Аарц: Бидний уламжлалт хүнс болох аарц нь дархлаа сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой хүнс юм. Халуун аарц ууснаар биеийн дулаан нэмэгддэг.
Ингэснээр дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Халуун аарцанд шар тос нэмснээр А, Д, Е аминдэмээр баяжуулах боломжтой.
Долоогоно: Тамир тэнхээ сайжруулдаг. Цус төлжүүлдэг. Мөн ханиад томууны эхэн үед буцалгаад халуун бүлээнээр утаж хэрэглэж болно.
Долоогоно бол витамин С, хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн амин хүчил, төмөр, кальци агуулдаг аминдэмээр хамгийн баялаг жимс тул жимсний хаан гэгддэг юм. Дэлүүг эрүүлжүүлж, ходоодыг тэтгэн, хоол шингээлтийг сайжруулна.
Аньс: Аньсны навчинд халдвар эсэргүүцэх А, С аминдэмүүд ихээр агуулагддаг. Жимсэнд нь сахар ихтэй /12 хүртэл %/, органик хүчил /2.3 %/ байна. Аньсны навчийг цистит, бөөрний чулуу, үе мөчний ревматизм болон гүйлгэлтэд хэрэглэнэ. Хэрэглэхдээ 1 стакан буцалж буй усанд 1 цайны халбага хатааж, нунтагласан навч хийж, 30 минут хандлаад цайны халбагаар өдрийн 3-4 удаа ууна.
Мөн зүгээр буцалгаад байнга ууж байсан ч сайн. Ханиад томууны дэгдэлтийн үеэр ч энэ жимсний шүүс хамгийн сайн эмчилгээ болдог.
Адууны мах: Адууны мах нь хүнс тэжээлийн хувьд шим тэжээл гойд өндөр чанартай. Адууны мах нь уураг, өөхний зөв зохицолдоот харьцаатай, булчин мах нь харьцангуй нарийн ширхэгтэй (30-40 миллимикрон) төгс уураг бөгөөд үл орлогдох амин хүчлүүдээр баялаг. Өөх нь бүх булчинд жигд тархсан байдаг. Тосонд нь ханаагүй хүчлүүдийн агууламж 53-56 хувийг эзлэх бөгөөд үүнээс олон холбоот ханаагүй хүчлүүд 20-22 хувь эзэлдэг байна.
Адууны өөх нь холестерин агуулдаггүй, түүнийг бүрдүүлэгч олон ханаагүй тосны хүчил, тосонд уусдаг аминдэмүүд зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй.
Уламжлалт анагаах ухаанд адууны мах нь амтлаг амттай, бүлээн, халуун, хүнд, тослог чанартай. Бөөр, бэлхүүсний өвчинд тустай. Халуун чанартай тул царцдаггүй. Өөх нь загатнах болон үлдийг арилгана. Ясны шөл нь хий ядаргааг тайлж тамир тэнхээ оруулахаас гадна үе мөч, хууч өвчнийг анагааж, ханиад томууг дарж, дархлааг дэмжинэ. Кальци нь ясыг бэхжүүлдэг. Төмөр нь цусны эргэлтийг сайжруулж цус төлжүүлдэг.
Үхрийн мах: Монгол үхрийн мах нь булчин, уураг бараг тэнцүү, ус, тосонд уусдаг олон төрлийн аминдэм, эрдэс бодис нь хүний бие махбодын хэрэгцээг бүрэн хангаж чадах хэмжээгээр агуулагддаг. Уламжлалт анагаах ухаанд үхрийн мах нь амтлаг амттай, хуучирсан нь бүлээн, тослог чанартай. Тамирыг төлжүүлж, хижиг ханиадыг дарах, шимжүүлэхэд хэрэглэдэг.
Шинэ мах нь сэрүүн, тослог чанартай. Хий хавсарсан халууныг дарах үйлдэлтэй. Үхрийн мах, өөх, чөмөг, тархи, ходоод, яс, туурай, сүү, цус, цөс, дэлүү, бөөр, сархинаг, эвэр бүгд уламжлалт эмийн найрлагад ордог. Ясны шөл нь тамир сайжруулах, яс шөрмөс бэхжүүлнэ
Сэтгэгдэл (0)