Deprecated: Array and string offset access syntax with curly braces is deprecated in /home/zaisazwz/public_html/engine/classes/templates.class.php on line 243 Zaisantv.mn https://zaisantv.mn/ ru Zaisantv.mn DataLife Engine Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ? https://zaisantv.mn/index.php?newsid=1470 https://zaisantv.mn/index.php?newsid=1470 2026 оны долдугаар сард XIV Далай лам 91 нас хүрсэн. Энэ нь Энэтхэгт дүрвэн амьдарч буй Төвдийн шашны дээд элитүүд тун удахгүй түүний залгамжлагчийг хайж эхэлнэ гэсэн үг юм. Гэвч ирээдүйн Буддын шашны тэргүүнийг зөвхөн Төвдүүд хайхгүй. 1959 онд Төвдийг өөртөө нэгтгэсэн Хятад улс өөрийн нэр дэвшигчийг томилох эрхтэй гэж үзэж байгаа бөгөөд Төвдийн эсэргүүцэгчдэд орогнол олгосон Энэтхэг улстай зөрчилдөх эрсдэлийг үүрэхэд бэлэн байна. АНУ болон Алс Дорнодын бүс нутагт Хятадын нөлөөг хязгаарлах сонирхолтой талууд уг зөрчилдөөнд оролцохыг хүсэх магадлалтай. АНУ-д одоогийн Далай лам таалал төгсөх үед болон түүнээс хойш үүсэж болзошгүй нөхцөл байдлуудад зориулан хууль тогтоох түвшинд бэлтгэл ажлуудыг хийж байна. "Meduza" цахим хуудасны хүсэлтээр хятад судлаач Алексей Чагадаев Хятад, АНУ, Энэтхэг улс Төвдийн шашны нэгэн чухал зан үйлд хэрхэн татагдан оролцсон болон ирээдүйн Далай ламтай холбоотой эдгээр гурван улсын хоорондох зөрчил цаашид хэрхэн өрнөж болзошгүйг тайлбарлаж байна.
Хятад улс яагаад Далай ламыг тодруулах үйл явцад оролцох эрхтэй гэж үздэг вэ? Хятад улс Далай ламыг томилох маргаангүй эрх эдэлдэггүй ч, Бээжингийн зүгээс шийдвэрлэх ач холбогдолтой гэж үздэг түүхэн жишиг байдаг. 1793 онд Гуркхын дайны дараа Чин гүрэн өндөр хэргэм зэрэгтэй лам нарын хойд дүрийг тодруулахад алтан бумба ашиглах болжээ. Төвдөд ийм ёс заншил хэзээ ч байгаагүй. Түүнчлэн, энэ аргыг тогтмол хэрэглэдэг ч байгаагүй юм. Тухайлбал, Далай лам нарын арван гурав, арван дөрөв дэх дүрийг тодруулахад тус савыг ашиглаагүй бөгөөд бүр арван дөрөв дэх Далай ламыг 1939 онд тодруулах үйл явцад Хятадын Засгийн газар огт оролцоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Далай ламын хойд дүрийг тодруулах, хянах бүрэн эрхт эрхэд Бээжингийн итгэлтэй байдал нь шашны ямар нэгэн дүрэм журамд бус, харин Чин гүрний үед хэрэгжиж байсан хязгаарлагдмал хүрээний нэгэн жишээнд үндэслэдэг.
Уламжлалын дагуу, Далай лам таалал төгссөний дараа түүний хойд дүрийг тодруулахтай холбоотой уламжлалт соёлын гол зүтгэлтэн болох Панчин лам /Банчин Богд/  түүний хойд дүрийг хайж олох, таньж тодорхойлох үйл явцад оролцдог. 1995 онд Далай лам зургаан настай Гэдүн Чойжи Нямaаг Панчин лам хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм. Удалгүй Хятадын эрх баригчид тус хүү болон түүний эцэг эхийг аюулгүй байдлыг нь хамгаалах зорилгоор хэмээн мэдэгдэж, албадан авч явжээ. Үүний дараа Бээжин хотод алтан бумба ашигласан ёслол болж, Гялцен Норбуг Панчин ламаар тодруулсан бөгөөд түүнээс хойш тэрээр Хятад улсад уг үүрэгт албаныхаа дагуу өсөж торнижээ. Тэрээр одоо 36 настай бөгөөд Хятад улсад шашин-улс төрийн албан ёсны албан тушаал хашдаг. Төвд түүнийг Панчин лам хэмээн хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд өөрсдийн зүгээс хүлээн зөвшөөрсөн хувилгаан дүр тэдэнд байхгүй байна. Ийнхүү Бээжин хот өөрийн Панчин ламыг тодруулж авсан нь түүнд 15 дугаар Далай ламыг тодруулах Хятадын үйл явцад оролцох боломжийг олгох юм. Үүний зэрэгцээ Төвдийн тал Буддын шашны тэргүүнийг бие даан хайх болно. Өнгөрсөн жил одоогийн Далай лам өөрийн залгамжлагчийг тодруулах эрх мэдлээ "Гаден Пходранг" сан болон Төвдийн шашны бусад эрх бүхий байгууллагуудад шилжүүлсэн юм.
1959 онд Энэтхэг улс Төвдөөс дүрвэн гарч ирсэн Далай ламыг хүлээн авч, тус улсад "Гаден Подранг" санг байгуулахыг нь зөвшөөрчээ. Гэвч Шинэ Дели хот залгамж халааг тодруулах асуудал нь шашны эрх баригчдын шийдэх хэрэг гэж үзэн, Хятад улстай илт зөрчилдөөн үүсгэхээс зайлсхийж байна. Энэтхэгийн эрх баригчид Далай ламын хэнийг нь хүлээн зөвшөөрч байгаагаа тодорхойлоогүй байна. Харин АНУ-ын хувьд Төвд өөрөө бус, харин Хятад улс Азийн бүс нутагт нөлөөгөө тэлэхээс сэргийлэх асуудал чухал байна. Яг энэ шалтгаанаар Вашингтон Төвдийн буддистуудын Далай ламыг өөрсдөө сонгох эрхийг дэмжиж, Бээжингийн зүгээс гаргаж буй шаардлагыг эсэргүүцэж байна. Ингэснээр Бээжин энэхүү институцид ноёрхлоо тогтоож, олон улсын тавцанд нөлөөгөө тэлэх дахин нэг хэрэгсэлтэй болохоос сэргийлэхийг зорьж буй хэрэг юм. Үүний зэрэгцээ АНУ Энэтхэгийг Азийн бүс нутаг дахь түншээ болгох сонирхолтой байна.
 Энэ оны долоодугаар сарын 6-нд 14 дүгээр Далай лам 91 нас хүрлээ. Түүний залгамжлагчийн асуудал хэдийнээ Хятад, Энэтхэг, АНУ-ын хувьд олон жилийн турш бэлтгэлээ базааж ирсэн сэдэв болон хувираад байна. Өөрийн гэсэн Панчин ламтай Бээжин  нь Вашингтон болон Шинэ Делигээс илүү сайн бэлтгэлтэй байгаа юм. Хэрэв Далай ламын статусын төлөө хоёр нэр дэвшигч гарч ирвэл дэлхийн удирдагчид тэдний хэнийг, ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөхөө шийдэх шаардлагатай болно. Азийн асуудал, олон улсын аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн Америкийн шинжээч Майкл Шифферийн бэлтгэсэн 56 хуудас бүхий тайланд энэхүү хямралын үед үүсэж болзошгүй нөхцөл байдлуудыг авч үзсэн  байна.
Уг тайланг АНУ-Хятадын Эдийн засаг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссын захиалгаар энэ оны наймдугаар сард нийтэлжээ. Энэхүү баримт бичигт Далай ламын институцын залгамж халааны асуудлыг шашны асуудал гэхээсээ илүүтэй Хятад, Энэтхэг, АНУ-ыг хамарсан геополитикийн болзошгүй хямрал гэж үзэж байгаа бөгөөд зохиогчид Энэтхэгийг гол тоглогч хэмээн тодорхойлжээ. Хятадын нөлөөг хязгаарлах нь АНУ-ын гадаад бодлогын гол зорилтуудын нэг болохын хувьд тус улс Хятад улс оролцож буй олон улсын бүх мөргөлдөөний асуудлаар хууль тогтоомжийн түвшинд тодорхой байр суурьтай байх шаардлагатай. Төвдийн шашны тэргүүний залгамжлагчтай холбоотой маргаан бол ийм асуудлуудын нэг юм. Иймд Майкл Шифферийн илтгэлд Конгресст зориулсан гурван гол зөвлөмжийг тусгажээ. Нэгдүгээрт, Гаден сангаас сонгосон залгамжлагчийг л АНУ хүлээн зөвшөөрөхөө урьдчилан мэдэгдэх. Хоёрдугаарт, 2026 оны тавдугаар сард Төлөөлөгчдийн танхимд өргөн баригдсан Төвдийн ирээдүйг баталгаажуулах тухай хуулийн төслийг батлах явдал юм. Гуравдугаарт, залгамжлагчийг тодруулах үйл явцтай холбоотойгоор АНУ болон Энэтхэгийн хооронд байнгын зөвлөлдөх сувгийг бий болгох. Тайланд ямар хувилбаруудыг тусгасан бэ?
Тайландын зохиогч Майкл Шиффер дөрвөн хувилбарыг танилцуулж буй хэдий ч, тэдгээр нь хоорондоо харилцан үгүйсгэсэн шинж чанаргүй болохыг онцолжээ. Үйл явдал нэг хувилбарын дагуу өрнөж эхлээд, дараа нь өөр хувилбар руу шилжих эсвэл хэд хэдэн хувилбар хосолж болзошгүй. Нэгдүгээр хувилбар: Хятад улс эхэлж алхам хийнэ. Далай лам таалал төгссөнөөс хойш хэдхэн хоногийн дараа Хятад улс "Алтан бумба"-ны ёс журмын дагуу нэр дэвшигчийг зарлах болно. Үүний дараа тэрээр Хятадын хяналтад байдаг Панчин ламаас олон нийтийн зөвшөөрлийг авах болно. Дараагийн Далай ламыг олж, хүлээн зөвшөөрөхөд "Гаден Пходранг" санд хэдэн сар, эсвэл бүр хэдэн жил шаардагдаж магадгүй юм. Иймд хэсэг хугацаанд олон нийтэд танигдсан Далай лам ганцхан буюу Хятадын томилсон  15 дугаар Далай лам л байх болно. Түүнчлэн, Энэтхэгийн эрх баригчид Хятадын талын нэр дэвшигчийг заавал шууд хүлээн зөвшөөрөх шаардлагагүй юм. Бээжин болон Дарамсалагийн хоорондох зөрчилдөөнд хөндлөнгөөс оролцохгүй байхад л хангалттай. Ийм нөхцөл байдалд тулгарч буй гол асуулт бол Хятад улс Энэтхэг болон дэлхийн бусад орны удирдагчдад шахалт үзүүлэх тохиолдолд Энэтхэг, АНУ урьдчилан бэлтгэлтэй байх эсэх явдал юм.  Шифферын үзэж буйгаар, хэрэв Вашингтон XIV Далай ламыг таалал төгссөний дараа л арга хэмжээ авахаар шийдвэл Хятад улс өөрийн санал болгож буй хүнийг хууль ёсны залгамжлагч болохыг олон улсын хамтын нийгэмлэгт ойлгуулан итгүүлэх цаг хугацаатай болох ажээ.
Хоёр дахь хувилбар. Маргаантай газар нутаг дахь залгамжлагч. Энэхүү хувилбараар бол одоогийн Далай ламын сангийнхан түүний хойд дүрийг Энэтхэгийн Аруначал-Прадеш мужаас олох болно. Уг муж нь VI Далай ламын 1683 онд мэндэлсэн газар юм. Энэтхэг улс тус газар нутгийг бүрэн хяналтдаа байлгаж, өөрийн албан ёсны мужуудын нэг болгон захирдаг. Гэвч Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Тус улс уг бүс нутгийг Өмнөд Төвд гэж нэрлэдэг бөгөөд өөрийн хууль ёсны газар нутаг гэж үздэг. Ийм нөхцөлд Энэтхэг улс Төвдийн шашны байгууллагуудтай хамтран Энэтхэгийн нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг Далай лам хэмээн хүлээн зөвшөөрөх болно. Гэтэл Хятадын байр сууринаас харвал уг бүс нутаг нь тус улсын харьяанд байдаг тул Энэтхэгийн энэ үйлдэл нь Далай ламыг тодруулах асуудлаарх Хятадын байр суурийг эсэргүүцсэн, улмаар Хятадын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг болох юм. Тайлангийн зохиогчид үүний улмаас Энэтхэг улс дипломат дарамтад өртөх, Хятадын зах зээлд нэвтрэх боломж хязгаарлагдах, мөн хил дээрх цэргийн хурцадмал байдал нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж байна. Энэ нь Энэтхэгийг сонголт хийхэд хүргэх болно, Далай ламын асуудлаарх байр сууриа тууштай баримтлах уу, эсвэл буулт хийх үү? Хэрэв буулт хийвэл Бээжин үүнийг "бууж өгсөн хэрэг" хэмээн тайлбарлах нь дамжиггүй. Ийм нөхцөлд цэргийн мөргөлдөөн даамжрах магадлал өндөр бөгөөд хэрэв Төвдийн асуудал Хятад-Энэтхэгийн хилийн хямрал болон хувирвал Вашингтон Энэтхэгийг дэмжихэд үнэхээр бэлэн эсэхээ шийдэх шаардлагатай болно.
Гурав дахь хувилбар. Олон арван жилийн турш хоёр Далай лам зэрэгцэн орших нөхцөл байдал үүснэ. Бээжин болон "Гаден Пходранг" тус тусын нэр дэвшигчдийг бараг нэгэн зэрэг зарлах болно. Хойд дүр хэмээн тодорхойлогдсон хүүхдүүд өсөж торнин, шашны сургалтад хамрагдахын зэрэгцээ тэдний хэн нь жинхэнэ болохыг хүлээн зөвшөөрүүлэх төлөөх 15-20 жилийн тэмцэл өрнөх болно. Энэтхэгт байгаа нэр дэвшигчтэй харьцуулахад Хятадын талын нэр дэвшигч асар их давуу талтай байх болно. Үүнд БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх хийдүүдэд нэвтрэх боломж, санхүүжилт, Хятадын дипломат сүлжээ, төрийн мэдээллийн хэрэгслүүд, түүнчлэн гадаадын засгийн газруудыг зөвхөн өөртэй нь харилцахад хүргэх чадвар зэрэг багтана. Тэрээр шашны хувьд хүлээн зөвшөөрөгдсөн байдал, олон улсын Төвдийн нийгэмлэгийн дэмжлэг, түүнчлэн Энэтхэг, АНУ-ын зүгээс дэмжлэг авах боломжтой нөхцөл байдалд байна. Энэхүү хувилбарт тулгарч буй гол эрсдэл буюу тодорхойгүй асуудал бол тухайн хүүхдийг өсөж том болж, боловсрол эзэмших хооронд Төвдийн байгууллагын тогтолцоог хэн үргэлжлүүлэн авч явах вэ гэдэг асуудал юм. Тайлангийн зохиогчийн үзэж буйгаар, АНУ-ын өмнө зөвхөн дипломат мэдэгдэл гаргах бус, харин Хятадын тогтолцооны эсрэг хувилбар болох Төвдийн шашны тогтолцоог урт хугацаанд дэмжих зорилт тавигдаж байна.
Эцэст нь, дөрөв дэх хувилбар буюу цэрэг-улс төрийн хямралын асуудал. Бээжин Шинэ Делиг залгамжлагч хайхаас татгалзуулахын тулд хил дээрх цэргийн дарамт, эдийн засгийн шахалт, хориг арга хэмжээ, дипломат заналхийлэл болон Энэтхэг доторх мэдээллийн ажиллагаа (тухайлбал, эрх баригч намын бодлогыг хилийн хямралын шалтгаан мэтээр харуулах) зэрэг бүхий л арга хэрэгслийг нэгэн зэрэг ашиглан шахалт үзүүлэхийг оролдох болно. Хэрэв Вашингтон болон Шинэ Дели  Далай ламын залгамжлагчийг хүлээн зөвшөөрөх асуудал болон Энэтхэг дэх Төвдийн нийгэмлэгийн ерөнхий байр суурийн талаарх өөрсдийн байр суурийг хэлэлцэхдээ залгамжлагчийн асуудалтай холбоотой хямрал эхэлтэл хүлээвэл Бээжин хот томоохон давуу талыг олж авах болно. Ийм нөхцөл байдлаас сэргийлэхийн тулд уг тайлангийн зохиогч Майкл Шиффер АНУ-ын эрх баригчдад Төвдийн ирээдүйг баталгаажуулсан хууль тогтоомжийг нэн даруй батлах, мөн дараагийн Далай ламыг тодруулах асуудлаар АНУ-Энэтхэгийн хооронд байнгын зөвлөлдөх механизмыг бий болгохыг зөвлөж байна.
Дөрвөн хувилбар бүгд нэлээд бодитой харагдаж байгаа бөгөөд санал болгож буй арга хэмжээнүүд нь зайлшгүй тохиолдох хямралд бэлтгэх үндэслэлтэй оролдлого юм. Гэсэн хэдий ч Далай ламтай холбоотой асуудал Дональд Трампын одоогийн засаг захиргааны гадаад бодлогын гол тэргүүлэх чиглэл болно гэж төсөөлөхөд хэцүү байна. Харин Конгресс хоёр намын аль алиных нь зүгээс энэ асуудлыг чин сэтгэлээсээ сонирхдог бөгөөд Төвдийн асуудал хариуцсан Тусгай зохицуулагч ч мөн ажилладаг билээ. Тэгвэл энэ зун Далай ламын залгамж халааны асуудлаар АНУ-ын байр суурийг урьдчилан тодорхойлох зорилготой шинэ хуулийн төсөл өргөн баригдсан байна. Гэвч энэ нь хямралын үед Хятад-Төвдийн асуудлыг шийдвэрлэхэд Цагаaн ордон тодорхой хэмжээнд бэлтгэлтэй байгааг заавал илтгэхгүй юм. Хамгийн магадлалтай хувилбар бол АНУ Далай ламын таалал төгсөх үйл явдлыг тодорхой байр суурьтайгаар угтах хэдий ч, тайлангийн зохиогчийн санал болгож буй Энэтхэг болон холбоотнуудтай урьдчилан тохиролцох тогтолцоог бүрдүүлээгүй байх болно. Энэхүү хямрал нь тодорхой хугацаанд олон улсын анхаарлыг татах болно. Вашингтон Бээжингийн томилсон Далай ламыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах болно. Конгресс тогтоол баталж, Өрнөдийн орнуудын засгийн газрууд шашны эрх чөлөөний асуудлаар мэдэгдэл гаргах болно.
Гэвч бодит байдал дээр гол ачаа Энэтхэгт ногдох болно. Хамгийн магадлалтай хувилбар бол Шинэ Дели Төвдийн асуудлыг аажмаар Бээжинд буулгаж өгөх явдал юм.
Бээжинтэй харилцаагаа хэвийн болгосноор эдийн засаг, улс төрийн илүү бодит үр өгөөж хүртэх боломжтой бол харин Төвдийн ард түмэн болон Далай ламыг дэмжихийн зардал улам бүр нэмэгдэх болно. Энэтхэг улс Хятадын нэр дэвшигчийг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байж болох ч, Төвдийн асуудлаас болж Бээжинтэй харилцаагаа муутгахыг мөн зөвшөөрөхгүй. Тухайлбал, тус улс Төвдийн талтай хийх дээд түвшний уулзалтуудаа аажмаар цөөрүүлж, Төвдийн байгууллагуудын улс төрийн үйл ажиллагааг хязгаарлан, уг асуудлыг улс төрийн хүрээнээс шашны хүрээ рүү буцаан шилжүүлэх арга хэмжээ авах болно. Энэ тохиолдолд Хятадын гол давуу тал нь дэлхий нийтэд өөрсдийн сонгосон Далай ламыг хууль ёсных гэж итгүүлэх чадвар бус, харин Өрнөдийн ардчилсан орнуудын анхаарал хандуулах хугацаанаас хамаагүй удаан хугацаанд энэхүү маргааныг үргэлжлүүлэн авч явах чадвар байж болох юм гэж "Meduza"-гийн попкастад судлаач үзэл бодлоо илэрхийлжээ.
Орчуулж бэлтгэсэн З.ЦЭЦЭГ]]>
secret0721 Mon, 12 Oct 2026 11:08:19 +0800
"Харангын Я.Одсүрэнгийн хүү, удирдаач О.Нямсайхан гэдгээрээ өөрийн түүхийг бүтээхээр зорьж байна" https://zaisantv.mn/index.php?newsid=1469 https://zaisantv.mn/index.php?newsid=1469 “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Монгол Улсын Филармонийн 55 дахь удаагийн нээлтийн тоглолтын зочин удирдаач О.Нямсайханыг урьж, ярилцлаа. Тэрээр Италийн Дуино дахь “Дэлхийн нэгдсэн коллеж” болон АНУ-ын “Methodist University”, “East Carolina University”-д суралцан хөгжмийн магистрын зэрэг хамгаалжээ. Харин өдгөө “University of South Carolina”-д хөгжмийн урлагийн докторын зэрэгт суралцахын сацуу Хойд болон Өмнөд Каролайна, Жиоржиа мужийн оркестрын удирдаачаар ажиллаж байна.
 
-Улсын Филармонийн 55 дахь удаагийн нээлтийн тоглолтын зочин удирдаачаар ажиллаж байна. Энэ удаагийн тоглолтын онцлогоор яриагаа эхэлье?
-Арваад жилийн дараа Филармонийнхоо симфони оркестртой нэг тайзан дээр гарах гэж байна. Хамтрахад урамтай сайхан, гар нийлж ажиллаа. Оркестрын бүрэлдэхүүнд залуугаасаа танилцсан урлагийн нөхөд маань олон байгаа болохоор гэртээ байгаа мэт дотно уур амьсгалыг бүрдүүлж чадсан.
Мөн энэ удаагийн тоглолтод АНУ-ын алдартай морин хийлч Амит Пелед зочин хөгжимчнөөр ажиллаж байна. Тэрээр 1876-1973 оны үед амьдарч байсан морин хийлийн домог болсон Пабло Касалсын тоглож байсан хөгжмөөр 2012-2018 оны үед тоглож байсан гэдгээрээ алдартай.
Тэрхүү хөгжмийг Венецийн дархан Маттео Гоффриллерийн 1733 онд урласан бөгөөд Пабло Касалс 1908 онд авч олон арван жилийн турш морин хийлийн ертөнцөд ноёлсон юм. Харин өдгөө “Queen Elisabeth” тэмцээний ялагчид үе дамжин тоглодог.
Амит Пеледийг тэрхүү алдарт хөгжмөөр тоглож байхад 2015 оны үед би хийлчээр  нэг тайзан дээр хамт тоглож байлаа. Гэтэл тэрээр энэ онд Азиар зочилж Бээжин, Токиод Дворжакийн IX симфонийг тоглохыг сонсоод манай Монголд мөн ирж тоглохыг хүссэн.
Америк улс Европ шиг сонгодог хөгжмийн түүхгүй. Тиймээс америкчууд XIX зууны сүүл үед Чехийн хөгжмийн зохиолч Антонин Дворжакийг урьж, өөрсдийн сонгодог хөгжмийн өнгө төрхийг бүтээхийг хүссэн. Ийнхүү Антонин Дворжакийн “New World” буюу IX симфони бүтсэн түүхтэй.
Ийнхүү Амит Пелед Балтимороос, би Атлантагаас ирж байгаа тул Америк программ боловсруулж, энэ удаагийн тоглолтоор Америкийн хөгжмийн түүхтэй холбоотой бүтээлүүдийг монголчууддаа хүргэж байна.
-Та АНУ-д ажиллаж, амьдрахын сацуу докторын зэрэг горилж байгаа юм билээ. Яагаад Европыг биш Америкийг зорих болов?
-Европын сонгодог урлагийн түүх баялаг. Гэхдээ салбар бүрд эдийн засаг хүчтэй нөлөөтэй. Тиймээс ХХ зуунд Европын сонгодог урлагийн шилдгүүд Америкийг зорьж, XXI зууны хамгийн шилдэг сонгодог хөгжимчид The Juilliard School, Curtis Institute of Music-д бэлтгэгдэж байна. Мэдээж энд Берлин, Лондоныг дурдахгүй өнгөрч болохгүй. Харин АНУ чөлөөт зах зээл, хүчтэй эдийн засаг, олон оркестроор шилдгүүдээ хадгалж чаддаг. Тодруулбал, хоёрдугаар хийлийн хойно суудаг хамгийн бага цалинтай хөгжимчин жилд 250-300 мянган ам.долларын цалин авдаг тул дэлхийн олон орны уран бүтээлчдийг татдаг. Би хэдийгээр топ нэг, хоёрт жагсах сургуульд нь суралцаагүй ч аав, ээжээсээ нэг ч төгрөг авалгүйгээр дэлхийн хөгжмийн боловсролыг суралцаад явж буйдаа баярладаг. Тэтгэлэг аваад эсвэл хийлээ тоглоод цалингаараа төлбөрөө төлөх боломжтой болохоор АНУ-ыг сонгосон. АНУ-д суралцахад ахлах сургуулийн 12 жилийг шаарддаг тул Хөгжим бүжгийн коллежийг төгсөөд Италийн “Дэлхийн нэгдсэн коллеж”-д хийлийн ангид суралцсан. International Baccalaureate Diploma-тай төгсөгчид АНУ-д бүрэн тэтгэлгээр суралцах боломж үүсдэг журмаар надад аз таарсан. Ерөнхий эрдмээр гийгүүлээгүй ч хөгжмийн буянаар олон сайхан үр өгөөжийг хүртэж байна.
-“Харанга” хамтлагийн хэмнэлт гитарчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн  Я.Одсүрэн бол таны аав. Гитарчин аавын хийлч хүүгийн удам дамжсан урлагийн амьдрал хэрхэн эхэлж байв?
-Монгол Улсын Төрийн шагналт хөгжмийн зохиолч З.Хангал ахын хүү Х.Булган ах аавын минь сайн найз. Тэдний нөхөрлөл их сайхан. Би дөрөв, таван настай үеийнхээ дурсамжийг их тод санадаг юм. Саяхан аав минь бас дурсан ярилаа.
Х.Булган ах, аав хоёр дээр З.Хангал ах орж ирээд “Хөгжим бүжгийн коллеж элсэлтээ авч байна. Хүүхэд аваачиж шалгуул” гэсэн юм билээ. Ийнхүү би одоогийн Монгол Улсын Консерваторийн үүдээр алхаж байсан түүхтэй. Хөгжимчний замналд минь З.Хангал ахын буян их шүү.
Америкт монгол хөгжимчдийн бүтээлийг төдийлөн тоглоод байдаггүй. Тиймээс З.Хангал тэргүүтэй хөгжмийн зохиолчдын сонгодог хөгжмийг дэлхийн олон орны хүмүүст хүргэх зорилго, мөрөөдөлтэй явдаг.
-Цаг хугацаа хугацаа урсан одохын хэрээр аавтайгаа хүүрнэлдэх ярианы агуулга, бодол зорилго хэр өөрчлөгдөж байна вэ?
-Аав минь мөнх биш. Нас нь явж байна. Ингэхээр ойр ойрхон аав ээж дээрээ ирж, дурсамж бүтээж, рок хамт тоглохыг хүсдэг. Наад зах нь Харангын дуунуудыг гитар дээр яаж тоглохыг ааваараа заалгаж, цаг хугацааг хамтдаа өнгөрөөмөөр байна. Би “Харанга” хамтлагаас хоёр ах. Ингэхээр миний хүүхэд насны дурсамж, нандин мөчүүдтэй энэ хамтлагтай салшгүй холбоотой.
Түүнчлэн хийл хөгжмийг аавын зохиосон дуунууд дээр хэрхэн тоглож болох талаар судалж, сонирхож байна. Х.Лхагвасүрэн ах үгийг нь бичиж, аав аяыг нь зохиосон "Оддын тоогоор наслаасай" дууг оргиналаар нь бүтэн оркестртой тоглох дуу шиг санагддаг. Удирдаач болоод найрал хөгжмийн нарийн нандин зүйлсийг ойлгоод эхлэхээр энэ мэт зүйлсийг анзаарч, аавтайгаа ярилцахад урамтай байдаг.
2000 оны эхээр “Харанга” хамтлагийн “Бөхийн өргөө”-нд хийсэн тоглолтод зориулж Б.Шарав гуай хөгжмийн найруулга хийж, металл рок оркестр хэлбэрээр тоглосон нь  надад их таалагддаг. Х.Булган ах төгөлдөр хуурч хүн байсан болохоор Х.Лхагвасүрэн ахын “Бодлын тэнгис” дууны найруулгыг симфониор төсөөлж хийсэн байгаа юм. Сонгодог хөгжмийг роктой холиод ийм гоё дуугаргаж болдгийг мэдсэнээс хойш өөрийнхөө төсөөлж энэ хослолыг дахин хийхийг хүсэж байна.
Аавын зохиосон “Өнгөрсөн үе” дуугаар жишээ татвал “Цөөхүүл хөгжим шиг сонгодог руу ингэж хувирч болох юм” гэхэд аав минь зөвөөр хүлээж аваад хүү маань өөр өнцгөөс ингэж харсан байна гээд хүндэтгэлтэй хандахаар урамтай сайхан байдаг.
-Хөгжимчин хүн мэргэшсэн хөгжмийнхөө онцлогоос хамаараад зан төлөвийн хувьд өөр байх боломжтой юу?
-Ортой байх. Би Монголын хамтлаг бүрийн сургуулилалтад ороогүй болохоор  хоорондоо яаж харилцаж байсныг мэдэхгүй. Гэхдээ “Харанга”, “Шөнийн галт тэрэг” гээд бодохоор хоорондоо шулуун шударга сайхан харилцаатай байсан. Мөн мэргэжлийн хэллэгүүд сонгодог хөгжимчдөөс өөр. 
“Харанга”-ынхан мэргэжлийн хөгжмийн боловсрол эзэмшээгүй хөгжимчид. Гэхдээ тэдний бие биедээ тавьж буй шаардлага мэргэжлийн хөгжимчдөөс ялгаагүй байдаг. Зөвөөр нэгнийгээ хурцалдаг болохоор бүгдээрээ монголчуудын сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээл хийж чадсан. 1997 онд хамгийн анх гаргасан CD дэх дуунуудын жагсаалтыг харахад зөвхөн Манлай ах эсвэл Чука ахын дуу биш бүгдийнх нь дуу тэнцвэртэй орсон байдаг. Би “Харанга” хамтлагийн хоёр дахь CD-г Монголын “Рок поп”-ын түүхэнд үлдэх хамгийн шилдэг альбом гэж боддог.
-Та “Харанга” хамтлагийн бүх уран бүтээлд хайртай байх. Гэхдээ энэ удаа “Харанга” хамтлагийн болон аавынхаа зохиосон дуунуудаас хамгийн дуртай нэг уран бүтээлийг тус бүр дурдвал?
-Хөөх. Гоё асуулт. “Харанга” гэвэл Ц.Энхманлай ахын “Амьдрал” дуу. Мөн Х.Булган ахын “Гэгээ”. Энэ дуу хамгийн симфоник буюу сэтгэл хөдлөлийн хамгийн гүнзгий түвшинд хүрсэн санагддаг. О.Дашбалбар гуайн “Амьдадаа бие биеэ хайрла” шүлэг дээр хийсэн Ц.Чулуунбат ахын дууг бас дурдмаар байна.
Харин миний аавын уран бүтээл гэвэл “Хүсэхгүй байна” дууг би хэлнэ. Магадгүй олон хүн мэдэхгүй байх. Би хичээлээ тарж ирээд И.С.Бахын бүтээлийг тоглодог байсан юм. Түүний хийлийн хэсгийг аав маань энэ дуундаа оруулсан байдаг. “Хүсэхгүй байна” ер нь хүнд рок талдаа, аливааг өөр өнцгөөс харсан дуу. Сонсогчдоос нь энэ асуултыг асуусан бол “Энэ бол дурлал биш”-ийг нэрлэх байх.
-Энэ сайхан уран бүтээлүүд төрөх агшныг дэргэдээс нь харж өссөн хүний хувьд манай уншигчдад дэлгэж болох түүх байвал хуваалцаж болох уу?
-Тийм ээ. “Он жилүүд” дууг эмээд минь зориулж хийсэн гэдэг. Шүлгийг нь манай аавын гэр бүлийг сайн мэддэг байсан хүн бичиж, аав аяыг нь зохиосон. Эмээ минь залуудаа ганцаараа таван хүүхэд өсгөж, хатуу хөтүү амьдралыг туулсан юм билээ.
“Алдаж явсан ч чиний аав хүн шиг хүн байсан гэж
Та минь дандаа дурсан ярьдаг юм ...
Эцгийн асаасан голомтыг хөргөхгүй л гэсэн дээ
Дэлхий дээр амьдралыг ганцаараа туулж дээ ..” гэж мөртүүд бий л дээ. Энэ бол эмээгийн минь амьдралын бодит түүхээс сэдэвлэсэн уран бүтээл. Энэ дууг зохиох үед юмны учрыг олох насан дээрээ ирчихсэн байсан болохоор сайн санаж байна.
-Та өөрөө хөгжимчин хүн. Аялгуу зохиож байв уу?
-Хийл хөгжмөөр ая зохиох гэж оролдсон удаа бий. Гэхдээ аавыгаа хэзээ ч гүйцэхгүй.
-Хийлчээс эхэлсэн урлагийн замнал хэрхэн удирдаач руу хөтлөгдөв?
-Дал гаруй хүний бүрэлдэхүүнтэй оркестрын удирдаач гэх мэргэжил үүсэхээс өмнө найрал хөгжмийг хийлч нь удирддаг байсан. Гэтэл цохиур, гууль, төгөлдөр хуур зэрэг хөгжим нэмэгдээд ирэхээр хийлч нь өөрөө хөгжмөө тоглохын хажуугаар удирдах боломжгүй болоод ирсэн гэдэг. Хөгжим бүжгийн дунд ангид байхад “Итгэл” оркестр байгуулагдаж, нарийн учрыг нь мэдэхгүй хүүхэд удирдаач хийдэг байсан. Түүнээс их урам авч, сүүлд магистрын зэрэгт суралцахдаа үүнийгээ илүү хөгжүүлэхийг зорьсон. Хийлийн нум, удирдаачийн дохиур хоёрын хөдөлгөөн ойролцоо. Тиймээс чавхдаст хөгжим тоглодог хүмүүс удирдаач болоход давуу талтай.
-Тэгвэл энэ хугацаанд удирдаач болон хийлчийн хувьд хамгийн их ур чадвар шаардсан уран бүтээл гэвэл та алийг нэрлэх вэ?
-Улсын Филармонийн 55 дахь улирлын нээлт дээр тоглож буй Америкийн алдарт хөгжмийн зохиолч Аарон Коплендын “Appalachian Spring Suite for Orchestra (1945)” бүхий л удирдаачийн ур чадвар, шандас сорьсон сор бүтээл.
Харин хийлчийн хувьд Зөвлөлтийн нэрт хөгжмийн зохиолч Дмитрий Шостаковичийн бүтээлүүдэд үнэхээр дуртай. Тиймдээ ч магистрын зэрэг хамгаалахдаа түүний хийлийн концертыг бүрэн эхээр нь тоглож байсан. Энэ бүтээлийн илэрхийлж буй цаад утга санаа нь их гүн гүнзгий болохоор миний ур чадварыг хамгийн их сорьсон бүтээл гэж боддог.
Түүхээс нь хуваалцвал, Иосиф Сталины үед урлаг, соёл, үзэл суртлын бодлогыг хариуцдаг Андрей Жданов гэж хүн байсан. Нэгэн дуурийн үеэр Дмитрий Шостакович тайзан дээр нүцгэн хүн гаргахад “Дахиж ингэвэл Кулакуудын цөллөг рүү илгээнэ шүү” гэв. Үүнээс айж сүрдсэн  Дмитрий Шостакович Хийлийн концерт, “VIII утсан хөгжмийн дөрвөл”,  “X симфони” зэрэг Сталины эсрэг бичсэн бүтээлүүдээ туурвиж, гэртээ хав дарж, нас барсных нь дараа нийтэд ил болгож байсан гэдэг.

-В.И.Ленин “Маш сайн зохион байгуулалттай симфони оркестрын удирдаач шиг хүн улс орныг удирдах хэрэгтэй” гэж хэлж байсан юм билээ. Таны бодлоор ямар хүнийг сайн удирдаач гэх вэ?
-Үлгэр жишээгээр гийгүүлсэн хүн. Хүнд тавьдаг бүх шаардлагаа өөрөө биеэрээ үлгэрлэдэг. Хөгжмөө ойлгох авьяас, мэдлэг, ур чадвар сонсгол сайтай. Тухайн уран бүтээлд өөрийн мэдрэмж, бодол оюуныг шингээсэн илэрхийлэмжтэй. Мөн харилцаа хандлагын урлаг энэ бүгдийг тэнцвэртэйгээр уялдуулж чадсан хүнийг сайн удирдаач гэх байх.
 “Би та нарын нэг хэсэг. Бид хамтдаа энэ хөгжмийг бүтээж байна” гэж эерэг уур амьсгал бүрдүүлж чадвал сайн уран бүтээл төрдөг. Өөрийгөө дөвийлгөж дарангуйлсан оркестроос сайн хөгжим гарахгүй. Тиймээс би, чи бид робот биш хүн. Алдаа гаргаж болно. Харин түүнийгээ хүлээн зөвшөөрч, шударга байх хэрэгтэй.
-Та өөрийн дотоод сэтгэл, энэ хүртэлх амьдралын замналаа нэг симфонитой зүйрлэвэл?
-Хөөх. Магадгүй Людвиг ван Бетховены IV симфони. Бүхий л цаг мөчид аз жаргалтай байхгүй байгаа боловч зовж, ажиллаж хөдөлмөрлөж буй бүхэн нь нартай, гэгээлэг газар луу тэмүүлдэг. Хэнд ч өөрийгөө баталж, би ийм гэж харуулахгүйгээр урдах замаа үнэнч шударгаар туулбал алдар гавьяа нь чимээгүйхэн ирдэг. Хөгжимдөө хайртай, түүндээ өөрийгөө зориулж чадвал бусад зүйл өөрөө бүтнэ. Бетховены амьдралын философи ч ийм санагддаг.
-Та амьдрал дээр ааваасаа их үлгэр дуурайлал авдаг байх. Аавынх нь амьдралын жанжин шугам юу вэ?
-Худлаа ярихгүй, хүн хуурахгүй, оргилд хүрэхийн тулд бусад дээр гишгэх бус хамтдаа урагшилдаг зан нь таалагддаг. “Юу тарина түүнийгээ хураана” гэдэг шиг хүнд муу зүйл хийхгүй бол ертөнц чамд муухай хандахгүй гэж их захидаг. Бусад хүн чамаас илүү байж болно. Бүү атаарх. Өөрийнхөө хийх ёстой зүйлийг шударгаар хийгээд явж байхад болно гэдэг дээ.
-“Сайн хүний үр, сүүт гүүний унага” гэж монголчууд ярьдаг. Аавынхаа залгамж болж урлагт хөл тавьсан таны бага нас хүн бүрийн нүдэнд онцгой тусдаг байсан болов уу. Цаашлаад уран бүтээлчийнхээ хувьд аавдаа хүлээн зөвшөөрөгдөх эрмэлзэл байв уу?
-Бага байхад “Би Я.Одсүрэнгийн хүү. Хийлээ сайн тоглох ёстой” гэж өөртөө дарамт, ачаалалт өгөх үе байсан байх. Магадгүй би үргэлжлүүлэн Монголд сурч, ажиллаж амьдарсан бол зарим онгойдоггүй хаалгыг аав минь онгойлгож өгөх байсныг үгүйсгэхгүй. Харин өөрийнхөө ур чадвараар тэтгэлэг аваад цаашлаад цалин мөнгөөрөө Америкт суралцсан минь бие даасан эр хүн болох зөв алхам байсан. Би Монголд аав ээжтэйгээ байгаа хүмүүсийг шүүмжилж байгаа юм биш. Гэхдээ аавынхаа үргэлжлэл болж, адилхан урлагийн салбарт хөл тавьж байгаа болохоор “Я.Одсүрэнгийн хүү” гэх тодотгол үргэлж намайг дагах байсан байж магадгүй. Харин Америкт олон оркестр удирдаж, олон улсын тайзан дээр хийлээ тоглож, үзэгчдээс халуун алга ташилт авахаар бие хүн О.Нямсайхан гэдгээр өөрийн түүхийг бүтээж байгаа.
Аав маань би хөгжимчин болохоор мэдэж байна гэж өөрийн бодлыг тулгаж үзээгүй. Багшийнхаа үгийг сонс гэж захидаг байсанд нь баярладаг. Заавал хийлч, заавал хөгжимчин бол гэж тулгаагүй. Энэ бүхэн миний л сонголт.
-Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг. Энэ хугацаанд та олон сонголттой нүүр тулж байсан байх. Хамгийн зөв зам дээрээ явж байна гэх бодол хэзээ төрж байв?
-Хамгийн анх Итали явахад. 80 гаруй орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэн суралцаж, нөхөрлөж, үзэж буй хичээл нь таалагдаж, хүнд онгироод байх хэмжээний биш боловч үргэлжлүүлэн суралцах тэтгэлэг авахдаа сэтгэл дүүрэн байсан.
Нэг оркестрт дунджаар 20 гаруй хийлч байдаг болохоор хийлчээр ажиллахад харьцангуй өрсөлдөөн бага. Харин удирдаачийн замнал тийм биш. Улс төр, арын хаалга гээд боломж хомс. Сүүлийн жилүүдэд удирдаачаар ажиллах боломж олдоод тэмцээн уралдааны финалд өрсөлдөөд ирэхээр “Би муу биш юм байна. Улам илүү хичээвэл хүмүүс намайг үнэлж байна” гэж мэдрэх болсон. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард Лос-Анжелесын удирдаачдын тэмцээнд оролцож, финалын шатанд шилдэг зургаан удирдаачийн нэгээр тодорсон. Тэмцээн эхлэхэд бүх л удирдаач сайн санагдаж, хэн финалд үлдэхийг мэдэхийг аргагүй байлаа. Гэвч эцсийн мөчид хүмүүс намайг үнэлж байгааг харах сайхан мэдрэмж байсан.
-Таны бодлоор Монголын сонгодог урлагийн салбарт юу дутагдаж байна вэ?
-Манай улсын  урлагийн сургалт сайн. Дэлхийд ноёлж буй дуурийн дуучдаас харж болно. Авьяаслаг хөгжимчдийг төрүүлж чадаж байна.
Монголын төр засаг урлагтаа илүүчлэх эдийн засаггүй байгааг ойлгож байна. Харин бизнес хийдэг санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн хүмүүс урлагаа дэмжвэл зохилтой юм. Америкийн олон оркестр төрийнх бус хувийн хэвшлийнх байдаг. Түүхэндээ тэдгээр алдартай оркестрыг баян гүн, хунтайж нар тэтгэдэг байсан.
Монголд үйл ажиллагаа явуулдаг хэдхэн урлагийн сургуулийн нэгт орж, насаараа хөгжим тоглоогүй л бол сонгодог хөгжим, симфони оркестр гэх зүйлийг тусдаа ертөнц мэтээр хөшиг татчихдаг. Үүнийг тэлж, энгийн ахлах сургуулийн сурагч, эгэл жирийн ажилтан гээд хүн бүр энэ тухай ойлголттой, зорьж үздэг жимтэй байх нь Монголын сонгодог урлаг цааш хөгжих гүүр болно. Хөгжмөө тогломоор байгаа ч цалин маань эхнэр хүүхдээ тэжээхэд хүрэлцэхгүй юм гэх залуус байна. Тиймээс эх орондоо дуртай зүйлээ тултал хийгээд сэтгэл ханамжтай амьдрах эдийн засгийн эрх чөлөөт нийгэм бүрдээсэй гэж хүн бүр бодож байгаа байх.
-Уулын оргилыг таны зорилго гэвэл та аль хэр бэлд нь явна вэ?
-Хэлж мэдэхгүй юм. Би үргэлж ёроолоос нь мацсан хэвээр баймаар байна. Өөртөө ханахыг хүсдэггүй. Одоогийн байдлаар Монгол Улсын Филармонийн нээлтийн тоглолт л надад хамгийн чухал. Үүнээс цаадхыг харахыг хүсэхгүй байна. Нэн түрүүний урдах энэ ажлаа сайн хийсэн байхад дараа нь ямар сайхан боломж биднийг тосохыг таашгүй шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин]]>
secret0721 Mon, 12 Oct 2026 11:04:58 +0800
А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол https://zaisantv.mn/index.php?newsid=1468 https://zaisantv.mn/index.php?newsid=1468 Бөх хүний ээжийн сүү нь хүртэл бяртай
Бөх хүний ээжийн бүүвэй нь хүртэл уртай
Бөх хүний ээжийн үг нь хүртэл учиртай
Бөх хүний ээжийн үйл нь хүртэл өлзийтэй” хэмээн Алтай нутгийн яруу найрагч М.Билэгсайхан шүлэглэсэн байдаг. Ерөөс хүний авьяас билэг, хувь заяаг аав ээж, нутгийн уул ус нь түшиж, ивээлдээ багтааж явдаг гэдэг. Хүүгийнхээ барилдаан бүрийг сэтгэл зүрхээрээ хамт мэдэрч, баяр догдлол бүхнийг нь хуваалцдаг сүүн ерөөлтэй хүмүүс бол бөхийн ээжүүд. Зүүний үзүүрт будаа тогтохын дайтай хүмүүний их заяаг хайрласан ижий бурхад үр хүүхдүүдээ эрүүл саруул, сайн сайхан яваасай гэж ерөөж, үргэлж мөнхийн цагаан замын сүүн цацлаа өргөдөг билээ.
Энэ жилийн төрийн их баяр наадамд хүү нь урамтай сайхан барилдаж, түрүү бөхөөр тодрон түмэн олноо цэнгэлийн манлайд хөтөлж, төв цэнгэлдэх дүүрэн төрийн зарлиг уншиж сонордуулан, айл бүрийн хойморт “Өргөн Сэлэнгэ” эгшиглэхэд даян аварга Б.Орхонбаярын ээж аяга дүүрэн сүүгээ мэлтэлзүүлэн хүлээн зогсоо харагдсан.
Их энэрэл хайраар өсгөсөн алдрай бяцхан үр нь монгол түмнийхээ их өв соёлыг тээж, зүлэг ногоон дэвжээнээ олон аавын хүүхдүүдтэй эр бяр, уран мэхээ уралдуулан барилдаж, зүүн, баруун талын засуулуудаа ханаруулан цэнгэлийн манлайд зогсохыг харах нь ээж хүний сэтгэлд багтамгүй их баяр, бахдал авчирсан нь лавтай.
Ийнхүү “Зууны мэдээ”-гийн зочноор Монгол Улсын даян аварга Б.Орхонбаярын ээж А.Батцэцэгийг урьж, ярилцлаа.
-Энэ жилийн төрийн их баяр наадамд хүү нь урамтай сайхан барилдаж, 28 насандаа даян аварга цол хүртэн, аав ээж, нутаг ус, түмэн олноо баярлууллаа. Хүүгийнхээ барилдаан бүрийг дэргэдээс нь харж, даваа бүрийн ард догдолж суусан ээж хүний хувьд тэр өдрийн баяр, хүлээлт, сэтгэл догдлол ямар байв. Ялангуяа үзүүр, түрүүнд барилдаж, даян аваргын цолны зарлиг дуудах тэр мөчид юу бодогдов?
-Энэ жилийн баяр наадам сэтгэлд тод үлдэх сайхан мөчүүдээр дүүрэн байлаа. Хүүгийнхээ барилдаан бүрийг нь догдолж, хүлээж, суудал дээрээ тогтож сууж чадахгүй өндөлзөж үзсэн дээ.
Сүүлийн хоёр даваанд бүр сууж чадаагүй зогсож үзсэн. Үзүүр түрүүнд барилдахад нь харж чаддаггүй юм билээ. Тэгээд түр гарчхаад ирье гэсэн үзүүр түрүүний барилдаан эхэлсэн учраас гадна байгаа хүмүүс  төв цэнгэлдэх рүү орох гээд зогсчихсон болохоор цагдаа нар ч гаргаагүй. Тэгээд л хүүгээ түрүүлэхэд нь “Энэ чинь миний хүүхэд  шүү дээ” гээд бодсон. “Үнэн юм уу” гэж бодон өөртөө итгэдэггүй юм билээ.
Сүүнийхээ дээжийг зүлэг ногоон дэвжээндээ өргөж, хүүгээ цолоо хүртээд буугаад ирэхэд сүү амсуулъя гэж бодоод хүлээсэн.
Төрийн зарлиг уншихад нь баруун гараа алдлаад нь  уул ус, торгон ногоон дэвжээ есөн хөлт цагаан туг бүгдэд нь залбирсан даа. Их гоё мэдрэмж байсан. Хүүгээ улсын их баяр наадамдаа түрүүлж, түмэн олноо баясгаж, даян аваргын болзол хангаж төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг үнэхээр ховорхон тохиолдол, тэр бүр хүн бүхэнд заяадаггүй аз хийморь болов уу.
Наадмын хэдэн өдөр хүмүүс баяр хүргэж бид хоёрын утас байнга л дуугарсан даа.  Ийм сайхан хүү заяаж, төрүүлж өсгөн, түмнийхээ их хайр хүндэтгэлийг хүлээж явна гэдэг их сайхан  хувь тохиол юм гэж бэлгэшээж явдаг.
-Наадам бүрийг алгасахгүй үздэг байх аа?
-2019 оноос хойш улсынхаа их наадмыг алгасахгүй үзэж байна. Долоодугаар сарын 9 гээд л хот руу хүрээд ирдэг юм. Хүүгээ унасан ч үзнэ, давсан ч үзнэ.
Хүүгээ барилдахаар өглөө гэрээс гарахад нь амжилт хүсээд үнсээд явуулдаг. “Аав ээж та хоёр араас хүрээд ирээрэй. Бөхөө үзээрэй” гээд  тасалбар авчихсан байдаг. Би сумандаа малын эмчээр ажилладаг болохоор  наадмын үеэр хурдан морины наадмын комисст ажилладаг юм. 2019 оноос хойш манайхан "Хүүгээ дэмжээд цол ахиулаад ирээрэй” гээд надад чөлөө өгдөг болсон.Төв цэнгэлдэхэд нэг секторт суусан үзэгчид маань “Орхонбаярынхаа аав ээжтэй суусан ямар азтай юм бэ” гэдэг. Танил болоод тэр жилийнхээ наадмыг үздэг дээ.
Хүү минь ээжийгээ бөхөд дуртай болгосон. Өмнө нь бөх нэг их үздэггүй байсан хүн одоо улсын цолтой бүх бөхчүүд, аймгийн арслангуудын нэр, цолыг нь мэддэг болсон байна.
-Анхны цолоо хүртэхэд  залуу бөхөд  хамгийн сайхан мөч байдаг. Хүүгээ цол хүртэхэд нь ч их догдлол дүүрэн байсан байх?
-Тэгэлгүй яах вэ. Сумын заан болоход нь их баярлаж байсан. Харин хамгийн гоё дурсамжтай барилдаан нь аймгийн арслан болсон үе. Маш их баярласан. Дараа нь улсын цолонд хүрч, начин цолны болзол хангахад ч их сайхан байсан.
Монгол бөхийн босоо цагаан хийморь ивээж, хүүгийн минь хүсэл мөрөөдөл  биелэх байх гэж боддог байлаа. Хүүгийн минь бэлтгэл сургуулилтыг сайхан хангаж, даян аварга болтол нь аав ээжээс нь илүү тусалж, дэмжиж ирсэн Т.Өсөх-Ирээдүй багшдаа, олон байгууллага, нутгийнхаа ард түмэнд, уул ус, хангай дэлхийдээ баярлаж явдаг.
-Бөхийн спорт удам дагах нь бий. Аав ээжийн тань  талд нь барилддаг хүн бий юу?
-Ээжийн маань ганц ах нь сумын заан цолтой байсан гэдэг. Сумандаа олон жил дараалан түрүүлсэн хүн байсан юм билээ. Аавынх нь төрсөн ах барилддаг байсан гэдэг. Түүнээс биш улсын цолтой  бөх байгаагүй. Дээр үед тэр бүр байнга бэлтгэл сургуулилт хийж,  аймаг улсад барилдах боломж ховор байсан болохоор илүү цааш явж барилдаагүй ч байж мэдэх юм.
Манайх хоёр хүүтэй. Том хүү маань аавынхаа мэргэжлийг өвлөж төрдөө тангараг өргөсөн цагдаа мэргэжилтэй. Даян аварга маань миний бага хүү. Сэлэнгэ аймгийн Орхон суманд 1998 онд төрсөн. Дөрвөн настай байхад нь Цагааннуур сумандаа ирж байсан. Багад нь хүүгээ болно гэж боддоггүй байлаа. Хүүхдийн баяраар  аав нь хүүгээ барилдуулна гээд хааяа аваад явдаг байсан. I, II байрт орлоо гээд  баярын бичиг аваад ирдэг байлаа. Хүү маань долоодугаар ангиасаа чөлөөтийн  секцэд явж, тэр үеэс бөхөд илүү дуртай болсон доо.
Аав ээж хоёр нь хүүгээ бөхөөр хичээллэж эхлэхэд  дуртай байсан. Спорт гэдэг өөрөө  хүнд зөв хүмүүжлийг олгодог,  эрүүл мэндэд ч эерэг ач тустай болохоор хүүгийнхээ сонирхлыг бид дэмжсэн. Хүүгээ ийм алдартай том бөх болно гэж бодоогүй.  Одоо бол хүүгээрээ маш их бахархаж явдаг. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж байдаг.
-Хүүхэд багадаа ирээдүйн хүсэл мөрөөдлийн тухай ярьдаг шүү дээ. Хүүгийн тань багийн мөрөөдөл юу байв?
-Цагдаа болно гэдэг байсан. ЭЕШ өгөхөөр явахдаа Орхонбаярын ангийн 3-4 хүүхэд, аав ээжийнх нь хамт Ээж модонд очиж мөргөж байсан юм. Тэр үед “Миний хүү шалгалтаа сайн өгнө гэж залбирдаг юм шүү” гэхэд “За, ээж ээ” гэсэн.
ЭЕШ-аа өгчхөөд “Би Ээж модонд бөх болно гэж залбирчихсан шүү, ээж” гээд л биднийг инээлгэж байлаа.
-Хоёр хүүдээ хандаж ерөөлийн сайхан үг хайрлахгүй юу?
-Хүүг минь монгол бөхийн босоо цагаан  хийморь, зүлэг ногоон дэвжээ, түмэн олон нь ивээж, эрүүл энх, аз жаргалаар дүүрэн байх болтугай гэж ээж нь ерөөе. Миний хүү зорьсон зорилгодоо тууштай байж монгол бөхийн оройн дээд цолонд хүрч, Монгол түмэн, уул усаа баярлуулж яваарай.
Төрдөө тангараг өргөж, аавынхаа мэргэжлийг өвлөж яваа том хүүгээрээ аав ээж нь бахархдаг. Амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх байх болтугай. Өглөө бүр уул ус, хангай дэлхийдээ цайныхаа дээжийг өргөхдөө зөвхөн өөрсдийгөө биш Монголын ард түмнээ даатгаж, амгалан тайван байгаасай гэж залбирдаг даа.
-Та удам дамжсан малын эмч мэргэжилтэй гэсэн. Энэ тухайгаа ярихгүй юу?
-Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул. Аав ээж минь хоёулаа малын эмч мэргэжилтэй. Би удам дамжсан малын эмч. Одоо сумандаа хувийн малын эмнэлэг ажиллуулаад 10 жил болж байна.
 Намайг аравдугаар анги төгсөхөд аав ээж минь өөрсдийнхөө мэргэжлийг өвлүүлэхээр Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн техникумын малын эмчийн ангид оруулж байсан. Аав ээжийн хэлсэн үгнээс гарах эрхгүй шүү дээ. Ажил амьдралынхаа гарааг эхлүүлж,  үр хүүхдээ аав ээжийнхээ хүмүүжлээр хүмүүжүүлээд  явж байна.
-Цагааннуур сумандаа ажил амьдралаа төвхнүүлээд хэр удаж байгаа вэ?
-Гэр бүлийнхээ хүнтэй  танилцаж, Сэлэнгэ аймгийн хүн болсон. Алтанбулаг сумаас ажил амьдралынхаа гарааг эхэлж байлаа.Манай хүн цагдаа мэргэжилтэй  болохоор олон газар руу томилолт авч нүүдэг байсан. Сэлэнгэ аймгийнхаа  7-8  суманд хэсгийн төлөөлөгчөөр ажилласан байдаг.
2012 онд Ерөө суманд шилжиж очиход  сумын Тамгын газрын дарга дуудаад  малын эмчээрээ ажиллахыг санал болгосон.Тэр үед аав минь  их баярласан.
“Малын эмчээрээ ажиллахгүй юм уу, ээж нь охиноо мэргэжлээрээ ажиллахыг хараагүй бурхан болсон” гэдэг байж билээ.
Дараа  нь Цагааннуур сумандаа ирээд 2016 онд хувийн мал эмнэлгээ нээхэд  аав маань “Аав нь охиныгоо мэргэжлээрээ ажиллахыг харлаа. Өөр хүсэх зүйл байхгүй сайхан байна” гэж хэлж байсан. Их баярласан даа.
Цагааннуур сумандаа амьдраад 23 жил болж байна. Манай сум Монгол Улсын газар тариаланг тэтгэдэг сайхан нутаг. Өвс ногоо арвин, жил бүр хангай дэлхий хишгээ хайрлаж, ургац сайхан гардаг. Хүн ард нь амгалан тайван,  сайхан энергитэй, ажил үйлс нь өөдрөг, ийм сайхан нутагт амьдарч байгаадаа бэлгэшээж явдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 191 (7933)
 ]]>
secret0721 Mon, 12 Oct 2026 11:04:18 +0800
KHARKHORUM 360° фестивалийн хоёр өдрийн аялал төсөөлснөөс илүү мэдрэмж төрүүлэв https://zaisantv.mn/index.php?newsid=1466 https://zaisantv.mn/index.php?newsid=1466 KHARKHORUM 360° фестивалийн талаар сошиал орчинд ийм сэтгэгдлүүд хөвөрчээ. Монголын 2000 гаруй жилийн түүхийг хөгжим, дүрсээр мэдэрч, 360 градусын дэлгэц, хөгжмийн гайхалтай хэмнэл, дэлхийн алдартай уран бүтээлчдийн тоглолтыг нэг дор хослуулан хоёр өдөр ийнхүү үзэгчдэд сайхан сэтгэгдэл үлдээлээ. 
 

KHARKHORUM 360° фестивалийн хоёр өдрийн аялал төсөөлснөөс илүү мэдрэмж төрүүлэв


Төв цэнгэлдэх хүрээлэнд очихоор автобусанд суув. Чихэвчээ зүүгээд дуртай дуугаа сонсоод л. Дэлхийн одод Монголд ирж байгаа, дээрээс нь Монголд анх удаа 360 градусын дэлгэцтэй ийм хэмжээний фестиваль болж байгаа нь сонирхол татаж, юу хүлээж байгааг улам ихээр мэдрэхийг хүсэж байлаа. Автобусны буудал дээр буухад л хөгжмийн хэмнэл сонсогдож, фестивалийн уур амьсгал мэдрэгдэж эхлэв.
Цэнгэлдэх рүү алхах тусам хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, хөгжим улам тод сонсогдож, тайзны гэрэл холоос харагдана. Ганган, дэгжин  хувцасласан залуус олноороо цугласан нь  фестивалийн өнгө төрхийг илүү тодотгож байлаа. Цэнгэлдэх хүрээлэнд ойртох тусам хүлээлт нэмэгдэнэ. “Ямар тайз угтах бол”, “360 градусын дэлгэц яг ямар харагдах бол” гэсэн бодол төрнө.
Алхах бүрд хөгжмийн хэмнэл тодорч, хүмүүсийн яриа, инээд, хөл хөдөлгөөнтэй нийлээд фестивалийн орчин руу аажмаар оруулж байгаа мэт. Хаалгаар орж ирэхэд хамгийн түрүүнд тайз нүдэнд туслаа. Тайзыг тойрон байрлуулсан 360 градусын дэлгэц орон зайг бүхэлд нь хамарч, гэрэл нь хөгжмийн хэмнэлтэй зэрэгцэн өөрчлөгдөнө. Ингээд л миний   “KHARKHORUM 360°” фестивалийн хоёр өдрийн аялал эхэлсэн юм.
“KHARKHORUM 360° Visual Art & Music Festival” энэ жилийн “TIME” сэдвийн хүрээнд Монголын 2000 гаруй жилийн түүхийг орчин үеийн хөгжим, визуал урлаг, дижитал технологитой хослуулан харуулснаараа онцлог байв. Монголын 2000 гаруй жилийн түүхийг хөгжим, дүрсээр харуулсан нь  яг тэр орчинд нь оччихсон мэт мэдрэмж төрж байлаа.Тайзыг тойрон байрласан 360 градусын LED дэлгэц фестивалийн дэлгэц дээр хөгжмийн хэмнэл, тоглолтын үе шат бүртэй уялдсан дүрслэлүүд гарч, үзэгчдийн харж буй орон зайг бүхэлд нь хамарч байв. Монголын түүхтэй холбоотой дүрслэлүүдийг орчин үеийн хөгжмийн хэмнэлтэй хослуулсан нь залуусын сонирхлыг татахуйц шийдэл болжээ.
Түүхийг зөвхөн ном, музей, баримтат мэдээллээс гадна хөгжим, дүрс, технологийн тусламжтайгаар хүргэж болохыг  “KHARKHORUM 360°” фестиваль харуулсан юм. Хөгжмийн дуугаралт ч үзэгчдийн ядраахгүй, тэгсэн хэр нь үнэхээр сонсголонтой байв.Задгай талбайд хөгжмийн дуу тод, хүчтэй сонсогдож, басс, цохилт, хоолойн дуугаралт цэвэр хүрч байлаа. Электрон, диско, фанк зэрэг хөгжмийн урсгалуудыг амьд хөгжмийн дуугаралттай хослуулсан нь фестивалийн хөгжмийн хөтөлбөрийг илүү сонирхолтой болгож байв.
 

Залуусын фестивалийн соёл


KHARKHORUM 360° фестивалийн хоёр өдрийн LINE UP-д багтсан уран бүтээлчид үнэхээр супер байлаа.  Улаанбаатарын намуухан үдэш  DOTT, Ouissam, 8kays, Dabeull зэрэг дэлхийн алдартай  DJ нарын  өөрийн өөрийн өнгө аясыг шингээсэн хөгжмийн сетийг сонсон, тэдний тоглолтыг үзэх нь  үнэхээр тансаг мэдрэмж  төрүүлж байв.
Фестивалийн хамгийн их хүлээлт дагуулсан уран бүтээлчдийн нэг нь Ирландын алдарт дуучин Ronan Keating байв. Тэрээр “When You Say Nothing at All”, “Life Is a Rollercoaster”, “Lovin’ Each Day”, “If Tomorrow Never Comes” зэрэг хит дуугаараа Монголын үзэгчидтэй уулзсан юм. Олон жилийн  турш сонсож ирсэн дуунуудаа эх  орондоо  сонсох  тэр  мөч үнэхээр гайхалтай байв.

Ийнхүү олон улсын уран бүтээлчдийг Монголд авчирсан нь үзэгчдэд дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг эх орондоо үзэх боломж олгосноос гадна Монголын уран бүтээлчид, продюсерууд, техникийн багт олон улсын туршлагаас суралцах боломж өгч байна.
Нөгөө талд фестивальд оролцсон залуусын хувцаслалт, оролцоо мөн анхаарал татлаа. Өөрийн хэв маягийг илэрхийлсэн хувцсаар гоёж, найз нөхдөөрөө хүрэлцэн ирсэн залуус талбайн уур амьсгалыг бүрдүүлж байв. Тэд хүндэтгэн фестивалийн орчинд соёлтой оролцож байлаа. Энэ нь Монголд фестиваль үзэх соёл төлөвшиж байгаагийн нэг илрэл гэж харж болохоор. Фестиваль нь зөвхөн тоглолт үзэхээс гадна өөрийн хэв маяг, сонирхлоо илэрхийлж, найз нөхөдтэйгөө хамт цагийг өнгөрөөх орчин болж байна.
Мөн арга хэмжээ орой 23:45 цагт товлосон хугацаандаа дууссан нь зохион байгуулалтын хувьд сайн жишиг байлаа. Олон мянган хүн цугласан арга хэмжээ товлосон цагтаа дуусах нь үзэгчид болон ойр орчмын оршин суугчдыг хүндэтгэж буй хэрэг юм.
 

Хувийн хэвшлийн эхлүүлсэн фестиваль аялал жуулчлалын брэнд болох боломжтой


“KHARKHORUM 360°”-ын бас нэг чухал тал нь хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалтаар зохион байгуулагдсан явдал. Дэлхийн оддыг Монголд авчирч, олон мянган үзэгч хүлээн авах хэмжээний тайз, дэлгэц, гэрэл, дуугаралтыг бүрдүүлэн, олон улсын түвшний фестиваль зохион байгуулах нь ихээхэн эрсдэл шаарддаг. Харин энэ удаагийн фестиваль хувийн хэвшил ийм хэмжээний арга хэмжээг Монголд зохион байгуулж чаддагийг харууллаа. Цаашид төрөөс энэ санаачилгыг бодлогоор дэмжих боломжтой. Ялангуяа аялал жуулчлалын календарьт “KHARKHORUM 360°”-ыг оруулж, наадмын дараа жил бүр тогтсон хугацаанд зохион байгуулдаг фестиваль болговол Монголын зуны аялал жуулчлалын нэг гол үйл явдал болох боломжтой.
Гадаадын уран бүтээлчдийг үзэхээр бусад улсаас жуулчид ирвэл онгоцны тийз, зочид буудал, хоол, тээвэр, худалдаа, аялал зэрэг олон салбарт орлого үлдэнэ. Өөрөөр хэлбэл хөгжмийн фестиваль өөрөө аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж чадна. Төрөөс фестивалийг бүхэлд нь зохион байгуулах шаардлагагүй. Харин хувийн хэвшлийн санаачилгыг дэмжиж, олон улсад сурталчлах, аялал жуулч­лалын календарьт оруулах, дэд бүтэц, тээвэр, аюулгүй байдлын чиг­лэлээр хамтран ажиллах нь илүү үр дүнтэй. “KHARKHORUM 360°” энэ боломжийг харуулсан том эхлэл боллоо.
 Хоёр өдрийн фестивалийн дараа үзэгчид дараа жил дахин уулзах хүсэлтэй үлдсэн нь хамгийн чухал үзүүлэлт. Хүмүүст дурсамж үлдээж, дараагийн удааг хүлээх шалтгаан бий болгож чадсан арга хэмжээ цаашид тогтвортой хөгжих боломжтой. Монголын 2000 гаруй жилийн түүхийг хөгжим, дүрсээр мэдэрч, 360 градусын дэлгэц, хүчтэй дуугаралт, олон улсын уран бүтээлчдийн тоглолтыг нэг дор үзсэн хоёр өдөр өндөрлөлөө.
 Харин “Монголд шоу тоглолтыг ингэж хийж болдог юм байна” гэсэн ойлголт, дараа жил дахин ирэх хүсэл, дэлхийн уран бүтээлчдийг Монголд үзэх хүлээлт үзэгчдэд үлдэв. Цаашид  улсын их баяр наадмын дараа жил бүр зохион байгуулдаг, аялал жуулчлалын календарьт багтдаг, олон улсын уран бүтээлчид тогтмол оролцдог фестиваль болгон хөгжүүлж чадвал “KHARKHORUM” Монголын нэрийг гадаадад таниулах томоохон брэнд болж хөгжих боломжтой юм.
 

“KHARKHORUM 360°”-ийг бүтээсэн залуустаа баярлалаа


Дахин давтагдашгүй инженерийн шийдэл, дэлхийн хэмжээний тайз, шоуг Монголд бүтээсэн “KHARKHORUM 360°” фестиваль хоёр өдрийн турш үзэгчдэд гайхалтай мэдрэмж, мартагдашгүй дурсамж бэлэглэлээ. Энэ бүхний ард “Kharkhorum Chapter 4: Visual Art and Music Festival” төслийн санаачлагч Ц.Мөнхтөвшин, ерөнхий найруулагч Г.Тамир, “STEPPE LINK HOLDING” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Урантулга, “KHARKHORUM 360°” хөгжмийн фестивалийн продюсер А.Амаржаргал болон тайзны инженерчлэл, продакшн, хөгжим, гэрэл, дүрс, зохион байгуулалт зэрэг чиглэлээр сэтгэл зүрхээ зориулан ажилласан 1000 гаруй залуусийн нөр их хөдөлмөр бий. Мөн дэлхийн хэмжээний шоуг эх орондоо зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан “Ачит Ихт” ХХК болон бусад түнш байгууллагуудад талархаж байна. Монголын  соёл урлаг, хөгжмийн салбарыг  дэлхийн тавцанд таниулах , эх орныхоо нэрийг олон улсад сурталчлах  шинэ брэндийг бүтээж  чадлаа. Тэдний хамтын хүчээр Төв цэнгэлдэх хүрээлэнд урьд өмнө байгаагүй хэмжээний тайз, шоу бүтэж, хоёр өдрийн турш хөгжим, урлаг, эрч хүчээр дүүрэн байв. Энэ бүхнийг хамтдаа бүтээж,  дахин давтагдашгүй  хоёр өдрийн дурсамжийг хамтдаа бүтээлцсэн үзэгчдэдээ ч мөн баяр хүргэе. “KHARKHORUM 360°”-ийг бид хамтдаа бүтээж, хамтдаа мэдэрлээ. Дараа жил дахин уулзъя.






Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин]]>
secret0721 Sat, 22 Aug 2026 11:36:08 +0800
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих https://zaisantv.mn/index.php?newsid=1458 https://zaisantv.mn/index.php?newsid=1458

 Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэцийн өвөрмөц шийдлийг мэдрүүлэх “KHARKHORUM 360°” эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Хөгжмөөс давсан өвөрмөц туршлага, мартагдашгүй дурсамжийг бүтээх Монголын тэргүүлэх арт, хөгжмийн фестивалийн бэлтгэл ажил хэдийнэ өндөрлөж, тайз, LED дэлгэц, шоуны гэрэл, хөгжмөө тохируулж, өнөөдөр эцэслэн туршиж байна. Энэ талаар “Буян” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Жаргалсайхан:
-Ийм том хэмжээг нэг хүн, нэг баг дангаараа хийдэггүй юм байна л даа. 10-аад багийн 1000 орчим хүн ажиллаж энэ бүхнийг хийж байна. Энэ нь цаашдаа “Tomorrowland” шиг олон улсын том фестиваль Монголд зохион байгуулах боломжийг бий болгож байгаа. Ингэснээр Ази, Япон, Солонгос, Сингапур Европоос гээд олон жуулчид ирнэ.Зун Монголд ирж фестивальд оролцоод буцдаг болгомоор байна.
Хөгжмөө 3-4 хоног тааруулсан. LED дэлгэц, шоуны гэрлүүдээ тохируулсан. Одоо бүх зүйлээ ерөнхийд нь тестэлнэ. Гадуур манайхан “бензин байхгүй” гээд гонсгор байгаад байсан. Тэрийгээ март аа. Нэг удаа явган ирээд үзчих ээ. Машинаа хая. Урьд нь бид нар машингүй болоод л байсан шүү дээ. Бүр бензин олдохоо болиод дэлхий дээр бензиний хомсдолд орчих юм бол хэдүүлээ морио унана. Би ч морин дээр арай уртдах байх. Тэгвэл нэг тэмээ олоод авчихна. Тэгээд л гэрийнхээ гадаа уячихна. Эхнэрээ ч гоё дээр нь тавиад фестиваль дээрээ хүрээд ирээ. Харин эхнэрээ гоё дээр тавьчхаад алдчихав. Олон залуучууд ирнэ шүү. Өөрөө бас гурил царайлчхаад гутлаа чирээд яваад ирж болохгүй шүү дээ. Өөрийгөө бас гоёчих. Манай эрэгтэйчүүд чинь гоё дээр тавьчихвал ханагар сайхан цээжтэй, бие бялдар хөгжил сайтай улс. Тиймээс бүгдээрээ ирээд шоундаа оролцох хэрэгтэй. Хоёр өдөр ч гэсэн сайхан байх хэрэгтэй шүү дээ. Амьдрал гэдэг дандаа зовж байх ёсгүй. Амьдралд жаргаж байх ёстой. Жаргана гэхээр архи ууж, мансуурч газар хэвтэхийг хэлж байгаа юм биш. Эхнэр хүүхдээ гомдоохыг хэлж байгаа юм биш. Харин бүгдээрээ хоёр өдөр баярлая. Ялангуяа залуучууддаа хандаж хэлэхэд энэ арга хэмжээнд маш идэвхтэй оролцоорой. Би чинь бас хор шартай хүн. Над руу бас зарим хүмүүс “Хүн үзэх юм уу. COP 17, бензин байхгүй байхад яаж хүн үзэх юм бэ, юуны чинь шоу” гэж хатгаж байна.
Би “ Монгол хүмүүс тийм жижигхэн бодолтой хүмүүс биш шүү дээ. Уудам тал нутгийн тэнгэрийн хаяаг ширтэж өсдөг байхгүй юу. Тэр харцныхаа чинээгээр сэтгэж хүлээж авдаг. Тийм ч жижигхэн улсууд биш. Аугаа эзэнт гүрэн, хаадын хаадын үр сад энэ тал нутаг дээр амьдарч байгаа шүү дээ “ гэж хэлдэг. Тийм учраас тэр хаадын үр сад гоё дээр тавиад ирнэ шүү.
🏟️Төв Цэнгэлдэх Хүрээлэн
⏰8-р сарын 22-23
🎟️Тасалбар авах:
Shoppy: https://shoppy.mn/products/kharkhorum-2026
Event X: https://www.eventx.mn/event/1888
Boxoffice: https://boxoffice.mn/event/Kharkhorum08-22
Ticket.mn: https://ticket.mn/event/3159/
Ерөнхий ивээн тэтгэгч:
Achit ikht LLC / "Ачит Ихт" ХХК
Huawei Mobile Mongolia
Ивээн тэтгэгч:
XacBank
Pepsi Mongolia
Netcapital Financial Group
Chingis Airlines]]>
secret0721 Fri, 21 Aug 2026 16:54:31 +0800
Артист 168: Амьд хөгжмийн эрч хүч, онцгой мэдрэмжид дунд KHARKHORUM 360° фестивалийн тайзнаа уулзацгаая https://zaisantv.mn/index.php?newsid=1457 https://zaisantv.mn/index.php?newsid=1457


  2000 гаруй жилийн түүхийг хөгжим бас дүрсээр мэдрэх мөч ойртсоор. Монголын түүх, өв соёлыг орчин үеийн хөгжим, визуал урлагтай хослуулсан KHARKHORUM 360° фестиваль маргааш буюу наймдугаар сарын 22-нд эхэлнэ. Монголд анх удаа 360° дэлгэцийн өвөрмөц шийдлийг мэдрүүлэх “KHARKHORUM” фестиваль хоёр өдөр үргэлжлэх бөгөөд дэлхийн болон Монголын артистуудын уран бүтээлийн орон зайд аялах юм. Фестивалийн хоёр дахь өдөр Boyzone хамтлагийн дуучин Ронан Киттинг, DABEULL зэрэг дэлхийн алдартай уран бүтээлчидтэй уулзахаас гадна The Colors, MOHANIK зэрэг Монголын уран бүтээлчид ч мөн өөрсдийн хөгжмийн ертөнцөөр үзэгчдийг аялуулна. Ийнхүү фестивалийн хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 23-нд өдөр үзэгчидтэй уулзах артист 168-ийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр “Хамгийн их гайхшируулсан зүйл нь 300 метрийн урттай, фестивалийг бүтэн тойрсон 360° тайз байсан. Өмнө нь ийм том тайз байж болно гэж төсөөлж ч байгаагүй учраас өөрийн нүдээр очиж үзэхийг маш их хүлээж байна. “Cili, 168 and friends” хамтлагаараа нэг цагийн турш бүх дуугаа амьд хөгжмийн тоглолтоо хүргэж, өөрсдийнхөө уран бүтээлийг шинэ түвшинд харуулахыг зорьж байна. Мөн “B.L.M.D” болон бусад хөгжимчидтэй хамтран тоглох учраас үзэгчдэд зөвхөн дуу сонсохоос илүү амьд хөгжмийн эрч хүч, онцгой мэдрэмжийг өгнө” гэлээ.
🏟️Төв Цэнгэлдэх Хүрээлэн
⏰8-р сарын 22-23
🎟️Тасалбар авах:
Shoppy: https://shoppy.mn/products/kharkhorum-2026
Event X: https://www.eventx.mn/event/1888
Boxoffice: https://boxoffice.mn/event/Kharkhorum08-22
Ticket.mn: https://ticket.mn/event/3159/
Ерөнхий ивээн тэтгэгч:
Achit ikht LLC / "Ачит Ихт" ХХК
Huawei Mobile Mongolia
Ивээн тэтгэгч:
XacBank
Pepsi Mongolia
Netcapital Financial Group
Chingis Airlines]]>
secret0721 Fri, 21 Aug 2026 16:50:36 +0800
Г.Ганхүү:Дэлхийн хэмжээний “KHARKHORUM 360°” фестивалийг Монголд зохион байгуулж байна https://zaisantv.mn/index.php?newsid=1456 https://zaisantv.mn/index.php?newsid=1456

 “KHARKHORUM 360°” фестивалийн тухай “Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүүгийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр “Маш их хүлээлттэй байна. 1990 онд Ардчилсан хувьсгалд ах нартайгаа мөр зэрэгцээд оролцож явлаа. Ардчилсан хувьсгалаас хойш Монголд олон хамтлаг дуучид ирж байсан. Эдгээр тоглолтын ихэнхэд нь оролцож, зохион байгуулалтад нь ажиллаж байлаа. 1998 онд дэлхийн алдартай “The Smoke” хамтлагийг Төв Цэнгэлдэх хүрээлэнд хоёр удаа тоглуулж байсан. Тухайн үед гэрэл, тайз гээд одоогийнхтой харьцуулбал инээдтэй. Энэ олон тоглолтуудаас харахад ийм нүсэр, том тайзыг өмнө нь харж байгаагүй. Үнэхээр их ач холбогдол өгсөн нь харагдаж байна. Ийм гоё тайзыг засаад хоёр өдөр фестиваль хийнэ гэдэг маш гайхалтай үйл явдал болох гэж байна. “Tomorrowland” гээд дэлхийн шилдэг электрик хөгжмийн фестиваль болдог, яг түүнтэй ижил, бараг илүү шахуу дэлгэц, гэрэл засаж байна. Мөн “Tomorrowland” оролцдог хоёр супер DJ Монголд ирсэн байна. Дэлхийн алдартай Boyzone хамтлагийн дуучин Ронан Киттинг оролцоно гээд үнэхээр супер үйл явдал болж байна. Фестивалийн эхний өдөр 360 дэлгэц, хөгжим дунд гоё мэдрэмжийг авч, дараа нь амьд хөгжмийг хамтлагууд тоглох юм байна. Тиймээс энэ хоёр өдөр үнэхээр гоё өнгөрнө. Миний харж байгаагаар энэ хөгжим, техник, зохион байгуулалт талаасаа энэ зуны хамгийн шилдэг хаалтын тоглолт болох гэж байгаа байх гэж бодож байна. Тэгээд 22,23-нд бүгдээрээ “Төв цэнгэлдэх хүрээлэн”-дээ уулзацгаая.]]>
secret0721 Fri, 21 Aug 2026 16:48:34 +0800
DJ Ouissam: Монголын үзэгчдэд зориулж онцгой сэт бэлдсэн https://zaisantv.mn/index.php?newsid=1455 https://zaisantv.mn/index.php?newsid=1455

“KHARKHORUM 360°” фестивалийн онцгой Line Up-т багтсан уран бүтээлч бол  DJ Ouissam юм. Тэрээр  энэ удаагийн фестивалийн “Time” сэдэвт зориулж  
Монголд гурав дахь удаагаа ирж байгаа бөгөөд   энэ удаа задгай  талбайн фестивалийн онцлогт тохируулан  үзэгчдэд зориулсан тусгай  сет бэлджээ. Тэрээр  "Хагас сайн өдөр тоглох сэт маань бусдаасаа онцгой байх болно. Клубт  тоглодог хөгжмөөс арай өөр удаан хэмнэлттэй сэт бэлдсэн.  Эвент  гадаа задгай талбайд болох учраас  Монголын үзэгчдэд зориулж  илүү онцгой сэт бэлдсэн.  Илүү groovy, mid-tempo  өнгө аястай байна. Цагийн хувьд хэтэрхий орой биш учраас  илүү хөнгөн, warm-up сэт тоглохоор төлөвлөж байна.
KHARKHORUM 360°” фестивалийн тайз  үнэхээр гайхалтай харагдаж байна. Орж ирээд л 360 градус тойрон  үргэлжлэх дэлгэц бэлдсэнийг харлаа.  Бараг л  миний тоглосон хамгийн  том тайз болж байх шиг байна.  Би  фестивалийн Line up-д  багтсан бүх уран бүтээлчийг  сонсохыг хүсэж байна.  Үзэгчдэдээ хандах хэлэхэд , зүгээр л хүрээд ирэхэд болно доо. Үдшийг үнэхээр гоё өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Groovy, mid-tempo хэмнэлээр үдшийг хөглөх DJ Ouissam-тай “KHARKHORUM 360°”-д уулзацгаая.
Мөн 8KAYS, LEAFAR LEGOV, Ouissam, Emel, DOTT зэрэг дэлхийн шилдэг DJ нартай нэг тайзан дээр гарч, хөгжмийг хамгийн ойроос мэдрэх  фен тасалбараа  худалдаалагдаж байна. Энэхүү тасалбараар фестивалийн хоёр өдөр нэвтрэх боломжтой бөгөөд эхний өдөр дээрх DJ нартай нэг тайзан дээр гарч, дэлхий дахинд танигдсан бүтээлүүдийг нь хамгийн ойроос мэдрэх боломжтой.]]>
secret0721 Fri, 21 Aug 2026 16:47:38 +0800
DJ Dott: Хөнгөн, эрчим хүчтэй house хэмнэлээр “KHARKHORUM 360°-д уулзацгаая https://zaisantv.mn/index.php?newsid=1454 https://zaisantv.mn/index.php?newsid=1454

“KHARKHORUM 360°” фестивалийн онцгой Line Up-д багтсан уран бүтээлч бол DJ Dott  юм. Тэрээр  энэ удаагийн фестивалийн “Time” сэдэвт зориулж онцгой сэт бэлдсэн байна. DJ Dott фестивалийн тухай “  KHARKHORUM 360°  фестивалийн тайз үнэхээр том бүтээн байгуулалт болсон байна. Маш олон дэлгэц босгожээ. Би Монгол Улсад хоёр дахь удаа ирж байна.  Энэ удаа “KHARKHORUM 360°” фестивалийн “Time” сэдэвт тохирсон  онцгой сэт бэлдсэн. Зуны улирлыг төлөөлж тоглох учраас house сэт  буюу илүү хөнгөн, эерэг эрчтэй хөгжим  тоглоно.  Хэтэрхий хүнд биш,  зуны уур амьсгалтай нийцсэн байх болно. House хөгжим Монголын үзэгчдэд  одоо л  илүү танигдаж эхэлж  байгаа юм шиг санагдсан.   Харин techno хөгжим  аль хэдийн илүү  танигдсан байна.-
 “KHARKHORUM 360°”п фестивалийн Line Up-д багтсан бүх уран бүтээлчийг сонсохыг хүсэж байгаа. Фестивалийн бэлтгэл ажил амжилттай явагдаж,  багийн гишүүн бүхэн чин сэтгэлээсээ хичээн ажиллаж байна. Тиймээс та бүхнийг  хүрэлцэн ирээрэй гэж хүсье. Мөн гадаа задгай талбайд тоглох энэ  мэдрэмжийг   өөрийн бүтээлдээ  буулгана гэж бодож байгаа”  хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.]]>
secret0721 Fri, 21 Aug 2026 16:46:04 +0800
​​​​​​​Б.Жаргалсайхан: “KHARKHORUM 360°” дэлхийн шоуны стандартыг Монголд авчирч байна https://zaisantv.mn/index.php?newsid=1459 https://zaisantv.mn/index.php?newsid=1459


 ❇️Монголын урлаг, соёлын салбарт дэлхийн хэмжээний шоу, фестивалийн шинэ жишиг тогтоох зорилготой “KHARKHORUM Visual Art & Music Festival” энэ сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Хөгжмөөс давсан өвөрмөц туршлага, дижитал урлаг, дэлхийн хэмжээний тайзны шийдлийг хослуулсан тус фестиваль Монголын анхны 360° дэлгэцийн шийдлээр онцлог. 300 метрийн урт, 12 метрийн өндөр дэлгэцээр хүрээлэгдсэн тайзнаа дэлхийн шилдэг уран бүтээлчид Монголын уран бүтээлчидтэй нэгэн дор нэгдэнэ.
❇️Фестивалийн бэлтгэл ажилд олон улсын инженер, техникийн мэргэжилтнүүд Монголын залуустай хамтран ажиллаж байгаа юм. Шоуны дуу, гэрэл, тайз, цахилгаан эрчим хүч, аюулгүй байдал зэрэг бүх шийдлийг олон улсын түвшинд хүргэхийг зорьж байна.
❇️Фестивалийн бэлтгэл ажилд оролцож буй Б.Жаргалсайхан Монголд шоу, фестивалийн шинэ соёл бий болгох шаардлагатайг онцолж байна. Тэрээр “Шоу гэдэг зөвхөн гэрэл, дэлгэц, тайзны техник биш. Үзэгчдэд шинэ мэдрэмж, шинэ уран бүтээл, мартагдашгүй туршлага өгөх цогц бүтээл байх ёстой” хэмээн үзэж байгаа юм.
❇️KHARKHORUM Visual Art & Music Festival” нь зөвхөн үндэсний онцлогоо харуулах фестиваль биш. Харин дэлхийн шинэ соёл, технологи, урлагийн чиг хандлагыг Монголд нэвтрүүлж, Монголын залуусыг дэлхийн хэмжээний бүтээл хийх боломж, туршлагаар хангахыг зорьж байна. Энэ талаар “Буян” Жагаа ярихдаа “Дэлхийн соёлтой ойрхон байж, дэлхийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байж бид өөрсдөө хөгжинө. Өөрийгөө дэлхийгээс тусгаарлачхаад дэлхийн Монгол болно гэж байхгүй” хэмээн онцоллоо.
❇️Ийнхүү “KHARKHORUM 360°” нь Монголын түүх, соёлыг орчин үеийн дижитал урлаг, хөгжим, технологийн хэлээр өгүүлэхээс гадна монголчууд дэлхийн хэмжээний шоуг өөрсдөө бүтээж чаддагийг харуулах амбийцтай зорилт тавьж байна. Үүнийг наймдугаар сарын 22, 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж үзэж, оролцож байж л мэдэх боломжтой гэсэн үг.]]>
secret0721 Thu, 20 Aug 2026 16:56:41 +0800