Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/zaisazwz/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Түүх - Zaisantv.mn https://zaisantv.mn/ ru Түүх - Zaisantv.mn DataLife Engine НЭГДҮГЭЭР САРЫН ЗУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ https://zaisantv.mn/index.php?newsid=1423 https://zaisantv.mn/index.php?newsid=1423


Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон нэгдүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсрууллаа.
Нэгдүгээр сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 3 хувьд нэн их, 17 хувьд их, 38 хувьд дунд, 26 хувьд бага зэрэг хүндрэлтэй, харин 16 хувьд хүндрэлгүй байхаар байна.
Тухайлбал мал өвөлжилтийн байдал Баян-Өлгий, Увс, Ховд, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ихэнх, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийн зарим нутгаар их хүндрэлтэй байх төлөвтэй байгаа юм. Иймд мал өвөлжилт хүндэрч байгаа болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгой анхаарч, цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол ашиглан хариу арга хэмжээг төлөвлөн ажиллахыг "Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс" зөвлөлөө.
 ]]>
secret0721 Mon, 05 Jan 2026 18:17:54 +0800
Т.Лхамжав: Зураг зурах үнэхээр сайхан шүү https://zaisantv.mn/index.php?newsid=1386 https://zaisantv.mn/index.php?newsid=1386 Хүүхэд бүр дахин давтагдашгүй ертөнцийн эзэд. Тэдний  сэтгэлд гайхалтай их төсөөлөл,  хүсэл мөрөөдөл, авьяас билиг, энэрэл хайр, гэгээн бүхэн оршиж байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Хүүхдийн ертөнц” буландаа “Боролдойн гэр"  цэцэрлэгийн “Арт” дугуйлангийн ахлах багш Т.Лхамжав болон түүний авьяаслаг сурагчдыг онцолж байна.
 
-Танай цэцэрлэг хүүхдийн зурах ур чад­варыг хөгжүүлэхийн тулд ямар арга барилаар хичээлээ заадаг вэ? 
-Хамгийн түрүүнд юу зурахыг хүсэж байгааг асууж, түүнийг нь бодитой болоод сонирхолтой болгоход нь дэмждэг. Мөн хүүхдүүд маань “Би ингэж зурж чадлаа” гэдэг мэдрэмж авч өөртөө итгэх итгэлийг нь бий болгохын тулд хүүхэд төвтэй аргыг баримталдаг.

-Урлаг тэр тусмаа дүрслэх урлаг­тай багаас нь ойр байлгаснаар ямар ач холбогдолтой вэ? 
-Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн мэдрэмжийг дэмждэг. Стресс тайлна, тэвчээртэй байдал болон анхаарал төвлөрөлтөд чухал ач холбогдолтой. Зургаас мөн урам зориг авч, "Би чаддаг" гэсэн мэдрэмжийг илүүтэй олж авдаг. 

 -Хүүхдийн зурсан зургаас тухайн үеийн мэдрэмж харагддаг гэдэг? 
- Өөрийнхөө тухай, гэр бүлийнхээ, найзынхаа гээд нийгмийн хүрээллээ зурсан сэдэвт болон чөлөөт зурган дээр хүүхдийн сэтгэл зүй болоод мэдрэмж түлхүү харагддаг. Түүгээр нь дамжуулж хүүхдүүдтэй харилцаа тогтоож тэдний сэтгэл санаа болон аливаа ойлголтыг нь эерэг аргаар чиглүүлж өгдөг. 

-Хүүхдүүд ихэвчлэн ямар сэдвээр зурах дуртай вэ?
 -Охид, зүрх, солонго, цэцэг голч­лон зурдаг бол хөвгүүд машин бөмбөг, найзуудаа зурах дуртай байдаг.

 -Бяцхан зураач хүүхдүүддээ хандаж юу гэж хэлмээр байна? 
-Болж байна аа, миний хүүхдүүд, зураад байгаарай. Улам гоё болоод л байна шүү. Зураг зурах үнэхээр сайхан шүү.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин]]>
secret0721 Tue, 18 Nov 2025 12:50:28 +0800
МАН-ын Их хурал намуухан болж, Н.Учралыг даргаараа сонголоо https://zaisantv.mn/index.php?newsid=1383 https://zaisantv.mn/index.php?newsid=1383  

МАН-ын 13 дахь дарга Н.Учрал гэж хэн бэ?


МАН-ын дарга Н.Учрал 1987 онд төрсөн. 2003 онд Их Засаг лицей сургуулийг төгсөж, улмаар Их Засаг Олон Улсын Их Сургуульд эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн.  Дараа нь Британи дахь Лимкоквин Их Сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.  2012 онд МУБИС-д түүхийн ухааны магистр, 2013 онд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол,Түвд ,Будда судлалын институтэд  Түүхийн ухааны доктор болжээ. “Тимон” гэх уран бүтээлийн нэртэй.  Хип хоп урсгалаар дуулж, дуу зохиодог, уран зохиолд ч дуртай нэгэн.  Багаасаа шүлэг зохиол бичиж, хэд хэдэн шүлгийн ном хэвлүүлсэн байдаг. Түүний аав Ням-Осор нь “Их Засаг” Олон Улсын Их Сургуулийг үүсгэн байгуулагчдын нэг.  Н.Учрал ч аавынхаа сургуулийг түүчээлж,  “Royal International University”-г үүсгэн байгуулжээ. Н.Учрал 2009 онд МАН-д элссэн.  Намын Залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан удаатай.  2016, 2020, 2024 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2022–2024 онд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж  дижитал засаглал, ил тод байдлыг сайжруулах чиглэлд анхаарал хандуулж ажилласан гэхэд болно. “Glass” нэртэй платформ ашиглан төсвийн зарцуулалт, төсөл санхүүгийн мэдээллийг ил болгосон. Мөн хууль эрх зүйн шинэчлэл, цахим үйлчилгээний хуулиуд болон хувийн мэдээлэл хамгаалах, кибер аюулгүй байдлын хуулийг батлахад түүний оролцоо их байсан гэхэд болно. 
 

Намын даргын хэлсэн онцлох эшлэлүүд

-23 насандаа намд элсэж, анхан шатны нэгжээс эхлэн шударга зарчмаа алдалгүй, үнэт зүйлд үнэнч зүтгэсээр 16 жилийн дараа Ардын намын даргын хариуцлагыг үүрэх эрхэм үүрэг надад ирлээ.
 -Хоёр их гүрний дунд орших Монгол Улсын хувь заяа бидэнд илүү ухаалаг, илүү эвтэй, илүү хариуцлагатай байхыг шаарддаг. Ардын нам гишүүдийнхээ дуу хоолойг сонсож, ард түмэнтэйгээ ойр ажилласан цаг бүрд бид ялдаг. Монгол хөгждөг. 
-Цаашид энэ буухиаг тасалдалгүй үргэлжлүүлж, дэвшүүлсэн зорилт, танилцуулсан "Гишүүн төвтэй E4" стратегиа бодитоор хэрэгжүүлж, хэлсэн үгэндээ эзэн, хийсэн ажилдаа хариуцлагатай байх зарчмыг би тууштай баримтална.
-Би унаж босож, уруудаж өгсөж, тулаад ирсэн бэрхшээлийг туулж давсан хүн. Энэ амьдралд эргээд ирсэн минь учиртай. 
-Ардын нам анхан шатны байгууллагаа сонсдог, амьдралын бодит үнэнийг хардаг, гишүүд, дэмжигчидтэйгээ эргэх холбоотой ажилладаг намын дотоод соёл, уламжлал хаачив гэж ахмад гишүүд маань асууж байна. Ардын нам ардын л нам байх ёстой. 
-Арван жил МАН засагласан ч Ард түмний амьдрал сайжирсангүй. Ард түмнээс алсарсан МАН-ын асуудлыг шийднэ
- Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй.  УИХ-ын сонгуульд намын жагсаалт болон тойргоос нэр дэвшигчдийг бодлогын мэтгэлцээнээр шалгаруулна. 
- Тусгаар тогтнолын ордныг хаалттай биш намын гишүүдийн мэтгэлцээний төв болгоно.
-Төрөөс өгдөг намын санхүүжилтийг төв нам дээр татаж аваад байх биш ажил хийж байгаа намын анхан болон дунд шатны байгууллагуудад хуваан өгнө.  

31 дүгээр Их хурал: Хэн юу хэлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа. Тэрээр “Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойр байх тусмаа хүчирхэгжин бэхжиж, алсрах тусмаа уруудан бөхдөг жамтайг та бүхэн огт мартах учиргүй. Үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдал, ард түмний эрх мэдлээс дээгүүр нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж огт байх ёсгүй. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн геополитик, геостратегийн зөрчил мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна. Монголчууд биднээс үл хамаарах хүндрэл бэрхшээлүүд ч улс орны эдийн засаг, улс орны амьдралд хүндээр тусаж байна. Энэхүү эгзэгтэй цаг үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал үнэт зүйл бол үндэсний эв нэгдэл юм. Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт Хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт хэмээн Их эзэн Чингис хаан сургасан шүү дээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар: 

“Анхнаасаа би дарга, цэрэг болж албан тушаалд шунаагүй ээ. Журмын нөхөд минь санал, сэтгэл нэгдээд "Энэ хүнд цаг үед ачаа үүр" гэж надад даалгасан. "Үүнээс ухрах эрхгүй" гэж үзэж, ардын намынхаа саналаас ухрахгүйгээр саналыг хүлээж авсан. Тухайн үед намын Бага хурлын гишүүд "Ерөнхий сайд намынхаа захиргааны болон улстөрийн эрх мэдлийг хамтад нь үүр" гэдэг саналыг хэлсэн. Би гэнэн цайлганаар итгээд л явсан. Ажлаа ч сайжруулъя гэж бодсон. Засгийнхаа ажлыг сайжруулж, энэ хямралыг давъя гэж өдөр шөнөгүй зүтгэсэн. Аливаа асуудалд ороод гэнэт намын даргын төлөө тэмцэж улайрсан зүйл байхгүй. Албан тушаалаас илүү зарчим, хууль, дэг журмыг баримиталж хатуу зогсох зүйл дээр хатуу зогссон. Албан тушаалын биш ардын намынхаа төлөө зогсож байгаа гэдгээ амьдаар нь харуулахын тулд нэрээ татаж мэдэгдэл хийсэн. Улс эх орныхоо эрх ашгийг бодож, давхар дээлээс татгалзсан" гэв.
 
МАН-ын дарга асан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

-Та бид хамтдаа 2024 оны УИХ-ын сонгуульд бүсчилж томсгосон тойрог, холимог тогтолцоогоор өрсөлдөж, 126 гишүүнтэй анхны парламентад олонхын суудал авч, тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэдэл болсон 100 жилийн түүхтэй МАН-аа нэгэн зуунаас шинэ зуунд ялалтаар хамтдаа түүчээлж чадлаа.  Бид хамтдаа эв нэгдлээ хангаж, ирээдүй рүү харах ёстой. Тийм ч учраас МАН-ын 31 дүгээр Их хурал Эв нэгдлийн Их хурал байх ёстой. МАН эв нэгдлээ олж, цааш цаашдын сорилтыг даван туулж чадна гэдэгт миний хувьд итгэл төгс байна. Цаг хугацаа өнгөрөх тусах бодит үйл хэрэг, үнэт үзэл бодол тодорч чадна гэдэгт итгэдэг. Ялалт байгуулсан намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Шинэ намын дарга намын түүхт 31 дүгээр Их хурлаас сонгогдох удирдлагын баг Монгол Ардын намаа 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж ажиллахын ерөөл дэвшүүлье. Би бүх талаар дэмжиж ажиллах болно. Намын дарга байна гэдэг их хэцүү ажил юм байна. Тиймээс дараагийн шинэ даргаа бүх талаар хүрээлж, хайрлаж, хамгаалж, нэг баг болж, дараагийн ялалтын төлөө, бусдынхаа төлөө түүчээ шувуу шиг манлайлан ажиллахын төлөө ажиллахад нь хамт байх нь чухал. 

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан:

-Ардчилсан улс оронд намын дотоод сонгууль улс төрийн өндөр соёл, ил тод нээлттэй зарчимд тулгуурлан өрнөдөг ч харамсалтай нь МАН-ын даргад нэр дэвшихээ зарласнаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болгосон.  Энэ тархи угаалт нь зөвхөн хувь хүний нэр хүндийн асуудал биш, харин Монгол Улсын гадаад нэр хүнд, Монгол Ардын Намын эв нэгдэл, улмаар төр, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж хувирсан. Ийм нөхцөлд миний бие албан тушаал, эрх мэдэлтэй зууралдахыг бус, харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг барьж, парламентын ардчиллаа хамгаалах, улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн зөв алхам гэж үзэж, Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэлээ. 
МАН-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар:
-Монгол Улсын тусгаар тогтнол, Монгол Ардын намын үйл хэрэг ямагт хамт явж ирсэн гэдгийг онцлон тодотгож, цаашид Монгол Ардын нам ойрын жилүүдэд дараах гурван бодлогод онцгойлон ач холбогдол өгч ажиллахаа мэдэгдлээ.  
Нэгдүгээрт, “Хүмүүн капитал хөгжлийн үндэс” бодлого. Тодруулбал, Монгол хүн эндэгдэлгүй төрж, эрүүл өсөж, чанартай боловсролтой, дэлхийд өрсөлдөхүйц дээд боловсролыг дотоод, гадаадад эзэмшиж, хөдөлмөрийн зах зээл дээр өндрөөр үнэлэгдэх ажил, мэргэжилтэй болж чанартай, аз жаргалтай амьдрах ёстой. 

Хоёрдугаарт, “Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, эдийн засгаа төрөлжүүлэх” бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Энэ тухайд тэрээр Монгол Улсын хөгжлийн гарц үйлдвэржилт бөгөөд аж үйлдвэржсэн улс гадаад улс орноос хараат бус байж эдийн засгийн аюулгүй байдлаа ханган хэрэгжүүлэх боломж бүрддэг.  Тиймээс аж үйлдвэр хөгжиж байгаа улс оронд ажлын байр бий болж, шинэ техник техонологи нэвтэрч, үндэсний бүтээмж сайжирдаг гэдгийг онцоллоо. 
Гуравдугаарт, “Хиймэл оюун ухаан-дижилтал шилжилт, хөгжлийн ирээдүй” бодлогыг танилцуулав. 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин]]>
secret0721 Mon, 17 Nov 2025 11:16:58 +0800
Музейн алтан сан хөмрөг дахь ховор үзмэр, олдворууд https://zaisantv.mn/index.php?newsid=1382 https://zaisantv.mn/index.php?newsid=1382 Дэлгэсэн тэрлэг шиг уудам Монгол орныхоо баруун хязгаарт орших, Мөнххайрхан, Хөхсэрх, Баатар хайрхан, Мянган Угалзат зэрэг алтайн сүрлэг уулсаар хүрээлүүлсэн, үзэсгэлэнт байгалийн хослол бүхий олон угсаатны өлгий нутаг бол Ховд аймаг билээ. Тэр ч утгаараа түүхийн дахин давтагдашгүй ховор олдворууд ч энэ л нутгаас гаралтай байдаг. “Зууны мэдээ” сонин энэ удаа Ховд аймгийн музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй ховор, үзмэр, олдворуудын талаар танилцуулж байна.  
Ховд аймгийн Музей нь 1950 оны аравдугаар сарын 18-ны өдөр орон нутаг судлах кабинетыг анх байгуулсан бөгөөд одоогийн Ховд хотын төв талбайн баруун урд нэгэн байшинд байрлуулан ажиллуулжээ. Тус кабинетыг анх байгуулахдаа Ховд аймгийн ард иргэдэд хадгалагдаж байсан үзмэр, аймгийн түүхтэй холбоотой түүхэн бичиг баримт, эд өлгийн зүйлс болох 300 орчим үзмэрийг цуглуулан бүртгэлд бүртгэн нийтэд дэлгэн үзүүлж эхэлсэн түүхтэй.  Аймгийн орон нутаг судлах кабинетын эрхлэгчээр Түнээхүүгийн Нямгэрэл томилогдон ажилласан гэдгийг Ховд аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтан Х.Бямбасүрэн хэллээ.
 
Чулуун уур нүдүүрийг хөх саарал боржин чулуугаар үйлджээ

Ховд аймгийн Музейн сан хөмрөгийн хамгийн эрт үед холбогдох үзмэр, олдворын нэг бол Чулуун уур нүдүүр / Шинэ чулуун зэвсгийн үе МЭӨ 7000-4000 жил/. Тус чулуун уур нүдүүрийг хөх саарал боржин чулуугаар үйлджээ. Нүдүүрийн бариул хэсэг нь хонины толгойн хэлбэр гаргаж урласан байна.
 
Чавхдаст ятгыг  Жаргалант Хайрхан уулын Нүхэн хадны оршуулгаас олжээ

Ховд аймгийн Музейн сан хөмрөгийн шинэ үзмэрийн нэг бол чавхдаст ятга /Алтайн ятга/ бөгөөд 2023 онд сэргээн бүтээсэн байна. Чавхдаст ятга нь Ховд аймгийн Манхан сумын Жаргалант Хайрхан уулын Нүхэн хадны оршуулгаас 2008 онд олдсон байна. Уг хөгжмийн зэмсгийн их биеийг хус модоор элдэв залгаа, наалтгүй урласан байна. Харин царны таг болон тээгийг уд модоор хийжээ. 
Ятганы хүзүүний угийн дээд хэсэгт хоёр тийш ташуулдан зурчин сийлсэн нь ташуу дөрвөлжин хээ үүсгэсэн ба 5.5 см урт байна. Эх биеийн урт 72 см, өргөн 10.1 см, эх биеийн доор авиаг гаргах зориулалттай чагт хэлбэрийн нүхний хэмжээ 1.9×2.4 см аж.
 Хөгжмийн хүзүүний хэмжээ нь угны хэсэгт 2.8×3.2 см, дунд хэсэгт 2.4×1.8 см, толгойн талд 2.1×2.7 см. Харин хөгжмийн толгойн хэмжээ нь чихний үзүүрээс хоншоор хүртэл 5.8 см, дагзнаас хоншоор хүртэл 4.9 см байна. Царны урт 35.3 см, өргөн 10 см, зузаан 1.79-4.21 мм. Чавхдасын тээг модны хэмжээ урт 8э.1 см, өргөн 6.03 мм, тээгийн дээрх чавхдасын нүх хоорондын зай 6.28 мм. Царан дээрх том нүхний хэмжээ 8×8.2 мм, жижиг нүхний голч 4.4 мм. Дагзан дээрх нүхний хэмжээ 8.6×6.8 мм аж.
Хөгжмийн ард талд нум барьж сум тавих гэж буй нэгэн анчин, таван нохой, олон салаа эвэртэй зургаан буга, нэг янгир сийлжээ. Мөн хөгжмийн  хоёр хажуу талд нь зургаан мөр 60 тэмдэгт бичээстэй. Уг бичээсний утга нь “Аялгуут /хайлал/ суу хүч алдар нь Яая-Огыл чавхдас татаж Чүрэ би бичив /Их туульч хайлан хэлж өгөгтүн/. Хэв алдалгүй хэлж өгөв ” гэжээ. 
 
Алтайн Урианхай угсаатны эмэгтэй дээл /XIХ-ХХ зуун/

Алтайн Урианхайчууд олон зууны туршид сур харвах, ан гөрөө хийх, товшуур хөгжим тоглох, тууль хайлах, модон цуур үлээх, хоолойн цуур буюу хөөмийлөх, уул ус, тэнгэр лус тахих бөөгийн зан үйлийг язгуур эхээр нь хадгалж ирсэн ард түмэн билээ. Ховд аймгийн Мөнххайрхан,Дуут сум, Жаргалант суманд аж төрдөг.

 
ХIХ зуунд хамаарагдах Мянгад угсаатны эмэгтэй дээл

Музейн сан хөмрөгийн шилдэг үзмэрийн нэг нь ХIХ зуунд хамаарагдах Мянгад угсаатны эмэгтэй дээл.  Мянгад бол ойрадын Хойд аймгаас үүссэн бөгөөд Хойд аймгийн нэгэн том овог юм. Мөн Хотгойдын дунд олон байдаг овог. Одоогийн мянгадууд нь хотгойдуудтай илүү холбоотой бөгөөд манж нар Чингүнжавын бослогыг дарсны дараа Хотгойдын бүрэлдэхүүнд багтаж байсан Мянгадуудыг Ховдод суулгаснаас үүсжээ. Мянгадчууд Хөвсгөлийн Хотгойдоос 1766 онд нүүж ирсэн үеэсээ эдүгээ хүртэл идээшин дассан Алтан хөхийн өвөрт Хар-ус нуур, Ховд голын хөвөөгөөр нутаглаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин]]>
secret0721 Mon, 17 Nov 2025 11:14:56 +0800
10 настай Вьетнам охин IELTS-д 8.5 оноо авчээ https://zaisantv.mn/index.php?newsid=1375 https://zaisantv.mn/index.php?newsid=1375

 
К.АНУ
Вьетнамын Хо Ши Мин хотын нэгэн бага сургуулийн сурагч 10 настай охин англи хэлний төвд суралцаж, багш хөлсөлж байгаагүй ч анхны оролдлогоороо IELTS-ийн нийлбэр дүнгээр 8.5 оноо авчээ.
Наймдугаар сарын сүүлээр өгсөн шалгалтдаа бага сургуулийн сурагч  Нгуен Бао Ань сонсох болон уншихад 9.0, ярихаар 8.5, бичихээр 8.0 оноо авчээ. IELTS-ийн статистик мэдээллээс үзэхэд Вьетнамд шалгалт өгдөг хүмүүсийн дундаж нас нь 16-22 байдаг ба тэдгээрээс нэг хувь орчим нь 8.5 буюу түүнээс дээш оноо авдаг байна.
Бао Ань хэлэхдээ "Англи хэл надад энгийн л санагддаг. Би төдөн оноо авна гэж ямар нэгэн зорилт тавиагүй. Би өөрийнхөө чадвар хаана байгааг харахыг л хүссэн" гэж хэвлэлд ярилцлага өгчээ.
Тэрээр тусгайлан судлах арга  байхгүй, сургуульдаа ердийн англи хэлний хичээлээс гадна төрөлх багш нартайгаа долоо хоногт хоёр удаа нэмэлт хичээл хийдэг гэсэн байна.  
Түүний ээж, 38 настай Танх Нхан хэлэхдээ, охиноо АНУ-д төрсөн, бага байхад нь гэр бүлийнхэн нь эх хэлээ мартахгүйн тулд гэртээ вьетнамаар ярьдаг байсан ч гэлээ охин нь хүүхэлдэйн кино, тв шоу нэвтрүүлгүүдээр дамжин англи хэлийг багаасаа төрөлх хэл шигээ сурсан гэж ярьсан байна. Харин охиноо гурван настай байхад Вьетнамд буцаж ирснийхээ дараа аав нь охиныхоо англи хэлийг мартуулахгүйн тулд түүнтэй англиар ярьдаг болжээ.
Эцэг  эх нь түүнийг хэлний сургалтад явуулж, эсвэл тусгайлан багш хөлсөлж байгаагүй ба шалгалт эхлэхээс зургаан долоо хоногийн өмнө Ань аавынхаа удирдлаган дор IELTS-ийн форматтай танилцаж,  дадлага хийсэн байна.
Ангийн ангийн багш нь “Энэ  үр дүн  зөвхөн түүний чадварыг илтгэж байна” гэсэн байна.
Охин жилийн өмнөөс герман, франц хэл сурч эхэлсэн бөгөөд шинжлэх ухааны хэд хэдэн онлайн сургалтад хамрагдсан байна. Түүний дараагийн зорилго “Tran Dai Nghia” авьяаслаг хүүхдүүдийн дунд сургуульд элсэх шалгалтаа амжилттай өгөх” гэжээ. "Тэнд олон авьяаслаг оюутнууд байдаг, англиар их ярьдаг болсон гэж сонссон. Тийм учраас би явмаар байна"гэж охин ярьсан байна.
Эх сурвалж: zms.mn]]>
secret0721 Mon, 10 Nov 2025 10:49:23 +0800
Түүхийнхээ балархай жимээр https://zaisantv.mn/index.php?newsid=1337 https://zaisantv.mn/index.php?newsid=1337 Өвөр Монголын эрдэмтэн ахмад түүхч Намсрайн Манж Чин улсын үеийн монгол үндэстний түүхийг судлан шинжилсэн цуврал бүтээл Монгол Улсад хэвлэгдэхээр боллоо.
“Ухаарлын хөтөч” ТББ-аас санаачлан Өвөр Монголын түүхч Намсрай гуайн судалгааны таван номыг хөрвүүлж, хэвлүүлэх ажлын үеэр Хөх хотын “Оюун сан” компанийн захирал Цэцэнтүтэй ярилцлаа.
 
-Дэлхийн Эзэнт гүрнийг байгуулж явсан Чингисийн монголчууд XVII-XVIII зуунд ээлж дараалан харь Манж Чин улсын эрхшээлд орсон гашуун түүх буй. Манжийн эрхшээлийн үеийн 200 гаруй жилийн монгол үндэстний түүхийг судалсан түүхч Намсрайн таван боть бүтээл Монгол уншигчдын хүртээл болж байна. Энэ талаар яриагаа эхлэе?
-Сайхан явдал болж байна. 2024 оны шувтаргаар манай “Оюун сан” компанийн дэд захирал Мөнхдалай нэгэн удаа надад Намсрай багшийн хэдэн бүтээлийг Монгол Улсад хэвлүүлэх санал ирснийг дуулгав. Өнөөг хүртэл Монгол Улсын ямар нэгэн компани Өвөр Монголын түүхчдийн номыг авч улс орондоо хэвлүүлэх санал тавьж байсан удаагүй тул би төдий л шимтэж анхаарсангүй, тэгсхийгээд орхисон юм. Харин энэ 2025 оны гуравдугаар сард дахин санал тавьж уг байгууллагын хүн уулзахаар ирлээ гэж Мөнхдалайг хэлэхэд нь номын зохиогч, эдүгээ 80 хэвийсэн өндөр настай Намсрай багшийг урьж манай компанид хамт уулзацгаасан юм.
Монгол Улсын “Ухаарлын хөтөч” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Бат-Өлзий биеэр хүрч ирээд хүсэлтээ дахин тавихад, Намсрай багш ихэд олзуурхаж “Галдан бошогт”, “Зүүнгар хаант улсын түүх”, “Дөрвөн Ойрадын түүх”, “Дайчин улсын үеийн Монголын түүх”, “Чин улсын үеийн Монгол хошуу чуулган” гэсэн судалгааны бүтээлүүдээ Монгол Улсад хэвлүүлэхийг зөвшөөрч, манай компани гэрээ хэлцлийг хийж баталгаажууллаа.
Сая миний бие Улаанбаатарт ирж “Ухаарлын хөтөч” ТББ-ынхантай уулзаж ярилцлаа. Туршлага чадвартай тус багийнхан энэ таван номыг монгол бичгээс кириллээр хөрвүүлж дуусаад түрүүчээс нь хэвлэж эхэлсэн байна. Хэлсэн амандаа хүрч, шуурхай хичээж буй Ц.Бат-Өлзий тэргүүтэй баг хамт олонд талархаж байна.
Манж Чин улсын эрхшээлд орсон 200 гаруй жилийн түүхэн урт хугацаанд монголчууд улс төрийн талаар эрх мэдэлгүй, аж ахуйн талаар ядууран хоосорч, соёл боловсролоор дэлхий дахинаас хоцорч, оюун санаа нь  мунхран битүүрч, гурван сөгдөл, есөн мөргөл хийхээс өөр юу ч мэдэхгүй буурай болсон, монголчуудын түүхэн дэх хамгийн харанхуй цаг үе мөн. Бид доройтож явсан түүхээ мэдэж, дүгнэлт хийх чухалтай. Нэн ялангуяа залуучууд багачуудад мэдүүлж, зөв хүмүүжил хүртээх чухалтай гэж бодож байна.
Намсрай багшийн таван ном бол Манж Чин улсын түүхэн данс эвхмэлд суурилж бичсэн үнэн бодтой түүхийн судалгааны бүтээлүүд юм. Эдгээр бүтээл Монгол Улсад хэвлэгдэх болсон  нь Монголын ард олон өөрийн өвөг дээдсийн ул мөрийг мөрдөн мөшгөж, түүх судлалыг цааш үргэлжлүүлэхэд дөхөм болох байх гэж бодож байна.
-Та Намсрай багштай хэзээ танилцсан бэ. Гарын шавь нь уу?
-Би 1980-аад оны сүүлчээр Өвөр Монголын Багшийн их сургуулийн түүхийн салбарт оюутан суралцаж байхдаа түүний энэ номуудтай танилцаж, оюуны шим болгож явсан. Энэхүү таван номыг уншаад Манж Чин улсын үеийн монголчуудын тухай дөхөм анхны ойлголттой болсон. 2010 онд Хөх хотын “Хангарди” ном хэвлэлийн компани үүсгэн байгуулсны дараа энэхүү таван номыг дахиж хэвлүүлэх санаа төрж, Намсрай багшийг эрж хүрээд жинхэнэ танилцсан юм.
-Намсрай багшийн таван номын дотор таны сонирхолд хүрсэн хамгийн сайн ном нь аль вэ?
-Таван ном бүгд үнэн бодитой түүхэн баримтад суурилж бичсэн үнэ цэнтэй сайхан бүтээлүүд юм. Түүний дотор “Чин улсын үеийн Монголын хошуу чуулган” ном бол эл газрын монголчуудын удам судрыг хайж мөрдөхөд гарын авлага болмоор ном гэж би үздэг. Энэхүү ном нь монголчууд өөрийн хошуу түүх, соёл, овог ястнаа эрж мөрдөхөд эх материал болно. “Ухаарлын хөтөч”-ийнхөнтэй хэд хоног хамт байхдаа Манжийн эрхшээлийн үеийн Монголын түүх судлалаар мэргэшсэн залуу эрдэмтэн, Япон Улсын Васеда их сургуулийн зочин судлаач, доктор (Ph.D), дэд профессор Э.Жигмэддорж болон эх түүхээ шимтэн сонирхогч Б.Наранхүүтэй уулзаад, Монгол Улсад өөрийн түүх судраа сайн мэддэг залуу хүмүүс зөндөө байдагт сайхан санагдаж, талархаж байна.
Бас Намсрай багшийн таван номыг монгол бичгээс кирилл үсэгт хөрвүүлэх ажлыг түүртэлгүй шуурхай амжуулж буй хариуцсан найруулагч Н.Баярсайхан, 2000-2004 оны УИХ-ын гишүүн Б.Өвгөнхүү гуай нар үндэснийхээ бичгийг сайн мэддэгийг хүндэтгэн талархаж байна.
-Та сая “Эл газрын монголчуудын ...” гэж ярилаа. Эл гэдэг нь бүх гэсэн санаа гэж хөрвүүлгийн явцад ойлгосон. Манайхан болохоор эл гэвэл энэ гэж ойлгоно. Намсрай түүхчийн номыг кирилл бичигт хөрвүүлэхдээ Монгол Үндэстний эртний олон овог ястны хэл яриа, бичгийн хэлний онцлог, зохиогчийн хэл найруулгыг эвдэхгүй яг хэвээр хадгалахыг эрмэлзсэн. Тэгэхээр мэргэн уншигчид цөхөх юмгүй ойлгох байх?
-Тийм бол бүр ч сайн, Намсрай багш монгол хэлтэй л бол ямар ч хүн уншиж ойлгохоор нягт бичдэг, баримтыг л дурдахаас бус, илүүг нуршдаггүй түүхч.
-Та Өвөр Монголд ямар сургууль төгсөж, хаана юу хийж ирсэн бэ?
 -Би Өвөр Монголын Ордос хотын отог хошууны уугуул, 1989 онд Өвөр Монголын багшийн их сургуулийн түүхийн салбарыг төгсөж, 2010 онд Хөх хотод “Хангарди” ном бичгийн компани үүсгэн байгуулаад одоо болтол ажиллаж байна. Компани маань одоо “Оюун сан” нэртэй болсон.
-Түүхчийн хувьд та ямар ямар бүтээлтэй вэ?
-Миний бүтээл гэвэл, одоо Бээжин дэх Төвийн Үндэсний их сургуулийн Түүхийн салбарт багшаар ажиллаж буй Хасбаганатай хамтарч бичсэн “Манжийн ноёлол доорх монголчууд” хэмээх ном юм. Тус бүтээл одоогоор хоёр удаа хэвлэгдээд буй. Бас залуучууд багачуудад зориулан бичсэн “Тэнгэрийн элч, түмний шүтээн Чингис хаан” гэдэг олон зураг хавсаргасан хүүхдийн унших ном буй. “Манжийн ноёлол доорх монголчууд” хэмээх ном маань Өвөр Монголын Их сургуулийн түүхийн салбарын оюутны хичээлээс гадна заавал унших чухалтай хэдэн номын нэг юм.
-Танай “Хангарди” ном хэвлэлийн компани Монгол Улсын түүхч, зохиолчдын нэлээд номыг  Өвөр Монголд хэвлүүлсэн дуулдаж байна?
-Манай компани байгуулагдаад, 15 жилийн нүүр үзэж байна. Энэ жилүүдэд Монгол Улсын түүх, соёлын сэдвээр олон эрдэмтдийн ном зохиолыг монгол бичгээр хөрвүүлж хэвлүүлсэн. Ш.Нацагдоржийн “Болор толь”, “Мандухай сэцэн”, Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн”, “Манан будан”, “Хубилай хаан”, “Боржин цохио доргилоо”, “Мөхөлтэй өрсөлдсөн он жил”, Б.Сарантуяагийн “Сорхугтани бэхи хатан”,  “Сайн хаан Бат”, О.Батсайханы “Монгол үндэстэн бүрэн эрхт улс болох замд”, “Монголын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт: Амьдрал ба домог”, Батбаярын “Монгол ба их гүрнүүд 20-р зууны эхэн хагаст” зэрэг түүх бичлэг, түүхэн романыг хэвлүүлэхэд манай компани гол үүрэг гүйцэтгэсэн.
Өвөр Монголын шинэ нэгэн үеийн залуучууд Ренчиний Чойномын шүлэг яруу найргийг унших их дуртай. Түүний “Хар цэцэг”, “Улаан дэвтэр”, “Хорвоод үлдээх дуун”, “Мөнх зул” зэрэг олон сайхан бүтээлийг хэвлүүлж гаргасан. Өвөр Монголчууд Р.Чойномын шүлэг найраглалыг уншаад уйлдаг улс.
-Танд баярлалаа. Намсрай түүхчийн судалгааны таван номыг нөхөдтэйгөө хамтран кирилл бичигт буулгах явцад бусдын эрхшээлд байсан гашуун түүхийнхээ балархай жимээр орсноо мэдрэв. Төрсөн сэтгэгдэл гэвэл, “хэвэл нэгт, хэлхээ бэхт” Монгол үндэстэн, Монгол туургатнаа монголчууд бид төрийн тэргүүнээсээ түмэн олноо хүртэл дор бүрнээ дурсан дурдаж, эв нэгдэлтэй аж төрөхийн эрхэм чухлыг хойч үедээ үргэлжид сануулж байгаасай гэж бодогдов.  
Бямбажавын Өвгөнхүү
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин]]>
secret0721 Tue, 01 Jul 2025 10:30:40 +0800
Түүхч М.Санждоржийн хувийн хөмрөгийг Үндэсний төв архив хүлээн авлаа https://zaisantv.mn/index.php?newsid=1321 https://zaisantv.mn/index.php?newsid=1321
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор М.Санждоржийн хувийн хөмрөгийг түүний үр хүүхдүүд Үндэсний төв архивд ёслол төгөлдөр хүлээлгэн өглөө. Энэхүү хөмрөгт түүхч М.Санждоржийн намтар, судалгааны шинжилгээний бүтээлийг багтаасан 101 хадгаламжийн нэгж бүхий 4678 хуудас  цаасан суурьтай баримт, 112 ширхэг гэрэл зургийн үнэт өв багтжээ. Тус үнэт өвийг өнөөдөр Үндэсний төв архив хүлээн авч, сан хөмрөгөө баяжуулан албан ёсоор төрийн хөмрөг үүсгэж байна.
Монгол Улсын түүхэн хөгжлийг хамарсан нийгэм, улс төр, соёл, шинжлэх ухааны үнэ цэнтэй баримтуудыг тасралтгүй бүрдүүлж хадгалах, төрийн сан хөмрөгийг баяжуулах нь Үндэсний төв архивын эрхэм зорилго билээ. Уг зорилгын хүрээнд шинжлэх ухааны салбар бүрд үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, судлаачдын амьдрал замнал, судалгаа шинжилгээний үр дүнг агуулсан түүхэн баримтыг хүлээн авч, архивын сан хөмрөгт бүртгэн хадгалдаг байна. Ийнхүү 1928 онд хамгийн анх Монгол Улсын ерөнхий сайд Цэрэндоржийн гэрт хадгалагдаж байсан хувийн гаралтай ховор баримтуудыг Үндэсний төв архив хүлээн авч, хувийн архив бүрдүүлэх ажил эхэлжээ. Харин одоо тус архив төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн 50 орчим хувийн хөмрөг хадгалагддаг байна. Ийнхүү өнөөдөр хувийн хөмрөгийн тоо нэгээр нэмэгдэж, түүхийн шинжлэх ухаанаар судалгаа шинжилгээ хийх сонирхолтой судлаачдад нэрт түүхч М.Санждоржийн хувийн хөмрөг нээлттэй болов.
М.Санждорж нь 1931 оны тавдугаар сарын 15-нд Завхан аймгийн Сантмаргац сумын Мойвын дэнж хэмээх газар төржээ. Тэрээр есөн настай Сантмаргац сумын сургуульд элсэж 1947 онд дунд сургуулиа төгссөн бөгөөд дараа жил нь МУИС-д түүхийн багш мэргэжлээр элсжээ. Ийнхүү түүний түүхийн шинжлэх ухааны салбарт ихийг хийж бүтээсэн эрдмийн замнал эхэлсэн байна. Тухайлбал, 1958-1961 онд 3ХУ-ын А.А.Ждановын нэрэмжит Ленинградын их сургуулийн аспирантурт суралцаж, түүхийн ухааны дэд эрдэмтэн, 1972-1974 онд 3ХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн докторантурт суралцаж, шинжлэх ухааны доктор, 1996 онд Засгийн газрын дэргэдэх Эрдмийн цол зэрэг олгох комиссоос профессор цол хүртсэн юм.
]]>
secret0721 Mon, 26 May 2025 10:15:27 +0800
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ https://zaisantv.mn/index.php?newsid=1295 https://zaisantv.mn/index.php?newsid=1295 Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдааны дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ. Чансааг улсын аварга Оргихын Хангай 8500 оноотойгоор тэргүүлж эхэлжээ. Түүний дараагаар улсын заан М.Лхагвагэрэл, улсын начин Э.Батмагнай, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, улсын начин Ч.Батчулуун нар удаалж байна. 
Чансааны дэлгэрэнгүйг www.devjee.mn  харах боломжтой юм. 
Эх сурвалж:www.polit.mn 


]]>
secret0721 Mon, 21 Apr 2025 21:34:46 +0800
Д.Батсайхан: Үнэндээ Маамын Лхагва арслан төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ https://zaisantv.mn/index.php?newsid=1292 https://zaisantv.mn/index.php?newsid=1292 “Зууны мэдээ” сонин “Төрсөн нутаг мину” булангийнхаа анхны зочноор Завхан аймгийн Идэр сумын нутгийн зөвлөлийн дарга Д.Батсайханыг урьж, ярилцлаа.
 
-Идэр сумын нутгийн зөвлөлөөс энэ сарын 19-нд нэгэн сонирхолтой бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ.  Улсын арслан Урт гарт Маамын Лхагва гэдэг бөхийн нэрэмжит барилдаан болох юм байна. Нутаг усандаа алдартай энэ бөхийн үүх түүхээс яриагаа эхэлье?
-Монгол Улсын арслан Маамын Лхагва 1907 онд Завхан аймгийн Идэр сумд төрсөн. Ер нь бол лам хүн л дээ.  Тэрбээр 16 насандаа долоон хошууны даншиг наадамд түрүүлж байсан. Тэр үеийн даншиг наадам Бөхөн шарын нуруунд болж, долоон хошууны алдарт бөхчүүд цуглардаг том наадам болдог байжээ.  Түүний дараа Лхагва гуай Улаанбаатар хотод ирсэн байдаг. 1931 оны Төрийн их баяр наадам, Ардын хувьсгалын 10 жилийн ойн баяр наадамд 24 настайдаа зодоглож ес даван үзүүрлэсэн байгаа юм. Уг нь бол тэр жилийн их баяр наадамд түрүүлсэн гэдэг.  Гэвч ардын хувьсгалын тэгш ой болж таарсан учраас лам хүн түрүүлэх нь зохимжгүй хэмээн үзүүрлэсэнд тооцож, улсын заан цол хүртсэн гэдэг.  Ийм түүхэн баримт яриа бий.  Түүний дараагийн жил буюу 1932 оны их баяр наадамд төрсөн ахтайгаа хамт барилдаж,  шөвгийн дөрөвт хоёулаа үлдсэн байдаг юм.  Тэр наадмаар төрсөн ах нь заан цол хүртэж, өөрөө заан цолоо баталж байсан түүхтэй.
-Ах нь хэн гэдэг бөх байсан юм бэ?
-Маамын Намбар гэж Улсын заан хүн байсан.  Нутаг усандаа бөхийн удамтайгаараа гайхагдсан улс байлаа.  Маамын Лхагва гуай 1933 оны улсын баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн. Ингэхдээ 1931 оноос хойш лам байхаа болж, хар болсон. Түүний амжилт дүүрэн, адармаатай ч гэмээр бөхийн замнал ингэж эхэлж өрнөсөн байдаг. Үүний дараа Л.Маам гуай 1939 оны наадамд бас л ес давж түрүүлсэн. Гэхдээ дайны жил байсан учраас шинэ цэрэг Б.Түвдэндоржийг түрүүлсэнд тооцож байжээ.  Үндэсний бөхийн Их аварга Б.Түвдэндорж гуай шүү дээ. Дайны үед цэрэг хүн түрүүлэх нь зөв юм гэж үзсэн байгаа юм. Үүнээс болоод М.Лхагва гуай Маршал Х.Чойбалсанд хатуу үг хэлж,  10 жилийн хорих ял авсан.  Долоон жил шоронд хоригдож, гарч ирээд үндэсний бөхөөрөө үргэлжлүүлэн барилдаж,  төрийн наадамд таван удаа шөвгөрсөн. Нийтдээ төрийн наадамд нэг түрүүлж, хоёр үзүүрлэж, 12 шөвгөрсөн ийм түүхтэй бөх юм. 
-Урт гарт гэдэг нь ямар учиртай тодотгол вэ. Тийм урт гартай бөх байсан юм уу?
-Анх Хамбын бор гэсэн хочтой барилдаж байсан.  Завхан аймгийн Идэр сум бол Хамба гэгээн, ялгуусан гэгээн гээд хоёр гэгээний нутаг.  М.Лхагва гуай Хамба гэгээний шавь, лам хүн байсан. Тийм учраас овооны наадамд түрүүлж байх үеэсээ эхлээд Хамбын бор гэдэг хочтойгоор барилдаж байсан. Дараа нь төрийн наадамд барилдаж эхлэх үед урт гарт гэж нэрлэж байсан. Биеийн пропорц нь сонин, онцлогтой хүн байж л дээ. Гараа унжуулаад зогсоход нь хоёр гар нь өвдгийг нь давдаг байсан гэдэг.  Тийм учраас урт гарт Маамын Лхагва гэдэг ийм нэр алдрыг өгч байсан түүхтэй юм. М.Лхагва гуай ах дүү гурвуулаа. Том ах  М.Намбар 1932 оны улсын наадамд зодоглож улсын заан болсон. Улсад дахиж барилдаагүй байдаг юм. Дараагийн ах нь М.Дэндэв гэж хүн байсан. Тэр хүн аймгийн заан цолтой. Тэгээд бага нь М.Лхагва гуай юм.
-Идэр сумын нутгийн зөвлөлөөс яагаад Урт гарт М.Лхагва гуайн  нэрэмжит барилдааныг зохион байгуулахаар болов?
-Завхан аймгийн Идэр сумын нутгийн зөвлөл, Монголын Үндэсний бөхийн холбоо, “Эв монгол” клуб хамтраад Монгол Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдааныг энэ сарын 19-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна. Энэ барилдааныг олон хүн дэмжиж байгаа. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Идэр сумын ИТХ, ЗДТГ дэмжиж хамтран зохион байгуулж байна. Мөн бөхөд сэтгэлтэй олон түмэн минь дэмжиж тусалж хамтран ажиллаж байгаад баяртай байна. Монгол Улсын аваргын энтэй арслангийн нэрэмжит барилдаан учраас 256 бөх барилдуулахаар шийдсэн. Бөхийн бай шагнал бас нэлээд өндөр байгаа. Монгол Улсын арслангийн нэрэмжит энэхүү барилдаанд бөхчүүд, бөх сонирхогчид, үзэгчид өргөнөөр ирж оролцох боломж, үүд хаалга нь нээлттэй байна. Монгол Улсад аварга, арслан цолтой нийт 25 хүн байна. Эдгээр аварга арслангуудад бид албан ёсны урилга хүргэж байна. Мөн Завхан аймгаас төрсөн улсын цолтой бөхчүүдэд урилга хүргэж байгаа.  Түүнчлэн энэ цаг мөчид Монгол бөхийн өнгийг тодорхойлж барилдаж байгаа шилдэг залуу улсын цолтнууд, аймгийн цолтнуудаа барилдаанд ирж барилдахыг урьж байна. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун дагшин байгаасай, Монгол бөхийн түүхэнд хэлмэгдүүлэлт дахин битгий давтагдаасай гэсэн зорилготойгоор энэ барилдааныг зохион байгуулж байгаа.
- Бөх гэдэг чинь удамшдаг шүү дээ. М.Лхагва гуайн үр удмаас барилдаж байгаа хүн байна уу?
-М.Лхагва гуайн гурван зээ байна. Тэдний дунд барилддаг хүн байхгүй. Харин түүний төрсөн ах М.Намбар гуайн зээ нараас бол барилдаж байна. Аймгийн начин Баярбат гэдэг сайхан бөх бий.
-Таныг банкны салбарын хүн гэж мэдэхээс бөхийн хорхойтон гэж сайн мэддэггүй байлаа?
-Хүний эрхэлж байгаа ажил төрөл, итгэл үнэмшил дээр тулгуурласан хобби сонирхол их ялгаатай. Би монгол бөхийн үнэнч үзэгч, бас монгол бөхөө эрхэмлэн дээдэлдэг хүн. Тийм учраас нутгаас төрсөн энэ сайхан арслангийн үүх түүхийг нэлээд судалсан. Арслангийнхаа нэрэмжит барилдааныг монголын нийт үзэгчдийн хүртээл болгочих юм сан. Мөн энэ цаг мөчид хүч түрэн барилдаж байгаа олон сайхан бөхчүүд оролцсон, өрсөлдөөнтэй, шударга,  сайхан барилдаан зохион байгуулах юм сан гэсэн чин хүсэлтэй байна.  Түрүүлсэн бөх 12 сая төгрөгийн бай шагналыг хүртэнэ. Үзүүрлэсэн бөх долоон сая төгрөг, шөвгийн 4-т шалгарсан бөхчүүд тус бүр гурван сая төгрөгийн бай шагнал хүртэнэ. Энэ цаг үед болж байгаа барилдаанууд дотроо нэлээд чансаа өндөрт тооцогдож байна. Нөгөө талаасаа монголын үндэсний бөхийг үзэгч хөгжөөн дэмжигчгүйгээр төсөөлөхийн аргагүй. Үзэгчид маань  бөхийнхөө барилдаанд орж, дэмжиж сэтгэл санааны сайхан таашаал авдаг онцлогтой шүү дээ. Тийм учраас бид үзэгч дундаас арслангийн хишиг хүртээж, азтай нэгэн үзэгчид автомашин гардуулахаар бэлдсэн байгаа.
-Завхан аймгийг хутагт, хувилгаадын өлгий нутаг гэж ярьдаг шүү дээ.  М.Лхагва гуайн үүх түүхээс эхлээд мөн л бөхчүүдийн өлгий нутаг бололтой?
- Тийм шүү. Ер нь бөхийн өлгий нутаг шүү дээ. Олон сайхан бөхчүүд төрөн гарсан байдаг.  Монгол Улсын аварга Шагж гэж сайхан бөх байлаа.  Бас л хэлмэгдэж байсан түүхтэй хүн. 1929 оны Улсын баяр наадамд түрүүлэхэд нь улсын аварга цолны үнэмлэхийг нь өгчхөөд л маргааш нь буцааж хураагаад авсан ийм түүх байдаг. Монгол Улсын дархан аварга Шаравын Батсуурь Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн.  Тэрбээр 1940 оныг хүртэл Завхан аймгийн Алдархаан сумын харьяат гэж цоллуулж явсан  байдаг.  Ер нь бөхийн түүхэн дэх олон сонин содон явдлууд, түүхүүд манай Завхан нутагтай, Завханы бөхчүүдтэй холбоотой байдаг.  Олон сайхан улсын арслангууд бий. Аваргын энтэй арслан,  арслангийн энтэй заанууд төрөн гарсан нутаг бол Завхан нутаг. Өнөө цаг үед ч гэсэн Монгол Улсын гарди цолтны тоогоор Завхан аймаг тэргүүлдэг юм шүү дээ.
- Та Монгол бөхийн түүхэнд хэлмэгдүүлэлт дахин битгий давтагдаасай гэсэн шүү дээ. Бид  лам хуврагууд л хэлмэгдэж явсан гэхээс бөхчүүд хэлмэгдэж байсан түүхийг  сайн мэдэхгүй юм. Ер нь бөхчүүдийг  ямар учир шалтгаанаар  хэлмэгдүүлж байсан юм бэ?
-Тухайн үед бөх байна уу, хар байна уу, цэрэг, дарга байна уу гэдгээс үл хамаараад бүхий л хүн хэлмэгдүүлэлтэд өртөж байсан.  Улс төрийн нөхцөл байдал хүмүүсийн хандлагаас л хамаардаг байж. Түүхийн шар хуудсанд хар бараанаар тэмдэглэгдэж үлдсэн тэр хэлмэгдүүлэлтэд бөхчүүд ч бас өртөж байсан. Үүний нэг тод жишээ нь урт гарт Маамын Лхагва гуай юм. Үнэндээ тэр бол монгол төрийн наадамд гурав түрүүлчихсэн хүн шүү дээ. Гэтэл шоронд долоон жил суусан. Хэрэв тэр долоон жилийн хугацаанд зүлэг ногоон дэвжээндээ барилдаж байсан  бол хэдэн наадмын түрүү авах байсныг хэн ч мэдэхгүй.  Дараа нь М.Лхагва гуайг  Монголын төр цагаатгасан, уучлалт гуйсан. Тэгэхдээ хувь хүнийхээ хувьд хэлмэгдэж, цагаадсан болохоос биш Монгол бөхийн хувьд хэлмэгдсэн тэр он жилүүд, бөхийн замналыг нь цагаатгаагүй юм.  Тийм ч учраас энэ хүнд одоо ч аварга цолыг нь олгоогүй байна.   М.Лхагва гуай 1977 онд онд 70 настайдаа нас барсан байдаг.  Сүүлд Б.Түвдэндорж аварга  “1939 оны наадамд би М.Лхагва гуайд өвдөг шороодсон юм.  Цаг төрийн байдал амаргүй байсан учраас намайг давсанд тооцсон юм” гэж хэлсэн дурсамж нь бий. 1939 онд Монголын төр дайны цаг мөчид монгол цэргийнхээ сүр хүчин дор ялалтыг байгуулж байсан түүхтэй. Тийм учраас тухайн жилийн наадамд монгол цэргийн сүр хүчийг илэрхийлдэг нэг зүйл болох Монгол бөхийн барилдаанд шинэ цэрэг хүн түрүүлэх нь бас чухал байсан юм болов уу даа.
-Монгол бөхтэй холбоотой хууч ярианууд үлгэр домог мэт яригддаг шүү дээ.  Маамын Лхагва гуайн тухай таны сонсож байсан хамгийн сонин содон, сэтгэлд тань үлдсэн зүйл юу байна вэ?
- Маш олон бий.  Энд би нэг л түүхийг нь яръя. Архангай аймгийн Хотонт сумын харьяат, Монгол Улсын заан Адьяа гэж хүн байсан. Би Завхан руу явж байгаад Хотонтод машин эвдрээд тэр айлд хонож байлаа. Адьяа гуайтай бөхийн хууч хөөрч хоносон. Тэгэхэд Адьяа гуай Лхагва арслантай холбоотой нэгэн түүх ярьсан юм. Адьяа заан өөрөө тээврийн тэрэгний жолооч байж л дээ. Тэгээд 1939 оны намар Лхагва гуай шоронд орчхоод Сэлэнгийн Түнхэлийн модны үйлдвэрт ажиллаж байсан юм байна лээ. Адьяа гуай тэндээс мод ачдаг. Тэгээд Лхагва гуай шоронд очсоныхоо дараахан шөнө ерөөсөө унтдаггүй.  Модон дээр буруу харж суучхаад “Та унтаач ээ” гэхээр “Үгүй ээ нойр хүрэхгүй байна” гэдэг.  “Яагаад байгаа юм” гэхээр “Б.Түвдэндоржтой л барилдаж байж миний нойр хүрнэ. Тэрнээс наана би унтахгүй байна” гэдэг.  Тэр хорихын дарга нь бас бөхийн хоббитой.  Бөхөд элэгтэй хүн байсан байна. Тэгээд М.Лхагваа гуайг дуудаад “За.  Та сайхан унт. Амар. Б.Түвдэндорж гуайг ойрын үед нэг томоохон барилдаанд барилдана гэдэг зар явах юм бол би танд мэдэгдье.  Таныг би нэг барилдуулъя”  гэж хэлээд тайвшруулаад байсан.  Удалгүй Сэлэнгэд Түвдэндорж аварга ирж барилдана гэдэг зар гарсан. Тэгээд хорихын дарга Лхагва гуайг дуудаад хэлсэн юм байна лээ. “Түвдэндорж гуайтай би таныг барилдуулъя.  Гэхдээ та нэгийн даваанд Түвдэндорж гуайтай залуу бөхөөр, өөр нэрээр барилдана. Хаясан ч, унасан ч та хоёрын даваанд барилдахгүй шүү” гэж тохироод очсон юм билээ.  Тэгээд хөлийн цэц дээр нь очоод хорихын дарга нь “Манай ажилтан байгаа юм.  Энэ хүнийг нэгийн даваанд барилдуулчхаад би явах гээд байна.  Хамгийн том цолтой бөхөд нь тавиад өгөөч” гэж гуйгаад Түвдэндорж аваргын аманд гаргасан юм байна лээ. Тэгээд Б.Түвдэндорж гуайтай нэг цаг гаруй барилдаад Түвдэндорж гуайг хаясан байдаг. Б.Түвдэндорж гуай босож ирээд элэг бүсээ тайлахад нь элэг бүсийнх уяаг нь уяж, өөрийнхөө элэг бүсний уяаг тайлаад “За чи маршалтай хүн хоёрын даваанд барилдчих байлгүй дээ. Би хоригдол хүн явлаа” гэж хэлээд тахимаа өгсөн юм. Ингээд хорихын дарга гүйж очоод гараас нь хөтлөөд л шууд машинд суулгаад аваад явчихсан юм байна лээ. Тэрнээс хойш Лхагваа гуай их сайхан унтаж амарсан гэдэг.  Мөн Түвдэндорж аварга барилдаан болсноос хойш долоо хоногийн дараа М.Лхагваа гуайг эргэж ирээд “1939 оны наадамд Лхагваа түрүүлсэн юм.  Би унасан.  Тэр үеийн нөхцөл байдал ийм байсан. Лхагваагаа ингээд явж байхад нь эргэж ирээгүй нь миний алдаа байжээ,  Уучлаарай” гээд эргэж ирж байсан гэдэг. Энэ домог түүхийг улсын заан Адьяа гэж хүн надад ярьж  байсан даа.
-Та маршалд хатуу үг хэлээд шоронд орж байсан гэсэн шүү дээ.  Тэр нь юу гэсэн үг байсан юм бол?
-“Маршалын мэлмий муудаж дээ. Урдах нь ул ардах нь зул болж”  гэж хэлсэн юм гэдэг.  Ер нь санаа нь төрийн наадамд гурав дахь удаагаа түрүүллээ. Хоёр дахь удаагаа хэлмэгдүүлчихлээ л гэсэн санаагаар хэлсэн шиг байгаа юм. Тэгээд хувьсгалын эсэргүү гэдэг хэргээр шоронд явж байжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин]]>
secret0721 Tue, 15 Apr 2025 11:48:36 +0800
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна https://zaisantv.mn/index.php?newsid=1289 https://zaisantv.mn/index.php?newsid=1289
Б.ГАРЬД
 
Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ. Улс төрд лав Л.Гантөмөр гэдэг “өрсөлдөгч” алга. Сонирхлоо. Тэгсэн нь, түүнийг Улаангомын 10 жилд сурч байхад ангид нь гурван Гантөмөр байжээ. Хоёр нь Л овогтой аж. Тиймээс ангийнх нь багш тэднийг ялгахын тулд одоогийн АН-ын даргыг Лу.Гантөмөр гэж бичдэг болжээ. Түүнээс хойш найзууд нь хүртэл Лу.Ганаа гэж дуудддаг болсон байгаа юм. Улмаар, энэ нэрээрээ улс төрд танил болсон байна.
Гэснээс, Лу.Гантөмөр дарга нь болсон АН-ынхан 35 жилийнхээ ойд зориулсан Их хурлаа сая даваа гаригт хийлээ. Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр л дөө. Уг нь энэ АН нь 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд “төрсөн” байдаг юм. Түүгээр 25 жилийн ой нь л дөхөж байна. Гэтэл яагаад ч юм, “нас”-аа 10-аар нэмээд, төрсөн өдрөө тэртээх 1990 онд байгуулагдсан Монголын Ардчилсан нам /МоАН/-ынхаар тогтоочихлоо. Гэхдээ энэ чухал биш юм. Харин, АН өнөөдөр өдий дайны болсон нь сайн хэрэг л дээ. Яг үнэндээ, АН саяхан л бараг л нам биш болчихсон байсан. Нэг тийм, “айл гэр” гэдэг шиг тоглоомын бүтцүүд, бидний ярьдгаар энэ нам дахь бүлэг, фракцууд тал талд өөрсдийнхөөрөө тоглоод эхэлсэн. Юун хууль, яасан дүрэм, ямар ёс зүй. Мөн ч холиосон доо.
Энэ нь, 2016 оны сонгуулийн навс ялагдлын дараа эхэлсэн. 2017 онд намаас нь нэр дэвшсэн хүн Ерөнхийлөгч болоод дээрдсэнгүй. АН-ын ан цав улам нэмэгдэж, хурдтайгаар хагаралдсан. 2020 оны УИХ-ын сонгуульд арайхийн орсон ч бас л үнэмлэхүй ялагдал хүлээсэн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэхэд бас л тархай бутархай хэвээрээ байв. СЕХ, Дээд шүүх толгойгоо гашилган байж 2020 оны УИХ-ын сонгуулийн суурь дээр нь арайхийн тэр сонгуульд оруулсан. Бас ч гэж, АН-гүй сонгууль гэж юу байх вэ дээ. Эрх баригчид ингэж үзсэн биз. Тэр үеийн үйл явдлууд тэгж л уншигдсан. Энэ зуурт АН дотор бол жинхэнэ холион бантан болж байв. АН гэсэн хоёр “улс төрийн хүчин” үүссэн. Хоёр тусдаа дотоод сонгууль явуулж, тус тусдаа тамгатай хоёр даргатай болж байв. Хажуугаар нь жижиг бүлэг фракц тоймгүй олон байсан даа.
Ингэж явсаар 2023 оны эхээр ҮБХ-ны гишүүд нь тал талаасаа цуглаж хуралдаад Лу.Гантөмөрийг АН-ын даргаар сонгосон. Тэр үед тамга нь нэг хүнд, гэрчилгээ нь нөгөө хүнд байв. Гэхдээ, тэгэхэд АН-ынхан яагаад С.Баярцогтыг биш, З.Нарантуяаг биш Лу.Гантөмөрийг намын дарга болгосон бэ. Яг үнэндээ, С.Баярцогт ч, З.Нарантуяа ч Лу.Гантөмөрөөс илүүрхэх зүйл ихтэй улстөрчид шүү дээ. Нэг нь улс төрийн туршлага, нөгөө нь хатуу чанд байдлаараа намынхандаа болоод олонд танигдсан, түүгээрээ дэмжлэг авах магадлал өндөртэй байв. Гэхдээ Лу.Гантөмөр ч АН-ын анхан шатаас эхлээд Залуучуудын байгууллагыг тэргүүлж байсан. Мөн АН дахь “Нэг ардчилал” хэмээх нэр нөлөө бүхий фракцыг тэргүүлж байв.
Түүнээс илүүтэйгээр түүнд АН-ын дарга байсан Н.Алтанхуягархуу араншин байдаг. Хэт нэг талыг барьдаггүй. Дунд нь явж байдаг. Гол нь хэнтэй ч хэл амаа ололцдог чанар Лу.Гантөмөрт бий. АН-ыг ингэж бударч бутарсан үед иймэрхүү л ааш аягтай дарга авч гардаг. Нэг талаас задгайдуу гэж болох ч цаг үе нь АН-д тийм л даргыг нэхсэн хэрэг. Урьд нь, 10 гаруй жилийн өмнө, АН бас л тарж бутарчих гээд Н.Алтанхуяг дарга болж байж бөөгнүүлж билээ. Магадгүй, Лу.Гантөмөрийн дарга болсон үе Н.Алтанхуянхаас хамаагүй хүнд биз. Дээрээс нь, АН-д ах нар нь “залуухан”-аараа байгаад байдаг нэг зовлон бий. Ардчиллын анхдагчдын дийлэнх нь одоо ч намаа атгадаг. Лу.Гантөмөр болохоор Монголын улс төр дэх “далаад оныхон”-ы төлөөлөл байдаг. Тэгэхээр тэдний дундуур намаа даргалах ямар байх нь ойлгомжтой. Гэсэн, ямар ч л байсан намын дарга болсноосоо хойшх хоёр жил гурван сар гаруйн хугацаанд АН-ыг нэг болгоод авсан.
Тэгээд бас засагт хамтарч, үндсэндээ эрх барьж байна. Ингэж “ах нар”-ынхаа тараасан намыг хураасан.
Ер нь бол, Лу.Гантөмөрийн “хувь хүн” л энэ хүртэл авч ирсэн. 2024 оны сонгуулиас ганцхан жилийн өмнө арайхийн даргатай болсон АН-д ялалт дэндүү хол байх нь тодорхой юм. Дахиад дөрвөн жил өнжиж дараагийн сонгуульд бэлдэх нь АН-ын хувьд тэсэхэд хүнд даваа болсон. Нөгөөтэйгүүр, нэгэнт ялагдаад бүгдийг эсэргүүцэх ганцхан сонголттой үлдсэн бол өнөөдөр Монгол Улсын стратегийн том төслүүд хөдлөхгүй л байсан юм. Үүнд хүрэхийн тулд Лу.Гантөмөр 2023 оны сүүлчээс “…Хөгжлийн том төслүүдийг хамтдаа урагшлуулах” зарчим дээр ойлголцож, УИХ дахь гишүд нь 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлт, 2024 оны Үндэсний баялгийн сангийн хуулийг бусад улс төрийн хүчнүүдтэй санал нэгтэйгээр дэмжсэн. Тэдгээр хуулийн үйлчлэл, шинж тэмдэг өнөөдрийн улс төрийн үйл явдлуудаар илэрч гарч ирж байна.
Гэхдээ, Лу.Гантөмөрийг хамтарсан засаг байгуулж орсныг намынх нь зарим нөхөд шүүмжилсээр л байна.
2008 оны сонгуулийн дараа Н.Алтанхуягийг С.Баярын Засгийн газарт орж, өөрөө Тэргүүн Шадар сайд болоход ингэж багтарсан хүн олон л байсан. Тэд “… Н.Алтанхуяг дарга аа, АН өнөөдөр байхгүй боллоо. Гишүүд тань ханиа хадарч, ижлээ идээд дууслаа. Арай хамтарч ажиллаад байгаа МАХН тань АН-ыг булшлах үүргийг та нарт өгсөн юм биш биз” гээд л хашгирдаг байлаа. Өнөөдөр яг л энэ үг үсгээр Лу.Гантөмөр рүү дайрч байна. Гэтэл яасан, 2012 оны сонгуульд АН ялж эрх барьсан. Тэр үед Н.Алтанхуяг нар сонгуулийн дөнгөж өмнө мэдэгдэл хийгээд засгаас гарч байв.
Тэгвэл, “…Лу.Гантөмөр 2028 оны УИХ-ын сонгуульд яаж тоглох бол” гэдэг сонин байгаа юм. Наана нь бас 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль ч болно. Тэрээр сая намынхаа Их хурал дээр “…2028 онд бид дүнгээ тавиулахад утаа, түгжрэл арилсан байх болно гэдгийг би энэ индэр дээрээс баталгаатайгаар илэрхийлж байна.
Монгол хүний орлого 10 мянган ам.долларт хүрсэн байх болно” гэлээ. Энэ үг нь нэлээд шуугиуллаа. Янз бүрийн “онош” тавьцгааж байна. Харин, учир мэдэх хүмүүсийн дийлэнх нь “…Лу.Гантөмөр ирэх сонгуулийн өмнө намаа аваад засгаас гарахгүй бололтой. Нэгэнт энэ засгийн эхлүүлсэн, эхлүүлэх том төслүүдийг тэд нуруун дээрээ үүрсэн. Тэгэхээр хийж байгаадаа итгэлтэй байгаа хүний үг” гэж байх юм. Нэг талаас, тогтолцоо өөрчлөгдөж, намуудын аль нь ч ялаад дангаараа засаглах боломж хомс болсон. Тэгэхээр мань эр тэр “цэг”-ийг харсан уу, эсвэл “…Эрх баригч намын үүднээс сонгуульд орвол илүү” гэж үзсэн үү. Одоогоор АН-ын дарга Лу.Гантөмөрийн толгой дахь тооцоо, цээжин дэх хожоог мэдэх арга алга. Ямартай ч, сая намынхаа Их хурлыг хийлээ. Генсекээ жинхэллээ. Хоёр ч намыг намдаа нэгтгээд авлаа. Бас бус “жижиг сажиг” асуудлуудаа ч цэгцлэв. Ингээд АН-д түүний бодол бодлого болж хэрэгжихээр болж байгаа юм. Засагт хамтарсан МАН, ХҮН намын хэрэг явдалд ч Лу.Гантөмөрийн нөлөө орно. Цаашлаад, Монголын улс төрд ч жин дарах нь тодорхой болов. Учир нь “Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин]]>
secret0721 Thu, 10 Apr 2025 14:15:46 +0800