Клеопатрагаар тайзан дээр “амьдрахад” миний дотоод сэтгэлд гал асдаг

Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА 
Клеопатра, Клеопатра 
...Египетийн их хатны суу алдар мандан бадраг хэмээн театрын тайзан дээр тунхаглахад дэлхийн түүхэнд хамгийн алдар цуутайгаар нэрээ мөнхөлсөн эмэгтэй, эх орон, агуу Египетийнхээ төлөө залуу нас, гоо үзэсгэлэн, хайр сэтгэлээ золин байж амиа өгч байв. Тайзны гэрэл унтарлаа. Монголын театрын урлагийн отгон театраар тодроод буй “Монгол театр” дэлхийн сонгодог бүтээл болох У.Шекспир болон Бернард Шоугийн зохиолуудаас сэдэвлэсэн “Клеопатра” түүхэн жүжгийг тайзнаа “амилууллаа”. Үзэсгэлэнт Клеопатра нь жүжигчин Нэргүйн Баярмаа. Тэрбээр тайзан дээр гал шиг асаж байна лээ. 
 
КЛЕОПАТРАГИЙН НУУЦЛАГ ЕРТӨНЦИЙН ГҮНД ТАТАГДСАН
-Гайхалтай юм. Тайзан дээр дүрээрээ амьдрах таныг харсаар энэхүү жүжгийг жаргаж үзлээ. “Анна Каренина”-аас хойш тайзнаа бараг харагдаагүй. Клеопатрагаар эргэж ирсэнд тань талархая?
-Баярлалаа. Жүжиг маань өнгөрсөн сарын 28-нд нээлтээ хийсэн. Үзэгчид таатай хүлээж авч, бидэнд урмын үгийг хэлж байна. Уран бүтээлч, жүжигчин хүнд үүнээс илүү жаргалтай мөч гэж юу байх вэ. “Монгол театр”-ын анхны уран бүтээл ийнхүү үзэгчдэд хүрч эхэллээ. Баг хамт олондоо халуун баярыг хүргэе. Миний хувьд эргээд тайзан дээрээ тоглох сайхан байна. Мөн дэлхийд алдар цуугаа дуурсгасан  Египетийн домогт хатны дүрээр тайзан дээр гарсандаа баяртай байна. 
 

-Театрын урлагт ихэвчлэн найруулагч зохиолоо сонгож, дүрээ хуваарилдаг дүрэм үйлчлэх нь бий. Харин энэ бүтээлийн хувьд таныг эхлээд найруулагч болон багийнханд энэ жүжгийг санал болгосон гэж сонссон. Та өөрийгөө тэр үеэс л домогт хатны дүрээр харчихсан байв уу? 
-Зөвхөн би энэ бүтээлийг санал болгоод, тайзны бүтээл болгож байгаа гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Учир нь энэ бол багийн ажил. Ялангуяа шинэ театрын хувьд гарааны уран бүтээл хамгийн чухал. Тиймээс бид ямар бүтээлээр театрынхаа нээлтийг хийх вэ гэж нэлээд удаан ярьж, бодож, хайсан. Эхлээд залуучуудын сэдэвтэй жүжиг хийх үү гэж ярилцаж байсан удаатай. Гэвч бидэнд туршилт хийх цаг үнэндээ байгаагүй. Ерөнхийдөө анхнаасаа л зоригтойгоор том бүтээл рүү оръё гэж шийдсэн. Ингээд орчуулагч Б.Пүрэвдагва ахтай уулзахад их олон найруулагчийн хүсэл мөрөөдөл нь болдог ч, хийж зүрхэлдэггүй юм уу, ямар нэгэн шалтгаанаар хойшлогдоод байдаг “Цезарь Клеопатра хоёр” гэсэн гайхалтай жүжиг бий гэж хэлсэн. Миний хувьд уухайн тас зохиолыг авч уншихад төсөөллөөс минь тэс өөр зохиол, дүр угтаж авсан. Гэхдээ учиртай болоод л дэлхийн сонгодог бүтээл гэж алдаршсан байгаа шүү дээ. Тиймээс буцаж, шантралгүйгээр судалгаагаа хийж эхэлсний хүчинд ийнхүү хүсэн хүлээсэн нээлтээ хийгээд байна.

-Мэдээж дэлхийн болоод Египетийн түүхэнд Клеопатра хатны тухай домог мэт яриа өнөөдрийг хүртэл олон хувилбараар яригдаж, бичигдсээр байна. Тэдгээрээс та аль Клеопатраг үнэнд арай дөхөх болов уу гэж төсөөлдөг байв?
-Би ч үзэгчдээс өөрцгүй өөрийн гэсэн төсөөлөлтэй байлаа. Гэхдээ хөөрхөн, тачаангуй гэдгээрээ алдаршсан гэж бодож байгаагүй. Учир нь энэ бол эмэгтэй хүн бүхэнд байдаг л гоо сайхны хэмжүүр. Харин яагаад ч юм тэр эмэгтэйн нууцлаг ертөнц рүү өөрийн эрхгүй татагдаад байсан. Клеопатра гэж ямар хүн юм бол. Түүний туйлын зорилго нь юу байв гэдэг ч юм уу. Яг энэ бодолтойгоо Бернард Шоугийн зохиолыг унштал Клеопатраг үнэхээр сахилгагүй, тэгсэн мөртлөө харгис, их хачин харизмтайгаар дүрсэлсэн байсан. Мөн тухайн зохиолд их богино хугацааны үйл явдал гардаг. Уншаад дууссаныхаа дараа бид нэгэнт л энэ жүжгийг хоёр удаа тавьж чадахгүйгээс хойш Египетийн хатан хаан болсноос эхлээд нас барах хүртэл амьдралынх нь бүхий л хугацааг тусгаж өгөх нь зөв юм байна гэсэн шийдэлд хүрсэн.  
-Жүжигчин хүн тайзан дээр тухайн уран бүтээлээрээ амьдрахын тулд байнгын эрэл хайгуул, судалгаа хийдэг. Таны хувьд дүрийн судалгаан дээр ажиллахад энэхүү эмэгтэй тань хувь хүнтэй хэр адилхан, төстэй санагдаж байсан бол? 
-Ер нь тэс өөр шүү. Бернард Шоугийн бичсэн зохиол дотор бид хоёрт адилхан зүйл, зан чанар нэг ч байхгүй. Магадгүй хүмүүс зохиолыг нь уншсан бол миний ярьж буйг илүү ойлгох байх. Харин У.Шекспирийн бичсэн зохиолд төстэй харизм байж магадгүй. Жишээлбэл, миний хувьд хатуу үедээ хатуу ч зөөлөндөө зөөлөн төрлийн хүн. Энэ чанараараа адилхан байхыг үгүйсгэхгүй.
-Жүжгийн зохиолыг уншаад найруулагч Клеопатраг төсөөлөлдөө зурчихсан нь лавтай. Найруулагч А.Чингүний харсан, хүссэн тэр эмэгтэй таны төсөөллийн Клеопатраг хэр эвдсэн бэ? 
-Бид хоёр дүрийн хувьд өнөөдрийг хүртэл маргалдсан хэвээр байна. Хэнийх нь мэдрэмж үнэн байсан бэ гээд л.  Магадгүй энэ маргааныг үзэгчид л таслах байх. Угаасаа уран бүтээлийн ажил ийм л байдаг. Бид яг энэ цаг үед уран бүтээлдээ дурлаж, шатаж, энэ жүжгээрээ амьдарч байна. Тиймээс алдаа оноо, амжилт бүхэн минь үнэ цэнтэй. Цаашлаад энэ уран бүтээлээс хамаараад театрын дараагийн  бүтээлийн чанар чансаа, агуулга яригдах учир бүгд л сэтгэл зүрх, оюун бодлоо бүхэлд нь жүжигтээ зориулж байгаадаа баяртай байна. 
 

-20 гаруйхан настай, хүчирхэг эмэгтэйн дүрээр тайзнаа гарахдаа та яг юуг мэдэрдэг вэ? 
-Яагаад ч юм 20 гаруйхан настай, үзэсгэлэнтэй, хүчирхэг Клеопатрагийн дүрээр тайзнаа “амьдрахад” миний дотоод сэтгэлд гал асдаг. Тайзан дээр гарах бүрд шаталт мэдрэгддэг. Зарим жүжигт тоглож байхад цаг хугацаа өнгөрч өгөхгүй, зуураад байх нь бий. Харин “Клеопатра” эсрэгээрээ. Хэдийгээр бараг гурван цагийн жүжиг ч гэлээ сэтгэл буцалсаар байгаад нэг мэдэхэд л дуусчихдаг нь сонин. 

-Та тайзан дээр яг л 20 настай Клеопатра. Үнэхээр мэргэжилдээ дурласан жүжигчин л ингэж жаргаж, гэрэлтэж чаддаг байхаа даа? 
-Үүнийг жүжигчний ажиллагаа, сургалтаар л өөртөө суулгадаг. Хэрэв чи ажиглавал бүхий л цаг үед бидний дотор 20 настай жаахан охин байж л байдаг. Түүнийгээ хэзээ, хаана гаргах вэ гэдэг нь чухал. Жишээлбэл, миний хувьд нөхөртөө бол жаахан охин шиг л аашилдаг. Хэрэв эрхлэх юм бол хүүхдүүдээсээ долоон дор болно шүү дээ. Жүжигчин хүн зохиол уншиж эхлэхдээ л дотоод мэдрэмжээ уудлаад, дүрээ хэрхэн илэрхийлэх тухай эрэл хайгуул хийдэг. Хэрэв өөрт байхгүй бол гаднаас хайх жишээтэй. Тэгэхээр жүжигчин хүн дүр дээр ажиллахад дотоод торгон мэдрэмж гэдэг зүйл их чухал санагддаг. 

-Таныг хөндлөнгөөс харахад дүрдээ шатаж, дурлаж тоглодог. Магадгүй энэ бол мэргэжлийн театрын жүжигчний ур чадвар, мэдрэмж, амбиц байх л даа. Жүжигчин Н.Баярмаагийн хувьд дүр авлаа гэхэд хэр хугацааны турш судалж, бэлдсэний эцэст тайзан дээр бэлэн болсноо мэдэрдэг вэ? 
-Жүжигчдийн хувьд дунджаар сараас хоёр сарын хугацаанд бэлтгэл хийснийхээ дараа тайзан дээр гардаг. Хэрэв ухааныг нь олчих юм бол үүнээс богино хугацаанд гарах боломжтой. Харин энэ ухааныг олж, дүрийнхээ шугамыг мэдэрдэг болтлоо доод тал нь 10 жил ажиллах ёстой юм билээ. Зарим үед жүжиг буусны дараа ч дүрээ мэдрэх үе гардаг байлаа. Хэдийгээр хүмүүс жүжигчний мэргэжлийг хараад их амархан гэж бодох нь бий. Гэвч эсрэгээрээ сэтгэл зүрх, олон жилийн хөдөлмөр шаардсан хүнд мэргэжил юм шүү.       
-Жүжгийн үзэгчид нь ихэвчлэн эмэгтэйчүүд байгаа нь харагдсан. Тэд домогт Клеопатра хатны амьдралаас ямар сургамж аваасай гэж та хүсэж байна? 
-Эмэгтэй хүн сайхан, зоригтой, зорилгынхоо төлөө тууштай явдаг байхаас эхлээд Клеопатраагаас авах сайн чанар олон бий. Харин бүр том агуулгаар нь авч үзвэл ер нь Клеопатра шиг амьдарч болохгүй гэж хэлмээр байна. Энэ бүсгүй багаасаа л хэтэрхий их шунал, эрх мэдэл, аллага, хаан ширээний төлөөх тэмцлийн дунд амьдарч, өөрийгөө зольсоор амьдрал нь дуусдаг. Түүний төгсгөл дэндүү өрөвдөлтэй. Эх орон, хайр сэтгэл, үр хүүхэд нь нүднийх нь өмнө үгүй болдог. Үүний төлөө залуу нас, гоо үзэсгэлэн, оюун бодлоо зориулсан гэж үү. Ингээд бодохоор Клеопатра гэх эмэгтэй их өрөвдөлтэй. Тэр зүгээр л эгэл эмэгтэйн амьдралаар амьдарсан бол тэр их урвалт, өс хонзон, хагацал гунигийг туулахгүй л байсан болов уу. 

-Жүжиг үзээд Цезарь, Антони хоёрын хэн нь Клеопатрад чин сэтгэлээсээ дурласан юм бол гэсэн бодол төрсөн шүү? 
-Миний бодлоор Антони. Өөрөө ч Антонид хайртай байсан байх. Клеопатрагийн хувьд бусад эмэгтэйчүүдээс ялгарах нэг онцлог нь тэр бүхнийг золиосолж чаддаг. Бидний амьдрал дээр бол хайртай хүнээ нүдэн дээр нь хуурна гэсэн ойлголт байхгүй. Ялангуяа монгол эмэгтэйчүүдийн хувьд нэгэнт л амьдралаа холбосон бол тухайн хүнтэйгээ л хорвоог туулна гэсэн чин сэтгэлтэй. Харин Египетийн хатан бол  санасан нь бүтэхгүй бол бүхнийг хаяж чадаж байгаа нь хамгийн харгис. Энэ жүжгийн өөр нэг онцлог нь баригдсан цаг хугацаа байхгүй. Бид нэгэнт л хоёр мянган жилийн өмнөх түүхийг сөхөж байгаа учир бүр өнгөрсөн эсвэл ирээдүй цаг гэж хийх үү гээд их хэцүү. Тиймээс өрнөл дээрээ илүү анхаарч, Клеопатра гэж хэн байв. Түүний амьдрал хэрхэн өрнөсөн юм гээд үйл явдлаа чухалчилж, цаг хугацааны ойлголтыг орхисон.    

-Түүхэнд нэр алдраа цуурайтуулсан үзэсгэлэнт хатан эхнээсээ төрөөгүй, байгаагүй бол Египетийн мандан бадралт, түүх хэрхэн өөрчлөгдөх байсан бол? 
-Хэрэв Клеопатра байгаагүй бол Египетийн хаан ширээнд эрэгтэй дүү нь сууж,  Цезарийн үед Ромын эрхшээлд орох байсан байх. Клеопатрагийн хамгийн том гавьяа нь үзэсгэлэн гоо, хайр сэтгэл, уран ухаанаараа Цезарийн цаашлаад  Ромын их жанжин Марк Антонигийн сэтгэл зүрхийг булааж, Египетийн мөхлийн 20-30 жилээр хойшлуулж, тэр он жилүүдэд ард түмнийхээ нурууг амрааж чадсан явдал юм. Тиймээс ч Египетчүүд түүнийг бурхны дайтай үзэж хайрладаг байсан бол Ромууд эсрэгээрээ шалиг, завхай хүүхэн гээд үздэггүй байсан гэдэг.
 

УДЭТ-ын жүжигчний ажлаа хүлээлгэж өгөөд жил гаруйн хугацаа өнгөрч байна

-УДЭТ-ын Н.Баярмаа гэсэн нэрийг  “Монгол театр”-ын жүжигчин Н.Баярмаагаар солиход ямар мэдрэмж төрсөн бэ? 
-Би УДЭТ-ын жүжигчний ажлаа хүлээлгэж өгөөд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Уг нь миний санаа гэр бүл, үр хүүхдэдээ төвлөрье, урлагаас жаахан завсарлая гэсэн шалтгаанаар энэ шийдвэрт хүрсэн. Заримдаа хүний амьдралд бүх зүйлээс холдмоор санагдах үе гардаг юм билээ. Яг л тэр үе минь байсан учраас хэцүү байсан ч зоригтойгоор энэхүү шийдвэртээ бат зогссон. Түүнээс миний хувьд театраасаа гараад, өөрөө хувийн театр байгуулаад, үзүүлээд өгье гэсэн бодол, амбиц байсангүй. Харин  энэ үеэс л Б.Чингүн  жүжиг хийнэ гэж байнга ярьдаг байлаа. “Н.Баярмаа чи чөлөөтэй болчихсон юм чинь миний жүжгийн гол дүрд тоглоорой” гэсэн.  Миний хувьд ч харьцангуй завтай болсон учир ганц нэг уран бүтээл хийхэд татгалзах зүйл байгаагүй. Гэтэл надад эхлээд залуучууд, гэр бүлийн сэдэвтэй жүжиг санал болгосон. Үнэндээ тухайн зохиол таалагдаагүй. Тиймээс би А.Чингүнд “Чи нэгэнт л эхлэх гэж байгаа юм бол зоригтой, том алхсан нь дээр биш үү” гэж хэлсэн л дээ. Ингээд бид зохиолын эрэлд гарч байхдаа орчуулагч П.Пүрэвдагва ахтай таарч, “Клеопатра”-тай учирсан юм. Мэдээж жүжиг тавих гэж байгаа бол театр хэрэгтэй шүү дээ. Учрах ёстой хүмүүс учирдаг гэдэг шиг бидний ажил эрч хүчтэй, урамтайгаар бүтсээр өнөөдрийн “Монгол театр” анхны үзэгчдээ ийнхүү хүлээж аваад байгаа нь энэ. 
-Гэр бүлийнхээ төлөө театраа орхисон та дахиад л тайзан дээр Египетийн хатан хаанаар “амьдарч” байна. Ер нь та урлагаас, тэр дундаа тайзны бүтээлээс холдож чадахгүй байх аа? 
-Яг үнэндээ энэ цаг үед театрт ажиллаж байснаасаа илүү завгүй байна. Гэхдээ миний хайрлаж, дурлаж хийдэг дуртай ажил минь юм даа. Тиймээс гэр бүлдээ ч, ажилдаа ч тэнцүү цаг зарцуулна гэсэн хувийн төлөвлөгөөтэй байна. Мөн нэг хэсэгтээ л “Монгол театр”-таа үндсэн жүжигчнээр ажиллах хүсэлтэй. 
-Өнөөдрийн Н.Баярмааг “бүтээсэн” газар нь УДЭТ байх. Таны жүжигчний карьерын оргил үеийн нэгээхэн цаг хугацааг тэр улаан театрт өнгөрсөн. Эцэг театраас сурсан зүйл их байгаа даа? 
-УДЭТ-таа би 11 жил болжээ. Энэ хугацаанд тасралтгүй ажилласан байдаг. Нэг ч удаа дүргүй, зогсолттой байж үзээгүй юм билээ. Гол туслах гээд ямар ч дүрд хоёргүй сэтгэлээр ажилласан гэж боддог. Үүнээс гадна олон улсын болоод дотоодын тэмцээн уралдаан ч идэвхтэй оролцож байлаа. Энэ хэрээр театраасаа их зүйл сурсан. Ер нь мэргэжлийн, сайн жүжигчин болъё гэж бодвол заавал драмын театраар дамжих ёстой. Тэнд цаг ямагт жинхэнэ гал цогтой ажиллах, задгай сэтгэх, халаалттай сургуулилтууд болж байдаг. УДЭТ-аар дамжсан жүжигчин нэлээд суурьтай болж төлөвшдөг. 

-Та дөнгөж сургуулиа төгсөөд театрын босгоор алхаж байв уу. Тухайн үед залуухан жүжигчний хувьд бүх зүйл шинэхэн, сайхан байсан болов уу? 
-Би хоёр жил телевизэд дуу оруулж байгаад театрт орсон. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд би сургуулиа төгсөхдөө юу ч төлөвлөөгүй байсан. Би Сугар багшийн шавь. Харин багш минь надад “Баярмаа чи театрт ороорой. Театр л чамд зүгээр дээ” гэж захиж байсан юм. Телевизэд ажиллаж байхад хааяа багшийн тэр үг санаанд ордог байлаа. Ингээд нэг удаа УДЭТ-т жүжигчин шалгаруулж авна гэж дуулаад сар бэлтгэл хийж байгаад шалгаруулалтад орсон чинь тэнцчихсэн. Ингээд дагалдан жүжигчин болсноор театрынхаа босгоор алхсан түүхтэй. Гэтэл удаа ч үгүй байтал бүх жүжигчдийн дунд  “Жүжигчдийн ур чадварын уралдаан” гэж болсон юм. Үүнд би “Нора” жүжгээр оролцоод гуравдугаар байрт шалгарсан юм. Гэтэл яг тэр үед театр “Нора” жүжгийг хийх гэж байсныг нь би мэдээгүй. Ингээд надад шагнал гардуулахдаа Норагийн дүрийг бэлгэлснээр би дагалдан жүжигчин байхдаа гол дүр авсан азтай эмэгтэй дээ. 

-Гайхалтай юм. Нора, Анна, Клеопатра гэсэн гурван түүхэн эмэгтэйг та Монголын тайзан дээр “амьдруулжээ”. Энэ гурван эмэгтэйгээс таныг хамгийн ихээр догдлуулж, хүч шаардсан нь хэн байсан бол? 
-Ер нь дүр бүхэн дээр л өөрөөс шалтгаалах бүхий л хүчээ шавхаж тоглосон. Гэхдээ бүр тархины гүнд орчихсон, хэзээ ч гараад тайзан дээр тоглоход бэлэн дүр нь Анна л юм даа. Одоо ч текстүүд нь толгойд эргэлдээд байдаг. Их олон удаа тоглосон. Төрөөд таван сартайдаа тоглож байсныг ч хэлэх үү. Тухайн үедээ их тамир шаардаж билээ. Миний хувьд нялх хүүхэдтэй мөртлөө өнөөх л сурсан зангаараа одоо ажилдаа орохгүй бол болохгүй гэсэн сэтгэлээр ажилласан. Одоо бодоход өөрийгөө ямар зоригтой байгаа вэ гэж эмээдэг шүү.

-Нээрээ л та чинь Анна шүү дээ. Одоо ч үзэгчид таныг тэр гайхалтай эмэгтэйгээр төсөөлөх нь бий.  Энэ дүр таныг жүжигчний хувьд илүү нээсэн гэж боддог уу? 
-Тухайн үед би театртаа найман жил гаруй ажилласан, гол дүр дээр ажиллаад үзчихсэн, туршлага хуримтлуулсан, солист жүжигчин болчихсон байсан үе. Н.Наранбаатар найруулагч ч энэ дүрийг шууд надад хуваарилсан. Мэдээж жүжигчин бүхэн л гол дүр хүсдэг. Миний хувьд ч тэр бодол байсан. Энэ гайхалтай дүр дээр ажилласандаа үргэлж баяртай явдаг. 
 

-Анна дуудвал та театртаа очих уу? 
-УДЭТ-ын тайз үнэхээр ээлтэй. Мэдээж Анна минь минь дуудвал би дуртай нь аргагүй очно доо. 

-Өнөөдөр Монголын театрын урлагт өөрийн онцлогтой, олон театр “төрж” байна. Түүнээс “Монгол театр”-ын ялгарлыг та хэдийнэ төсөөлөөд, харчихсан байгаа байх. Тийм үү? 
-Таны хэлдгээр өнөөдөр Монголын театрын урлагийн хөрсөнд их олон театр соёолон “ургаж” байна. Бүгд л өөр, өөрийн онцлогийг шингээж, өндийхөөр тэмүүлж байгаа нь сайхан. Харин бидний хувьд дөнгөж эхний бүтээлээрээ өөрсдийн онцлог, хэлэх гэсэн санаагаа 100 хувь харуулсан гэвэл өрөөсгөл ойлголт болно. Театр оршин тогтнож, цаашдын уран бүтээлүүд минь илүү яван чангарна гэж бодож байна. Сонгодог урлаг гэдэг өөрөө их үнэ цэнтэй. Түүнийг үзэгчдэд ойлгуулж, мэдрүүлж, түүчээлэх хүмүүс нь уран бүтээлч бид нар. Бид нэгэнт л уламжлалт театраас тасарч, шинэчлэл хийе гэж хүссэн бол илүү мэргэжлийн түвшинд, чанартай уран бүтээл хийх хэрэгтэй. Мэргэжлийн баг, мэргэжлийн жүжигчний тоглолт, найруулагчийн уран сэтгэмж гээд л. Театрын жүжигчин бүхний арга барил хүртэл олон янз байдаг. Тиймээс манай жүжигчдийн тоглолт ч ялгараасай гэж хүсэж байна. Мөн өнөөдөр техник технологи эрчимтэй хөгжиж байна. Орчин үеэ дагаад энэ дэвшлийг ч театрын урлагт ашиглаж болж байна.  Энэ бүгд цогц байж төгс бүтээл “төрдөг” жамтай. Гэхдээ энэ бүхнийг нэг дор цогц хийх мэдээж амаргүй. Ялангуяа улсын байгууллагатай хамтраад ажиллана гэдэг олон бартаатай замыг туулах сорилтын өмнө авчирч байна. Гэхдээ манай театрын уран бүтээлчдийн хувьд залуу нас, айхгүй зориг хоёроороо л бүгдийг бүтээж, цогцлоох гэж хичээж явна. 

-Гэнэт л хувийн театр байгуулаад, хурдан хугацаанд шинэ жүжгээр тэсрэлт хийчихлээ. Н.Баярмаа гэдэг хувь хүн ийм хүчтэй эмэгтэй юм уу? 
-“Монгол театр” бол бидний залуу насны, уран бүтээлч болсны мөрөөдөл. Үүнийг хийх амар байсан гэж хэлэхгүй. Гэхдээ бидэнд хүсэл, зорилго, чин сэтгэл байна. Анх таньдаг, ойр дотнынхон минь намайг гайхаж, “Чи чинь яасан айдаггүй, зоригтой юм бэ” гэж хэлж байсан. Гэхдээ миний хувьд гайхуулъя гэж хийгээгүй юм шүү. Зүгээр л жүжигчин хүний хувьд өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр хүссэн ажлаа хийхийг л зорьсон. Үүгээрээ дамжуулаад Монголын театрын урлагт өөрийнхөө хувь нэмрийг оруулахыг хүсэж байна. 

-Жүжигчид ихэвчлэн тайз, дэлгэцийг хослуулах хүсэлтэй болжээ. Танд ч киноны санал олон ирдэг байх. Мэргэжлийн жүжигчний хувьд дэлгэцийн уран бүтээлд ямар босго тавьдаг вэ? 
-Театрт ажиллаж байхад тэр бүрчлэн кинонд тоглох зав гардаггүй байсан. Харин саяхан “SUITS” гээд өмгөөлөгчдийн тухай кинонд тоглолоо. Мөн би киноны санал ирэхэд бусад жүжигчидтэй л адилхан зохиол болоод ямар найруулагч, ямар баг байна вэ гэдгийг онцолж хардаг. Сэтгэл нийлсэн, ойлголцоход амархан багтай ажиллах нь тухайн бүтээл “төрөхөд” хамгийн чухал хүчин зүйлийн нэг гэж боддог. Мөн өмнөх бүтээлтэйгээ ижил төстэй дүр дээр ажиллахыг хүсдэггүй. Аль болох намайг нээсэн, өөр талыг минь харуулсан, ажиллах юмтай дүр л сайхан шүү дээ.   Нэг хэсэг надад сөрөг дүрийн санал их ирдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд эерэг, сайхан хүүхний дүрийн санал ирдэг болсон байна. Дэлгэцийн уран бүтээлийн хувьд би олон улсын төсөлд орж ажиллах хүсэлтэй. Энэ нь ч жүжигчний хувьд өгөөжтэй байдаг.

-Таныг, тоглосон дүрүүдийг тань харахад тайзан дээр байх гэж л төрсөн эмэгтэй юм болов уу гэсэн бодол төрөөд байх юм. Магадгүй та жүжигчин болоогүй бол өнөөдөр хэн байх байсан бол?
-Анх жүжигчин болох миний туйлын мөрөөдөл байгаагүй. Ер нь бидний үеийн хүүхдүүд эцэг эхийнхээ үгнээс гардаггүй. Тэднийхээ зааж өгсөн замаар л явдаг байлаа шүү дээ. Бид ч тийм даруулгатай өссөн. Би дунд сургуульд байхдаа сургуулиас зохион байгуулсан бүхий л арга хэмжээнд оролцдог хэнхэгтэй охин байлаа. Ер нь л сурлага, спорт, урлагийн тал талын мэдрэмжтэй байсан юм шиг санагддаг. Манай аав математикч хүн болохоор намайг эдийн засгийн сургуульд оруулах хүсэлтэй байсан. Гэхдээ аав багад минь бурхан болсон. Хэрэв аав байсан бол би урлагийн замаар алхахгүй ч байсан байж магадгүй. Харин ээж маань намайг Радио телевизийн дээд сургуулийн хөтлөгчийн ангид бүртгүүлчихсэн байсан. Ингээд сургуулиа төгсөх үедээ математикаар явах уу, урлагаар явах уу гэсэн хоёр сонголтын өмнө ирсэн. Ээжийгээ дагаад РТДС-д шалгалт өгтөл хоёроор бил үү дээ их дээгүүр тэнцсэн. Гэтэл ээж ер нь миний охин СУИС-д шалгалт өгөөд үз гэхээр нь шалгалт өгтөл тэнцчихсэн. Ингэж л би эцэг эхийнхээ буянаар жүжигчин мэргэжилтэй учран золгосон хүн.  

-Хүн бүхний амьдралын хамгийн сайхан үе 16, 17 буюу өсвөр нас байдаг болов уу. Яг л эмэгтэй хүн болж, урган цэцэглэж байсан тэр нандин насанд тань олон сайхан дурсамж байгаа байх? 
-Хүн бүхний л хүүхэд нас нандин, гэгээлэг сайхан байдаг байх. Миний хувьд ч ялгаагүй. Би гурван хүүхэдтэй айлын дундах охин. Дээрээ нэг ах, дороо нэг эмэгтэй дүүтэй. Аав ээж минь биднийг бүтэн хайраар эрхлүүлж өсгөсөн гэж боддог. Би сагс тоглох дуртай, урлагийн жаахан мэдрэмжтэй охин байлаа. Нэгдүгээр ангиасаа л ангийн дарга хийсэн. Мөн хүүхэд байхын биеэ даасан хүүхэд байсан тухай ээж минь ярьдаг юм. Зарим үед надад  бараг сургаал айлддаг байсан гэж ээж минь хошигнодог юм. 
 
БИ ЭРХ ЭМЭГТЭЙ
-Эмэгтэй хүний хамгийн энхрий чанар нь эрх зан юм болов уу. Та одоог хүртэл хүүхэд насны тэр гэгээн зангаа тавиагүй юм шиг санагдлаа? 
- Хэдийгээр би гаднаа чанга хатуу харагддаг ч дотроо бол их эрх эмэгтэй. Учир нь багаасаа л аавынхаа нуруун дээр дүүлж өссөн хүн. Тэгэхээр нөхөрт бол ямар байх нь тодорхой биз дээ. Намайг хайрлаж, хүндэлсэн хүнтэй яг л тэгж харилцдаг. Хайрлавал тэр хайрыг нь хайраар л хариулдаг. Хэрэв хайрлахгүй бол хайр гуйхгүйгээр өөрийнхөөрөө л амьдрахыг чухалчилдаг.  Хэн нэгнээс хараат байхыг хүсдэггүй, эрх чөлөөг эрхэмлэдэг эмэгтэй. Бусад эмэгтэйчүүд шиг тэвчиж амьдрахыг хүсдэггүй зантай.  Ер нь Эмэгтэй хүн боломж л гарвал эрхэлж байх ёстой гэж боддог. 

-Та хэр зөрүүд вэ? 
-Зөрүүд гэж бодохгүй байна. Хүмүүстэй эвтэйхэн ойлголцчихдог. Хүмүүсийн хандлагыг харж байгаад тааруулаад харилцчихдаг гэх үү дээ.

-Таны өсвөр нас гэхээр 1990-ээд оны сүүл, 2000 оны эхэн үе байх л гэж таамаглаж байна. тэр үеийн хүүхдүүдийн хүмүүжил ямар байв?
-Бидний хүүхэд насны тэр он жилүүд эргээд болоход их сайхан шүү. Хот маань тайван, бид айх айдасгүй өссөн. Хүүхэд бүхэн бие биетэйгээ адил тэгш харилцдаг, ямар ч ялгаварлан гадуурхалт гэж байсангүй. Мөн бидний үеийн хүүхдүүд их ажилсаг, аав ээждээ туслах чин сэтгэлтэй байсан юм шиг санагддаг. Интернэтгүй эрин үе учраас чөлөөт цагаараа сагс их тоглоно. Зуны орой сааданд ярилцаж суухаас эхлээд “амьд” харилцаа үүсгэдэг сайхан он жилүүд байж дээ. Одоогийн цаг үеэс авах юм их байгаа ч бидний хүүхэд нас хүн хүнээрээ байсан их гэгээлэг нийгэмд бид өсөж торнисон юм болов гэж санагддаг. 

-Охин хүүхдийн өсвөр нас гэдгийг хайр дурлалгүйгээр төсөөлбөл “амтгүй”. Ийм сайхан охинд дурлалын захиа их ирдэг байв уу? 
-Хайрын захиа бараг л авч байгаагүй юм байна. Учир нь манай аав ээж хоёр хоёулаа багш. Ааваас бүр сургууль даяараа айна. Сүүлдээ ээж бүр захирал болсон. Дээрээс нь би өөрөө их хэнхэг. Тэгэхээр хөвгүүд жаахан эмээдэг байсан байх. Яахав ганц нэг захиа бол ирж л байсан. Хэдийгээр би дотроо догдолдог байсан ч  хувь хүн маань их зарчимч болохоор тоогоогүй юм шиг дүр үзүүлчихдэг байсан. 

-Эмэгтэй хүнд бие, сэтгэлийн бүхий л гоо сайхан нь бүрдэх үе гэж байдаг байх. Хэдийнээс өөрийгөө эмэгтэй хүн гэдэг талаас нь харж, мэдэрч эхэлсэн бэ? 
-Найм, есдүгээр ангид орох үеэсээ л юм байна. Ахлах ангийн охин чинь өөрийгөө мэдэрч эхэлнэ. Үсээ задгай тавьж, өсгийтэй гутлаар гангарах гээд л .Энэ үеэс багш нар ч манай Жагаа багшийн охин сайхан эмэгтэй болох нь ээ гэж урамшуулдаг байлаа. Тухайн үед би үеийнхнээсээ жаахан өндөр байсан. 
 

-Та өнгөрсөн жил алдарт эхийн одон энгэртээ гялалзуулсан. Эмэгтэй хүний хувьд бас л өөрөөрөө бахархах, сайхан үе гэж бодож байна? 
-Мэдээж сайхан байлгүй яах вэ. Гэхдээ тухайн үед нөхөр маань байгаагүй. Ээж л ганцаараа оччихсон байсан. Тиймээс ээжээсээ цэцэг авчихаад гэртээ харьсан даа. Одоо манай хүүхдүүд тэрсхэн. Ээж байхын сайхныг мэдэрч л явна. Анх ээж болох мөч их хэцүү санагдаж байсан. Монголын төрөх эмнэлгүүдийн нөхцөл ямар билээ. Төрсний дараа олон хүндрэлтэй учирдаг. Гэхдээ эмэгтэй хүн хүчтэй болохоор тэр бүхнийг даваад гарчихдаг хүчтэй.  

-Гэр бүл гэдэг хүний амьдралын утга учир, үнэ цэн байдаг. Таны хувьд ямар ээж, хань байхыг чухалчилдаг вэ? 
-Би гэр бүлийн харилцаанд сэтгэл хөдлөлөөр хандахыг хүсдэггүй. Амьдралд гэр бүлийн уур амьсгал их чухал. Тиймээс би эх хүн болсноосоо хойш үр хүүхдийнхээ өмнө хариуцлагатай байхыг хичээсээр ирсэн. Хүүхдүүдтэйгээ байх цаг хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлж, үлгэрлэхийг хүсдэг. Учир нь эх хүн гэдэг хүүхдүүдийнхээ толь байдаг. Тэдний суурь хүмүүжилд ээжийн нөлөө их. Тэгэхээр гэр бүлийнхээ харилцааг би ажлаасаа ч илүү чухалчилж, нэгдүгээрт тавьдаг. Миний мундаг байна уу, ямар байх нь хүүхдүүдэд ямар ч хамаагүй. Хамгийн гол нь хүүхдүүд минь ээждээ сэтгэл дундуур байх вий, хайр халамжаар дутаачих вий гэж үргэлж боддог. Үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ хариуцлага гэж хүлээж авдаг даа.   

-Өнөөдөр гэртээ хүүхдээ хараад сууж буй мянга мянган ээж бий. Та тэдэнд хандаж урмын үг хэлээч? 
-Би ээж аав нарыг үр хүүхдээ халуун хайраар өсгөөсэй гэж боддог. Учир нь хайрлуулж өссөн  хүүхэд биеэ даасан, зоригтой, ухаантай болж төлөвшдөг. Өнөөдрийн нийгэмд эмэгтэйчүүдийн олон дүр байна. Зарим нь тэвчиж амьдрах юм. Нэг хэсэг нь эрчүүдээсээ илүү буруу замаар алхсан нь ч олон байна. Тэгэхээр эмэгтэй хүн ямар ч үед өөрийгөө хайрлаж, үнэ цэнээ мэдэрдэг байгаасай. Хайр сэтгэл, ажил дээр ч тэр. Эмэгтэй хүн өөртөө итгэж, өөрийгөө хүндэлснийх нь төлөө их зантай гэж ойлгож болохгүй. Тиймээс би л өөрийгөө хайрлахгүй бол хэн ч намайг хайрлахгүй гэсэн сэтгэхүйг өөртөө суулгах нь чухал. Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрсэн эмэгтэй хүн хэнийг ч царайчлах шаардлагагүй болдог. Тэд хүссэн хүсээгүй өөрсдөө тань дээр ирнэ. Тиймээс өсвөр насны охин минь чи яг одоо дурлачихсан байгаа бол өөрийгөө үнэлээрэй, үнэ цэнээ битгий алдаасай. Чи зөв бодолтой байхад тэр өөрөө л чам дээр хүрээд ирнэ. Харин гэртээ хүүхдээ дхараад сууж байгаа ээжүүд минь одоо хэцүү санагдаж байвч, та хамгийн сайхан ажлыг хийж байгаа шүү. Эмэгтэй хүн бүхэн энэ замыг туулаад гардаг. Мөн өөрийн аз жаргал, эрх чөлөөгөө бусдаас бүү хараат болгоорой. Аз жаргалаа чи өөрөө бүтээж чадна гэж хэлье.   
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
скачать dle 12.0