УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор жил бүрийн тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдөр уламжлал болгон зохион байгуулагддаг “Номын баяр” өнөөдөр “Илүү их уншъя” уриан дор Жанжин Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
Ном бүтээлийг дээдэлж, бүх нийтээрээ уншдаг ард түмэн болох зорилгоор “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг жил бүрийн 5 болон 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхээр хуульчилсан бөгөөд “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагаа тавдугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.
Номын баяр бол зөвхөн ном худалдах биш, олон талын хамтын ажиллагаа өрнөдөг талбар бөгөөд 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр 60 гаруй шинэ оролцогч нэмэгдсэн бөгөөд уг баярыг дунджаар 250 мянган хүн зорин ирдэг.Үүнээс гадна жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Номын сайн нөхөр” анги хамт олон, сурагч, байгууллага, хэвлэх үйлдвэр шалгаруулах ёслол ч мөн болж, “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр хүүхэд багачуудыг мөн шагналаа. Хамгийн бяцхан “Номын сайн нөхөр”-өөр Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч М.Билигт шалгарлаа.
Сэтгэгдэл (0)