Хоол идсэний дараа цээж гашуун оргиж, улаан хоолойд таагүй мэдрэмж төрөх, зүрхээр өвдөхийг тоохгүй өнгөрөөж болохгүй. Хэрэв удвал хүсээгүй олон төрлийн өвчлөлд хүргэж болзошгүй тул юунаас болсныг нь олж тогтоох хэрэгтэй. Бид танд энэ зовиурын шалтгаан болон хэрхэн салах аргыг зөвлөхөөр бэлдлээ.
1. Яагаад цээж хорсдог вэ?
Энэ зовиур нь ходоодны хүчил ихсэж, ходоодонд орсон хоол зөв шингэж чадахгүйн улмаас буцаж гулгин гашуун шингэн улаан хоолой болон, амны залгиур хэсэгт мэдэгдэхийг хэлдэг. Энгийнээр хэлбэл, ходоодны амсар хаагдахаа больж ходоодонд байгаа хоол, хүчилтэй хамт дээшээ гарахыг хэлдэг. Буруу хооллосноос болоод ийм таагүй мэдрэмж төрөх нь ч байдаг.
Энэ мэдрэмж удвал зүрх болон улаан хоолойгоор халуу оргиж өвчин намдаах эсвэл хоол шингээх эм уухаас нааш намдахгүй хүндээр өвдөж эхэлдэг. Хэрэв та 7 хоногт 1 болон түүнээс олон удаа ингэж зовиурладаг бол ходоодны хорт хавдар, үрэвсэл, элэгний элдэв өвчнөөр өвчлөх магадлал энгийн хүнийхээс 6 дахин их байна гэсэн үг юм. Тиймээс эрт үед нь мэргэжлийн эмчид хандан оношолгоо хийлгэх нь зүйтэй.
2. Цээж хорсоход нөлөөлдөг гол шалтгаанууд:
1 удаагийн цээж хорсолтыг буруу хооллолтоос үүссэн гэж бодож болох ч байнгын давтамжтай байх нь таны буруу амьдралын хэв маягаас шалтгаалсан байх магадлалтай. Үүнд:
- Эрүүл бус хооллолт, хэт их халуун ногоо хэрэглэх, хийжүүлсэн ундаа, амттан идэх, цитрусын төрлийн жимс их хэрэглэх, помидор их идэх
- Хэт их, огцом идэх
- Архи, тамхи: Тамхины никотин нь булчингийн сулрал үүсгэж ходоодны булчингийн үйл ажиллагаанд нөлөөлөн амсар нь хаагдахаа больдог. Согтууруулах ундаа нь булчинг сулруулж, пиво болон оргилуун дарсанд агуулагдах хий нь ходоодыг тавгүйтүүлж, цээж хорсох мэдрэмж төрүүлдэг.
- Стресс, сэтгэл хямралын үед: Ялангуяа ажлын байнгын дарамт, хүсээгүй ажлаа олон цагаар хийж стрессэнд орох зэргээс үүдэн цээж хорсдог.
- Өвчин болон антибиотикийн хэрэглээний үед ходоод үрэвссэн эсвэл шархалсан бол
- Жирэмсний үеүүдэд гормоны тэнцвэргүй байдлаас болж
3. Гэрийн аргаар энэ зовиураас салах аргууд:
Дараах гэрийн аргаар бэлдэх шүүс, ундааг хэрэглэж зовиураасаа салах боломжтой.
- Улаан лууван, өргөст хэмх, зэрлэг цагаан лууван буюу ридискний цэвэр шүүс нь ходоодны хүчлийг тэнцвэржүүлдэг
- Цагаан гаа болон балжингарам цэцгийн цай: Энэ цай нь дотор муухайрах үед болон цээж гашуун оргилтыг сайн дардаг. Цайг бэлтгэхдээ, 1 цайны халбага, үрж жижиглэсэн цагаан гаан дээр 1 аяга халуун ус хийж, хатаасан цэцгийн хандаа дээр нь хийгээд 10 минут хандална. Энэ цайгаа өдөрт 1 удаа өдрийн хоолны дараа ууна.
- Өвчнөө хурдан намдаахыг хүсвэл, 1 цайны халбага хүнсний содыг 1 аяга халуун бүлээн усанд хийж хутгаад, бага багаар оочилж ууна
- Зөгийн бал болон зуун наст: Хөргөгчинд 3 хоног хийж хөлдөөсөн зуун настын 3 навчны зөөлөн эдийг, 3 халбага зөгийн балтай холигчоор хольж хэрэглэнэ.
- Алмонд самар: 10-20 ширхэг самрыг маш удаан зажилж, амандаа зөөлрүүлж идэх нь ходоодны хүчлийг тэнцвэржүүлж, тайвшруулдаг.
- Флаксийн үр: Тал аяга халуун усанд 1 цайны халбага флаксийн үр хийж усаа хөртөл нь хүлээгээд үрээ шүүж авна. Энэ үрээ бага багаар зажилж иднэ.
- Гоньдтой цай: 2 цайны халбага гоньдыг 1 аяга бүлээн усанд хийж хутгаад 10 минут хандлана. Хандаа бага багаар шимж өдрийн турш ууна.
- Сүү: Тослог багатай сүүг 1 аягыг шимж уух
- Төмсний шүүс: Хоолноос 30 минутын өмнө 2 халбага төмсний шүүс ууж түр зуурын өвдөлтийг намдааж болно.
4. Амьдралын зөв хэвшил:
Үүнээс гадна өөрийн өдөр тутмын амьдралдаа гаргадаг доорх алдаагаа засаарай.
- Биеийн ерөнхий байрлалдаа анхаарах: Хоол идснээс хойш 1-3 цагийн турш хэвтэхгүй байх. Ингэх нь ходоодны амсар нээгдэж, хүчлийг улаан хоолой руу гаргадаг. Үүний оронд тайван суух, алхах, аяга угаах гэх мэт хөнгөн хөдөлгөөн хийх хэрэгтэй.
- Хоолны хэмжээгээ тохируулах: Хоол идэхдээ 1-2 цагийн зайтай бага багаар идэх нь хоолны шингэцэд сайнаар нөлөөлдөг. Мөн хоол идэхдээ аль болох удаан зажилбал ходоод хоолыг боловсруулахдаа бага хүчил ялгаруулдаг.
- Хэт өндөр дэрэн дээр унтах.
- Бариу хувцаснаас татгалзах: Хэт бариу хөхний даруулга, гэдэсний даруулга, корсет, өмд зэрэг нь ходоодыг шахаж ийм зовиур төрүүлдэг.
- Ходоодны хүчлийг ихээр ялгаруулдаг кофе, халуун ногоотой хоол, шоколад, согтууруулах ундаа, сармис, сонгино, хэт хүчиллэг цай зэргийг хэрэглэхгүй байх.
5. Цээж хорсохоос хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Хэрвээ танд нэлээд хэдэн удаа цээж хорсох зовиур илэрч байсан бол дараах зөвлөмжийг дагаарай:
- Хийжүүлсэн ундааны найрлага дахь натрийн "бензоат" болон "калийн сорбат" нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул хэрэглэхээс татгалзах.
- Алкохолийн хэрэглээгээ хянах хэрэгтэй. Алкохоль болон жимсний холимог нь ходоод гэдэсний салст бүрхэвчинд маш муу нөлөө үзүүлдэг. Ялангуяа хүчиллэг ихтэй улаан дарс нь ходоодны хүчлийг ихэсгэдэг. Мөн шар айрган дахь хийн бөмбөлгүүд нь хэвлийн хэсэгт их хэмжээний даралт үзүүлж, ходоод гэдсэнд муугаар нөлөөлдөг.
- Тогтмол цагт хооллож байх: Өдөрт цөөн удаа, ихээр хооллох нь ходоодны хүчлийг нэмэгдүүлж, цээж хорсгодог.
- Чихэр, амттаны хэрэглээгээ хязгаарлах: Ходоодны хүчлийн хэмжээг ихэсгэхэд хүргэдэг хамгийн гол шалтгаан бол чихэр юм.
- Халуун ногоотой хоолноос татгалзах.
- Шарсан, хайрсан хоол идэхгүй байх: Энэ нь ходоодыг өвтгөөд зогсохгүй таныг таргалуулах болно. Тиймээс аль болох чанасан, жигнэсэн хоол хүнсийг хэрэглэж байгаарай.
- Гаа идсэний дараа цай уухгүй байх: Гаа нь биед сайн нөлөөтэй ч гэсэн ходоодны хүчлийн хэмжээг нэмэгдүүлж, цээж хорсоход хүргэдэг байна. Түүнчлэн хоол идсэний дараа шууд шингэн юм уух нь ходоодонд муугаар нөлөөдаг ажээ.
- С витамины хэт их хэрэглээг хязгаарлах.
- Удаанаар, зажилж идэх хэрэгтэй. Ингэх нь ходоод гэдсэнд сайнаар нөлөөлөөд зогсохгүй илүүдэл жинтэй болохоос сэргийлдэг байна.
- Өтгөн цай, кофе их идэхээс татгалзаарай.
Сэтгэгдэл (0)