Түмний хүүхдийн эрх "Түрээсийн сургууль"-д зөрчигдөж байна

Ангийн хаалгаар ороход өөдөөс харсан ганц цонх. Цонхны цаана айлын тагт харагдана. Самбарын хажууд багшийн ширээ, үргэлжлээд шахуу сурагчдын ширээ. Салаа хооронд ганц алхам зайтай. Гуравдугаар салааны дунд том баганатай учир ард нь суух сурагчид самбараа харж чадахгүй. Тиймээс ширээгээ нааш шахаж хоёрдугаар салааны хүүхдүүдтэй зэрэгцээд шахуу сууна. Саун мэт бүгчим, агааржуулалтгүй орчинд багш, хүүхдүүд нийлсэн 40 хүн хичээллэж байна.
Ганцхан цонхтой жижигхэн өрөөнд хичээллэж буй энэ анги бол 16 дугаар сургуулийн 6ё бүлэг. Өглөө 08.00 цагаас хичээл эхэлж өдөр 14.00 цагтай уралдаж тарна. Өдөрт 6-8 цагийн хичээлтэй. Тэд өдөр бүр бусад ангиасаа хоёр цагаар илүү хичээллэдэг. Учир нь хавар бага ангиа амжилттай төгссөн хүүхдүүд шалгалт өгч Байгалийн ухааны сонгоны ангид элссэн нь энэ.
Гэвч анги танхим хүрэлцээгүйн улмаас зургаадугаар ангийн найман бүлэг 16 дугаар сургуулиас 500 метрийн зайд түрээсийн байранд хоёр ээлжээр хичээллэх болжээ.
Бусад ангиуд нь хэдий 2-3 цонхтой ч маш жижиг. Хүүхдүүд мөр мөрөө түших нь холгүй зайд сууж хичээллэж байна.
Бид 16 дугаар сургуулийн түрээсэлж буй байранд суралцаж буй зургаадугаар ангийн сурагчидтай уулзахад “Анги ганцхан цонхтой болохоор маш бүгчим байдаг, эцэг эхчүүд нь хоёр агаар цэвэршүүлэгч тавьж өгсөн ч нэг их нөлөөлдөггүй. Тийм болохоор 2-3 дугаар цагаас эхлээд дотор муухай оргиж, бөөлжис цутган,  толгой их өвддөг. Багшдаа хэлээд заримдаа хичээл дундуур гарч агаар амьсгалдаг. Завсарлагаанаар агааралдаг. Тоос шороо ихтэй учраас хамар битүүрч, харшил хөдөлж, ханиад амархан хүрдэг. Цонхоо онгойлгохоор хажуу айлаас чимээ шуугиан их байна гэж уурлахаар нь цонхоо хаачихдаг. Тэгэхээр бүр хэцүү болдог” гэж ярьж байлаа.
16 дугаар сургуулийн зургаадугаар ангийнхан сургуулиасаа 500 метрийн зайд түрээсийн байранд хичээллэж байна. 
Монгол Улсад ЕБС-ийн сургалтад хэрэглэгдэх ширээ, сандлын хэмжээ MNS 6582: 2016 стандартад сурагчдын ширээ, сандлыг зургаан ангиллаар үйлдвэрлэж, сургуулиуд сурагчдын өндрийг харгалзан улбар шар, хөх ялгаан, шар, улаан, ногоон, цэнхэр гэсэн зургаан өнгийн таних тэмдгийг хэрэглэнэ гэж заасан.
Гэтэл хичээл эхлэхийн өмнөхөн 11 дүгээр сургуулийн агуулахаас акталсан хэрэглэхгүй болсон ширээ сандлыг багш нар нь очиж авчран эцэг эх, сурагчидтайгаа хамтран цэвэрлэж тавьжээ. Хөл гараа урчихмаар урагдаж, эвдэрсэн ширээ сандал хүүхдүүд хэрэглэж байна.
Ийм анги танхимд хичээллэж байгаад сурагчдын эцэг, эхчүүд бухимдалтай байна.
"Охин маань толгой нь байнга өвдөх болсон. Өдөр бүр хамраас нь цус гарч байна. Одоо цаг агаар харьцангуй дулаан байна. Өвөл болохоор биеийн тамирын хичээл нөгөө сургуулийн зааланд орно. Хүүхдүүд хөлстэй, нимгэн хувцастай, энгэр задгай, толгой нүцгэн гүйлдэж өвдөхвий гэдгээс санаа зовж байна" гэж нэгэн аав ярьсан юм.
Тэгвэл энэ түрээсийн байранд хичээллэж байгаа сурагчид стандартад нийцэх нь байтугай эвгүй хөдөлбөл эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болохуйц ширээ сандал хэрэглэж байна.
Энэ түрээсийн байранд хичээллэж байгаа сурагчид стандартад нийцэх нь байтугай эвгүй хөдөлбөл эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болохуйц ширээ сандал хэрэглэж байна. 
39-42 хүүхэдтэй зургаадугаар ангийн найман бүлгийн 280 орчим сурагчийн дунд хоёр ариун цэврийн өрөө байна. Гэхдээ хөвгүүдийн ариун цэврийн өрөө нь хаалгагүй. Өсвөр насны хүүхдүүд яаж бусдынхаа нүдэн дээр бие засах билээ дээ. Таван минутын завсарлагаанаар ариун цэврийн өрөөнд орохын тулд багагүй тэвчээр шаардана.
Энэ мэтчилэн эрүүл, аюулгүй орчинд сурч, хөгжих, хамгаалагдах тэгш боломж болон хүний эрхийн наад захын шаардлага нөхцөлийг хангахгүй орчинд суралцах гэж сурагчид нь хичээн, сургах гэж багш нар нь зүтгэж байгаа дүр зураг Улаанбаатар хотын төв цэгээс хоёрхон км зайд байх юм.
39-42 хүүхэдтэй зургаадугаар ангийн найман бүлгийн 280 орчим сурагчийн дунд хоёр ариун цэврийн өрөө байна. Гэхдээ хөвгүүдийн ариун цэврийн өрөө нь хаалгагүй. 
Энд дэлхийн жишиг, олон улсын стандарт, боловсролын хөгжил дэвшил ярих гэсэнгүй. Харин агааргүй ангид удаан сууснаар толгой нь өвдөж, дотор нь муухайрч, ухаан алдаж унахгүй шиг хичээлдээ суух тухай, олон хүүхдийн амьсгалаар дамжин ханиад хатгаа тусчихгүй, харшил нь сэдэрчихгүй суралцах тухай л яриа байна.
Багш нар ч хичээлийн 40 минутад хичээл заахад толгой өвдөх, амьсгал давчдах, зүрх дэлсэх зэргээр агааргүй орчин хэцүү байгаа төдийгүй хоёр сургуулийн хооронд явж хичээл заах нь хичээлийн цагаас хумслах зэргээр асуудал мундахгүй байгааг хэлнэ лээ.
 

Ш.Лхагваа: Сургуульгүй хотхоныг хүлээж авдаггүй байх хэрэгтэй

 
Энэ талаар 16 дугаар сургуулийн захирал Ш.Лхагваагаас тодрууллаа.
 
-Танай сургууль 920 хүүхдийн хүчин чадалтай. Гэвч өнөөдрийн байдлаар 2800 гаруй хүүхэд суралцаж байгаа гэсэн үү?
-Тиймээ. Нэг анги 37-52 хүүхэдтэй. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл орчимд орон сууц их баригдаж байгаа учраас шилжилт хөдөлгөөн сүүлийн таван жил эрчимтэй нэмэгдсэн. Цаашдаа ч өсөх төлөвтэй байна.
Тодруулбал, нэгдүгээр ангийн зургаан бүлэг авдаг. Энэ хүүхдүүд маань тавдугаар ангиа төгсөөд зургаадугаар ангид орох жил мөн л хүүхдийн тоо эрс нэмэгддэг. Учир нь 131 дүгээр бага сургуулийн тавдугаар ангийн хоёр бүлгийг манай сургууль хүлээн авдаг. Ингээд зургаадугаар анги маань найман бүлэгтэй болсон.
Бид гурван ээлжээр хичээллэдэг болохгүйн тулд чадах бүхнээ хийж анги танхимаа янзалж, аргалж явсаар энэ жил аргагүй эрхэнд байр түрээсэлж зургаадугаар ангиудаа оруулаад байна. Одоо бид ариун цэврийн өрөөгөө л анги болгохгүй юм бол өөр ямар ч аргагүй байдалд хүрлээ. Хамгийн сүүлд бид дөрвөн жижиг ангийг нийлүүлж хоёр танхим болгоод бага ангиудаа хичээллүүлж байна. Дунд ангийн сурагчдыг урлаг зааландаа нийлүүлж хичээллүүлж байна. Мөн цахим, танхим хослуулан хичээл орж, аргацааж байна. Ийм байхад кабинетын асуудлыг мөрөөдөх ч эрхгүй байна. Ямар ч кабинетгүй, эмчийн өрөө, менежерүүдийн өрөөгүй үйл ажиллагаа явуулж байна.
-Түрээсийн байранд хичээллэж буй зургаадугаар ангийн хүүхдүүд шаардлага хангахгүй ангид хичээллэж байна. Яагаад ийм байр түрээслэх болов?
-Түрээсийн байранд зургаадугаар ангийн найман бүлэг хичээллэж байгаа. Нэг анги 45 хүүхэдтэй гэж тооцоод 280 хүүхэд байхаар тооцоолж, хувийн эзэмшлийн байрыг түрээслэх саналын Нийслэлийн боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн. Ажлын хэсэг ирж үзээд анги танхимын зориулалтаар янзлан хичээллэвэл болно гэсэн дүгнэлт гаргасан. Ингээд гэрээгээ хийсэн.
"Анги нь ганцхан цонхтой болохоор маш бүгчим байдаг. Цонхоо онгойлгохоор хажуу айлаас чимээ шуугиан их байна гэж уурлахаар нь цонхоо хаачихдаг"
Түрээслүүлж байгаа компанийн хувьд хана барих, ариун цэврийн өрөө зэргийг шинээр хийж чадахаараа тохижуулж өгсөн. Гэхдээ сургалтын зориулалтаар баригдаагүй барилга учраас ганцхан цонхтой танхимд нэг ангиа оруулсан. Тэр ангид хүүхэд өдөржин сууж хичээллэх нь битгий хэл ороод гарч буй багш бидэнд ч нүд халтирам байдаг. Байрныхаа хэмжээнд тааруулж хүүхдийнхээ тоог цөөлбөл 5-5-ийн зарчмаар хичээллэхээр байгаа юм. Тодруулбал, таван өдөр сургууль дээрээ, таван өдөр гэртээ буюу цахимаар хичээллэнэ. 40 хүүхэдтэй ангийг 20-оор нь хоёр анги болгон хувааж, долоо хоногоор ээлжлэн танхимаар хичээллүүлэхээс өөр аргагүй байна.
-Танай сургууль өргөтгөл барих хүсэлт өгсөн үү. Ямар арга зам байна вэ?
-Манай сургуулийн хойно өргөтгөл барих боломжтой сул талбай бий. Гэтэл тэр газраа судлуулахад шинээр баригдсан барилгуудын шугам газар доогуур нь явдаг  учир маш их мөнгө орох юм билээ. Ингээд бид өргөтгөл барих боломжгүй болсон.
Бид өмнө нь Хангай хотхонтой залгаа байсан бол одоо дахиад нэг өөр хотхон нэмэгдэж байна. Тэгэхээр удахгүй энэ хорооллын хүүхдүүдийн сургуулийн асуудал үүснэ. Тиймээс хороолол барьж байгаа бол сургууль барьдаг байхыг шаардмаар байна. Шинэ орон сууцуудыг улсын комисс хүлээж авахдаа сургууль, цэцэрлэгийг давхар шийддэг болгох хэрэгтэй. Үгүй бол хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөл, багш ажилчдын ажлын ачаалал зэрэг олон асуудал бий болж байна. Сүүлдээ ачаалал ихтэйгээс үүдэж ажиллах хүн олдохгүй байна шүү дээ.
 

Сургуулийн байр түрээслэх түр журам байдаггүй

 
Улаанбаатар хотод нийтдээ 306 сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс бага сургууль 38, дунд сургууль зургаа, ахлах сургууль 257, цогцолбор сургууль тав,  Засгийн газрын хоорондын гэрээний дагуу байгуулагдсан сургууль хоёр байна.
Гэхдээ эдгээр сургууль улаанбаатарчуудын хэрэгцээг хангаж хүчрэхгүй байна.
Нийслэлийн Боловсролын газрын судалгаагаар 2024-2025 оны хичээлийн жилд нийслэлд ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23188 суралцагч гурван ээлжид хичээллэх нөхцөл байдал үүсэж байна.
Гурван ээлжээр хичээллэхэд оройн ангийн тарах цаг оройтож хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсэхээс гадна хичээл даалгавраа хийх цаг байхгүй, оройтож унтсанаар өсөлт хөгжилд нь сөрөг нөлөөтэй гэдгийг бид олон жил ярьсаар байна.
Харин гурван ээлжээр хичээллэхгүй гэвэл сургуулийнхаа ойрхон байр түрээслэхээс өөр аргагүй. 2022 оны есдүгээр сараас эхлэн гурван ээлжээр хичээллэж буй сургуулиуд байр түрээсэлж эхэлжээ.
2024-2025 оны хичээлийн жил нийслэлийн хэмжээнд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй 30 сургууль байна. Эдгээр 30 сургуулийн 493 бүлгийн 17575 хүүхэд түрээсийн байранд суралцаж байна. Түрээсийн байрны зардалд улсын төсвөөс 8.7 тэрбум төгрөг зарцуулжээ.
Түрээсийн байр нь анхнаасаа сургуулийн зориулалтаар баригдаагүй барилгууд байдгаас хүүхдийн суралцах, хөгжих анхан шатны хэрэгцээ шаардлагыг хангахгүйн дээр түрээслэх байрны хүрэлцээ олдоц ховор байна.
Бас нэг жишээ гэвэл, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйн улмаас бага ангийн сурагчид 2024-2025 оны хичээлийн жилд түрээсийн байранд хичээллэхээр болсон. Тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил 85 хувьтай байгаа ч 2022 оноос санхүүжилтийн асуудлаас болж бүтээн байгуулалтын ажил зогссон байна. Барилгын ажлыг үргэлжлүүлж бүрэн ашиглалтад оруулахын тулд нэмэлт санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд оруулахаар болсон бөгөөд Нийслэлийн удирдлагууд тус сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлэн аравдугаар сард ашиглалтад оруулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Гэвч тус сургуулийн барилга ашиглалтад ороогүй хэвээр байна. Тиймээс сурагчдын эцэг, эхчүүд түрээсийн байрыг голж, түрээсийн үйлчилгээг зогсоогоод байгаа аж.
Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын санхүүгийн ахлах мэргэжилтэн Э.Буянжаргал хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар 62 дугаар сургуулийн эцэг эхчүүд одоо байгаа түрээсийн байранд хүүхдүүдээ хичээллүүлэхгүй гээд үйл ажиллагааг нь зогсоосон. Түрээсийн байрыг анх Боловсрол шинжлэх ухааны сайдын “Цэцэрлэгийн түр журам”-ын дагуу сонгодог. Учир нь сургуулийн түр журам гэж  батлагдаагүй. Тус журамд заасны дагуу мэргэжлийн хяналтын газар болон Онцгой байдлын газар, барилгын инженер зэрэг холбогдох хүмүүсийг багтаан ажлын хэсэг байгуулдаг. Харин нөгөө талаас сургуулийн захиргаа байр түрээслэх хүсэлт гаргасны дагуу тус байртай нь ажлын хэсэг танилцан, шаардлага хангаж байвал түрээсэлдэг. Ингэхдээ хэд хэдэн шалгуурыг хардаг. Тодруулбал, тусдаа орц гарцтай эсэх, цонхоор нь нар тусдаг эсэхийг нь хардаг.
Гэхдээ ЕБС-ийн сургуульд тавьдаг шаардлагыг түрээсийн байранд тавих юм бол стандартын шаардлага хангах нэг ч газар байхгүй. Учир нь сургуулийн орчноор тохижуулсан байр байхгүй. Мөн бидний түрээсийн үнэ м.кв нь дунджаар 45 мянган төгрөг байдаг. Энэ нь ашиглалтын болон засварын зардал багтсан үнэ. Тиймээс бидэнд түрээсэлж буй газрууд их засвар хийх юм бол түрээсийн үнэ нь нэмэгдэх учир бидний хүссэнээр засвар хийдэггүй. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд сурч болохоор болгож л засаж өгдөг гэсэн үг” гэсэн юм.
 

Хотод хэрэгтэй сургууль хөдөөд сүндэрлэсээр байна

 
Үр хүүхдэдээ сайн боловсрол олгохын тулд нийслэлийг зорин шилжин ирж буй эцэг эхчүүд олон. Гэтэл төрийн ордноос хойш хоёрхон км зайд байрлах төвийн сургуулиуд нь хүүхдээ багтааж шингээхгүй болж, түрээсийн байранд ямар хэцүү нөхцөлд хичээллэж буйг 16 дугаар сургуулийн жишээнээс харж байна. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж буй бусад 29 сургууль ч ялгаагүй шахуу нөхцөл байдалд байгаа.
Тэгвэл хөдөө орон нутагт анги танхим хүрэлцээтэй төдийгүй, сургалтын хэрэглэгдэхүүнээрээ хотын хүүхдүүдээс дутахааргүй болж буй сумын сургууль олон болжээ.
Тэдний нэг бол Улаанбаатар хотоос 300 гаруй км-ийн зайд орших Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Ерөнхий боловсролын сургууль. 360 гаруй хүүхэд сурдаг. Бага ангийн нэг ангид 29-38, дунд ангид 21-25 хүүхэд сурдаг байна. Газарзүй, Биологи, Англи хэл, Хими зэрэг хичээлүүд төрөлжсөн танхим, иж бүрэн тоног төхөөрөмжтэй. Урлаг заал, спорт заал нь стандартын шаардлага хангасан тоноглогдсон. Анги бүр ухаалаг самбар, 65 инч-ийн зурагттай. Энэ сургууль хүүхдийг сурч хөгжих бүх боломжоор хангажээ.
Энэ талаар Даланжаргалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Б.Болор-Эрдэнэ ярихдаа “Манай сургуулийн 100 жилийн ой энэ зун болж өнгөрсөн. Энэ хүрээнд бид анги танхимаа засварлаж, тохижуулсан. Тухайлбал, ариун цэврийн өрөөний тохижилтыг шинэчилсэн. Мөн бүх танхимууд ухаалаг самбар, зурагт, иж бүрэн төхөөрөмжтэй. “Personal” хөтөлбөрийн хүрээнд англи хэлний кабинетыг тохижуулж, 40 ширхэг таблет, өндөр хурдны интернэттэй болсон. Бүх багш нарыг I7 нөүтбүүкээр ханган ажиллаж байна” гэсэн юм.
Ер нь аймаг, сумын сургуулиуд хүүхдийн хүчин чадал багатай, нөөц боломж ихтэй байдгийг нэг жишээ энэ юм. Гэсэн ч тус суманд шинээр сургууль барих тухай яригдаж эхэлсэн байна.
Энэ мэтчилэн Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн асуудал "улаан гэрэл" асаачхаад байхад хөдөө орон нутаг, сумдад шаардлагагүй шинэ сургууль баригдсаар байгаа нь хачирхалтай.
Сүүлийн гурван жилд буюу 2021-2023 онд орон нутагт 17270 суудлын хүчин чадал бүхий 46 сургууль шинээр баригджээ.
Харин энэ хугацаанд нийслэлд 13 төсөл хэрэгжиж, таван сургууль баригдсан гэх тоог салбар яамнаас өгсөн юм.
Ширэнгэн ой мэт болсон энэ хотод сургууль, цэцэрлэг барих болохоор алга дарам ч газар олддоггүй. Гэтэл хувийн компаниуд 12-16 давхар орон сууц, хотхон хорооллыг жилийн дотор л сүндэрлүүлж байна. Тэнд ч айл амьдарч, хүүхэд өснө. Гэтэл сурах сургууль байхгүй.
Зарим сургууль арай гэж олдсон газартаа өргөтгөлөө бариулахаар хөөцөлдөн төсөв батлуулдаг ч барилга нь босдоггүй жишээ бол Тавдугаар сургууль юм. Тэдний өргөтгөлийн барилга ашиглалтад оролгүй зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм.
Энэ мэтчилэн Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын сурах эрх зөрчигдсөөр байна. Одоо бидэнд ямар гарц байна вэ.
Тэгвэл сургуулийн асуудлыг шийдсэн сайн жишээ бий. Содон хороолол 4000 айлын орон сууц барьж хотхон дотроо 640 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оруулсан. Ингэснээр тус хотхоны хүүхдүүд гурван ээлжээр эсвэл түрээсийн байранд хичээллэх шаардлагагүй болсон юм.
Үүн шиг шинээр баригдаж буй орон сууцны хотхон, хорооллыг сургууль, цэцэрлэгтэй барих стандарттай болгоё.
Мөн жил бүр 30 сургуулийн түрээсийн төлбөрт 8.7 тэрбум төгрөг өгч асуудлыг аргацааж байснаас энэ мөнгөөрөө ядаж жилд хоёр сургууль шинээр барьж, ашиглалтад оруулснаар энэ асуудлыг бүрэн шийдэж болох юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0