Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил 94 хувьтай үргэлжилж байна

Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил 94 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-нд бүрэн дуусна. Уг ажилд нийгмийн хариуцлагын хүрээнд долоон ААН оролцож байгаа юм. Харин гэрээтээр 24 ААН Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэж байна. Өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан нар ХУД-ийн 4 дүгээр хороо Яармагийн түр гүүр орчимд ажиллалаа.
Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Яармагийн түр гүүрийг ААН-үүд нийлж, 60 орчим сая төгрөгөөр барьсан. Үүнийг албажуулна гэж байсан ч стандартын бус түр гүүр учраас боломжгүй юм. Энэ зуны болон өнгөрсөн зуны борооноор түр гүүрийг сэтэлсэн боловч буцаагаад өөрсдөө хучаад, засварладаг.  Үүнээс болж ахуйн хог хаягдал түр гүүрэн доор бөөгнөрч, голын усыг  боож байна. Дунд голыг цэвэрлэж байгаа энэ үед эрсдэл үүсгэж байгаа байршил нь энэ түр гүүр юм. Гүүрийг нураах албан бичгийг нийслэлийн Замын Хөгжлийн газар болон Хотын стандарт, Хяналтын газар руу өгсөн” гэлээ.
Ирэх долоо хоногт стандартын шаардлага хангахгүй байгаа энэ гүүрийг буулгаж, албан шаардлагыг аж ахуй нэгжүүдэд өгнө. Яармагийн шинэ гүүрийг бүрэн дуусгаж үүгээр явах замыг нээн, дулааны шугамыг голын урсац боохгүйгээр дээгүүр нь явуулахаар зөвшилцөнө гэдгийг НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул хэлж байв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0