Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн баруун талд багш, ажилчдын орон сууц, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай цэцэрлэг, усан бассейн барихаар төлөвлөж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.
Тэрбээр “Багш, ажилчид сургуультайгаа ойр байранд байснаар түгжрэлээс ангид байж цагийн менежмент, ажил төлөвлөлт нь илүү сайжрах учиртай. Уг байршилд 11 айлтай зөвшилцөлд хүрч чадвал ирэх оноос газар чөлөөлөлтийг эхлүүлнэ. Ингэснээр тухайн дүүргийн 2, 3, 4, 26, 34, 35, 36 дугаар хороо, Толгойт орчмын хүүхдүүд хоёр настайгаасаа эхлэн ерөнхий боловсролын сургуулиа төгстлөө гүнзгийрүүлсэн сургалттай хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байгаа юм” гэв.
Тэрчлэн тус дүүргийн 24, 25, 40, 41 дүгээр хороо, Баянхошуу орчмын сургуулиудад кембрижийн хөтөлбөр хэдийн хэрэгжиж эхэлсэн. Мөн 1, 20, 33 дугаар хороо орчимд хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулахаар БНХАУ-ын талтай зөвшилцөөд буй. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн бүс болгон гүнзгийрүүлсэн сургалттай, чанартай боловсролыг олгох боломжтой болно гэдгийг мөн тодотгож байлаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл (0)