Орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нээнэ

Нийслэлийн удирдлага нийтийн эзэмшил газрыг зориулалт бусаар ашигласан, хашиж хаасан зөрчлийг үе шаттай арилжуулж байгаа билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 13 болон 26 дугаар хороонд ажиллалаа.
2018 онд иргэн О.Баярмаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орон сууцны зориулалтаар 400 м.кв газрыг эзэмшсэн. Тус эзэмшлийн газартаа 2020 онд 58 айлын “Pares Central park” хотхоныг барьж, ашиглалт оруулсан байна. Гэвч эзэмшлийн газраасаа хэтрүүлж, гараашны орц, гарцыг зураг төслийн дагуу хийгээгүй байна. Тодруулбал, барилгын суурийг зүүн талаас баруун тийш шахаж барьсан,  мөн гараашны орц, гарцыг баруун талаас гарч зүүн гар тийш эргэж туслах замтай нийлэхээр төлөвлөсөн ч зүүн талаас шулуун гаргаж барьсан байна. Энэ нь явган хүний замтай шууд холбогдож байгаа тул иргэдийн зорчих хөдөлгөөнд аюул учруулж байгаа юм.
Тиймээс тухайн барилгын эзэмшигчид албан шаардлага хүргүүлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнд аюул учруулж буй гараашны орц, гарцыг хааж, ногоон байгууламж болгон тохижуулна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар хэлж байлаа.
Мөн холбогдох албаныханд Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны хорооллуудын хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орц, гарцыг нь нээхийг үүрэг болгосон юм.
Харин Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Чулуу овооны орчимд иргэн Л.Балдан-Очир 2017 онд амины орон сууцны зориулалтаар 260 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Гэвч эзэмшлийн газраасаа хэтрүүлэн, явган хүний зам хааж барилгын ажлыг эхлүүлжээ. Уг зөрчлийг арилгуулж, явган хүний замыг шинэчлэн засварлах, мөн олон жил царцсан барилгын каркасуудыг буулгах үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.
 
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0