүйд ямар ч мэргэжилтэй хүн болсон, хаана ч очсон хөгжмийн бүтээл хүлээж авах чадвартай, ёс зүйтэй иргэн бэлтгэх хэрэгтэй гэж боддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0