Хятадын Олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспод ӨМӨЗО-ы 30 гаруй аж ахуйн нэгжийн 500 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэгдэж байна. Түүнээс Ордос хотын соёлын бүтээгдэхүүн ихэнх тоог эзэлжээ.
Ордос хотынхон энэ удаад "Ээлтэй хот" сэдвийн хүрээнд led дэлгэцээр Ордос нутгийн байгаль орчин соёл иргэншилтэй танилцах, соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болон "Ээлтэй хотоос эрдэнэ хайх буюу азтан тодруулах сугалаа” гэх гурван хэлбэрээр орон нутгаа танилцуулж байна. Азын бэлгүүд нь бүгд Ордос хотод хийгдсэн тухайн орон нутгийн соёлын өвөрмөц онцлогийг харуулах бүтээгдэхүүнүүд байсан нь олны анхаарлыг татжээ. Үзэсгэлэнд шаазан урлал, мөнгөн эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн ба биет бус соёлын өв болох Ордос хатгамал, арьсан урлал зэрэг 300 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэгджээ.
Ордос хотын соёл аялал жуулчлалын товчооны Насанбуян:
- Хятадын Олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспод Ордос хот төдийгүй Өвөр Монголоо төлөөлөн оролцож, орон нутгийнхаа өвөрмөц онцлог бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Энэ удаад Ордос хотоос 11 аж ахуйн нэгжийн 300 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн авчирсан. Үүний дотор 3 төрлийн биет бус соёлын өвийн бүтээгдэхүүн багтаж байгаа. Бидний азтан тодруулах сугалаагаар бэлэг хүргэж байгаа нь бусдаас өвөрмөц байж, олон хүн оролцож тэдний анхаарлыг татлаа гэв.
Үзэсгэлэнгийн үеэр Ордос хотын Улаанмөчир чуулгын уран бүтээлчид Монгол бүжиг бүжиглэн морин хуурын тоглолт үзүүлсэн нь Өвөр Монголыг танин мэдэх, Ордос хотын соёл урлагийг танилцуулах бас нэгэн арга хэлбэр болсон юм. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)