Чюйжөү хотын ”Буга хариулагч”

 Жэжян мужийн Чюйжөү хотын Кайхуа шяний Хуабү суурины Шинь Чинян тосгонд байрладаг Жиаси хөдөө аж ахуйн фермд гол мөрөн хоржигнон урсаж, уул тал цэнхэртэн, цэцэг навч мяралзан, сүрэг буга тав тухтай бэлчээрлэнэ. Жиаси хөдөө аж ахуйн фермийн эзэн Жан Чинчуань бол Шинэ Зеландаас нутаг буцаж ирсэн иргэн юм. Өдгөө тэрээр олны танил "Буга хариулагч" болжээ. Бизнес эрхлэхээр төрөлх нутагтаа эргэн ирснээс хойш өнгөрсөн гурван жилийн хугацаанд эргэн тойрны олон тосгоны оршин суугчдад ажил эрхлэлт, орлогоо нэмэгдүүлэх боломжуудыг бий болгожээ.
Буга маллагч болсон нь
- Сика буга /Cervus nippon/ нь сэргэлэн цовоо ааштай, үсэрч харайх дуртай тул хангалттай уудат зайд маллах хэрэгтэй. Буга маллахад усны чанарт харьцангуй өндөр шаардлага тавигддаг бөгөөд нар салхитай, цэвэр усны эх үүсвэртэй, усжуулалт сайтай газруудыг сонгодог гэж ярьж байсан Жан Чинчуань гурван жилийн өмнө хэзээ нэгэн цагт буга маллагч болно гэж төсөөлж байгаагүй гэнэ.
2020 онд гадаадад сурч, Шинэ Зеландад ажиллаж байсан Жан Чинчуань ээжийнхээ нээсэн Жиаси хөдөө аж ахуйн фермийг үргэлжлүүлэхээр Шинь Чинян тосгонд буцаж ирэхээр шийджээ.
- Би энд өсөж төрсөн. Хэдийгээр гадаадад олон жил суралцсан ч хүүхэд насныхаа тухай дурсамжуудаа мартдаггүй, дандаа дурсаж санаж явдаг гэлээ.
 Жан Чинчуань гадаадаас буцаад ирлээ. Шинэ Зеланд дахь хөдөө аж ахуйн фермийн менежментийн туршлага, ур чадварыг сураад иржээ. Тэрээр хөдөө аж ахуйн фермээ Кайхуа Жиаси хөгжүүлэлтийн ХХК хэмээн шинэчилснээс хойш 800 мү /1га =15мү/ талбай газрыг хамарч, 100 гаруй сика буга маллаж, хоолны газар, загас агнуурын цөөрөм, морин уралдааны зам, урлагийн орон зай, хуримын гэрэл зураг зэрэг олон янзын бизнесийн газар, барилга байгууламжаар тоноглосон бөгөөд жил бүр 70 мянга гаруй жуулчин хүлээн авдаг байна. Аялагчид бас сэтгэл булаам сика бугатай ойр дотно харьцдаг. Ирж, явж байгаа аялагчдад дассан сика буга хүмүүсээс айхгүй болсон бөгөөд камерыг хараад хүмүүст нүүрээ нааж, хөөрхөн аашаа гаргадаг байна.
- Би гадаадад удаан хугацаагаар амьдарсан болохоор тэндхийн орон нутгийн фермерүүдэд очиж, ферм ажиллуулдаг туршлага, ур чадвартай нь танилцаж ойлгодог. Үүнээс бидэнд тохирох хэсгүүдийг ашигласан юм гэж Жан Чинчуань хэлэв.
Өндөр туранхай биетэй, нүдний шил зүүсэн тэрээр фермийн аж ахуйд зохицохгүй юм шиг харагдаж байлаа ч ажилдаа орсныхоо дараа маш хурц сэргэлэн байсан юм. Жан Чинчуань фермийг хүлээж авахын өмнө сика бугын фермийн аж ахуйг бараг ойлгоогүй байсан. Гэвч  бүх зүйлийг нүд ирмэхийн зуур сурчээ. Одоо тэрээр сика буга маллах олон ур чадварыг нээн илрүүлснээс гадна, ажилдаа илүү хүндэтгэлтэй хандаж, ойлгодог болж, хүн, амьтны хоорондын харилцааны тухай илүү их бодож, илүү ойлголттой болсон байна.
- Бугыг эхээс төрсөн мөчөөс нь эхлэн хэрэв өөртэйгөө ойрхон байлгахыг хүсвэл хэдэн цаг түүнтэй хамт байж илж эрхлүүлэн өхөөрдөж, сүүгээр угжиж, түүний ээж шиг л байх хэрэгтэй. Бугыг өсгөж бойжуулах үйл явц нь үнэндээ хүүхэд хүмүүжүүлэхтэй адил маш хэцүү. Өдөрт 5-6 удаа сүүгээр угжиж, хэрэв гадаалж чадахгүй бол гадаалахад нь туслах хэрэгтэй. Ингэж байж л хурдан өсөлтийн шатанд ордог. Амьтан болон хүмүүсийн хооронд итгэлцлийг бий болгоход бага багаар ойртох нь чухал. Хожим нь сика буга хүмүүстэй ойр дотно байдаг болсон нь тэд надад итгэдэг гэсэн үг юм гэж Жан Чинчуань хэлэв.
Хөдөө аж ахуйн фермийг хамт байгуулж хамтдаа ашиг хүртэж байна
Туулай жилийн Цагаан сарын баярын шинийн дөрвөнд Жиаси хөдөө аж ахуйн ферм нь нэгэн шинэ ажлаа эхлүүлсэн байдаг. Шинэ оны эхний нэг долоо хоногийн дотор зорчигчдын урсгал 12 мянга орчимд хүрчээ. Олон нийтийн сүлжээний платформыг нээснээс хойш жуулчид өөрсдийн бугатай хамт авахуулсан зургаа их тавьдаг болсон бөгөөд маш олон хүнээс дэмжлэг хүртэж байна.
Сүүлийн гурван жилд энэ ферм нь эргэн тойрныхоо тосгоны оршин суугчдыг ажлын байраар хангаад зогсохгүй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулахад тосгоны оршин суугчдыг дэмжсэн байна. Жан Чинчуаны үзэж байгаагаар жуулчид илүү олон байх тусам тосгоны оршин суугчдын идэвх сайжирч, эрч хүчээр дүүрэн хамтран ажилладаг.
- Өмнө нь тосгоны ахмадуудад жилийн турш залуучуудтай харилцах боломж маш бага байлаа. Харин одоо тэд жуулчдад тайлбарлаж, идэвхтэй харилцах шаардлага гарч ирсэн. Энэ нь мөн л хүн бүрт үл үзэгдэх байдлаар нөлөөлж байна. Хоёр, гурван ахмад олон хүнтэй харилцах болсноор сэтгэл санаа нь ч сайхан байна. Харин бүр ч залуужиж байгаа юм шиг санагддаг гэж ярьж байсан гэж  Жан Чинчуань сонирхууллаа. Сика буга маллахын хажуугаар бүтээгдэхүүн хийснээс хойш Жан Чинчуань бас гадаадаас харьж ирсэн дөрвөн хүний анхаарлыг татаж, өөрийн фермээ ажиллуулахдаа илүү итгэлтэй болсон байна.
Компанийн үйл ажиллагаа аажмаар сайжирч, жуулчдын тоо нэмэгдэн, эргэн тойрны бусад тосгодтой хэрхэн холбох, хамтдаа хөдөлмөрлөх нь Жан Чинчуаны багаа удирдах дараагийн алхмын нэг болсон юм.
Өнгөрсөн жил Шинь Чинян тосгон нь Шюйри, Шидүн, Лянмэн зэрэг газрын байрлал ижил төстэй ойролцоо тосгонтой хамтран, "Хөдөө аж ахуйн бааз" хамтын хөгжил цэцэглэлтийн холбоог байгуулсан. Жиаси хөдөө аж ахуйн фермээр гол цөм болгож, таван тосгоны холбоог бий болгож, чөлөөт цаг, эрүүл мэндийн аялал жуулчлалын нийт төлөвлөсөн 48 квадрат километр талбай бүхий хүн бүхний очихыг хүсдэг газрыг байгуулсан байна. Тосгоны хамт олон газар нутагтаа хөрөнгө оруулж, Жиаси хөдөө аж ахуйн ферм нь мөнгө төгрөг болон технологиор хувь оруулж, "Хөдөө аж ахуйн  бааз"-ыг хамтран барьж, тосгоны хамт олны эдийн засгийг нэмэгдүүлэхэд туслан, тосгоны оршин суугчдыг илүү олон ажлын байраар хангажээ.
 "Хөдөө аж ахуйн бааз" хамтын хөгжил цэцэглэлтийн холбооны тусламжтайгаар Жиаси хөдөө ахуйн ферм нь бусад тосгоны байгалийн онцлог, аж үйлдвэрийн давуу талуудтай нэгдэж, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг бүхэлд нь хамтдаа дэмжин, нийтлэг хөгжил цэцэглэлтийг эрэлхийлэх таван тосгоны үзэсгэлэнт ирээдүйг жинхэнэ ёсоор ухаарч чадна гэдэгт Жан Чинчуань найдаж байна. Үүний зэрэгцээ илүү олон залуусыг багтаа элсүүлэн татна. Ингэснээр тэд эндээс хамгийн сайхан зүйлийг мэдэрч, төрөлх нутгаа мөрөөдлөө биелүүлэх газар болгож чадна гэв. 
скачать dle 12.0