“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ энэ сарын 21-ний бямба гарагт болно. Энэ удаагийн арга хэмжээг зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор зохион байгуулж байна. Өнөөдөр арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашингүй өдөр зохион байгуулах ажлын хэсгийг томилж, бэлтгэл ажлыг хангаж байна. Автомашингүй өдрийг 1500 орчим хотод 100 орчим сая хүнийг оролцуулан тэмдэглэдэг. Манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Дэлхийн автомашингүй өдөр есдүгээр сарын 22-нд тохиодог. Улаанбаатар хотын хувьд энэ бямба гарагт зохион байгуулах юм. Арга хэмжээний үндсэн зорилго нь автомашины хэрэглээнээс татгалзах, автомашинаас бусад тээврийн хэрэгслийг сонгох буюу нийтийн тээвэр, унадаг дугуй, явган алхалтыг дэмжихэд олон нийтийг уриалах юм. Энэ жилийн арга хэмжээний онцлог нь Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа “Экомобилити” аяныг тодотгон дэмжиж байна. Ингэхдээ төвийн байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. 20 зах, худалдааны төвийг амраана. Сүхбаатарын талбайд болох нэгдсэн арга хэмжээгээр иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн, бусад арга хэмжээ болно. Мөн төвийн зургаан дүүргээс асар барьж үйл ажиллагаагаа явуулна” гэлээ.
Зам хааж байгаа 310 цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана
Өглөөний 07:00 цагаас оройны 18:00 цагийн хооронд дараах авто замуудыг хаана. Хойд чиглэлдээ СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урд талдаа “Шангрила”-гийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, зүүн талдаа “Өгөөж”-ийн уулзвар, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр өмнөх жилүүдтэй адилхан түвшинд хөдөлгөөнийг түр хязгаарлаж, цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллана. Зам хааж байгаа 310 орчим цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана. Дээрх нэршил бүхий байршил дотор тээврийн хэрэгсэл зорчихгүй гэсэн үг. Тухайн байршилд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн журмыг дагана гэдгийг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат хэлж байв.
Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Явганаар хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг гэмтээхгүйн тулд эдгээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй.
Дөрвөн байршилд авто зам шинэчилнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Нийслэлийн Замын хөгжлийн газраас дөрвөн байршилд авто замын ажил хийж байгаа. Нарны замын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлын хүрээнд Паркын баруун уулзвараас Урбанекийн уулзвар хүртэл 650 метр замын урд хэсгийг автомашингүй өдөр хааж, хучилтын ажил хийнэ. Энэ сарын 22-ны өдөр нь хойд хэсгийг хэсэгчилж хааж, хөдөлгөөнийг сэлгэж хэвийн явуулна. Наадамчдын замд 550 метр газарт засвар шинэчлэлийн ажлыг саадгүй хийнэ. Нисэхийн Аюулгүйн тойргоос урагш Архивын ерөнхий газар хүртэл 1.7 км авто замыг хэсэгчилж хааж замын ажил хийнэ. ТБД андуудаас Өгөөжийн уулзвар хүртэлх замыг 21-23-нд хэсэгчлэн хааж засвар шинэчлэлийн ажлыг хийнэ” гэв.
Автомашингүй өдрөөр 41 чиглэлийн 345 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орно
Нийслэлийн Тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Автомашингүй өдрөөр Зүүн 4 замаас Баруун 4 зам хооронд, Энхтайвны өргөн чөлөө, Бага тойруу гэсэн авто замуудаар дайран өнгөрөх бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулж байгаа. Автомашингүй өдөр урдаас хойш болон хойноос урагш явж байгаа тээврийн хэрэгслүүдийг Их тойруугаар тойруулах, Сүхбаатарын талбай болон Бага тойруугаар эргэлт хийж байгаа тээврийн хэрэгсэл бүгд богино эргэлтээр хөдөлгөөнд оролцоно. Нийт 41 чиглэлийн 345 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулахаар маршрутыг төлөвлөсөн. Маршрутад өөрчлөлт оруулсан ч амралтын өдөр ажилладаг 945 тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй учир иргэд саадгүй зорчих боломжтой” гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)