Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Д.ОЮУНЧИМЭГ 
 
УЛСЫН ДУГААР ОЛГОЛТ БА ХҮМҮҮСИЙН БУХИМДАЛ
 
Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүрэм, журам, тогтоол шийдвэрээр хязгаарлагдах нь олны дургүйцлийг төрүүлж байна. Тод жишээ, автомашины дугаарыг хязгаартай, хэмжээтэй олгож эхэлсэн нь худалдаачдаас илүү энгийн иргэнд дарамт болж буй аж. Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны иргэн С.Батцэцэг өнгөрсөн долоодугаар сард автомашин худалдаж авах захиалга өгчээ. Түүний захьсан машин энэ сарын эхээр ирсэн боловч 10 хоног машинаа унаж чадаагүй байна. Тэрээр “Би шинэ машиндаа улсын дугаар авах гэтэл болсонгүй. Нэлээд чирэгдэл болж байж хүний актлуулсан машины дугаарыг нэг сая төгрөгөөр худалдаж авлаа. Энэ бол ард түмнийг туйлдуулж, цөхрүүлсэн буруу шийдвэр байсан” хэмээн бухимдаж буйгаа илэрхийлсэн юм.
Харин энэ талаар НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Нийслэлийн замын хөдөлгөөний эрчим, авто замын багтаамжийн барьцаа буюу VCR 1.5-2.2, хөдөлгөөний дундаж хурд 8 км/цагаас бага, хөдөлгөөний чанарын үзүүлэлт “E-F” түвшинд байна. Уг үзүүлэлтүүдээс харахад Улаанбаатар хотын гол, гудамж замын ачаалал хэвийн хэмжээнээс хоёр дахин их байгаа бөгөөд өдрийн 12 цагийн 70 хувьд түгжрэлтэй байдаг. Энэ нь хөдөлгөөний эрэлт, хэрэгцээ багтаамжаас хэтэрсэн гэсэн үзүүлэлт юм. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлээс шалтгаалсан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд тулгарч буй сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор дээрх шийдвэрийг холбогдох инженер, мэргэжилтнүүдийн дүгнэлтэд үндэслэн гаргасан” хэмээн авто машины бизнес эрхлэгчидтэй уулзах үэрээ хэлжээ. Өөрөөр хэлбэл, автомашины импортыг хязгаарлаагүй. Улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ биелүүл гэсэн тухай худалдаачид хэлж байгаа юм.
Ямартай ч хүмүүсийн хэлж бас зорьж заншсан “Да хүрээ” зах дээр худалдаа эрхлэгчдэд улсын дугаар хийгээд автомашины үнэ өнгөрсөн долоодугаар сартай харьцуулахад дариу 3-5 сая төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн улсын дугаар үнэд орсон гэдэг ч олны үг ортойг баталж байлаа.
 
БИЗНЕСТ ЭЭЛТЭЙ ТӨСӨВ БОЛНО ГЭВ ҮҮ?
 
2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьж УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэж буй энэ үед Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа.
Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлан тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах нэгж тарифыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.
Ирэх жилийн нийслэлийн төсвийн төсөлд дараах үндсэн чиглэл, бодлогыг баримталж буй аж. Тухайлбал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна. Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийснээр авто замын түгжрэлийг бууруулна. Өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээн тусгасан байна.
Цоо шинэ санаачилга, зорилго биш л дээ. Өмнө нь энэ мэтчилэн тусгаж л байсан. Харин ажил хэрэгж болж бодит үр дүн гарах эсэх нь эргэлзээтэй байхаас гадна үргүй зардал, хөөсрүүлсэн тооцоолол болоод өнгөрдөг гашуун туршлага байгааг зарим судлаачид сануулж байгаа харагдав.
Нийслэлд төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг татварын бодлоготой уялдуулах, бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх зэргээр нарийвчлан төлөвлөсөн ажлууд бий. Тодруулбал, бүртгэл хяналтыг сайжруулснаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэ мэтчилэн нийслэлчүүдийг залхаахгүй бас аливаа дүрэм журмаар боомилохгүйгээр төсвийн төслөө дорвитойхон шиг төлөвлөх хэрэгтэй.
Нийслүүлэлчүүдэд ээлтэй гэж хэлчихээд нэг хэсэгт нь ашигтай төсөв болчих вий.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0