УДЭТ-ын тайзнаа наймдугаар сарын 18-аас эхлэн өдөр бүр 18 цагаас Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол, найруулагч Б.Баатарын бүтээл “Тамгагүй төр” жүжгийг Английн театрт тоглосон хувилбараар дахин толилуулахаар болжээ. Энэхүү бүтээл нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-нд Их Британийн Лондон хотын театрт “The Mongol Khan” нэртэйгээр нээлтээ хийж, арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал тус театрт тавигдсан юм. 120 жилийн түүхтэй энэхүү театрт дэлхийн шилдэг хамтлаг, уран бүтээлчид, сонгодог болон орчин үеийн дуурь, бүжиг, жүжиг толилуулдаг бөгөөд 2300 гаруй хүний суудалтай аж. Тус театрын цахим хуудаст Монгол улсын тэргүүлэх театр эртний Монголын соёлыг харуулсан жүжгийг 70 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэйгээр Британи улсад анх удаа хүрэлцэн ирж тоглох гэж байна. Энэ нь Монгол улсаар аялахыг хүсэгчдэд Монголын түүх, соёл урлагтай танилцах боломж олгож буйг онцлон дурдаж байжээ. Лондон хотод тоглосон уг жүжгийг 40 мянга гаруй хүн үзэж сонирхсон нь урлаг судлаач, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Энэ үйл явдал нь Монгол Улсын засгийн газрын “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжих бодлогын хүрээнд Монгол туургатны өв соёлыг дэлхий дахинаа таниулан сурталчилсан хэрэг болсон. Тэгвэл Их Британийн гурван театраас “Тамгагүй төр” жүжгийг дахин тоглуулах урилга ирүүлсэн бөгөөд жил бүрийн есдүгээр сард “Mongol Khan” жүжгийг Англид тоглох төлөвтэй байгаа ажээ. Түүнчлэн Сингапур, Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хот зэрэг булангийн орнуудаас ч урилга хүлээн авсан билээ. Улмаар жүжгийг аравдугаар сараас дөрвөн долоо хоногийн турш 30 удаа Сингапурын томоохон аялал жуулчлалын төв цогцолборт толилуулахаар болоод байгаа юм. Уг цогцолборт жилд 45 сая хүн зочилдог билээ. Харин эх орондоо дахин тоглох жүжгийн тасалбарын үнэ суудлаасаа хамааран 50 мянган төгрөгөөс 180 мянган төгрөгийн үнэтэй байна. Жүжгийг өмнө нь Улаанбаатар хотод 152 удаа толилуулж 85 мянган үзэгчдэд хүргэн таван тэрбум төгрөгийн орлого олсон байдаг.
ЭХ сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)