Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Автомашингүй өдөр-2024” арга хэмжээг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Энэ өдрийг 1500 орчим хотод тэмдэглэдэг бөгөөд манай улсад 12 дахь жилдээ боллоо. Төв талбайд нийслэлийн Эрүүл мэндийн газар болон Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүллээ. Урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд боллоо. Автомашингүй өдрөөр автомашины хэрэглээнээс татгалзаж, автомашинаас бусад тээврийн хэрэгслийг сонгох буюу нийтийн тээвэр, унадаг дугуй, явган алхалтыг дэмжихэд олон нийтийг ийнхүү уриалсан юм. Энэ жилийн арга хэмжээний онцлог нь Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа “Экомобилити” аяныг тодотгон дэмжсэн билээ.
Автомашингүй өдрөөр зам хаасан Улаанбаатар хотын төвийн бүсийн 310 цэгт 360 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэсэн. Тодруулбал, хойд чиглэлд СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урд талдаа “Шангрила”-гийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, зүүн талдаа “Өгөөж”-ийн уулзвар, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр өмнөх жилүүдтэй адил түвшинд хөдөлгөөнийг түр хязгаарлаад байсан юм. Тус авто замуудыг 18:00 цагт нээлээ.
Тодруулбал, автомашингүй өдрөөр хаасан дараах гудамж, авто замуудын автомашины хөдөлгөөнийг нээлээ.
- Д.Сүхбаатарын гудамж,
- Их сургуулийн гудамж,
- Сөүлийн гудамж,
- Партизаны гудамж,
- Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар,
- Төмөрчний гудамж,
- Гэсэр сүмийн уулзвар,
- Самбуугийн гудамж,
- Анкарагийн гудамж,
- Бага тойруу,
- Бээжингийн гудамж,
- Токиогийн гудамж,
- Залуучуудын гудамж,
- Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар,
- Чагдаржавын гудамж,
- Элчингийн гудамж,
- Олимпийн гудамж,
- Гэндэнгийн гудамж,
- Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)